Жэк Лондон "Мартин Иден"

 




"Мартин Иден". Америкийн зохиолч Жэк Лондоны "артист" роман. Анх 1908 оноос 1909 оны хооронд The Pacific Monthly сэтгүүлд цувралаар гарч байгаад 1909 оны 9-р сард ном болж хэвлэгдсэн байна. Романд, зохиолч болохын төлөө бие дааж суралцаж байгаа залуу пролетарийн тэмцлийг үзүүлэх бөгөөд Идений хөгжиж буй уран бүтээлчийн мэдрэмж, бие дааж суралцсанаар хэрхэн төлөвшиж, хөгжиж бие хүн болж байгаа нь романы үндсэн сэдэв болой. Мартин Иден дүр нь Лондонгоос ялгаатай нь (Лондон Социалист хүн байсан) социализмыг үгүйсгэж, үүнийг "ёс суртахууны боолчлол" хэмээн дайрч, Ницшегийн Индивидуализмд итгэдэг. Гэвч Лондон энэ романыхаа талаар: "энэ ном доторх миний хөндсөн нэг сэдэв бол индивидуализм буюу би энэ номоороо индивидуализм руу дайрсан. Би энэ сэдвээ уншигч олж мэдэхээргүйгээр төөрөгдүүлэм байдлаар оруулах ёстой байсан" гэж хэлжээ.
ҮНДСЭН САНАА. Мартин Идений өнцгөөс харж байгаа нийгмийн анги бол романы чухал сэдэв юм. Тэрээр ажилчин ангиас гаралтай далайчин бөгөөд хөрөнгөтөн Морзийн гэр бүлтэй танилцсанаар өөрийнхөө байр байдалд сэтгэлээр унахын зэрэгцээ хөрөнгөтөн гэр бүлээс цоо шинэ урам зориг авдаг. Тэрээр өөрийгөө хөгжүүлэхийн хэрээр аажмаар ажилчин ангийн гарал үүсэл, өөрийнхөө эргэн тойрноосоо хөндийрч эхлэх агаад мөн Лиззигийн хайр сэтгэлээс татгалздаг. Эцэст нь, Мартин Иден өөрийнх нь олж авсан боловсрол хөрөнгөтнүүдээс хамаагүй хол давсаныг олж мэдэх бөгөөд энэ байдал нь өөрийг нь улам тусгаарласан мэт санагдана. Пол Бармен: "Иден одоогийнхоо цэвэр бөгөөд иргэншсэн байдлаа өнгөрсөний бүдүүлэг бохир байдалтайгаа зохицуулж чадахгүй байна, ингэж чадахгүй болохоороо тэрээр төөрөлдсөн хоёрдмол байдалд хүрч байна" хэмээжээ. Лондон романдаа машин механизмын ажиллагааны талаар цуврал зөгнөлийг дэвшүүлжээ. Машин Лиззигийн гарыг хатуу ширүүн болгодог бол Идений хувьд сонины газрын редакторуудаас илгээдэг төгсгөлгүй мэт санагдам татгалзсан хуудсыг машин бүтээдэг. Иден угаалгын газарт ажиллахдаа машин дээр ажилладаг боловч тэрээр өөрийгөө илүү том машины араа шүд шиг санадаг. Мөн түүний бичгийн машин нь аажмаар биеийнх нь нэг хэсэг болж хувирна. Эцэст нь, уран зохиолын амжилтад хүрээд найз нөхдийгөө техник хэрэгсэлээр хангаж өгдөг билээ. Лиззи түүнд хандан: "Чиний бодох -машинд ямар нэгэн буруу зүйл байна" гэж хэлдэг билээ.

 Хэдийгээр Лондон социалист байсан ч хагас намтарчилсан Мартин Иден дүрдээ индивидуализмыг хүчтэй шингээж өгсөн. Иден нь ажилчин ангиас гаралтай боловч өөрийн ангиа бүхэлд нь хөгжүүлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Ницше, Х. Спенсер нараас иш татдаг тэрбээр социалистуудын уулзалтад очсон үедээ ч "ёс суртахууны боолчлол" хэмээн социализмыг үгүйсгэдэг. Чухам яг энэ индивидуализм нь эцэстээ Иденийг стресс-д оруулж улмаар үхэлд хөтөлдөг гэж Лондон онцолжээ. Лондон романаа: "бурханд итгэдэггүйдээ биш, хүнд итгэдэггүйгээсээ болж үхсэн хүний үлгэр хэмээн дүрсэлжээ. Сургуульд заадаг хичээлийг Иден бие дааж сурдаг ба уран зохиолын хамгийн дээд түвшинд очихыг хүсдэг. Тэр хүссэндээ очно, гэхдээ хүссэн газартаа ирээд будилна; тэрээр өөрийгөө нийгмийн соёлтой ангийн гишүүн, бүдүүлэг далайчнаар хамтад нь зэрэг харна. Энэ роман бол Лондоны адал явдлын хүүрнэгчтэй нийтлэг бүтээлүүдээс ялгаатай нь илүү түүний үзэл бодлыг агуулсан бүтээл ба зарим судлаачид Лондоны оргил туурвил гэж үздэг. Лондоны уран зохиолын итгэл үнэмшил нь реализм байсан агаад ихэвчлэн харгис, хэт натуралистик хандлагатай байв. Лондонтой харьцуулахад Мартин Иденд амжилт удаан хугацааны дараа, асар их зовлон тэмцлийн дараа ирж байна, мөн Лондон алдар нэр, хөрөнгө мөнгөтэй олон жил амьдарсан бол Иден алдартай болонгуутаа амиа хорлож үхэж байна.

 СУУРЬ ДЭВСГЭР. Ж. Лондон "Мартин Иден" романаа 33 настай байхдаа бичжээ. Тэрээр "Цагаан Соёот", "Далайн Чоно" бүтээлүүдээрээ аль хэдийнээ алдар нэрийг олчихоод байсан бөгөөд хачирхалтай нь, алдартай байхаас маш хурдан залхаж, улмаар сэтгэлээр унасан Лондон өөрийн гараар бүтээсэн жижиг завиараа номхон далайг зорин аялалд гарчээ. Ядаргаа болон гэдэсний өвчинөөр өвдөж зовсон аялалын 2 жилийн хугацаандаа тэрээр "Мартин Иден" романаа бичсэн бөгөөд ингэхдээ өөрийнхөө уур бухимдал, өсвөр насныхаа зодоон, алдартай Зохиолч болохоор тэмцэж буй дотоод сэтгэлийн шаналалаараа дүүргэж бичжээ. Мартин Иден гэдэг нэрийг Лондон Шведийн нэгэн ажилчин ангийн жирийн л иргэнээс зээлдэн авсан агаад үнэндээ бол Мартен Идин гэдэг нэртэй хүн байв. Гэхдээ Мартин Иден дүр нь Идинтэй биш зохиолч өөртэй нь илүү төстэй юм. Рут Морзын дүрийг зохиолч өөрийнхөө анхны хайраас үндэслэн бүтээжээ. Харин Бриссендений дүрээ Лондон өөрийнхөө найз Жорж Стерлингээс санаа аван бүтээсэн бөгөөд романы төв болсон алдартай "Эфемера" яруу найргийг Стерлингийн ижил төстэй бүтээлээс сэдэвлэжээ. 

ДҮРИЙН АНАЛИЗ. Ж. Лондон Мартин Иденээр дамжуулан 20-р зууны эхэн үеэс дунд үе хүртэлх Америкийн нийгмийн анги давхаргын бүтцийн ойлголтыг уншигчдад өгдөг бөгөөд энэ нь эдүгээ үед ч ач холбогдлоо алдаагүй байгаа гэж үздэг. Романы баатар нь мэдээжээр өмнө хэлсэнчлэн нийгмийн доод гаралтай ажилчин ба цэнхэр захтан энэ ажилчин нийгмийн дээд зиндааны хүүхэнд дурласанаар зохиолч болохоор хатуу шийддэг билээ. Эдгээр харилцаа хийгээд туршлагынхаа ачаар Мартин Иден Америкийн нийгмийн анги давхаргын бүхий л хүрээг өргөн бөгөөд гүн гүнзгийгээр ажиглах чадвартай болдог. Идений эгч түүнд өсөн нэмэгдэж буй Америкийн дундаж давхаргын талаарх ойлголтыг өгдөг. Мартин Идений хийдэг байсан ажил болоод хийхээр зэхэж буй ажил үйлс нь симболик шинж чанартай байгааг энэ бичвэртээ хангалттай бичсэнийг дурдах юун. Тэрбээр далайчин байхдаа илүү чөлөөтэй амьдралын хэв маягтай байдаг, харин зохиолч болохоор сэтгэл шулуудаж, илүү сайжирч амжилт гаргахад нь аж үйлдвэрийн, нийгмийн дарамт их ирдэг билээ. Мартин Иден зохиолч байх нь далайчин байхаас хавьгүй хэцүү болохыг юутай ч ухаарч ойлгодог. Зохиол бичих явцдаа ганцаардлыг мэдэрч, хэвлэлийн салбарууд мөлжлөгө хийгээд авилгат идэгдсэнийг Иден даруй ойлгодог. Энэхүү романд урлагийн болоод уран зохиол ертөнцийн хуурамч, дүр эсгэсэн соёлыг харуулдаг. Мартин Иден хэвлэлийн компаниудад гологдож, хайрласан хүүхэн нь өөрт нь итгэхээ болих үед хүн гэдэг ямар хувирамтгай чанартай болохыг ухаардаг. Түүнийг амжилтад хүрэх үед бүгд, үүний дотор хайрт Рут нь хүртэл түүнийг анхнаасаа дэмжиж байсан мэт аашилдаг билээ. Мөн энэхүү роман нь хувь хүмүүсийн нийгэмдээ эзлэх байр сууриа хэрхэн ухамсарладаг талаар судална. Тухайлбал; Мартин Иден зохиолчийн замнал нь алдар нэртэй байх хуурмаг үзэгдэл болон олон нийттэй харилцах хиймэл харилцаан дээр суурилдаг болохыг мэдээд амиа хорлодог билээ.

Comments