Нялхсын үнсэлт

 

 


The Innocents (1961). Одоогоос бараг 200 орчим жилийн өмнөх Их Британий Bly гэх хөдөө нутгийн баян эдлэн газарт бараантан дүнсийх ганцаардмал цайзад гэрийн багш хүүхэн нүдэнд дулаахан, бараг сайхан хүүхэн гэж хэлж болохуйц хатагтай Giddens хүрэлцэн ирнэ. Энэ цайз нэгэн баян бөгөөд ганц бие хижээл насны ноёных агаад ноёны асрамжинд бага насны, тодруулбал арван нас арай хүрээгүй эгч дүү зээ нар нь байдаг буюу хүүхдүүд бүтэн өнчин учир хар багаасаа л авга ах дээрээ амьдарсаар иржээ. Авга ах зээ нартайгаа хамт барагтаа л байдаггүй, тэднийгээ Bly эдлэндээ байлгаж, өөрөө улс орноор аялах юмуу олон нийтийн үйл ажиллагаанд оролцож явдаг нэгэн юм, товчхондоо хүүхэд шухад гэх дургүй, эрх чөлөөт байдлыг эрхэмлэгч болой. Авга ахад хатагтай Giddens-ын туршлагагүй байх ямар ч хамаагүй байлаа, тиймээс ч Giddens-г хүүхдүүдийн өмнөөс бүх хариуцлагыг хүлээж, хэзээ ч ямар ч асуудал гаргаж болохгүй шүү хэмээн сануулдаг. Giddens шууд Bly-д хүрч очно, тэнд түүнийг зээ охин Flora болон гэрийн үйлчлэгч Grose нар угтана. Flora сэргэлэн цовоо, хөөрхөн охин байх бол Grose авгайтай ядах юмгүй дотно болоод авав, шинэ багш маань. Харин зээ хүү Miles нь дотуур байртай сургуульд явдаг ажээ. Гэвч төдөлгүй сургуулиас захиа ирнэ, захианд Miles-г сургуулиас хөөсөн, шалтгаан нь хүү бусдад муу нөлөө үзүүлдэг гэсэн байна. Үүнд Grose авгай маш их гайхах агаад Miles түүнийхээр хорхойд хоргүй хүү аж. Ингээд Miles гэртээ ирж Giddens-тэй танилцана; хүү нь үнэхээр өөр хүү байв, тухайлбал маш соёлтой, боловсон зантай агаад энэ байдал нь насанд нь зохимгүй, хэтэрхий насанд хүрсэн мэт санагдаж, зарим нэг үйлдэл нь Giddens-д илт сээтэгнэх маягтай юм шиг эвгүй байна. Хэсэг хугацаа өнгөрөхөд энэ байшин, эдгээр хүүхдүүд Giddens-д нэг л хүйтэн, эвгүй бас нууцлаг санагдаж эхэлнэ. Байшинд хачин чимээ үе үе сонсогдох бол хүүхдүүд байнга л нэг нууц юм шивнэлдэх юмуу өөрөөс нууцлаад байгаа юм шиг санагдана. Нэг нартай сайхан өдөр тэд нарлаж байтал цайзын орой дээр нэг эрэгтэй хүн байгаа нь Giddens-д харагдана, энд ийм хүн байх боломжгүй тул айсан Giddens цайзын дээвэр дээр гартал Miles байж таарна. Giddens нэг удаа хүүхдүүдтэй нуугдаж тоглоно; хүүхдүүдийг олох ёстой тэрээр хонгилоор алхаж яваад яг урдуур нь нэг залуухан хүүхэн яваад өнгөрөхийг хараад зүрх нь зогсчих шахна. Бас нэгэн бороотой шөнө цонхны цаана эрэгтэй хүн өөрийг хараад зогсож байхыг Giddens харна. Энэ мэт аймшигтай үзэгдлүүдэд солиорох шахсан Giddens харсан зүйлсээ болон энэ харагдаад, сонсогдоод байгаа эрэгтэй, эмэгтэй 2 хүний талаар Grose-ээс асууна, авгай олон удаа гуйлгасны эцэст жилийн өмнө хүүхдүүдийн хуучин хүмүүжүүлэгч хүүхэн Jessel нас барсан, мөн тэрнээс өмнөхөн хүүхдүүдийн авга ахын ажилтан байсан Quint гэгч бас үхсэн бөгөөд энэ хоёр хүн янагийн харилцаатай байсныг хэлдэг. Quint, Jessel нарын сүнс эдлэнд хорогдсон, эсхүл тэдний сүнс хүүхдүүдийн биед шүгэлээд, тэднээр дамжуулан амьдарч байна гэдэгт Giddens итгээд хүүхдүүдийг аврахыг хүснэ. 

Их Британий кино найруулагч Jack Clayton-ын найруулсан  энэхүү сэтгэлзүйн хоррорыг эдүгээ энэ жанрын классикт тооцох болсон бөгөөд том кино студид бүтсэн хамгийн ухаалаг, шилдэг, мөн дүрслэлийн хувьд хамгийн аймшигтай бүтээл гэж үзэх нь бий. Гэрийн хүмүүжлэгчийн дүр үнэхээр өнгөрсөнд болсон аймшигт явдлын золиос болоод байна уу? Эсхүл түүнийг зовоогоод байгаа зүйл сексийн хүслээ тэвчсэнээс үүссэн сэтгэлзүйн өөрчлөлт үү? Гэдэг тодорхой бус ба юутай ч Их британий шилдэг жүжигчин Deborah Kerr гайхамшигтай тоглосон буй. Уг киног Robert Wise-ын "The Haunting" кинотой харьцуулдаг бөгөөд Clayton-ын кино хийх арга, лааны гэрэлтэйд ч, өдрийн наранд ч зурагласан эвгүйцэм кадруудыг хоррор жанрын сурах бичигт оруулуйц гэж үздэг ажээ. Уг хоррор бүтээлийг бүр цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 344-р байрт жагсаасан байдаг агаад The Guardian-аас гаргасан хамгийн шилдэг 25 хоррор киноны тоонд мөн багтсан байдаг. Хүйтэн, аймаар бөгөөд үзэсгэлэнтэй эл киног найруулагч Martin Scorsese бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн кино жагсаалтынхаа 11-р байрт, мөн Time Out Их Британий хамгийн аугаа 100 кино жагсаалтынхаа 18-р байрт эрэмбэлжээ. Кино анх Их Британид нээлтээ хийхэд Их Британий кино холбооны цензураас 16 наснаас дээш насныхан үзэх ёстой гэсэн үнэлгээ өгч байв. Кино 1961 оны 11-р сард Лондонд, 12-р сард нэгдсэн улсад тус тус нээлтээ хийж байв. Уран зохиолын онолч Edmund Wilson киноны зохиолын талаар нэлээд юм бичсэн буюу кинон дээрх Giddens-д тохиолдож буй supernatural (ер бусын) үзэгдлүүд нь өөрийнх нь сексийн хүслийн тэвчилтээс бий болсон гэж дүгнэснээр уг кино кино онолчид, киноны талаар судалдаг хүмүүсийн анхааралд энэ киног оруулжээ. Кино судлаач David J. Hogan; уг киноны сексийн хүслээ тэвчих үндсэн сэдэв нь ер бусын үйл явдалд төвлөрөхөд хүргэж байна хэмээжээ. Мөн тэрээр; киноны төгсгөл дэх Giddens-ын ухаан алдсан хүүгээс муу ёрын сүнсийг зайлуулахын тулд үнсдэг энэ симбол бол "Sleeping Beauty" үлгэрийн гажуудуулсан хувилбар гэжээ. Кино зохиолч Anthony Slide; ташуу камерын өнцгөөр сүүдрийг ашигласан байдал хийгээд уур амьсгаллаг хөгжмөөр Clayton зөвхөн Henry James-ын зохиолын хоррорыг дүрсжүүлээд зогсохгүй мөн бодит ертөнцөөс тусгаарлагдсан хүүхдийн гүн гүнзгий уйтгар гуниг, Giddens-ын сексийн асуудал, хатагтай Jessel-ын өрөвдөлтэй мөн чанарыг хачирхалтайгаар үзүүлсэн хэмээжээ. 
Америкийн зохиолч Henry James-ын The Turn of the Screw романыг William Archibald, Truman Capote, John Mortimer нар кино зохиол болгосон ба 1950 онд William Archibald ижил нэртэйгээр театрын жүжиг болгон тавьж байж. Тайзны жүжиг болон зохиолд Giddens-тэй учирдаг сүнс, ер бусын үзэгдлүүд жинхэнэ байдаг бол кино найруулагч Clayton кино болгохдоо илүү хоёрдмол утгатай болгожээ. Jack Clayton; энэ түүхийг өгүүлэх миний анхны сонирхол бол хүн болгон өөрийнхөөрөө ойлгох явдал байгаасай гэж бодсон гээд мөн чөтгөр гэрийн хүмүүжүүлэгчийн оюун ухаанд байгаа ба их бага хэмжээгээр тэр энэ бүхнийг бий болгогч юм гэжээ. Clayton Archibald-ын кино зохиолд дургүй байсан буюу тэд эх зохиолоо хэрхэн тайлбарлаж үзүүлэх тал дээрээ маргаантай байжээ. Ингээд Clayton Truman Capote-ээс тусламж хүсчээ. Capote киноны ерөнхий бүтэц, найруулгад Фройдиан симболизмыг шигтгэж өгсөн буюу Giddens-ын харж, сонссон бүхэн сексийн дарангуйллаас үүдэлтэйг тодотгож өгчээ. Киноны Викториан хэл ярианы хэсгийг Clayton John Mortimer-г авчран хийлгэжээ. Мөн Clayton харанхуйгаас айх мэдрэмжийг хадгалахын тулд жүжигт ч мөн ихэвчлэн өрнөдөг киноны ихэнх үйл явдлыг байшингийн өрөөнд авчээ. Тэрээр байшин кинонд дүрийн дайтай чухал хэсэг гэж үзсэн байдаг. Зарим судлаачид киноны зохиолын 90 хувийг Capote-тэй холбодог. Capote өмнөдийн Готик мэдрэмжийг кино зохиолд оруулж өгсөн агаад ялангуяа шавьжны амьдрал, үхэж буй ургамлын кадрын эсрэг Giddens-ын эротик мэдрэмжийг онцолжээ. Найруулагч сүнсний түүх, Фройдиан элементийн хоёрдмол өгүүлэмжийг хадгалахын тулд киноныхоо төгсгөлийг ийнхүү бууруулах талыг сонгожээ. Найдваргүй хүүрнэгчээр анх киноны үйл явдлыг өгүүллэхээр байж, мөн кино оршуулгын ёслолоор эхлэх ёстой байж. Гэвч харанхуйд Giddens уйлж бас залбирч, хүүхдийн дуулах сцэнээр эхлэл хэсэг солигджээ. Кино судлаачдын хэлж буйгаар киноны энэ хэсэгт Giddens-ын царай тод харагдах бөгөөд эхлэл хэсэгт Giddens бидэнд дотно мэдрэмж төрүүлэхийн дээр түүнд итгэх ёстой гэсэн итгэлийг мөн төрүүлэх ба гэвч түүнийг тойрон хүрээлсэн харанхуй нь хожмын киноны түүхэнд гарах бүхэн түүний тусгаарлагдсанаасаа болж хий харж, санаасаа зохиосон зүйлсээс өөр юу ч биш гэсэн санаа өгч байна гэжээ. James-ын зохиол дээрх гэрийн хүмүүжүүлэгчийн дүр 20 настай байдаг бол кинон дээрх дүр буюу жүжигчин Deborah Kerr 40 настай байв. Kerr найруулагчаасаа; та намайг энэ дүрийг яаж гаргахыг хүсэж байна гэж асуухад Clayton хариуд нь; мэдрэмжээрээ тогло, гэхдээ хоёрдмол байдлыг мартаж болохгүй шүү гэсэн гэдэг. Би эрүүл болон эрүүл бус байдлын дунд байхын төлөө маш их хичээж, бас их ядарсан бөгөөд үзэгчдэдээ ухаалаг тоглолтыг үлдээхийг бас хүсч байв гэж нэрт жүжигчин Kerr дурссан буй. 
Хүүхдүүдийн дүрд Pamela Franklin, Martin Stephens тоглосон ба шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Харин авга ахын дүрд нэрт Michael Redgrave тоглосон агаад авгын дүрд Alec Guinness, Cary Grant нар тоглох сонирхлоо илэрхийлж байсан ч Clayton татгалзсан байдаг ажээ. Тухайн цаг үед хит болж байсан Hammer хоррор кинонуудаас ялгаатай кино хийхийг Clayton хүссэн бөгөөд айдсыг төрүүлэхийн тулд хөгжим, сэтгэлд хүрэм гэрэл зэргийг ашиглахыг боджээ. Киноны эхлэл 45 секунд харанхуйд дуу дуулж байгаагаар л гардаг. Clayton Их Британий шинэ давалгаа хөдөлгөөнд идэвхтэй оролцогч байсан ба Clayton энэ киногоороо шинэ давалгаанаас зайлсхийж, өөр жанраар ажиллах хүслээ илэрхийлсэн гэж үздэг. Киноны хөгжмийн эх зохиолыг Georges Auric бичсэн. Гэхдээ Clayton Auric-ын ажлын эцсийн байдал сэтгэлд нь хүрээгүй байдаг, ингээд Auric-ээс өөрчлөхийг хүсэхэд түүний эрүүл мэнд сайнгүй байж таараад төслөөс гарчээ. Харин оронд нь W. Lambert Williamson хөгжмийн найруулгыг дахин шинээр бичиж гүйцээжээ. Синтезжүүлсэн электрон дуугаралт ашигласан анхны кино гэж эл бүтээл түүхэнд үлддэг. Энэ хөгжмийг Daphne Oram бүтээсэн. Аюултай, ухаалаг аймшгийн кино, хамгийн шилдэг сүнстэй кино гэх мэтээр магтагсад байхад James-ын зохиолоос илүү хүнд, сэтгэлзүйн тайлбарлал нь ойлгомжгүй гэж үзэгсэд байдаг. Ямар ч байсан бүтээл бол А зэрэглэлийн хоррор юм. Жүжигчин Deborah Kerr үргэлж энэ кинонд бүтээсэн дүрээ замналынхаа шилдэг дүр бүтээлт байсан гэж ярьдаг. Найруулагч Francois Truffaut уг киног Alfred Hitchcock Их Британийг орхисноос хойших Их Британид бүтсэн хамгийн сайн кино гэж дүгнэжээ.

Comments