Нигүүслэл бол бүх юм

 


Diary of a Country Priest (1951). Уламжлалт католик шашны чанд хатуу сүсэг бишрэлийн нөмрөгтөө ороогдсон залуухан хувраг эрийн тухай үзүүлэх шашны драм, сэтгэлзүйн драм нь аугаа Robert Bresson-г дэлхийн тавцанд гаргасан юм. Агуулга, хэлбэр хоёрыг зохицуулж чадах нь ховор, тэгвэл Robert Bresson чухам уг киногоороо энэ хоёр чанарыг гайхалтай гэрлүүлсэн бөгөөд түүхч Peter Cowie-ын үзэж буйгаар Robert Bresson-оос өөр хэн ч хүнийг царайгаар нь дотоод сэтгэлийг нь ийм энгийнээр илэрхийлж байгаагүй гэдэг. 
Уг кинонд юу ч тэр тохиолдлоор болдоггүй; бүрхэг зураглалууд нь тосгоныг оюун санаа ба байгалиас хөндийрсөнийг илтгэж, камер зөвхөн чухал мөчүүдийг онцлох гэж л хөдлөх бол хөгжим нь киноны гол баатрыг  гаднах ертөнцөөс албадан тусгаарлана.  Киноны зохиолыг Францын зохиолч Georges Bernanos-ын ижил нэрт роман дээрээс сэдэвлэсэн (Францын уран зохиолын дээд шагналтай роман) бөгөөд кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 234-р байрт жагсаж, мөн үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кинонд багтдаг. Францын кино зохиолчид Jean Aurenche, Pierre Bost нар романыг кино болгохыг хүссэн ч Bernanos Aurenche-ын анхны нооргийг үзээд татгалзжээ. Дараа нь Bresson Bernanos нар кино зохиол болгохоор хамтран ажиллаж эхэлтэл Bernanos нас нөгчсөн байна. Хожим Bresson энэ талаар: хэрэв Bernanos амьд байсан бол бүтээл нь илүү чөлөөтэй болох байсан гэж хэлсэн байдаг. Яг энэ киноноос эхэлж Bresson мэргэжлийн бус жүжигчдийг цаашдын кинонууддаа ашиглах болсон онцлом үе юм (энэ кинонд гүнгийн хатанд тоглосон жүжигчинээс бусад нь сонирхогчид байсан). Мөн уг бүтээлд анх удаагаа Bresson хөгжим хийгээд хүүрнэгчийн дуу хоолойг нэгдсэн байдлаар ашигласан агаад киноны хүйтэн тайлбарын эсрэг харилцан ярианууд нь киног бүлээцүүлэх болно. 

Киноны үзэгдүүд уран зураг шиг халуун ба хүйтнийг зэрэг мэдрүүлэх бүтэцтэй байдаг. Энэхүү кино нь санваартны дотоод дуу хоолойн дээр үндэслэж бүтсэн харилцан яриа ба тайлбарын холимогоос бүрдэнэ. Найруулагч маань Bernanos-ын романы оюун санаанд үнэнч хандсан агаад зохиолыг нээлттэй хэсэгчлэн задалж, үйл явдлын дарааллыг нягт нямбай боловсруулсан байна. Уг киног онцгойлон биширдэг Francois Truffaut киноны хөгжимтэй хэсгүүдийг "газарт буух" гэж дүрсэлсэн байдаг. Bresson мэргэжлийн жүжигчид нь боломжит илэрхийлэмж, өнгө төрхийг хязгаарладаг гэж үздэг тул тэрээр "модел" гэж нэрлэдэг сонирхогчидтой хамтран ажилладаг байсан. Мөн тэрээр бүхий л мэлодраматик нөлөө, нууцлаг тайлбаруудад дургүй байжээ. Уг кино шашин болон Христийн шашны талаарх гүн гүнзгий бүтээлийн дээр мөн өөрчлөгдөшгүй эсэргүү зовогч байхын үзэл санааг судалдаг; Bresson энэ сэдвийг бүтээлүүддээ тогтмол хөнддөг байсан.

 Бүх үнэт зүйлсийн үнэлэлттэй адилаар бүхий л сэтгэлзүй энд байхгүй бөгөөд найруулагч өөртөө чухал ач холбогдолтой зарим асуултыг өвөрмөц байдлаар босгож ирсэнээр эл  бүтээл маань нууцлаг, сэтгэл татам болж байна. Нэрт кино шүүмжлэгч, судлаач Andre Bazin уг киногоор эссэ бичсэн байдаг бөгөөд мөн энэ кино оюун ухаанаас илүү сэтгэл хөдөлгөх хүчтэй шедевр бүтээл хэмээсэн буй. Киноны гол дүрд тоглосон Claude Laydu-ын (Бельгид төрсөн Швейцар жүжигчин) тоглолтыг эдүгээ кино урлагийн түүхэн дэх хамгийн гайхалтай дүр бүтээлтийн нэг гэж үздэг ба Швейцар жүжигчиний анхны, мөн хамгийн алдартай дүр нь энэхүү киногоор тохиожээ. 
Кино түүхч Jean Tulard: өөр ямар жүжигчин Laydu шиг диваажин руу явах эрхгүй гэж хэлж байжээ. Мөн шүүмжлэгчид Bresson-ын минималист хандлагыг өндрөөр үнэлж, Францын кино урлагт анх удаа орчин тойрныг бага үзүүлж, үйл явдлын цуурайг илүү харуулсан кино гэж үздэг ажээ. Martin Scorsese өөрийн шедевр бүтээл "Taxi driver" киногоо уг киноноос сэдэвлэсэн бол Paul Schrader мөн өөрийн сүүлчийн бүтээлээ эл өгүүлэн буй киноноос санаа авчээ. Уг кино Andrei Tarkovsky-ын дуртай киноноос гадна кинон дээр гарах гар болон гар бичмэл Robert Bresson-ынх нь ажээ. Киноны үйл явдлын товчхон өгүүлсү: залуухан идеалист хувраг буюу манай киноны баатар нэгэн жижигхэн тосгонд сүмийн мөргөлчөөр ирнэ. 

Тосгон түүнийг хүйтнээр хүлээж авах бөгөөд сургуулийн хүүхдүүд түүнээр тоглоом тохуу хийнэ. Туранхай, цонхигор ч царайлаг хуврагийг олигтой сайн идэж ууддаггүй буюу дарс болон талхаар гол зогоодогийг нөхөд нь Буруу шаах бол бусад хүмүүс түүнийг зүгээр л ойлгохгүй. Хувраг маань тосгоны гүнгийн хатныд очиход хөгшин хатан нялх хүүгээ алдсанаасаа болоод бурхан шашинд сүсэглэхээ больсон байна, харин  манай хувраг бүхий л алдагдсан үнэт зүйл, итгэл үнэмшлийг нь эргүүлж авчирхаар чармайна. Хуврагийг гүнгийнхээс явсны дараа буюу тэр шөнө дөө гүнгийн хатан нас барна. Гүнгийн охин Chantal эхийнхээ үхэлд хуврагийг буруутгаж, хуврагийн ярьсан зүйлс эхийг нь үхэлд хүргэсэн хэмээн тосгоноор нэг цуурхал тараачихна. Уг явдлын дараа хуврагийн бие үлэмж чилээрхэсэн тул эмчид үзүүлнэ, эмч түүнийг үзээд ходоодны хорт хавдартай болсныг мэдэгдэнэ. 

Ингээд тэрээр хот руу эмчид үзүүлэхээр явна, мөн тосгонд байх угаасаа хэцүү болсон байлаа. Тэрээр хуучин санваартан байсан, одоо эмчээр ажиллаж байгаа найзынхаа гэрт очиж найзындаа нүд анина. Үхэхээс нь өмнө хуучин санваартан түүнийг адислан өршөөж эцсийн замд нь үднэ. Киноны турш хувраг ердөө ганцхан удаа инээмсэглэдэг. Тэр өөрийнхөө асар харгис ажил хөдөлмөрт гайхсан, сүрдсэн байдаг агаад тэр дайсагналыг ойлгож чаддаггүй, мөн өөрийгөө хамгаалахыг ч хүсдэггүй, тэр өдөр тутмын амьдралаа, өөрт нь хий хоосон юм шиг санагдах үйлдлүүдээ тэмдэглэсээр байдаг. Энэ кино бол өөрийгөө бурханд тахил болгон өргөн барьж байгаа хүний тухай мэт санагдана. Түүний махтай хоолноос зайлсхийж байгааг буюу ходоод нь сайн хоол хүлээж авч чаддаггүйгээс юмуу эсхүл зориуд хоолны хатуу дэглэм барьж эсэх нь тодорхойгүй байдаг. Киноны орчин тойрон бүрхэг, зэврүүн өвлийг харуулах ба бяцхан сүмийг нь хүрээлэн байх орчин нь үржил шимгүй, алсад нохой хуцахаас өөрөөр амьдралын шинжгүй байдаг. 

Түүний сүм болоод Гүнгийн эдлэн газар бие биенийхээ эсрэг мэт төмөр хаалгаар тусгаарлагдсан байдаг. Тосгоныхон түүнийг архидан согтуурхадаг гэж ярицгаах хэдий ч бид түүнийг согтуу байхыг огт олж харахгүй. Bresson түүний идэвхгүй, төвлөрсөн бус нүүрний төрхийг ихэвчлэн "жаазлан" зураглажээ. Уг киног The Passion of Joan of Arc-ын хамтаар Католик шашны хамгийн аугаа хоёр кино гэж үздэг. Эл хоёр бүтээлд харгис нийгэмтэй нүүр тулж буй жинхэнэ бурханд итгэгчдийн тухай өгүүлнэ. Bresson үзэгчдэд таалагдахын тулд хэлбэр хөөддөггүй, түүний кинонуудын түүх аажмаар нээгдэж, гүн шигдэж ордог. Bresson хүмүүний мөн чанар хийгээд ертөнцөд хайхрамжгүй хандах байдлыг нухцтай авч үздэг байсан ба итгэл үнэмшлээс үл хамааран баатрынхаа олж чадах тайтгаралыг эрхэмлэдэг католик шашинтан бус агностик хүн байв.


Comments

Post a Comment