Мөнгө бол чөтгөрийн ёзоор

 

 




 
L'Argent (1983). Оюутан Norbet сар бүр авдаг "тэтгэмжээ" авахаар аавынхаа ажлын өрөөнд орно. Аав нь оюутны хүсэж байсны хэмжээний мөнгө өгсөнгүйд чамлаж, гонсойсон сэтгэлээ ч аавдаа ил гарахад аав нь "үгүй" хэмээн хатуу хэлнэ. Norbet шантарсангүй, ээжийгээ царайчлахад ээж нь мөн л нүүр өгсөнгүй. Ингээд, оюутан ангийнхаа найз дээр очих бөгөөд тэрээр энэ найздаа бугуйн цагаа "ломбардахыг" оролдох боловч найз нь татгалзаж, харин 500 франкын хуурамч дэвсгэрт өгнө. 
Найзууд гэрэл зургийн дэлгүүрт ороод хуурамч мөнгөөрөө гэрэл зургийн жааз худалдаж авна. Дэлгүүрийн менежер мөнгө хуурамч байсныг илрүүлээд ажилтан хүүхнийг зэмлэн буруутгана, хүүхэн долоо хоногийн өмнө хоёр луйварчинд мөн дөнгүүлж байсан нь тодорхой болдог. Дэлгүүрийнхэн энэ явдлыг цагдаад мэдэгдэхийг хүссэнгүй, харин хуурамч мөнгийг ашиглахаар шийднэ. Тэдний нүглийн золиос нь дэлгүүрийнхэн халаагуурыг засдаг ажилтан Yvon болж таарна. Хөөрхий азгүй залуу бяцхан охин, хөөрхөн эхнэртэй, амьдрах гэж л яваа нэгэн юм. Yvon хуурамч мөнгөөрөө ресторанд орж үйлчлүүлж байгаад гярхай зөөгчид баригдах бөгөөд Yvon цагдаа нарын хамт өнөөх дэлгүүрт очиход дэлгүүрийнхэн түүнийг танихгүй, мэдэхгүй гээд халгаадаггүй. Тийнхүү Yvon шоронд орохоор болдог ч гэм буруугүй гэж заалдсаар байгаад шоронд ордоггүй ч ажлаасаа халагдана. Ажилгүй болсон Yvon гэртээ ирэхэд жаахан охин нь хөгжилтэй угтах бол эхнэр нь цөхөрсөн байдалтай лууван арилгаж байдаг. Энэ үед Norbet-г гудамжинд явж байхыг дэлгүүрийн ажилтан хүүхэн хараад мөн хаана сурдагийг нь мэдэж аваад сургуулийнхан захиргаанд очно. Norbet балрах нь тодорхой болов. Ээж нь хүүдээ юу ч асуусан үгүйсгээд байгаарай гэж хатуу захина. Ээж цааш нь дэлгүүрт очин дэлгүүрийн эзэн болон ажилчдыг хахуульдана. Шүүх хурал болж хахууль авсан дэлгүүрийнхэн оюутан Norbet-г огт хараагүй болж таарсанаар оюутан ариун хүн болж үлддэг. Шүүх хурлын дараа гэрэл зургийн дэлгүүрийн ажилтан Lucien бидний анхаарлын төвд орж ирнэ. 

Энэ залуу дэлгүүрт зарагдаж байгаа барааг үнэлсэнээс нь илүү үнэтэй зарж өөртөө мөнгө унагадаг булхайтай. Гэхдээ Lucien газар дээрээ баригдаж, улмаар халагдана; гэвч тэрээр дэлгүүрийн түлхүүрийг аль хэдийн хувилаад авчихсан байсан агаад хоёр найзын хамт дэлгүүрийг тонож дээрэмдэнэ. Тэдний булай, муухай гэмт хэрэг ингээд дуусахгүй, ATM-ын картны машиныг "хоослох" төлөвлөгөөт ажиллагаа зохион байгуулна. Мөнгөний зайлшгүй шаардлагатай болсон Yvon найздаа туслах буюу банк дээрэмдэх үйл ажиллагаанд жолоочийн үүрэг гүйцэтгэж байгаад баригдан 3 жилийн ял сонсон шоронд "морилно". Шоронд байх хугацаанд түүнд хоёр захидал ирнэ; эхний захианд охин нь нас барсан тухай байх бол хоёрдахь захианд эхнэр нь өөрөөс нь салж ирээдүйгээ бодохоор болсоноо дурдсан байна. 

Заяагүй Yvon хэр их зовж шаналан тарчилсаныг асуух хэрэггүй. Тэр амиа хорлох гэж оролдовч бүтэлгүйтэн амь гарна, бүтэлгүй амьтан. Lucien мэдээж баригдсан, баригдаад зогсохгүй Yvon-ын байгаа шоронд иржээ, хувь тавилангийн шоглоомоо гэж. Lucien Yvon-нд хамт оргох санал тавина, Yvon татгалзах агаад харин ч бүр өөрийг нь тамд унагасан Lucien-ээс өшөө авахыг хүснэ. Lucien төлөвлөгөөгөө зохиож, мөн яг оргож байгаад баригдахыг Yvon шоронгийнхоо өрөөнөөс бахтай сонсож байдаг. Оргох гэж оролдсон Lucien одоо бүр ч хатуу дэглэмтэй шоронд очих нь тодорхой юм. Шоронгоос суллагдсан Yvon нэгэн дэн буудлын тонож дээрэмдэж бас, буудлын эзэд болох эр, эмийн амийг хороож орхино. Түүний яргалал ингээд төгссөнгүй; нэгэн настай эмэгтэйн анхааралд  өртөж чадсанаар хотын захад орших гэрт нь хэсэг толгой хорогдох болно. Хэсэг хугацаа өнгөрлөө, Yvon гэрт амьдрах 3 хүнийг тэр дотор тэргэнцэртэй хүүг хүртэл сүхдэж ална. Энэ явдлын дараа Yvon ресторанд архи ууж сууж байна. Ууж дуусаад тэрээр шууд цагдаа дээр очоод бүх гэм буруугаа хэлсэнээр баривчлагдана. 

"Мөнгө" бол Францын аугаа кино урлаач Robert Bresson-ын эцсийн кино бөгөөд тэрбээр энэ киногоо бүтээхдээ 81 настай байлаа. Өндөр настай байсан ч Robert Bresson кино урлагийн идеалогийг хайсаар байсан агаад уг киногоо суут Лев Толстойн "хуурамч тасалбар" зохиолоос сэдэвлэжээ. Лев Толстойн шуналын түүхийг Франц найруулагч улам нарийн ширийн, ёс суртахууны асуумжтай болгосон бөгөөд Robert Bresson христийн идеаг тодорхой илэрхийлээгүй агаад оюун санааны байдлаас илүүтэй прагматик байдлыг ширхэглэн үзүүлжээ. Тэрээр энэ кино төсөл дээрээ бүр эрт 1977 онд ажиллаж эхэлсэн байдаг. Bresson хожим хэлэхдээ: энэ кино бол миний хамгийн сэтгэл хангалуун байдаг, эсхүл бүрэн болсныхоо дараа намайг хамгийн ихээр гайхшруулсан кино гэж хэлж байжээ. The New York Times: хатуу ширүүн бөгөөд үзэсгэлэнтэй "Мөнгө" шинэхэн киногоороо Robert Bresson одоо хүртэл манай гаригийн хамгийн авъяаслаг, зоригтой кино найруулагчдын нэг хэвээрээ гэдгээ баталлаа гэсэн байхад кино шүүмжлэгч Tom Milne: энэхүү кино бол маргаангүй шедевр бүтээл. Киноны төгсгөлийн ер бусын бурханлаг хэсгийг онцлоод киноны төгсгөл дэх гэмт хэргийн шинжтэй бүх зүйл үгүй болчихсон хоосон өрөөг хөшсөн мэт харж зогсох олны хэсгийг гайхмшиг гэсэн гэжээ. Уг кино Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж амжилт олоогүй боловч шилдэг найруулагчийн шагналыг Andrei Tarkovsky-ын (Nostalgia) хамтаар хүртжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 164-р байрт жагсааж байна.

Comments