Children of Paradise (1945). Өгүүлэх нь, 1820-д оны Парисын Boulevard du Temple гудамжны ойролцоо 2 театр оршин байдаг байв. Funambules нэртэй театр нь пантонмимээрээ ялгардаг бол Их театр нь илүү албан ёсных ба тэд өөр хоорондоо илэрхий өрсөлдөнө. Аугаа жүжигчин болох мөрөөдөлтэй, залуухан жүжигчин, бас хүүхэмсэг Frederick карнивалын үеэр гоо сайхан биеэ үзүүлэн мөнгө олдог Garance гэх гуа үзэсгэлэнтэй жүжигчин хүүхэнд дурлах бөгөөд Frederick хүүхэнтэй танилцаад зуршил ёсоороо сээтэн хаях ч хүүхэн түүнийг тоохгүй.
Frederick-ээс
салаад Garance найз бас янаглагч Pierre гэгч дээр очно; энэ Pierre жүжгийн
зохиолчоос гадна нийгмийг эсрэгүүцэгч, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй нягт
холбогдсон, ер нь л их аюултай эр болой. Garance найзынхаасаа гарч яваад нэгэн
пантониимэгийн тоглолттой таарна, гэтэл санаандгүй байж байгаад цаг хулгайлсан
хэрэгт гүтгэгдэн шорон руу ачигдахын даваан дээр түүний гэм буруугүй болохыг
өнөөх пантонмимэч залуу гэрчлэн нотолно. Сайхан сэтгэл гарган тусалсанд Garance
баярлаж пантонмимэд зүүж явсан цэцгээ өгчихөөд яваад өгнө. Пантонмимэч маань
цэцгийг авахдаа Garance-д хувиршгүйгээр үүрд хайртай болж буйгаа мэдсэнгүй. Энэ
пантонмимэчийг Baptiste гэдэг бөгөөд Funambules театрын жүжигчин юм. Уг театрын
найруулагчийн охин, бас мимэч Nathalie түүнд хайртай, харин Baptiste охиныг
найзаа л гэж үзнэ. Нэгэн удаагийн 2 театрын хоорондох тулааныг Frederick,
Baptiste нар зогсоосноор найзууд болж Baptiste өөрийн амьдардаг байрандаа
Frederick-г аваачиж хажуу хөрш болцгооно. Тэр оройдоо Baptiste зоогийн газарт
хайрт Garance-гаа Pierre-тэй хамт явааг олж харна, тэрээр Garance-г бүжгэнд
урьж Pierre-ын уурыг хүргэснээр зодоон үүсгэх бөгөөд хүүхэнд Baptiste
таалагдсан тул түүнийг дагаад гэрт нь очно. Сартай шөнө, бараг нүцгэн Garance
залууг урин дуудахад Baptiste ичиж, ингэх нь зөв биш гэж бодоод түүнийг орхиод
явчихна. Ганцаараа үлдсэн хүүхэн тагтан дээр гартал хажуу өрөөний Frederick-г
олж харна, хэзээний таниул маань 2 үг солилгүй нэг орондоо жаргасан эсэхийг
асуух хэрэггүй.
Хэсэг хугацаа өнгөрчээ; Baptiste Funambules-ын од жүжигчин
болжээ. Харин Garance Frederick нар амрагууд болсон агаад Baptiste үүнд тарчлах
бол Nathalie түүний араас шаргуу хөөцөлдсөөр л, бид бие биедээ зориулагдсан гэж
ятгасааар байна. Нэгэн тоглолтын дараа Garance-ын хувцас солих өрөөнд баян, эрх
мэдэлтэй Edouard гүн орж ирээд хэрвээ өөрийнх нь нууц амраг болвол тансаг
амьдруулж, хамгаалалтдаа авна гэхэд хүүхэн гүнгээр тохуурхаад өнгөрнө. Уг
явдлаас төд удсангуй Garance Pierre-тэй холбоотойгоосоо болж хүн амины хэрэгт
хамсаатнаар сэжиглэгдэж ирнэ, энэ явдал хүүхнийг хүчээр гүнгийн нууц амраг
болгоход хүргэнэ. 7 жил өнгөрсөн байлаа; Frederick Их театрын том од болсон ч
амьдралын хэв маягаасаа болж өрөнд баригдсан нэгэн болсон байх агаад театрынхаа
удирдлагатай байнга сөргөлдөж байдгаас болж жүжгийнхээ зохиолчтой ирүүл хийхээр
болоод байв.
Энэ үед түүнийг дээрэмдэж, алахаар Pierre ирнэ, гэтэл тэр
жүжигчнийг алахын оронд харин ч нөхөрлөцгөөнө. Baptiste мэдээж Funambules-ын
гол хүн болоод зогсохгүй Nathalie-тай хуримлаж, мөн хөөрхөн хүүтэй болсон
байна. Гүнгийг дагаж Европоор аялж яваад Парист эргэн ирсэн Garance Frederick-тэй
санамсаргүйгээр уулзана, хүүхэн нууцаар орой бүр Baptiste-ын тоглохыг үздэг
байсан, түүнд л жинхнээсээ хайртай, түүнтэй уулзуулж өгөөч хэмээн Frederick-ээс
хүснэ. Үүнийг сонссон Frederick хардаж буйгаа хэлэх хэдий ч энэ сэтгэл хөдлөл
өөрийнх нь Отеллогийн дүрийг гаргахад чухал сэдэл болно гэж бас баярлана.
Garance ирсэнийг, тэгээд аягүй бол нөхрийг нь булаах нь гэж айсан Nathalie
хүүгээ Garance руу явуулж аз жаргалд минь бүү саад бол гэсэн битүү сануулга
өгнө. Garance гүнд хайргүй, гэхдээ түүнд таалагдахыг хичээхээ амлах ба гүн
түүнээс зөвхөн хайрыг л хүснэ. Pierre Garance-аас болоод тэр үү, эсхүл угаасаа
гэмт хэрэгтний араншингаасаа тэр үү гүнтэй шөргөөцөлдөх болоод байлаа.
Frederick мөрөөдлийн Отеллогийн дүрд тоглох нэгэн үдэш гол дүрүүд маань бүгд
нэг театрт цуглана. Baptiste Garance нар дахин учирч гал халуунаар тэврэлдэн
байх үед Pierre гүн хоёр хэрэлдэж, уурссан Pierre аль дээрээс хойш мэдэж байсан
буюу тэврэлдэн байгаа Garance Baptiste нарыг халхалж Байсан хөшгийг яран нээж
гүнгийг зориуд олны өмнө доромжилно. Сандарч мэгдсэн Garance Baptiste нар
зугтааж амжих бөгөөд 7 жилийн өмнө сартай шөнө аваачиж байсан хуучин гэртээ
Baptiste хайртыгаа аваачиж, энэ удаа зугталгүй халуун өвөрт нь жаргаж хононо.
Маргааш өглөө нь гүн Туркийн халуун усны газарт Pierre-ын гарт амь үрэгдсэнээр
олдоно. Харин янаглагч хоёрыг салж ядан байхад Nathalie санамсаргүй ороод ирнэ.
Nathalie маш их цөхөрч, эдгээр жилүүдэд чи биш би л Baptiste-ын дэргэд байсан чи ирээд л яваад л ингэж амьдрал
үймүүлэхээ боль гэхэд Garance би сэтгэлдээ түүнтэй хамт байсан, яг чамшиг гэж
хэлээд гараад явчихна. Nathalie нөхрөөсөө битгий яваач, үлдээч гэж яаж ч
гуйгаад амжилт үл олох бөгөөд Baptiste эхнэрээсээ салж аваад Garance-ын араас
гарах ч яг карнивалын баярын үетэй таараад олны дунд орж хайртыгаа гүйцэж очих
боломжгүй болно. Харин Garance хэдийнээ сүйх тэргэндээ суугаад амьд гэж бодож
яваа гүн рүүгээ явж байлаа.
Францын бүх цаг үеийн хамгийн аугаа кино гэгддэг,
мөн тухайн цаг үеийнхээ Францын хамгийн өндөр өртөгтэй бүтэж байсан Marcel
Carne-ын (1930-1050аас оны үед Францын тэргүүлэх кино найруулагч байсан) эл
туульсын (3 цаг үргэлжилдэг) киноны продакшны ажил 18 сар үргэлжилж, бараг
боломжгүй нөхцлөөс ид шидийн гэмээр байдлаар бүтсэн түүхтэй бүтээлийг
танилцуулж байна. Уг кино дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистууд Францыг эзлээд
байх үед маш хүнд нөхцөлд хийгдсэнээрээ онцгойрдог ба Холливуудын Gone With the
Wind (1939) киноны Франц хувилбар хэмээгддэг агаад дээрх 2 киноны гол дүрийн
эмэгтэй баатрууд зарим талаар төстэй ч "Бурхдын хүүхдүүд" кино түүхэн
туульсын гэхээсээ илүү 19-р зууны Парисын шөнийн клуб, театр, буудал болоод
халаасны хулгайч, алуурчин, биеэ үнэлэгч хийгээд язгууртан гэсэн илүү хувь хүн,
нарийн ширийн зүйл руу чиглэсэнээрээ Америк "хувилбараасаа" өөр юм.
Мөн энэ киноны аугаа мөн чанар бол театр буюу театрын амьдралыг үнэмлэхүй
үзүүлсэн хамгийн шилдэг кино бөгөөд Нацистуудын хавчлагыг тэсэн гарсан Франц
улсын одоо ба өнгөрсөний түүхэн гэрч, Францын урлагийн оюун санааны сэргэн
мандалтын гол дохио болсон бүтээл ажээ.
Олон нийтийг зугаацуулах буюу шоу
урлагийн мөн чанарыг илчилсэн байдлаараа эл кино бусдад жишээ болдогийн дээр
дүр болгоны зөөлөн хийгээд гашуун сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй өнгө төрх хэзээ ч
хэний ч санаанаас үл гарам тийм хурц ухааны цуурайгаар дүүрэн юм. 1995 онд
Францын 600 орчим шүүмжлэгч, мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгаар уг
киног хамгийн шилдэгээр шалгаруулсан бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 62-р байрт эрэмбэлжээ. Мөн нэрт кино шүүмжлэгч Roger Ebert
аугаа кино цуглуулгадаа багтаасан байдаг бөгөөд 2005 онд Time сэтгүүлээс
гаргасан 1923 оноос хойших хамгийн шилдэг 100 киноны тоонд багтсан байдаг ба 19
дахь Оскарын кино наадамд Jacques Prevert-ын кино зохиол шилдэг кино зохиол
төрөлд өрсөлдсөн байдаг. Францын шинэ давалгааг үндэслэгчдийн нэг Francois
Truffaut нэгэнтээ "Би Бурхдын хүүхдүүд киног найруулахын төлөө бүх
киноноосоо татгалзахад бэлэн байна" гэж хэлж байв. Киноны үйл явдал
1820-1830 оны хооронд Парисын театрын ертөнцийг тойрон өрнөх ба Garance гэх
үзэсгэлэнтэй театрын жүжигчин, модел, биеэ үнэлэгч болон түүнд дурласан
пантонмимэч, язгууртан, гэмт хэрэгтэн, жүжигчин гэсэн 4 эрийн тухай үзүүлэх
буюу эдгээр эрчүүдийн хүүхнийг өөр өөрсдийнхөөрөө хайрлах хайрын тухай гарч,
харин хүүхэн тэдний өөрт нь тулгах
хайрын нөхцлөөс зугтаах ч эрчүүдтэй бүгдтэй нь явалдаж харин яг хэнийхэн ч өмч
болдоггүй; үүнд Garance-д хамгийн хайртай байсан пантонмимэч хамгийн ихээр зовж
шанална. Киноны нэрний "диваажин" гэдэг үг нь Францаар театрын дээд
тагт юмуу театрын 2-р тагтыг хэлдэг ба театрын энэ хэсэгт жүжгийн үйл явдалд
дуу шуу ихтэйгээр, илүү шударгаар хариу үйлдэл үзүүлдэг ажилчин ангийнхан
суудаг аж.
Тиймээс жүжигчид эдгээр үзэгчдэд таалагдахын төлөө тоглодог байсан
агаад киноны нэрний Диваажин буюу бурхад гэдэг нь үзэгчиид, хүүхдүүд гэдэг
жүжигчид гэж ойлгож болно. Киноны олон кадр театрын тагтан дээр суугаа
үзэгчдийг харуулдаг билээ. Киноны гол дүрүүдэд: Garance-ын дүрд Францын дуучин
жүжигчин, модел Arletty тоглосон бол түүнийг тойрох 4 эрийг бодит амьдарч
байсан хүмүүсээс сэдэвлэн бүтээсэн байна. Пантонмимэч Baptiste-ын дүрд мимэ
артист, жүжигчин Jean-Louis Barrault, хүүхэмсэг жүжигчин Frederick-ын дүрд жүжигчин
Pierre Brasseur, гэмт хэрэгтэн Pierre-ын дүрд тайз дэлгэцийн жүжигчин Marcel
Herrand, язгууртан Edourard-ын дүрд тайз дэлгэцийн жүжигчин Louis-Salou гэсэн
Франц жүжигчид тоглосон ба судлаачид нийтийн жүжигчдийн тоглолтыг хүчирхэг гэж
үнэлжээ. Кино 2 эрин үед хуваагдан 2 бүлгээс бүрддэг; эхний бүлгийн үйл явдал
1827 оны орчим өрнөх бол 2-р бүлэгт долоо жилийн дараах үйл явдал гардаг.
Жүжигчин Jean-Louis Barrault, кино найруулагч Marcel Carne нар Nice хотод
уулзсанаар кино хийх санаа анхлан төрсөн байна.
Гэвч Carne тухайн үед ямар кино
хийх вэ гэсэн эргэлзээтэй байсан ба нэг ийм кино хийх санаа байгаагаа найз кино
зохиолч Jacques Prevert-д хэлтэл Prevert бас дургүй байж, учир нь тэрээр
пантонмимэг үзэн яддаг байжээ. Хэдий тэгсэн ч Barrault Prevert-г ятгаж Дөнгөсөн
буюу пантонмимэтэй хэсгүүдийг өөрийнх нь багш хариуцна гэж хэлсэнээр кино
бүтээх ажил эхэлжээ. Кино маш хүнд нөхцөл байдалд хийгдсэн бөгөөд киноны ихэнх
хэсэг дотоод засаг чимэглэлттэй талбайд авагдсан. Nice хотын гаднах
цогцолборууд байгалийн шалтгаанаас болж ихээхэн эвдэрсэн байсны дээр театрын
бүтэц нь Нацистуудын эзлэлтээс болж маш хязгаарлагдмал нөхцөлд байжээ. Vichy-ын
захиргаа киноны дээд хэмжээг 90 минутаар тогтоож өгсөн учир найруулагч киногоо
хоёр хэсэг болгон хуваажээ. Киноны тайз засалч болон хөгжмийн зохиолчид Еврей
хүмүүс байсан учир продакшны үеэр тэднийг тун сайн нууцалж байсан гэдэг.
Мөн
тайз заслын хомсдолд орж, камерийн багийнхан хальсны нөөц хязгаарлагдмал
байдалд орж байснаас гадна анх Франц-Италийн продакшнууд уг киноны
санхүүжилтийг хийж байсан бол хэдэн долоо хоногийн дараа холбоотнууд Сицилийг
эзэлсэний дараа кинонд ирэх санхүүжилт зогсчээ. Энэ үеэр Нацистууд продюсер
Andre Paulve-г кинонд ажиллахыг хоригложээ. Францын кино компани Pathe
продакшны ажлыг гартаа авах үед киноны өртөг маш их өссөн байлаа. Киноны тайз
чимэглэлийг шуурга үгүй хийх, хальсанд анализ хийх үед тог тасрах гээд энэ кино
туйлын их зовлон туулж бүтсэн байдаг. Францын зураач, дизайнер Mayo найруулагч
Carne нарын ирээдүйн олон хамтралын эхлэл уг киногоор эхэлсэн бөгөөд Prevert-ын
найз байсан Mayo кино хийгдэхээс өмнө киноныхоо зохиол хийгээд дүрүүдээ бодоод
өөрийнхөө ажилд эртнээс орж ажилладаг уламжлалтай нэгэн байлаа. Carne болон
Prevert нар Парис эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөж, үзүүлж болох үе ирнэ гэж
найдан киноныхоо зарим нэг чухал хальсыг нууж байсан гэдэг.
Comments
Post a Comment