Permission to Land

 

 


Permission to Land - Их Британий glam рок хамтлаг The Darkness-ын студийн анхны цомог. Hard rock, glam metal жанрын уг цомог Их Британид 2003 оны 7-р сард, Америкт 9-р сард тус тус анх худалдаанд гарч байв. Уг цомгоос Get your hands off my woman, Growing on me, I believe in a thing called love, Christmas time болон Love is only a feeling таван сингл төрөн гарсан. I believe in a thing called love сингл нь хамгийн амжилттай байж Их Британий синглис чаартад 2-р байрт бичигдэж байсан. Хамтлагтай эртнээс холбоотой байсан Sue Whitehouse тэднийг удирдан чиглүүлж ахалсан ба хамтлаг амьд тоглолтоороо нэлээн дээрээс олны танил болж, Лондоны томоохон амьд хөгжмийн тоглолтуудад оролцдог байжээ. Хөгжмийн хүрээлэлд хэдийнээ танигдаж удахгүй цахиур хагалах нь тодорхой болоод байсан Darkness-ын дебют цомог Их Британий цомгийн чаартад шууд 2-р байрт бичигдсэн бол төдөлгүй тэргүүн байрт заларч 4 долоо хоног чаартыг тэргүүлсэн бөгөөд зөвхөн Их Британид л гэхэд 1.5 сая хувь борлогдсон байна. Хамтлагийнхан өөрсдийн төрсөн хот болох Lowestoft-ын ойролцоох хойд Suffolk орчмын газар нутгийн ахуй амьдралаасаа санаа, урам зориг аван цомгоо бүтээсэн агаад тухайлбал Black Shuck дуу нь нутгийн нэгэн нохойны домгоос үүдэлтэй ажээ. Permission to Land цомгоо хамтлагийнхан алдаршин гэж огт бодоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Decibel magazine-аас уг цомгийг алдрын танхимдаа өргөмжилжээ. 
Цомгийн амжилт тэднийг шууд дэлхийн хэмжээний аялан тоглолтод гаргасан ба 2003 зун гэхэд Metallica хамтлагийн зуны аялан тоглолтод оролцсон байдаг. 2004 онд тэд Carling хөгжмийн наадмын гарчгийг чимсэн. Тэр жилдээ BRIT хөгжмийн наадмаас шилдэг хамтлаг, шилдэг рок хамтлаг, шилдэг цомог шагналыг хүртсэн бол Kerrang! Сэтгүүлээс шилдэг амьд тоглолт, их британий шилдэг хамтлаг гэсэн хоёр шагнал хүртжээ. Christmas time дуу нь 2003 оны зул сарын үеэр мөн л хит болоод амжсан байна. Metal Hammer сэтгүүл Permission to Land цомгийн 21-р зууны аугаа 100 цомгийн жагсаалтынхаа 63-р байрт эрэмбэлсэн бол мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг дебют цомгуудын нэгээр нэрлэжээ. Мөн эл бүтээлийг үхэхээсээ өмнө заавал сонсох ёстой 1001 цомгийн тоонд оруулдаг.

Comments