Цэцгийн сүүдэр

 


Temptress Moon (1996). Манж Чин гүрэн унах үед буюу 1912 онд киноны маань үйл явдал эхэлнэ. Шанхайгийн ойролцоо орших нэгэн жижигхэн тосгонд чинээлэг Pang овгийн гэр бүл Pu Yi Хааны огцролттой зэрэгцэн доройтож эхлэх тэр үеэс Pang-ын гэр  бүлийн том хүү Zhengda хар тамхинд донтож, Pang овгийн тэргүүн Zhengda-ын аав нас нөгчин улмаар Zhengda овгийн тэргүүн болно. Zhengda-ын эхнэр Xiuyi энэ айлд ирэхдээ Zhongliang нэртэй дүүтэйгээ ирсэн бөгөөд 13 настай энэ хүү хүргэн ахынхаа татах хар тамхийг нь бэлдэж өгч, яг л зарц шиг түүнд үйлчлэх агаад хамгийн хэцүү нь мансуурсан хүргэн ах нь түүнийг төрсөн эгчтэй нь ёс бус харилцаанд оруулж доромжилно, мөн гайхмаар нь Xiuyi энэ балмад хэрэгт дуртай нь  аргагүй оролцоно.

Zhongliang өш санаж явсаар нэг өдөр хүргэн ахынхаа татах хар тамхинд хор хийчихээд зугтааж одно, хордсон Zhengda хөдлөх, ярих, бодох чадваргүй, зүгээр л амьсгаатай хүүр болж үлдэнэ. Zhonglian зугтахаасаа өмнө Zhengda-ын дүү охин Ruyi-тэй тоглодог байв. Zhengda овгоо удирдаж чадахгүй болсоноор овгийн удирдах эрхийг Ruyi өвлөн авах ба энэ явдал Zhonglian-г зугтсанаас хойш бараг 10 жилийн дараа болно. Ruyi сэтгэл татам хүүхэн болсны дээр мөн л хар тамхинаас хамааралтай нэгэн болсон байна. Овгийн ахмадууд толгой дээрээ эмэгтэй хүн тавьсандаа дургүй байх хэдий ч өөр аргагүй учир наашаа харж инээж цаашаа харж уйлах ба Ruyi-г хянуулахаар бас туслуулахаар багаасаа л Ruyi-г дэргэд өссөн үеэл нь болох Duanwu гэх залууг дэргэд нь нохой шиг уячихна.

 Ruyi аавынхаа, ахынхаа татвар эмсийг өргөөнөөсөө хөөж ахмадуудтай шууд л тэрсэлдэж эхлэх бөгөөд ахмадуудын талд байх ёстой Duanwu эзэгтэйнхээ талд орж тэднийг хилэгнүүлнэ. Шалтгаан нь Duanwu бараг мэдээ орсон цагаасаа хүүхэнд хайртай байв. Энэ үед Zhonglian сайхан залуу болсон байх агаад Шанхайн триадуудтай нягт холбогдсон, бүр босс нь түүнийг хүү шигээ үздэг болсон байна. Тэрээр баян бөгөөд нөхөртэй хүүхнүүдийн зүрх сэтгэлийг өөртөө татаад нууц оромжиндоо аваачина, энэ үед гаднаас үл таних хүмүүс дайран орж ирээд (чухам яг Zhonglian-г өрөөний хөшиг татахад) янаглагч хоёрын толгойд хар уут углаад хүүхэнд нь "Zhonglian" чинь үхсэн, та мөнгө өг, эс бөгөөс бид нөхөр рүү чинь ярьж булайг чинь илчилнэ" гэнэ. Харин Zhonglian энэ жүжгийг чимээгүйхэн, инээмсэглэн харан байх ба тэд хүссэн мөнгөө ийнхүү авна, харин хэдэн хүүхэн энэ бузар аргад унасаныг чөтгөр л мэдэх буй заа. Zhonglian ямар ч эмэгтэйг хайрладаггүй боловч уг нь боссынхоо заавраар аль хэдийнээ дөнгөчих ёстой нэгэн хүүхэнд сэтгэл татагдаж улмаар хохироосонгүйгээр байнга уулзаж, мөн зургийг нь биедээ авч явна.

 Тэрээр энэ явдлаа боссоосоо нуух бол өөрөөс нь "чи надад хайртай юу?" гэж асуух өнөөх тэр сэвэлзүүр салхины зөрөг хорооллын хүүхэнд хэзээ ч хариултыг нь өгч байсангүй. Нэг өдөр босс түүнийг дуудаад Pang овгийн охиныг өөртөө дурлуулж хэд гурван юм олж ирэхийг тушаана, бага насныхаа хар дурсамжаас салж өшөө хорслоо тайлах боломжийг Zhonglian алдахыг хүссэнгүй. Zhonglian тийнхүү гэртээ буцаж ирнэ. Энэ бол ертөнцөөс тусгаарлагдсан хөдөө байна. Хотын дэгжин залууг харсан хөдөөний хатан хаан Ruyi гайхаж бас түүний өөрт нь хүйтэн, дээрэлхүү хандах хандлагад татагдан бүр дурлачихна. Zhonglian-ын эгч нэлээн хөгширсөн байна. Дүүгээ харсан эгч уйлж унжиж, яагаад ийм удаан алга болов гэх мэтээр сүйд болох бол дүү нь түүнийг даанч тоохгүй. Zhonglian Ruyi-тэй илүү ойр байж, хорвоо ертөнц шинэчлэгдэж байна, хүүхнүүд банзал өмсдөг болсон, чиний байгаа байдал хөгийн байна гэж хатуухан зэмэлнэ. Тэдний анхны үнсэлт Zhonglian Ruyi-д дугуй унахыг зааж өгөх үеэр болдог ба энэ бүхнийг ажиж байсан Xiuyi дүүгээ наад шулмаасаа хол бай, наадах чинь хар тамхины донтон гэж байнга сэрэмжлүүлж байлаа. Zhonglian аажмаар Ruyi-д дурлаж эхэлнэ, үүнээсээ болж ёс суртахууны зөрчилд орж эхэлнэ. 

Ruyi онгон байжээ. Хотын залууд юу ч мэдэхгүй тэнэг охин шиг байхгүй нь тулд Duanwu-д хүчээр охин биеэ өгнө. Ингээд бид Zhonglian болон Ruyi нарын яруу найраглаг хурьцалын сцэнийг үзнэ. Хайраас айсан Zhonglian үтэр түргэн Шанхай руугаа буцна. Тэрээр боссоосоо уучлалт гуйна, босс урьдны Zhonglian биш болсныг мэдээд туйлын гашуудна, тэгээд гашуудлаа тайлахын төлөө нэгэн хорон арга сэджээ. Босс Zhonglian-ын өмнөөс Ruyi-г Шанхайд урьж, уулзах өдөр, цаг, байр товлоно. Хайрандаа сохорсон Ruyi Duanwu-ын хамтаар Шанхайд хүрэлцэн ирнэ. Болзсон ёсоор хүүхэн уулзах байртаа ирэхэд Zhonglian байсангүй, харин боссын гар хөлүүд байж байх агаад нэг нь хөшиг нээхэд хажуугийн байрны цонхоор Zhonglian сэвэлзүүр салхины зөрөг хорооллын хүүхэнтэй үнсэлцэж байлаа. Босс Zhonglian-г үнэнчээр ажилдаа ор, тэгэхдээ надад худлаа хэлж байсан сэвэлзүүр салхины зөрөг хорооллын хүүхэн дээрээ очиж мөнгийг нь ав гэснээр Zhonglian зургийг нь авч явдаг хүүхэн дээрээ очжээ. 

Дүрэм ёсоор тэрээр хөшиг татахад хүмүүс дайрч ороод тэдний толгойд уут угласан тэр үед Ruyi-ын байгаа хөшиг нээгджээ. Zhonglian өөрийг нь Ruyi харж байгааг мэдээж мэдсэнгүй; халдан дайрагчид сэвэлзүүр салхины зөрөг хорооллын хүүхэнд өнөөх аймаар саналаа тавиад уутыг авч зориуд Zhonglian бол анхнаасаа чамайг хорлож мөнгийг чинь л авах санаатай байсан гэдгийг харуулахад хүүхэн: "өнөөдөр юу болсон надад хамаагүй, би ямар ч сүрдүүлгээс айхгүй, чи надад хайртай юу?" Гэж Zhonglian-аас асуухад залуу толгойгоо бариад уйлж байдаг ба ганц ч үг ган хийхгүй. Хүүхэн цонхоор үсэрч амиа хорлохыг, Zhonglian-г орилж чарлаж байхыг нөгөө байрнаас Ruyi нулимстай нүдээр харж байлаа. Орчин үе, хотын соёлд "цохигдсон" Duanwu энэ үеэр ялагдагч байхыг хүссэнгүй, ялагч байхыг хүсэх буюу Ruyi-г өөрийн болгохыг хүснэ.

 Харин Ruyi-д харсан бүхнээс нь илүү хайр нь чухал байв. Хүүхэн хамгийн орчин үеийн хатагтайн хувцсаар өөрийгөө гоёод Zhonglian дээр очоод "чи надад хайртай юу?" Гэж гурвантаа асуухад согтуу бөгөөд сэтгэлээр унасан Zhonglian хүссэн хариултыг нь өгдөггүй. Гомдсон Ruyi буудалдаа ирэхэд одоо зориг шийдэмгий болсон Duanwu түүнийг хүчирхийлнэ. Ruyi эдлэн газартаа ирэхэд түүнийг хэдэн жилийн өмнө түүнтэй гэрлэхээр сүй тавиад байсан баян айлын хүү Jingwu гэгч хүлээж байна. Ингээд тэд суухаар болно. Гэтэл, гэнэт Zhonglian хүрч ирэх бөгөөд Ruyi-д хайртай гэж хэлээд хамт Бээжин явъя гэхэд хүүхэн би хүнтэй суухаар болсон, чи оройтлоо гэж хэлэхдээ хамаг харууслаа нулимсаараа гаргаж байдаг. Хардалт болон уурандаа сохорсон Zhonglian Riyu-д зориулан хар тамхи найруулахдаа өмнө нь ашиглаж байсан хороо хийх ба Ruyi-тэй уулзаад салах ёс болгон чамд энэ тамхийг бэлдлээ гээд тамхиа өгчихөөд зугтаачихна. Хайртынхаа сүүлчийн бэлгийг Ruyi нандигнах бол нөгөө талд Zhonglian гэнэт амьдралдаа ганц удаа ч гэсэн сайн зүйл хийе гээд Ruyi-г тамхиа татахыг хориглохоор эргээд хурдалдаг.  

Хятадын кино урлагийн 5-р үеийн гол төлөөлөл Chen Kaige-ын Канны кино наадмын дээд шагналд өрсөлдөж байсан эл киног Ye Zhaoyan-ын "A Flower's Shade" зохиолоос сэдэвлэсэн гэж үздэг ба найруулагч Chen Kaige олон улсад хит болсон "Farewell My Concubine" кинон дээрээ хамтран ажиллаж байсан Leslie Cheung, Gong Li нартай энэ кинон дээрээ дахин ажилласан. Бүтцийн хувьд дээрх 2 киног төстэй гэдэг боловч "Сээтэн Сар" хамаагүй хүнд нөхцөлд бүтжээ. Тухайлбал; киноны төсөв "Баяртай, амраг минь" киноноос 2 дахин их байсан бол Ruyi-ын дүрд өөр жүжигчин тоглоод киноны зураг авалт бараг талдаа орсон байхад Gong Li орж ирэн дахин зураг авалт хийгдсэн байдаг ажээ. Кино шүүмжлэгчид уг киноны (алдарт Christopher Doyle) зураглалыг дуу нэгтэй магтдаг хэдий ч киноны зохиолыг төөрөгдөм гэж үздэг. Roger Ebert уг киног ойлгоход хэцүү, зүгээр зураглалын гоо зүйг мэдрэх хэрэгтэй ухааны юм хэлсэн байдаг. Киноны зарим хэсэг нууцлаг, ойлгомжгүй гэдэг үнэн ч чухам энэ чанар л киног яруу найраглаг, хүсэл тачаал шиг сүр сар гэсэн, мөн амттай болгодог. Азийн сүпер одод Leslie Cheung болон Gong Li нарын тоглолтыг хараад л ширтээд л баймаар тансаг, чамин ба тэдний хамт байгаа кадр бүр гоо үзэсгэлэнтэй, эрх чөлөатэй бас дэндүү дур татам.

Comments