The Floor Scrapers

 

 


The Floor Scrapers (1875) ~ Классикаар бэлтгэгдсэн Gustave Caillebotte Парисын чинээлэг айлаас гаралтай бөгөөд анх өөрийн модерн зургаараа бус бусад импрессионист зураачдын зургийг худалдаж авах, тэднийг санхүүгээр дэмждэг өгөөмөр ханддагаараа алдартай байсан юм. 20-р зууны дунд үеэс эхлэн түүний бүтээлүүдийг дахин үнэлж эхэлсэн агаад өнөөдөр шүүмжлэгчид түүнийг ач холбогдолтой, амжилттай боловч нэлээн нугачаа туулсан замналтай зураач гэж үздэг. Caillebotte-ын Францын модерн уран зурагт оруулсан онцгой хувь нэмэр бол түүний нарийн зураглал, загварчлал болон өнгөний хослол гэж Францын академийн багш нар үздэг ба мөн тод өнгө, ер бусын дүрслэл,.орчин үетэй хамаатай сэдвийг шинээр гарч ирж байсан импрессионист хөдөлгөөнтэй хослуулсан чадвар гэж үздэг. Тэрээр олон тооны импрессионист зураг худалдаж авсан байдаг нь өөрөө эл хөдөлгөөнд оруулсан том хувь нэмэр болжээ. Уг зураг нь хотын ажилчин анги ажил дээрээ байгааг дүрсэлсэн хамгийн анхны зургуудын нэг агаад өнөөг хүртэл ажил дээрээ байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дүрсэлсэн зураг нь бараг бүгд хөдөө нутгийн тариачин, фермерчин нарыг л харуулсан байдаг байв. "The Floor Scrapers"-д Парисын нэгэн байрны паркетан шалыг хагас нүцгэн 3 хүн өвдөглөж суугаад гараараа зорч байгаа харагдана. Зурагт дүрслэгдсэн байрыг Caillebotte-ын урлан гэж үздэг. Алслагдсан ханан дээрх цонхоор өдрийн гэрэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлжээ. Мөн бидэнд шал зорох хэд хэдэн хэрэгсэл болон хямдхан вино харагдана. 
Ташуу эгнүүлсэн шалны банзнууд цаана харагдах ханан дээрх дөрвөлжин хавтангуудар нөхөгдөх бол угалзан хээтэй цонхны төмөр сараалж хийгээд шалан дээр байгаа модны үртэсүүдийг бид харж байна. Caillebotte уг зурагтаа нийгмийн болон улс төрийн мессеж оруулахаас татгалзаж, төвийг сахисан хандлагыг баримталжээ. Түүний баримтад хэв маягийн найруулга нь шал зорогчдийн техник болон үйл явдал, мөн тэдний орчин тойрон дахь багаж, хэрэгсэлд төвлөрсөн байдал нь уг бүтээлийг реалист шедевр болгож, Caillebotte-г 19-р зууны аугаа реалист зураачдын нэг болгож байна. Шалны банзны зохиомж, хэт өнцөгдсөн дүрслэлийг тэрээр тун гарамгай тохируулан зурсан бөгөөд ажилчдын нүцгэн биеийн байр байдал болон загварчлал нь академик уламжлалыг хадгалаад зогсохгүй зургийг бүхэлд нь төгс болгодог. 1875 оны үзэсгэлэн дээр уг зургийг бүдүүлэг реализм хэмээн татгалзаж оролцуулаагүй ажээ.

Comments