"Интоорын цэцэрлэг" бол Антон Чеховын сүүлчийн жүжиг юм. 1903 онд бичигдсэн уг жүжиг анхлан Знание хэвлэлийн компанид хэвлэгдсэн бөгөөд тэр жилдээ Санкт-Петербургт А. Ф. Маркс хэвлэлийн газраас тусдаа хэвлэгдэн гарчээ. 1904 оны 1-р сард Москвагийн Урлагийн театрт Константин Станиславскийн найруулгаар нээлтээ хийв. Чехов өөрөө энэ жүжгээ бүдүүлэг хошигнолын элементтэй комеди гэж дүрсэлж байсан бол Станиславский эсрэгээрээ эмгэнэлт жүжиг болгон боловсруулжээ. Анхны жүжгээс хойш эл бүтээлийн хоёрдмол чанарын талаар найруулагчид маргалдсаар иржээ. Энэ жүжиг бол Чеховын туурвисан 4 (Цахлай, Авга ах Ваня, Эгч дүү 3) их жүжгийн нэг нь юм. "Интоорын цэцэрлэг" жүжигт зээлээ төлөөгүй учраас эдлэн газар (үүнд маш том алдартай интоорын цэцэрлэг багтана) нь дуудлага худалдаагаар орохын өмнөхөн эдлэн газартаа буцаж ирж байгаа Оросын язгууртан гэр бүлийн тухай өгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийг нь аврах саналыг үл тоомсорлож, хуучин хамжлага байсан хүний хүүд зарж орхих язгууртан хатагтай; түүний гэр бүлийнхэн интоорын цэцэрлэгийг тас цавчих чимээн дор эдлэн газраасаа салахад хүрнэ. Эл жүжгийн үндсэн санаа нь соёлын хий хоосон байдал (хойно илүү нарийн авч үзнэ) буюу язгууртнуудын статусаа хадгалж үлдэх гэсэн хоосон оролдлого хийгээд хөрөнгөтнүүдийн шинээр олсон материализмынхаа утга учрыг олох гэсэн хоосон оролдлогуудын тухай болой. Мөн жүжигт 20-р зууны эхэн үеийн Орос дахь нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг драматикаар дүрсэлсэн ба мөн 19-р зууны дунд үеэс хамжлагат дэглэмийг цуцалсаны дараах дунд ангийнхны сэргэлт болоод язгууртан ангийн бууралтыг үзүүлнэ. 20-р зууны театрын сонгодог жүжиг хэмээн өндрөөр үнэлэгддэг эл бүтээлийг дэлхийн олон улс орон өөрсдийн хэлнээ орчуулж тавьсаар иржээ. Питер Брук, Чарльз Лаутон, Андрей Сербан зэрэг театрын ертөнцийн томчууд эл жүжгийг тайзнаа тавьж байсан бол Артур Миллер, Бернард Шоу, Дэвид Мамет зэрэг жүжгийн зохиолчдод нөлөөлсөн байдаг ажээ. Жүжгийн гол сэдвүүдийн нэг бол нийгмийн өөрчлөлт хүмүүст нөлөөлж байгаа тухай юм. 1861 онд хоёрдугаар Александр хамжлагуудыг чөлөөлсөнөөр хуучны хамжлагууд эд хөрөнгөтэй болж байхад зарим язгужртнууд ядуурч, боолчлолын хямд хөдөлмөргүйгээр үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болж байж. Эдгээр шинэчлэлтийн үр нөлөөг Чехов бөөнөөр чөлөөлсөний 40 жилийн дараа ч бичиж байхдаа мэдэрсээр байв. Чехов анх зарим газраа бүдүүлэг хошигнолтой комеди жүжиг бичсэнээ захидалдаа дурдсан байдаг агаад Станиславскийн эмгэнэлт жүжиг болгон өөрчлөснийг олж мэдээд тун цочирдсон байдаг. Энэ явдлаас хойш продакшнууд уг эл жүжгийн хоёрдмол чанартай тэмцсээр ирсэн байна.
ҮНДСЭН САНАА:
Раневскаягийн өөрийн эдлэн газар, гэр бүлтэй нь тулгарсан асуудлуудыг шийдэж
чадаагүй нь эцэстээ нь бүх зүйлээ алдахад хүргэх бөгөөд түүний хувь тавилангаар
шинэ Орос улсад дасан зохицох хүсэлгүй байгаа хүмүүс руу хандсан шүүмжлэл гэж
үзэж болно. Түүний амьдрал болон хайр дурлалынхаа өнгөрсөн үеийг хүлээн
зөвшөөрөхөөс эрс татгалзах байдал нь жүжгийн турш үзэгдэнэ. Тэрээр амьдралынхаа
турш Орос болон Парисын хооронд явдаг (тэр жүжгийн эхэнд Парисаас ирээд
төгсгөлд нь буцаад явдаг). Раневская бол өнгөрсөнийхөө төөрөгдөлд амьдрагч
эмэгтэй юм. Оюутан Трофимовын сэхээтнүүд руу дайрсан яриаг хожим Большевик үзэл
санааны анхны илрэл гэж үздэг ба энэ дүрийн мөр бүрийг Эзэн Хааны түшмэлүүд
хянадаг байсан гэдэг. Интоорын модод нь тодорхой нөхцөл байдал юмуу ерөнхий цаг
хугацаанд өнгөрч одсон зүйлдээ харамсал, гуниглалын симбол болдог. Уншигч Фирс,
Лопахин нарын дүрийг хараад жүжигт хараат бус байдал болоод эрх чөлөөний тухай
ойлголт өргөн тархасаныг олж харна. Фирс эдлэн газарт хэдэн арван жил ажилласан
агаад түүний мэддэг бүх зүйл бол эзэндээ үйлчлэх үүрэг юм. Интоорын цэцэрлэгийг
хаах болсон мэдээг сонсоод Фирс ер гайхдаггүй, харин үүргээ үргэлжлүүлэн
гүйцэтгэдэг бөгөөд тэр бол өөрийнхөө бие даасан байдал, эрх чөлөөг олох
чадваргүй нэгэн юм. Харин Лопахин өөрийгөө "чөлөөлж" чадсан дүр юм.
Тэрээр цааш үргэлжлүүлэн амьдрах сэдлээ олж чадсан. Хэдийгээр энэ 2 дүр
нийгмийн шатны эрс тэрс байр суурин дээр байгаа боловч тэд хоёулаа интоорын
цэцэрлэг хаагдсаны дараа амьдрал нь яаж үргэлжлэх талаар сэтгэлийн дотоод Тэмцэлтэй байна.
Өөрийгөө
тодорхойлох сэдэв, мөн үүнээс үүдэлтэй хүлээлтийг үгүй хийх нь "Интоорын
цэцэрлэг"-ээс харагддаг. Жүжигт, жүжигчдийн бүрэлдэхүүнийг 3 өөр хэсэгт
хуваана: Гаевын гэр бүл (Раневская, Гаев, Варя, Аня), гэр бүлийн найзууд
(Лопахин, Пишчик, Трофимов) болоод "үйлчлэгч анги" (Фирс, Шарлотта,
Яша, Дуняша, Епиходов) нар ба тэдний зарим нь зохимжгүй авирлаж байгаа нь
егөөтэй хэрэг юм. Язгууртны өргөж авсан охин Варя нь маш нөлөөтэй гэрийн
үйлчлэгч бол Трофимов нь их сургуулиасаа хөөгдсөн бодогч оюутан байдаг; тэгвэл
Яша өөрийгөө Парисын соёлын элит хэсгийн нэг гэж үздэг; Раневская, Пишчик хоёр
мөнгөний гачигдалд орж байхад тариачин төрсөн Лопахин бараг саятан болж байна.
Жүжгийг Марксист өнцгөөс харвал, Лопахин нь чөлөөлөгдсөний дараахан өндийж буй
хөрөнгөтөн газар эзэмшигч, хуучин эздээсээ өшөө авах гэж буй бизнесмэнийг
төлөөлнө. Раневская, Гаев нар эхэн үедээ байгаа феодолын нийгмийн бууралтыг
илтгэж, цавчигдан сүйтгэгдэж зуны хотхон болох хувьтай интоорын цэцэрлэг нь
орчин үеийн түрэмгий өөрчлөлтийг төлөөлнө. Өөр нэг хувилбараар "Интоорын
цэцэрлэг" бол Чеховын өөрийнхөө уран бүтээлд хүндэтгэл үзүүлсэн явдал
гэдэг. Жүжгийн олон дүр өөрсдийн амьдралын эрэн үеийн ажил үйлсээ эргэн чагнах
байдалтай байдаг агаад Чехов эдгээр дүрүүдээ өөрийн амьдралдаа мэддэг байсан
хүмүүсээс сэдэвлэжээ. Энд анзаарах ёстой нэг зүйл бол Чеховын хүүхэд насаа
өнгөрүүлсэн байшинг ээжийнх нь найз баян эр худалдаж аваад нураасан байдаг юм. Чеховын
олон жүжигт гардаг классик "цэнэгтэй буу" уг жүжигт мөн гардаг ба
гэвч энэ жүжиг бол буу үзэгддэг боловч бууддаггүй цорын ганц жүжиг юм.
"Интоорын цэцэрлэг"-д дурсамжийг хувь хүнийг таних тодорхойлолт
хийгээд аз жаргалд хүрэхэд садаа болдог лай ланчин гэж үздэг.
Дүр бүр эргэн
санахтайгаа тэмцэлддэг, гэвч хамгийн чухал нь өнгөрсөнийхөө тодорхой хэсгийг
мартах гэж зовдог. Раневская одоогийн цөхөрсөн амьдралаас зугтааж өнгөрсөндөа
хорогдохыг хүсдэг; тэр өнгөрсөнөө эргэн дурсаж, одоогоо мартахыг хүсдэг. Гэвч
эдлэн газар нь хүүгийнх нь үхлийн талаарх аймшигтай дурсамжийг агуулсаар байдаг
агаад хүүгийнх нь багш байсан Трофимовтой уулзсан даруй л түүний дурсамж
сэргээд ирдэг. Харин Лопахины хувьд дурсамж бол дарангуйлал, учир нь тэдгээр нь
бүдүүлэг, соёлгүй тариачны дурсамжууд юм. Тэд түүний гоёмсог хувцасласан,
Шекспирээс иш татдаг, соёлтой байхыг хичээдэг өсөж дэвжиж яваа бизнесмэн
гэдэгтэй зөрчилддөг бөгөөд энэ бол түүний мартахыг хүсдэг өөртөө үл итгэх
хийгээд эргэлзэхийн эх сурвалж билээ. Трофимов Оросын өнгөрсөн түүхэн
дурсамжинд илүүтэй ханддаг, түүнийхээр өнгөрсөн бол дарангуйлал бөгөөд хэрэв
Орос улс урагшлъя гэвэл өнгөрсөнөөс татгалзах хэрэгтэй гэж үздэг. Трофимов
хүслээр бол Орос өнгөрсөнийхөө үзэсгэлэнтэй бөгөөд гэмээ цагаатгасан талуудаа
мартах ёстой ажээ. Фирс бараг л дурсамж дотроо амьдардаг; жүжиг дээрх түүний
ярих ихэнх хэсэг хамжлагууд чөлөөлөгдөхөөс өмнөх амьдрал ямар байсантай
холбогддог. Жүжгийн төгсгөлд түүнийг бусад дүрүүд мартчихдаг ба Фирс бол үлэмж
холбоотой байсан "мартагдсан" эрин үеийн симбол юм. 19-р зууны Оросын
уран зохиолд байнга давтагддаг сэдэв хуучин Оросын үнэт зүйл болон орчин үеийн
үнэт зүйлсийн хоорондох мөргөлдөөн байв. Энд өгүүлэх орчин үе бол Барууны орчин
үе болохыг тодотгох хэрэгтэй ба энэ бол Рационализм, шашингүй үзэл болон
материализм юм. Орост, ялангуяа язгууртнууд нь 18-р зууны эхэн үеэс буюу Их
Петрийн үеэс эдгээр үнэт зүйлсийг нутагшуулж иржээ. Гэхдээ 19-р зууны сүүл хэрд
Оросын ихэнх уран зохиолчид энэхүү өөрчлөлтөд хариу үзүүлсэн зохиол туурвил
бичиж, Оросын түүх болоод ардын аман зохиолын үзэл санааг магтаж байв. Барууны
үнэт зүйлс хуурамч, дүр эсгэсэн ба ёс суртахуун, оюун санааны хувьд дампуурсан
гэж үзэж байв. Оросын соёл нь эсрэгээрээ буюу жишээлбэл;
Достоевский"Маанаг" романы баатар Мышкин вангаар, Пушкины "Евгений Онегин" бүтээлийн
Татьяна нарын дүрээр хуучин газар өмчлөгч язгууртнуудыг шударга, ёс суртахууны
хувьд цэвэр ариун гэж өргөмжилдөг. Гаев, Раневская хоёрын, мөн Лопахин,
Трофимов нарын маргаан хуучин феодол дэг журам ба Баруунжих хоёрын хоорондох
зөрчлийн бэлгэдэл гэж үзэж болно. Оросын түүхэн өв бол дарангуйлал, Дарангуйлагч
түүхэн өвийг өргөмжлөлийг оронд орхих ёстой гэж үздэг, мөн марксизм,
дарвинизмын идеалогийн нөлөөнд автсан үзэл суртлыг дэвшүүлэгч Трофимовын яриан
дээр энэ зөрчилдөөн хамгийн тод харагддаг.
СЭДЭВ: Интоорын цэцэрлэгийн үнэ
цэнээр төлөөлүүлэн байгалийн ач холбогдолыг гаргаж ирсэн бөгөөд интоорын
цэцэрлэг нь төрөлх гоо үзэсгэлэнтэй нэгэн адил өнгөрсөнтэй холбогддог.
Раневская интоорын цэцэрлэгийг үзүүт жаргалтай болдог, мөн түүнчлэн интоорын
цэцэрлэгийг устгадаг Лопахин хүртэл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар хэмээн
уулга алддаг. Байгалийг мөн энэ жүжигт төөрөгдөл хийгээд ой санамжийн эх
сурвалж болгодог. Жишээлбэл, 1-р үзэгдэлд Раневская нас барсан эхийгээ төөрөлдөн
хий хардаг бол байгаль дээр Гаев өнгөрсөн ба одоог хугацаагүй нэгтэдэг
"үүрд мөнх" хэлбэрийг олж харна. Амар жимэр хөдөө нутгийг телеграфын
шон хэрж байхад, мөн интоорын цэцэрлэг устгагдаж байна, харин Гаев, Раневская
хоёрыг хөдөө нутгаар амар тайван аялж явахад архичин эр тэдэнд түвэг удаж
байдаг билээ. Чухамдаа, байгальд хамааруулах хугацаагүй шинж чанар жүжгээр
дамжуулагдан төөрөгдөл болох нь илчлэгдэнэ. "Интоорын цэцэрлэг" бол
шинжлэх ухааны, бодитой, нарийн зүйлс дээр төвлөрсөн натуралистик жүжиг юм. Энэ
жүжиг бол амьдралыг байгаагаар нь дүрслэхийг оролдсон байдлаараа реализмтай
адилхан. Мэдээжээр, зохиогчийн зорилгооор дамжуулагдан эдгээр нарийвчлал
сонгогдож бас тоймлогдон үзэгдэнэ.
Гэхдээ замналынхаа турш Чехов өөрийн зорилго
болсон асуудлыг танилцуулахаас шийдвэрлэх аргыг нь зааж өгдөггүй байсан ба энэ
жүжигт Чеховын сонголтын болоод үзэл санааны нарийн ширхэгтэй танилцаж болно.
Бид нэг дүрийг хэт өрөвдөх хүсэл төрөх, бид жүжгийг бүхэлд нь мэдрэх, дүрүүдийн
талд орох үед Чехов жүжгийнхээ егөөдөлт талыг үзүүлдэг. Чеховын егөөдөлт
биднийг жүжгээс гаргаж бас биднийг суудалд маань дахин суулгах бөгөөд тэрээр
"бодит" байдлыг ингэж бий болгодог. Симбол. Интоорын цэцэрлэг нь асар
том хэмжээтэй бөгөөд жүжгийн төвд оршин, бүх зүйл цэцэрлэгийг тойрон эргэлдэхийн
дээр бас түүн руу чиглэж байдаг. Жүжгийн 1-р үзэгдэлд Лопахин эдлэн газрыг 2500
акр газар нутгийн хамарч, интоорын цэцэрлэг ихэнх хэсгийг нь хамарч байх ёстой
гэсэн санаа хэлдэг. Орос улсад ийм хэмжээний интоорын цэцэрлэг хэзээ ч
байгаагүй аж. Интоорын цэцэрлэг жил бүр ургац өгч түүгээр нь интоорын чанамал
хийдэг байв. Гэвч, фирсийн хэлж байгаагаар одоо жор нь алга болжээ. Тиймээс энэ
нь ашиг тустай байсан цаг үеийн симбол юмуу одоо хэн ч хэрэглэхээ больсон
өнгөрсөний дурсгалт олдвор төдий болжээ.
Мөн энэ бодит бус хэмжээ нь цэвэр өнгөрсөн үеийн симбол болохыг илтгэнэ.
Жинхэнэ утгаараа интоорын цэцэрлэг нь одоод оршихгүй байна.
Энэ бол янз бүрийн
дүрүүдийн ухамсарладаг тэр зүйл буюу эдгээр дүрүүдэд интоорын цэцэрлэг нь ямар
нэгэн зүйлийг илэрхийлдэг болох нь харагдах ба энэ нь зарим талаараа дурсамжтай
холбоотой юм. Дүр болгоны хувьд "дурсамж" гэдэг нь ямар утгатай байх
хийгээ илэрхийлж байгаа юм нь харилцан адилгүй байдаг. Интоорын цэцэрлэг нь дүр
бүрт шууд утгаараа өнгөрсөний, түүхэн, мөн хувийн шинж талаасаа өөр өөр байна.
Раневскийн хувьд интоорын цэцэрлэг бол жаргалтай хүүхэд насных нь дурсгал бол
Трофимовд хамжлагуудын зовлон шаналлын дурсамжийн төлөөлөл юм. Мөн Лопахины
хувьд цэцэрлэг нь бага насных нь харгис хэрцгий дурсамжтай нягт холбогддог. Хэдийгээр
дүр болгон өөр өөрсдийн гэсэн хандлагатай байдаг боловч хөгшин ба залуу гэсэн
хатуу хуваагдал байдаг бөгөөд насны хязгаар нь Раневский, Лопахин нарын хооронд
байдаг; залуу үе нь интоорын цэцэрлэгийг сөрөг талаас харж байхад хөгшин үе нь
илүү эерэг өнцгөөс харж байдаг. Энэ нь цэцэрлэгийн өнгөрсөн үеийг илэрхийлэх
бэлгэдлийг улам бататгаж өгдөг.
Comments
Post a Comment