Casino (1995). Киноны үйл явдал 1973 онд өрнөнө. Киноны маань 3 гол баатрын нэг Ace хочит Sam Rothstein бол спортын тэмцээний үр дүнг урьдчилан таадаг, гэхдээ таахдаа бүр ид шидийн мэт байнга зөв таадаг "гайхамшигтай" эр бөгөөд Чикагогийн мафи түүний авъяас чадварыг ашиглан Лас Вегасын казинод менежерийн албанд томилно.
Ace-ын хурц мэдрэмж, унаган муу авъяас нь казиног мөнгөний
гахай болгохын дээр толгой боссуудаа мөнгөөр угжиж эхэлнэ, чухам тэдний
хүссэнээр. Мафийн босс Remo мөнгөний "машин" Ace-г харж, хянуулж
байхаар Ace-ын багын найз Nicky Santoro-г казиногийн ертөнц рүү илгээнэ. Nicky
бол харгис хэрцгий нь дэндсэн, ухаан муутай эр бөгөөд түүний яаж ч магадгүй
тэнэг зоригоос бүгд сүрдэн айна. Ace-ын хувьд бүх зүйл амжилттай байж яг л Лас
Вегасын Хаан шиг амьдарч байлаа. Түүний аз жаргалыг улам өтгөрүүлэхээр хувь
тавилан гудамжны луйварчин, биеэ үнэлэгч, бүжигчин байсан үлэмжийн үзэсгэлэн
гоо Ginger-г илгээнэ. Ace хүүхэнд ухаангүй дурлаж, өдийг хүртэл ганцаараа
амьдарч, зөвхөн ажлын хойноос явж ирсэн орь хоосон сэтгэлээ дүүргэхийн тулд
Ginger-д гэрлэх санал тавина. Анхнаасаа л мөнгөнд нь болж өвөрт нь орсоноо ил
цагаан хэлсэн Ginger гэрлэх саналыг зөвхөн мөнгөнөөс, эд хөрөнгөнөөс зөвшөөрнө,
мөн зөвшөөрөх болсон шалтгаанаа ч тодорхой хэлнэ.
Тогтвортой жаргал гэж ерөөсөө
байдаггүй. Nicky Ace-г "халамжлах" биш харин энэ том мөнгөний машины
ертөнцөд хэрхэн өөрийн эзэнт гүрнээ байгуулах талаар бодох агаад ингэхдээ
тоглоомыг өөрийн дүрмээр буюу хүчирхийлэл, дарангуйллаар шийдэж эхэлнэ. Энэ нь
Ace-ын ажил хэрэгт гай тодотгор болж ирэх нь дамжиггүй ба боссууд ч эрхээрээ
хатсан Nicky-ын учрыг олж чадахаа байж эхэлнэ. Хүссэнээ эдлэх Ginger-ын зөвхөн
сэтгэл л хоосон оргих. Түүнд баян нөхөр, хөөрхөн охин байх ч хуучин хайр, жижиг
гарын луйварчин Lester-гээ үгүйлэн санаж, сэм сэмхэн уулзах агаад зарим үед
мөнгөөр ч тэтгэнэ. Араар тавилтыг Ace олж мэдэх нь цаг хугацааны л асуудал
байв. Эхнэр нөхрийн харилцаа хурцдах үеэр Nicky-ын балмад хандлага хэрээс
хэтэрч, ингэхдээ бүр Ace-ын хувийн амьдралд орж эхэлнэ. Тагнуулын төв газар
бүхнийг хараа нь дороо байлгаж, тохирмжтой, эзэгтэй мөчийг хүлээн тэдэн руу
дайрахаа азнана.
Казинод хүн мөнгө хожих гэж ордог, гэхдээ хэзээ ч мөнгө
хождоггүй буюу жинхэнэ ялагч нь үргэлж казино байдаг. Хүн казинод удаан тоглох
тусам л казино хожиж байдаг ба энэ кинонд казино гэж юу болох, хэрхэн
ажилладагийг маш нарийн, тодорхой харуулах бөгөөд бүх юм үнэтэй, маш
үнэтэй юм хэрэв үнэгүй олдвол хожим яг тийм хэмжээний төлөөс нэхэх болохыг бид
энэ киноноос харна. Мөнгө, шунал, секс болон хүчирхийлэл гэсэн сэдвийг Martin
Scorsese өөрийн алдартай хэмнэл, эрч хүчтэй байдлаар гайхалтай зурагласан агаад
хэтэрхий бүдүүлэг, зэрлэг уг кино хүн бүхэнд, нэн ялангуяа арилжааны кино
үзэгчдэд дэндүү урт бас аймаар хэрцгий санагдах болов уу. 1990 онд
"GoodFellas" кинон дээр хамтран ажиллаж байсан Nicholas Pileggi-ын
уран зохиолын бус "Casino: Love and Honor in Las Vegas" романаас
Martin Scorsese уг киногоо сэдэвлэн хийсэн бөгөөд кино зохиол дээр Nicholas
Pileggi өөрөө бас ажиллажээ.
Кино 40-50 саяын хооронд бүтээд 116 саяын ашгийг
дэлхийн дахинаас олсон байна. Киноны гол дүрүүдэд: Robert De Niro, Sharon
Stone, Joe Pesci болон James Woods нарын
шилдэгүүд тоглосон ба Sharon Stone уг киноны дүрээрээ Оскарт шилдэг эмэгтэй гол
дүрийн шагналд нэр дэвшиж байв. Киноны гол дүрүүдийг бодит хүмүүсээс сэдэвлэсэн
байдаг; Ace-г 1970-1981 оны хооронд Чикагогийн мафийн гар хөл байгаад тэдний
заавраар Лас Вегасын хэд хэдэн казиног удирдан явуулж байсан Frank Rosenthal-ын
амьдралаас сэдэвлэжээ. Ginger-ын дүр бүжигчин байсан Geri McGee гэгчийн амьдралаас
сэдэвлэсэн бол Nicky Anthony Spilotro гэгч гэмт хэрэгтнээс улбаатай ажээ.
Sharon Stone уг кинонд замналынхаа оргил дүрээ бүтээсэн гэж хувьдаа үздэг,
харин Robert De Niro "байдаг" л шилдэг тоглолтоо үзүүлсэн байхад Joe
Pesci-ын дүр энэ киног бүхэлд нь чимнэ.
Уг киноны эх үүсвэр болох номыг Нью
Иоркийн гэмт хэргийн сурвалжлагч байхдаа Nicholas Pileggi бичсэн. Тэрээр
казиногийн том толгой Frank Rosenthal болон түүний эхнэр Geri McGee нарын
хэрүүлээс номынхоо судалгааг эхлүүлсэн бөгөөд түүнд 1970-аад оны Үед мафийн
ертөнц казинотой ямаршуу холбоотой байсан тухай ном бичих санааг өгчээ. Чухам
яг энэ үед "GoodFellas" киноны зураг авалт дуусч байсан гэдэг. Кинон
дээр гарах Tangiers казино-зочид буудал нь 1970-аад онд мафийннхны мөнгө угаах
хэрэгсэл болж байсан казинонуудын тусгал юм. Nicholas Peliggi Martin
Scorsese-тэй холбогдон энэ төслийг удирдаач гэжээ. Martin Scorsese-д төсөл
таалагдаж "хязгаар байхгүй, амжилтын санаа" гэж хэлсэн байдаг ажээ.
Ингээд тэд кино зохиол дээрээ 5 сар ажилласан бөгөөд 1994 оны төгсгөл хэрд
дуусгажээ. Ингэхдээ тэд кино зохиолыг зарим талаар илүү хялбар болгож өгсөн
буюу Ace-г зөвхөн Tangiers-г хэрхэн удирдаж байгааг л онцлоод бусад ажлыг нь
товчлоод өнгөрсөн байдаг нь үзэгчдийг тэр олон мафи-казино гэсэн нарийн
ажиллагаанд төөрөгдүүлэхгүй гэж боджээ. Киноны эхлэл уг нь, Ace болон Ginger
нарын байшингийнхаа өмнө "зодолдож буйгаар байхаар төлөвлөгдсөн байсан ч
энэ сцэн дэндүү нарийвчилсан байсан тул нээлтийн хэсгийг Ace-ын машин дотроо
дэлбэрч байгаагаар сольжээ. Шүүмжлэгчид эл бүтээлийг сэдэвчилсэн утгаараа
"GoodFellas"-тай адилтгадаг бөгөөд Martin Scorsese эртний дэвсгэрээ
шинээр бүрлээ гэцгээж байв. Харин Roger Ebert: энэ кино Лас Вегас болон мафийн
дундах харилцааны талаар ихийг өгүүлэхийн зэрэгцээ "The Godfather"
кино шиг нууц зүйлийг сэмээрхэн чагнах мэт мэдрэмж төрүүлнэ хэмээжээ. Эдүгээ эл
бүтээлийг сэдвийн хувьд "Goodfellas"-тай төстэй хэдий ч илүү
туршлагажсан, уран сайхны хувьд илүү боловсорсонгуй болсон бүтээл гэж дүгнэх болжээ.
TSTDP сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 562-р байрт жагсаажээ. Robert De Niro, Joe Pesci нарын хоорондох ихэнх харилцан яриа импровиацаар явсан ба найруулагч эхлэл болон төгсгөлийг нь хэлээд үлдсэнийг тэд гүйцээдэг байжээ. Тэгвэл Sharon Stone жүжиглэх урлагийн багшдаа "би Robert De Niro-той хамт тоглож чадах хэмжээний болмоор байна" гэж хэлж байжээ. James Wood Martin Scorsese өөртэй нь хамтран ажиллах сонирхолтой байгааг дуулаад Martin Scorsese руу залгаад "ямар ч цагт, ямар ч газарт, ямар ч хэсэгт, ямар ч мөнгөөр хамаагүй" гэж хэлсэн байдаг. Ace-ын гэрт очдог 2 цагдаа амьдрал дээр үнэхээр жинхэнэ цагдаа нар ба киноны зураг авалтыг хамгаалтанд гарч байсан орон нутгийн цагдаа нар аж. James Wood-ын ярьдаг ихэнх хэсэг импровиацаар явсан бөгөөд Ginger-ын хуримын үеэр утсаар ярьдаг сцэнийг жишээлж болно. Кинонд F үсгээр эхэлсэн үг 435 удаа хэллэгддэг, энэ нь тухайн үедээ дээд амжилт болж байжээ. Ginger-ын дүрд Nicole Kidman, Cameron Diaz, Michelle Pfeiffer нарыг тоглуулахаар яригдаж байсан байна.
Comments
Post a Comment