Романы гол баатар Кихот ноён бол янхигар, дунд насны, хөлөгт баатрын тухай дэндүү олон ном уншсанаас болоод галзуурсан нэгэн бөгөөд тэрээр өөрөө зохион бодож олсон хайрт Дульсинеягийн төлөө, мөн ялгуулсан нэр хүнд байгуулахын төлөө их адал явдалд явахаар шийддэг. Кихот ноён энэ ертөнцөд дутагдаж байгаа гоо үзэсгэлэн хийгээд зорилгыг мэдрэхийг хүсдэг бөгөөд мөн түүнчлэн хэрмэл баатруудын сайн үйлийг сэргээх замаар үймсэн ертөнцийг дэг журамд оруулна гэж найддаг. Эхэндээ, Кихот ноёны сайн зорилго нь уулзсан хүмүүстээ хор хөнөөл учруулдаг, учир нь тэрээр ертөнцийг бодитоор харах чадваргүй байдаг билээ. Роман үргэлжлэх явцад Кихот ноён өөрийн үнэнч туслах Санчогийн тусламжтайгаар бодит байдал ба толгойдоо бий болгосон зураг хоорондын ялгааг аажмаар ялгаж салгадаг. Гэсэн хэдий ч тэрээр эцсийн мөчид өвдөлтөөсөө өдөөгдөн ухаан эрүүл болдог ч зөв ба буруу гэсэн хөлөгт баатрын сайн үйлийн үзэл баримтлалдаа үнэнч хэвээр байдаг. Түүний ухаан хангалттай цэвэршиж, дэн буудлыг цайз биш зүгээр л дэн буудал гэж харах болсон ч тэрээр Дульсинея нь өөрийнх нь бүх зовлон зүдгүүрээс аварч чадна гэсэн итгэл үнэмшлээсээ хэзээ ч бууж өгдөггүй. Цаашилбал, Кихот ноён хэрмэл баатраасаа "зодог" тайлах ёстой байсан ч, мөн цагаан сарны баатарт ялагдсан нь түүнийг "зодог" тайлахыг зөвшөөрсөн нэг нөхцөл болдог ч тэрээр хэрмэл баатрынхаа оюун санаандаа болоод тангарагтаа үнэнч байдаг. Хэдийгээр Кихот ноён төөрөлдсөн байсан ч ухаан нь маш хурц байхын сацуу үе үе ухаан эрүүл юм шиг санагддаг. Тэрээр уран зохиолын тухай, цэрэг, улс төрийн тухай гээд олон сэдвээр итгэл үнэмшилтэй бөгөөд тов тодорхой ярьдаг билээ. Кихот ноёны дүрд хийсэн ямар ч дүн шинжилгээ түүний эрүүл ухаан болоод галзуурлын хоорондын хуваагдлыг хангалттай тайлбарлаж чаддаггүй. Тэрээр романы турш таавар хэвээр үлдэж, энэ дүрийг бид таньж, ойлгоход маш хүндрэлтэй байх болно. Магадгүй бид Кихот ноёныг дүр эсгэж байна, тэр эргэн тойрондоо болж байгаа бүхнийг мэдэж байгаа гэж харж болох ба дэлхий ертөнц хийгээд өөрийнх нь үйлдлээс үүдэх үр дагаварыг зүгээр л үл тоомсорлохыг сонгосон гэж бодож болох юм. Сервантес хэд хэдэн удаа романдаа Кихот ноён нь хүлээн зөвшөөрдөгөөсөө илүү ихийг мэддэг байж магадгүй гэсэн сэжгийг баталдаг. Романы төгсгөлд тэрээр гэнэтхэн өөрийгөө эрүүл ухаантай гэж зарлахад бид түүнийг галзуурлаасаа маш хурдан салж буйд гайхах агаад өөрсдөөсөө Кихот ноён худлаа дүр эсгэж байв уу гэж асуухад хүрнэ. Нөгөөтэйгүүр Кихот ноён бол маш ухаалаг хүн байсан ч сэрэмжтэй байх ёстойг харуулсанаас гадна үнэндээ ухаалаг хүн ч өөрийнхөө тэнэглэлийн золиос болж болохыг харуулсан мэт. Мөн Кихот ноёны адал явдал нь баатарлаг байх юмуу хоцрогдсон үнэт зүйлс эерэг болон сөрөг үр дүнд хүргэж болзошгүй анхааруулж байна.
Алексей Вронский. Роман дээр Вронский царайлаг, баян, сэтгэл татам эрийн дүрээрээ Анна шигээ хайрынхаа төлөө нийгмийн байр сууриа, мэргэжлийн статусаа орхидог. Эмнэлэг барих гэсэн түүний тууштай хүсэл нь бидэнд түүний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй романтик хүний дүрслэлийг өгдөг. Гэхдээ роман дээр Вронский нь сул талтай, олон алдаа дутагдалтай болохыг цаг үргэлж сануулах ба өөрөөр хэлбэл Вронский нь бодит дүртэй ижил алдаа оноотой хүн юм. Түүний шингэхэн үс, морины уралдаан дээрх алдаа болон түүний цэргийн алдар нэр олох гэсэн зөрүүд амбиц зэрэг нь Вронскийг баатар биш, жирийн л нэг эр хүн болгож байна. Энэ дүр Аннагаас эсрэгээр нь, тэрээр нийгмийн дарамтаас зугтахыг бэлгэдэггүй ба учир нь, тэрээр өөрөө энэ дарамтад зовогч юм. Вронскийгийн энэ хязгаарлагдмал чанар Аннагийн урам хугаралтыг үүсгэх бөгөөд Аннагийн хүсэл эрмэлзэлэээр дүүрэн, хайрынхаа төлөө үхэж чадах тийм хүчтэй сэтгэлд Вронский даанч хүрдэггүй ба үүнийг Анна мэдээд сэтгэлээр унана. Л. Толстой зориуд Вронскийг ч тэр Каренинаг ч тэр Алексей гэдэг нь учиртай ба Аннагийн хувьд энэ Алексей нэр ерөөсөө бүтэлгүй, сэтгэл дундуур байдлыг илтгэнэ. Вронскийн Аннад хайртай, үнэнч байгаа нь романы төгсгөлийн бүлгүүдэд буурч байгаа мэт санагдавч энэ нь үнэндээ Аннагийн хардалттай буюу Вронскийг өөр хүүхэнд хайртай гэсэн хий айдсаас үүдэлтэй болой. Вронский хэзээ хэзээнээсээ илүү түүнд анхаарал тавьж буй нь Аннаг аз жаргалтай болгохын төлөө хөдөөний гэрээ томсгон тансаг, гоёмсог болгож байгаагаас харагдах агаад захиалгаар Аннагийн хөрөг зургаар гэр орноо чимэх гэсэн сэтгэл нь түүний хүүхэнд татагдсаар буйг илтгэнэ. Вронский үе үе сэтгэлийн хямралд орох буюу их сургуулийнхаа нөхөдтэй уулзах үеэр ялангуяа түүний цэргийн замналынхаа төлөө зүтгээгүй нь өөрийн нь зовооно. Тэрээр яаж ч бүтэлгүйтсэн Аннагийн өмнө хариуцлага хүлээдэггүй бөгөөд Вронский Аннагийн гоо сайханд болон хий хардалтад өөрийгөө тааруулан алив бүхнийг тэвчээртэй хүлээн авдаг. Аннагийнхаар бол Вронскийн сэтгэл хайр гэхээсээ илүү үүрэг, хариуцлага юм. Тэгэхдээ, роман Аннагийн бодлыг ховор харуулдаг шиг Вронскийн бодлыг бага харуулдаг ба бид түүнийг үнэндээ бүрэн мэдэх боломжгүй юм.
Романы хоёр гол баатрын нэг (нөгөө нь Константин Левин) Анна бол хүйтэн хөндий, хүсэл тэмүүлэлгүй төрийн албан хаагч Алексей Каренинагийн үзэсгэлэнтэй, цог жавхаатай, боловсролтой эхнэр юм. Аннагийн зан араншин нарийн түвэгтэй байдлаар баялаг; жишээлбэл, тэр гэр бүл, гэрлэлтээ гутаасан буруутай боловч эрхэмсэг бөгөөд бишрэм хэвээр байдаг. Анна ухаалаг, их юм уншсан, Англи хэлээр роман уншдагийн сацуу хүүхдийн ном бичдэг хүн. Тэрбээр ганган дэгжин ба өмсөх даашинзаа үргэлж нарийн тааруулдаг. Тэрээр олон жил үлгэр жишээч, гоё сайхан, соёлтой гэрийн эзэгтэйн дүрд чадварлаг тоглож чадвартай гэдгээ харуулдаг. Анна бол 1870-аад оны үеийн хамгийн төгс Орос язгууртны эхнэр гэж хэлж болохуйц бөлгөө. Аннагийн хамгийн чухал чанар бол түүний сэтгэл зүрхний хүсэл тэмүүлэл агаад өөрийнхөөрөө амьдарч чадах шийдвэр төгс чанар юм. Тэр бол нэг төрлийн феминист баатар юм. Хэдий тэрээр нэр төрөө алдсан байсан ч дуурьт очин Санкт-Петербургийн нийгмийн дээд зиндааныхнаас ирэх тоог тохуу хийгээд доромжлолыг мэдэж байсан ч үүнтэй нүүр тулахаар зориглож, буруутгагдсан нөхцөл байдлаасаа хамаарч зугтахаас татгалздаг. Анна нь эртний Оросын эцгийн эрхт ёсны тогтолцоо болоод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн садар самууны завхайрлын тогтсон жишигт зовогч болой. Түүний ах Стива нь ёс суртахууны хувьд илүү сул байдаг боловч хүүхэмсэг байсныхаа төлөө хэзээ ч буруутгагдаж байгаагүй байхад Анна нийгмээс цөллөгдөж, амиа хорлох шийтгэл хүлээдэг билээ. Үүнээс гадна Анна гэр бүл, үр хүүхэддээ чинь сэтгэлээсээ ханддаг; хүүгийнхээ төрсөн өдрөөр нь уулзахаар хуучин гэртээ нууцаар ордогийг бид мэднэ. Тэрээр нөхрийнхөө салах саналаас татгалзсан цор ганц шалтгаан нь хүүгээ алдах явдлаас зайлсхийсэн арга байсан буюу салалт түүнд эрх чөлөө авчрах байсан ч тэрээр хүүгээсээ хагацахыг хүсдэггүй. Аннагийн амьдралдаа мөрддөг зарчим бол хайр бүхнээс хүчтэй зүйл, бүр үүрэг хариуцлагаас ч илүү хүчтэй байдаг ба тэр өөрийнхөө энэ зарчимд тууштай байдаг. Гэр бүл болон гэрлэлт нь гаднасаа бүрэн бүтэн харагдаж, дүр эсгэн тогтвортой амьдаръя гэсэн Алексейгийн саналаас тэрээр татгалздаг. Вронскийтой харилцах харилцааны сүүлчийн үе шатанд Анна өөрийг нь Вронский хайрлахаа больж, зөвхөн түүний өмнө хүлээсэн үүргийн үүднээс л өөртэй нь хамт байна гэж туйлаас зовдог. Романы төгсгөл хэрд Аннаг соёлжсон нийгмээс хөөсөн нь бидний ердийн байдлаар дуулгавартайгаар дагадаг нийгмийн бүхий л ёс заншлыг бэлгэдлээр няцаасан хэрэг юм. Тэр ганцаардсан зүрх сэтгэлээ дагахаар шийддэг. Үүний үр дүнд, романы сүүлчийн бүлэгт Левиний бурхан болоод сайн сайхны төлөө амьдрах үзэл санааны эсрэг Анна нь амин хувиа хичээж буйгаар хоёр дүр эсрэгцэж харагдаж байна. Анна зүрх сэтгэлийнхээ тушаалыг дагаж амьдрахаар шийдсэн нь түүнийг эрчүүд давамгайлсан нийгэмд хүсэл эрмэлзлэлээ, бие даасан байдлаа эрэлхийлсэн анхны эмэгтэй хүн болгож байна.
Эдгар Аллен По ~ Алтан Цох. Нууцлаг түүхэнд нийтлэг оюун ухааны сэдвийг багтаах шаардлагагүй байдаг. Нууцлаг байдлыг аажмаар тайлж, үүссэн эргэлзээ нь уншигчийн сонирхолыг татаж байх ёстой байдаг. Уншигч нь, тухайн нууцыг тайлах гэж оролдож байгаа дүр болон нууцыг бүтээж буй дүртэй өөрийн оюун бодлыг тааруулсанаар сэтгэлийн таашаал авдаг. Э. А. Погийн нууцлаг, детектив түүхүүд болох "Хулгайлагдсан захидал" мөн энд дурдан буй "Алтан Цох" зохиолуудыг чухам ийм бүтэцтэй билээ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр зохиолын баатрууд Легранд, Дюпин нарын дүрүүд нууцыг тайлах явцаас таашаал авахын зэрэгцээ шагнал горьддог. Үүний зэрэгцээ, эдгээр дүрүүд процедурынхаа талаар тайлбарлахдаа ихэвчлэн хүний мөн чанарын талаар сэдэвчилсэн тайлбар хийдэг. Легранд нь логик ур чадвартай бөгөөд өмнө нь код амжилттай тайлж байсан туршлагатай. Тэрбээр, хүний оюун ухаан л бүтээсэн бол ямар ч нууц код байлаа гэсэн өөр хэн нэг хүн оюун ухаанаа зөв, тууштай ажиллуулж чадвал тэр нууцыг тайлж чадна гэсэн бат итгэл үнэмшилтэй байдаг. Зохиолын эхэнд хүүрнэгч Леграндыг юу сэдэлжүүлж байгааг ойлгохыг оролдсоноор зохиол хоёрдугаар сэдвээр хангагдана. Леграндын зарим үйлдэл тааварлашгүй болдог ба тэрээр эрдэнэсийг олж илрүүлэхээс нааш хэнд ч итгэдэггүй. Заримдаа тэрээр тоглоом тоглож байгаа юм шиг хүүрнэгчээс зориуд нууцлаад байгаа аятай байдаг. Үүнээс болж хүүрнэгч зохиолын эхний хагасын турш Леграндыг эрүүл ухаантай эсэхэд эргэлзэнэ. Мөн эрдэнэс тэдний гарт бараг орох хүртэл хүүрнэгч Леграндыг бүхий л хугацаанд оновчтой зорилготой байсныг ухаарна. Үүний дараа хүүрнэгч эрүүл ухаан ба галзуурлын дунд нарийн зааг байдаг агаад хүний ухааныг буруу дүгнэх ямар амархан болох талаар тайлбарладаг. Хэдий энэ өгүүллэг Погийн детектив өгүүллэгүүдийн жагсаалтад багтдаг ч техникийн хувьд детектив зохиол биш бөгөөд учир Легранд шийдвэр гаргах хүртэл нотлох баримтаа нууцалдаг. Гэвч Леграндын дүрийг Погийн мөрдөгч Дюпинтэй харьцуулдаг нь түүний "жишиглэн дүгнэх" аргыг ашигладагтай холбоотой юм. "Жишиглэн дүгнэх" арга нь бусдын хараагүй, эсвэл ач холбогдолгүй гэж үзсэн зүйлийг анхаарч үзэх арга юм.
Comments
Post a Comment