Ф. М. Достоевский "Маанаг"

 






"Маанаг". Федор Достоевскийн 1868 оноос 1869 оны хооронд Russian Messenger сэтгүүлд цувралаар анх нийтлүүлж байсан философийн роман. Номын нэр нь романы гол дүр Ван Мышкиныг егөөдсөн нэрнээс үүсэлтэй бөгөөд Мышкин бол залуухан, сайхан сэтгэлтэй, нээлттэй, энгийн агаад гэнэн байдлаас нь болж учирсан хүмүүс түүнийг ухаангүй, мэдрэмжгүй гэж эндүүрэн, өөрөөр хэлбэл Мышкиныг маанаг гэж үздэгээс гаралтай нэр юм. Ван Мышкины дүрээр Достоевский эерэг сайхан, үзэсгэлэнтэй эр хүнийг дүрслэхийг зорьжээ. Роман зөрчилтэй, хүсэл тачаалтай, хүсэл эрмэлзэл хийгээд эгоизмоор дүүрэн нийгмийн төвд ийм өвөрмөц бие хүнийг байршуулж үүнээс гарах үр дагавар түүнд болон бусдад хэрхэн нөлөөлөхийг судлах болно. Америкийн уран зохиол судлаач Ж. Фрэнк: "Маанаг" бол Достоевскийн бүх томоохон бүтээлүүдээс хамгийн хувийн шинжтэй, түүний дотно, нандигнадаг, ариун итгэл үнэмшлийг агуулсан ном (миний хувьд хамгийн хүндлэн биширдэг роман минь) гэж тодорхойлжээ. Достоевский уг романдаа өөрийнхөө хамгийн зовлон зүдгүүрийг багтаасан буюу эпилепси, цаазаар авахыг элэглэх болон ёс суртахууны, оюун санаа философийн сэдвүүдийг судалдаг. Достоевскийн энэ романыг бичих хамгийн гол сэдэл нь өөрийн хамгийн идеал сэдэв болох жинхэнэ Христийн хайрыг орчин үеийн Оросын нийгэмд тусгах явдал байв. Достоевский романыхаа ерөнхий санааг ухамсартайгаар туршиж үзэх уран сайхны арга хэрэглэсэнээр зохиолын үйл явдлыг бичиж байхдаа  хаашаа, яаж эргэхийг өөрөө ч таамаглаж чадахгүй байв. Роман болхи бүтэцтэй бөгөөд олон шүүмжлэгчид эмх замбараагүй зохион байгуулалттай гэж үздэг. Америкийн уран зохиол шүүмжлэгч Г. С. Морсон: "Маанаг" нь ямар ч шүүмжлэлийн хэв хэмжээг зөрчиж боловч ямар нэгэн байдлаар жинхэнэ аугаа чанарт хүрч чаджээ хэмээжээ. Достоевский өөрөө энэ туршилт нь бүхэлдээ амжилт олохгүй гэж харж байсан боловч уг роман нь өөрийнх нь бүтээлүүдээс хамгийн дуртай туурвил нь хэвээр үлджээ. Достоевский нэгэн захидалдаа: романы их хэсгийг яаруу сандруу бичсэн, ихэнх хэсэг нь сарнимтгай, бас сайн болж чадаагүй ч зарим хэсэг нь аятайхан болсон. Би романыхаа ард зогсоогүй, гэхдээ би романыхаа санааны ард зогсоно гэж бичжээ. 

НӨХЦӨЛ БАЙДАЛ. 1867 оны 9-р сард Достоевский "Маанаг" болох ёстой зохиол дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд шинэхэн эхнэр Анна Григорьевнагийн хамт зээлдүүлэгчээсээ зугтах зорилгоор эх орноо орхиод Швейцарт амьдарч байсан үе юм. Тэд туйлын ядуу амьдарч байсан бөгөөд байнга мөнгө зээлэх юмуу эд хөрөнгөө ломбардад тавьж амь зууж байв. Мөн 5 нь ч удаа түрээсээ төлөөгүйгээс байрнаасаа хөөгдөж байсан ба 1869 оны 1-р сард роман дуусч, тэд Итали, Швейцарийн 4 өөр хотын хооронд нүүж суун амьдарч байлаа. Энэ үеэр Достоевский үе үе мөрийтэй тоглоомонд донтож байсан жаахан мөнгөө Рулетын ширээн дээрээс алддаг байв. Тэрээр епилепсийн ноцтой, хүчтэй таталтанд тогтмол өртдөг байв. Анна мөнгөгүй учир хүүхэд асрагчид авч чадахгүй охин Софиягоо ажилдаа дагуулж явдаг байсан агаад охин 3хан сартайдаа нас барав. Уг эмгэнэлт явдалд Достоевский өөрийгөө буруутгадаг. Достоевскийн 1867 оны тэмдэглэлийн дэвтэрээс харвал романыхаа найруулгад нэлээн эргэлзэж байсан нь харагддаг. Дүрүүдийн ноорог болон зохиолын нарийвчилсан тоймоо гаргасан байдлаас зарим нэг зүйлийг түргэн больж, шинэ зүйлийг нэмсэн зэрэг илт. 
Эхэн үеийн нэг ноорогт, Ван Мышкин болох ёстой дүр нь аймшигтай цуврал гэмт хэргүүд үйлдсэн; үүн дотор өргөмөл эгчийгээ (Настасъя Филипповна) хүчиндсэн байдаг агаад зөвхөн Христийн хайраар дамжин сайн сайханд шилжих ёстой хүн байжээ. Жилийн эцэс гэхэд романы анхны хувилбар баттай батлагдав. Достоевский Оросын яруу найрагч А. Майковт бичсэн захидалдаа: уран бүтээлчийн хувьд үүнийг хийхэд өөрийгөө бэлэн бус гэж айгаад хэсэг хугацаанд энэ талаар бодож үзсэн ч өөрийнх нь цөхөрсөн нөхцөл байдал энэ санааг эзэмдэж авахийг "хүчилсэн" гэж тайлбарлажээ. Мөн энэ санаа бол бүрэн төгс үзэсгэлэнтэй хүн байхыг дүрслэн харуулах тухай гэж дурджээ. Тэрбээр сайн сайханд хүрч байгаа хүний тухай гэхээсээ илүү аль хэдийнээ жинхэнэ Христийн зүрх сэтгэлтэй хүнээс эхэлж бичихийг хүссэн бөгөөд тэр хүн нь угаасаа гэнэн цайлган, өрөвч сэтгэлтэй агаад Оросын орчин үеийн ертөнцийн сэтгэлзүйн, нийгмийн болон Улс төрийн түвэгтэй байдлын эсрэг энэ маанаг хүнийг шалгахыг хүсчээ. Энэ нь мөн зөвхөн сайн хүн ертөнцөд ямар хариу үйлдэх үзүүлэх тухай биш харин ертөнц сайн хүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай болой. Дуулиантай хэд хэдэн үзэгдэл зохиохдоо тэрээр дүр тус бүрийн сэтгэл хөдлөлийг шалгаж, тус бүр нь Мышкинд болон өөр хоорондоо ямар хариу үйлдэл үзүүлэхийг тэмдэглэж авах болно. Энэ арга барилтай холбоотой бэрхшээл нь зохиолч өөрөө дүрүүдийнхээ хариу үйлдлүүдийг урьдчилан мэддэггүй байх явдал агаад иймээс романы бүтцийг урьдчилан төлөвлөж чадахгүй юм. Гэсэн хэдий ч "Маанаг" романы эхний бүлгүүд 1868 оны 1-р сард Russian Messenger руу илгээгджээ. 

ҮНДСЭН САНАА. Атеизм ба Христийн шашны итгэл үнэмшил хоорондын сэдэвтэй холбоотой харилцан яриа романд өргөн хэмжээнд байдаг. Достоевскийн хувийн итгэл үнэмшил нь Христийн шашны дүр төрхтэй ч тэрээр өмнөх Ортодокс шашинтай холбогдсон философийн санаагаа хэзээ ч орхиогүй бөгөөд хүмүүнд сүнсний (сэтгэл зүрх) мөнхийн байдалд итгэх итгэл үнэмшил хэрэгтэй агаад мөн Христийн идеалаар танигдсан ахан дүүсэг байх, үнэн, гоо үзэсгэлэн гэсэн үзэл санааг тодорхойлжээ. Ван Мышкины дүр анх энэхүү Христийн идеаны биелэл болгох зорилготой байв. 19-р зууны сүүлчээр материаллаг, Атеист байдалд улам бүр автаж буй Оросын нийгэмд Ван Мышкиныг байрлуулсанаар үзэгдэл бүр дээр, мөн бусад дүрүүдийн эсрэг зохиолч санаагаа байнга шалгаж, бас боловсронгуй болгож байдаг. Гэхдээ Мышкины Христийн шашин нь догматик юмуу итгэл үнэмшлийн цуглуулга биш харин бусадтай харилцах харилцаанаас аяндаа урган гардаг тэр зүйл юм. Залуу нихилист Ипполит Терентьев бол Мышкины ертөнцийг үзэх үзэлтэй тулгарч буй Атеист сорилтын хамгийн гол уялдаа холбоотой дүр буюу Романы 3-р бүлэгт Вангийн төрсөн өдрийн үдэшлэг дээр уншдаг "Нэн чухал тайлбар" эссэг онцгойлж болно. Романы 2-р бүлгийн эхэнд Рогожин, Мышкин нар Рогожиний гэрт Холбейны "Христийн үхэл" зургийн хуулбарыг хараад эрэгцүүлэн бодож, хоорондоо харилцан ярилцаж байгаа хэсэг гардаг, энэ хэсэг бол Рогожиний итгэл үнэмшил үгүй болж байгааг илтгэсэн мотиф юм. Холбейны зураг Достоевскийд онцгой ач холбогдолтой байв; учир нь тэр эл зургаас өөрийнхөө Христэд итгэх итгэлийг нь үгүйсгэдэг бүх саад тотгорийг олж харжээ. Христийн цогцос хэдийнээ авсандаа өмхийрсөн байхад, түүнийг ямар ч эргэлзээгүйгээр тарчлаан байгаагаар дүрсэлсэн бөгөөд энэ нь Христийн дэлхий дээрх оршин тогтонохийг илэрхийлсэн бурхны үхэшгүй мөнхийн төсөөллийг ухаангүй мөн чанар ялан дийлж байгаа илэрхийлэмж хэмээн Ипполит эл зургийн талаар маргадаг. 
Тэрээр Мышкины бүх оршихуйн нийцтэй эв нэгдлийн зөн совинг хуваалцаж чадахгүй байгаа ба энэ зөн совин нь романы эхэнд епилепсийн өмнөх аураг дүрслэхэд хамгийн хурцаар сэрдэг. Үүний үр дүнд сүрьеэгээр үхэх дөхөж байгаатай нь холбоотойгоор байгалийн хатуу ширүүн хуулиуд Ипполит-д аймшигтай зүйл мэт санагдана. Ван Ипполитийн шашингүй үзлийн маргааныг шууд анхаарч авдаггүй; харин Ипполитийг оюун санааны хувьд ижил гэж хүлээн зөвшөөрч, түүний залуу насны дотоод үгүйсгэл, хоосролын тэмцэл хийгээд эргэн тойрныхондоо хайхрамжгүй ханддаг зангийг нь ойлгон ухамсарладаг. Вангийн Христийн шашин нь Оросын Христийн идеаны биелэл болдогоороо Католикизмыг илт үгүйсгэдэг. Эпанчинуудын оройн зоог дээр түүний гэнэтийн дайралт нь Католикизм бол Христэд үл итгэгч шашин, Антихристийг номлодог гэдгээс үүдэлтэй ба мөн Христийн сургаалийг улс төрийн ноёрхлыг олж авахад ашиглан гажуудуулж байгаа нь Атеизмыг төрүүлж байна хэмээн бүрэн дүүрэн батлан өгүүлдэг. Мөн Католик сүм бол зөвхөн баруун Ромын эзэнт гүрний үргэлжлэл, энэ бол жинхэнэ Христийн сургаалиас урвасан хэрэг гээд Атеизм болон Социализм нь сүм хийдийн өөрсдийнхөө ёс суртахуун, оюун санааны эрх мэдлээ бохирдуулж байгаатай холбоотой итгэл найдвар алдалтаас үүссэн хариу үйлдэл хэмээдэг. Ийм "оюун санааны цангаанаас" болж Мышкин Орос дахь Атеизм хийгээд Католикимзын нөлөөг айхтар эсрэгүүцдэг. Түүнийхээр, Оросууд энэ их цангааг зөвхөн мэдрээд зогсохгүй үүнээс болж хуурамч итгэл үнэмшилд өртөмтгий байдаг. Католик шашны Оросын оюун санаанд үзүүлэх хорт нөлөөний сэдэв нь Аглая дүрийн харьцангуй тодорхой бөгөөд полемик байдлаар Илэрхийлэгдэнэ. Католик шашны эсрэг хурц шүүмжлэл шиг, идеалист бөгөөд хүсэл эрмэлзлэлтэй Аглая дунд давхаргынхны уйтгартай дульхан амьдралтай тэмцэж, эцэг эхийнхээ язгууртны өмнө зусардах ёс суртахууны хоосролыг үзэн яддаг. Түүний аугааг хүсэх нь дайчин Католикизмд татах агаад тэрээр Вангийн Настасъя-д өөрийгөө зориулах байдлыг Христийн шашны үзэл санааны төлөө бүх зүйлээ орхин дайнд явж буй загалмайтан баатар шиг харна. Дайснуудаасаа (Ипполит болон түүний нихилист найзууд) өөрийгөө хамгаалан ялалт байгуулахын оронд тэдэнтэй эвлэрч, тус болохыг оролдох Мышкинд Аглая маш их ууртай байдаг. Аглая Вангийн сэдлийг буруу ойлгох хандлагатай байдаг нь тэдний цэцэглэж буй гэнэн хонгор хайранд ан цав үүсгэхэд хүргэдэг. 

Эцсийн сүйрлийн дараа Эпанчины гэр бүлийнхэн гадаад руу гарахад Аглая католик санваартны нөлөөгөөр гэр бүлээ орхиод Польшийн гүнг даган зугтдаг билээ. Достоевский тэмдэглэлдээ; Ванг уран зохиол дахь өөр бусад буянтай (Кихот ноён, Пиквик гэх мэт) дүрүүд шиг хошин, инээдтэй гэхээс илүүтэй гэнэн цайлган байдлаар бүтээж ялгаж өгсөн байна. Нэг талаараа Мышкины гэнэн цайлган зан нь түүний эргэн тойронд буй Эгоизм болон ёс суртахууны доройтлыг тод томруун болгож байгаа егөөдөлт хэрэгсэл ажээ. Гэхдээ түүний гэнэн байдал нь хошин гэхээс илүү ноцтой бөгөөд хүмүүс түүнийг шоолж, ашиглаж, хууран мэхэлж байсан ч тэрээр хариуцлага хүлээж, гар бие оролцох талаар бүх хүнээс давсан байдаг, өөрөөр хэлбэл Мышкин хүний сэтгэлзүйн талаар гүн гүнзгий ойлголттой хүн юм. Ухаалаг байх, гэнэн цайлган байхын хослуулсан жишээг Мышкины бусад дүрүүдтэй харьцах харилцаанаас харж болно. Аглая Ивановна үе үе Мышкины идэвхгүй байдалд уурладаг боловч Мышкины гэнэн цайлган аспектыг ойлгож, тэд ногоон сандал сууцгаан ярилцах үед хүүхэн; оюун ухааны 2 чухал хэсэг бий, чухал ба чухал биш хэмээн санаагаа илэрхийлдэг. Настасъя Филипповна бол гэм буруугүй болон мөн гэм буруугийн дотоод сэтгэлийн тэмцлийг агуулсан дүр юм. 16 настайгаасаа хойш тусгаарлагдаж, Тоцкийд хүчирхийлүүлж ирсэн Настасъя сэтгэлийн гүндээ өөрийгөө нийгэмд шившиглэгдэн гутаагдсан эмэгтэй гэж үздэг ба гэвч энэ итгэл үнэмшил нь эсрэгээрээ хохирогч маань гэм буруугүй нь цагаатгал хүссэн хүүхдийн цөхөрсөн мэдрэмжтэй байдаг. Энэхүү эмзэг бөгөөд гүн гүнзгий гэмтсэн дотоод сэтгэл нь хор хөнөөлтэй, сүйтгэгч гаднах төрхийг бий болгожээ. Ван түүнтэй ярихдаа зөвхөн тэр дотоод сэтгэл руу нь хандаж, Настасъягийн гэм буруугүйгаа урт удаан хугацаанд батлах гэсэн хүслийг сонсож бас олж хардаг ажээ. Гэм буруугийнхаа төлөө өөрийгөө сүйтгэх түүний дуу хоолой нь,  гэм буруугүй байх хүсэлтэй нь маш ойрхон хиллэх хэдий ч үүний үр дүнд алга болдоггүй ба харин байнга өөрийгөө зарлаж байдаг. Мышкины тааварласанаар хүүхний олон дахин давтагдах ичгүүрт хэн нэгнээс өш авах гэсэн аймшигтай, ер бусын таашаал байдаг аж. Гэм буруутай гаднах хэлбэр нь түүнийг өөрт нь автсан Рогожинийг дахин дахин дагах сонголт хийхэд хүргэдэг буюу үүний эцсийн үр дүн нь өөрийнх нь үхлээр төгсөхийг мэдэж байсан ч түүний сонголт ийм байдаг билээ. Гэм буруутай байх, гэм буруугүй байх хоорондын сэтгэлзүйн тэмцлийн сэдэв романы олон дүрүүдэд өвөрмөц шинжээр илэрдэг. 
Жишээлбэл; Генерал Иволгины дүр нь үргэлж хэтрүүлэн худал яригч боловч түүнийг ойлгодог хүмүүст (Мышкин, Лебедев, Коля) тэр бол хамгийн шударга, нэр төртэй хүн ба тэрээр сул дорой байдлаасаа болж хулгай хийдэг боловч үүнээсээ ичсэнээр цус харвалт нь түргэсдэг билээ. Лебедев байнга хуйвалдаан хийгээд луйвар хийдэг, гэхдээ тэр гүн гүнзгий шүтлэгтэн бөгөөд үе үе өөрийгөө үзэн ядах, буруутгах пароксизмд автдаг. Мышкин өөрийнхөө бодол болон үйлдлээс ичих хүчтэй хандлагатай байдаг. Рогожин түүн рүү хутга барин дайрах хэмжээнд хүрнэ гэдэг нь Рогожиний хагас ухамсартай өдөөлт нь Мышкин хагас ухамсартай сэжигтэй ижилхэн гэж үзэх буюу Мышкин өөрийгөө энэ хэрэгт Рогожинтой адилхан буруутай гэж тооцдог. Бурдовский үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжлээд туслах гэсэн оролдогыг нь улам доромжилж байхад Ван өөрийгөө болхи, эв хавгүй гэж зэмлэдэг. Үхэл; түүнийг зайлшгүй байдлаар ухамсарлах хийгээд амьдран буй оюун сэтгэлд үхэл хэрхэн нөлөөлж байгаа сэдэв нь романд нийтлэг үзэгдэнэ. Үхэлд ойрхон байгаагаар нь хэд хэдэн дүрийг өөрийнх нь мөн чанарын ухамсарт тохируулан хэлбэржүүлдэг. Энэ талаар хамгийн анхаарал татсан дүрүүд бол Мышкин, Ипполит, Настасъя болон Рогожин нар бөлгөө. Цаазын ялаас чөлөөлөгдсөн хүний түүх бол зохиолчийн өөрийн амьдралын туршлагаас үндэслэсэн бөгөөд энэ нь үхэлтэй нүүр тулсан мөчид амьдрахын ер бусын үнэ цэнийг ухаарч буй жишээ болно. Мышкины хэлснээр ял шийтгэгдсэн хүний хамгийн аймшигтай  ухаарал бол дэмий хоосон амьдарч ирсэнээ ойлгож, дахин нэг боломж олдоосой гэсэн хүсэлдээ цөхрөх явдал ажээ. Цаазын ялаас чөлөөлөгдсөн хүн амьдрах эрхтэй болсныхоо дараа амьдралын агшин бүр хязгааргүй үнэ цэнэтэй гэдгийг ухамсарлан амьдрахаа тангарагладаг. Урт хугацааны ухаангүй, мэдрэл муудах хийгээд үхлийн ирмэг дээрээс гарч ирсэнээрээ Мышкин өөрөө амьдрахын баяр баясгаланд сэрсэн ба түүний бүх үг, суртахууны сонголт болоод бусадтай харилцах харилцаан энэхүү суурь ухаарлаар явагддаг. Мышкины нэгэн адилаар Ипполитийг үхэл дагаж, мөн гоо үзэсгэлэн болоод амьдралын нууцлаг байдлыг адилхан биширдэг; гэвч түүний өөрийгөө бодсон, Атеист-Нихилист ертөнцийг үзэх үзэл түүнийг эсрэг дүгнэлт хийхэд хүргэнэ. Вангийн ертөнцийг үзэх бодол нь дэлхийн дээд зохицлыг үүргээ гэж итгэх итгэл үнэмшил байдаг бол Ипполитийн үхэлтэй холбогдох бодол нь байгалийн их хүчийн метафизикал атаа хорсол руу чиглэж, ерөнхийдөө хүмүүний зовлонд болон өөрийнхөө зовлонд эрс хайхрамжгүй ханддаг. Тиймээс тэрээр амиа хорлох санаа бол байгалийг эсэргүүцэн үйлдэж буй өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлсэн эцсийн нотолгоо гэж үздэг. 

БИЧЛЭГИЙН ХЭЛБЭР. Достоевскийн тэмдэглэлийн дэвтрээс тэргээр  романаа цувралаар нийтлүүлж байсан үедээ номынхоо дараалсан хэсгүүд ямар агууламжтай болох эсэхийг мэддэггүй байсан нь харагддаг. Ерөнхий санаагаа хэд хэдэн онцгой нөхцөлд туршиж үзэж байсан нь дүр бүр чөлөөтэйгөөр хариу өгөх боломжийг олгох ба энэ нь зохиомжийн хийгээд дүрийг аль алиныг урьдчилан тодорхойлсон хөгжүүлэлт хийж болохгүй гэсэн үг юм. Романд болсон үйл явдалд, эсхүл болоогүй явдалд зохиолч дүрүүд шигээ гайхаж, гэнэтийн байна гэсэн үг юм. Урьдчилан бэлтгээгүй бичих энэ хандлагыг Морсон "цаг хугацааны нээлтэй байдал" гэж хэлжээ. Ердийн романд дүрүүдийн чөлөөт үйлдлүүд нь зөвхөн зохиогчийн урьдчилан бэлтгэсэн ирээдүйг бий болгоход үйлчилдэг тул энэ нь хуурмаг зүйл юм. Гэвч бодит амьдрал дээр детерминизм юмуу урьдаас тогтоогдсон итгэл үнэмшилтэй субьект үргэлж чөлөөтэй гэж бодож, ирээдүйн бичигдээгүй юм шиг жүжиглэдэг. Достоевскийн ер бусын хандлага нь шалтгаан, үр дагаварын зайлшгүйг тодотгох хэдий ч чөлөөт хүслийн талбар бүх цаг үед нээлтэй байх боломжтой жинхэнэ субъектив хүний байр суурийг илэрхийлсэн байна. Оросын философич, уран зохиолын шүүмжлэгч М. Бахтин: Достоевский үргэлж эцсийн шийдвэрийнхээ босгон дээр байгаа, хямралын үе дээрээ байгаа, бүрэн бус, тодорхойгүй хүний сэтгэлийн эргэлтийн үеийг үзүүлдэг гэж хэлжээ. Мөн Бахтин Достоевскийг үргэлж "хиймэл хүнийг" бий болгож байгаа модерныг эсрэг чиглэмжтэй бичдэг буюу хүнийг обьект (шинжлэх ухаан, эдийн засаг, нийгэм) болгон хувиргаж байгааг дүрслэдэг гээд мөн тэднийг харийн ухагдахуун, учир шалтгааны торонд түгжчихээд тэднээс эрх чөлөө болон үүрэг хариуцлагыг нь хулгайлдаг хэмээжээ. 
Бахтины Достоевскийн газар сайгүй байх дайснаа аюулгүй болгохын сацуу боломжит олон оюун санааны харилцан яриаг бий болгох арга барилыг нь Carnivalization (хошигнол, эмх замбараагүй байдлын уур амьсгалтай болон сүйтгэсэн, чөлөөт байдлыг зохицуулсан уран зохиолын хэлбэр) гэж томъеолж тайлбарлажээ. Энэхүү арга барил нь ердийн этнос шатлал, нийгмийн үүрэг, зөв зан байдал, харьцангуй баяр баясгалангийн наадамд эрх чөлөөтэй оролцохыг хуурамч  үнэний тусламжтайгаар сүйтгэж байгааг харуулна. "Маанаг" романд бүх зүйл үндсэн 2 дүрүүд болох маанаг болон галзуу эмэгтэй гэсэн багт наадмын дүрийг тойрон эргэлдэх бөгөөд үүнээс үүдэн амьдрал бүхэлдээ багт наадам болох буюу уламжлалт зохиомжийн нөхцөл байдал огцом утга санаа авсан өөрчлөгдөж, динамик байдал нь сайжирж, багт наадмын тоглолтын хэлбэр эсрэгцэхийн дээр гэнэтийн шилжүүлэлт, өөрчлөлтүүд явагддаг болой. Мышкин болон Настасъя нарын дүрүүд нь мөн Чанараараа уламжлалт тодорхойлолтоос зайлсхийгчид ба Бахтины хэлсэнээр тэдний цэвэр хүнлэг чанарын бүх юм хязгаарлагдмал байж магадгүй гэж хэлжээ.

 Нөхцөл байдал, харилцан яриа бүрт тэдний эргэн тойронд үүсдэг багт наадмын уур амьсгалаар Достоевский амьдралын өөр талыг өөртөө болон уншигчдад үзүүлж, тодорхой мэдэгдсэн хийгээд үл мэдэгдэм амьдралын гүнзгий бөгөөд боломжит талыг дүрсэлжээ. Бахтин Carnivalization нь Достоевскийн уран зохиолын өвөрмөц шинжтэй гоц урлахуйг нь бий болгодог гэж үздэг. Хөгжмийн Полифонитой адилтган загварчилсан уран зохиолын олон төрлийн дуу авиа нь олон бие даасан дуу хоолойг нэг дор байлгахын сацуу тус бүрийн өөрийн үнэн, бас үндэслэлтэй болгох боловч бусад дуу хоолойтой давхцаж, мөн тэдэнд нөлөөлж, тэдний нөлөөнд автдаг. Бахтин үүнийг гаднаас хамааралтай болон дотроо бүрэн ухамсарлаагүй харилцаа хоорондын үйл явдал гэсэн буй. Полифоник нь романд дүр болгон дуу хоолой нь өөрөө ярьдаг; өгүүллэгч, тэр байтугай зохиолч өөрөө бусдын дунд байгаа юм шиг хүүрнэнэ. Ямар ч дуу хоолой давуу эрхтэй байдаггүй бөгөөд бүх дүр мөн чанараараа бусад дуу хоолойтой холбоотой болохыг илэрхийлсэн бүтэцтэй байдаг. Тиймээс салангид харилцан ярианууд нь зохиогчийн загварчилсан үр дүнгээр бус тус тусдаа харилцаж буй дуу хоолойны үр дагавараар өрнөж байна. "Маанаг" романы хүүрнэгч бүхний мэдэгч юм шиг байвч романы бусад дүрүүд шиг ялгаатай дуу хоолой өгөх бөгөөд хүүрнэгч голдуу үйл явдлаас ойлгосон хэсгээсээ л дүрсэлж өгнө. Энэ бол өндөр мэдрэмжтэй бөгөөд нарийн баримттай мэдээллэгч буюу хүүрнэгч бодит байдлыг үл харгалзан, мэдээлж буй зүйлээ ямар талаас харж байгаагаас хамаарч үе үе догматик байдал руу хазайдаг мэдээллэгч юм. Бахтины хувьд хүүрнэгч нь романыг бий болгогч бас нэгэн гол оролцогч агаад Достоевскийн харилцан яриаг аугаа гэж хэлсэн буй. Романы бүх дуу хоолой, бүх санааны ертөнц руу оруут харилцан ярианы харилцаагаар тэдний дуу хоолойгоор, идеагаар төсөөллийн байр суурийг олж авдаг. Энэ утгаараа зохиогчийн өөрийнх нь идеологийн байр суурийг олж харна. Достоевскийн романы хамгийн чухал бүтэц бол олон төрлийн дуу хоолойны харилцан ярих харилцан үйлчлэл байдаг ажээ.

 СЭДЭВ. Романд гоо үзэсгэлэнгийн гадаргуу нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Хүн бүр Настасъягийн гоо үзэсгэлэнг биширдэг бол Аглая гоо үзэсгэлэнгээрээ алдартай, тэгвэл Эпанчины охид гоо үзэсгэлэнг хүч чадал гэж үздэг. Мышкин гоо үзэсгэлэнг оньсого гэж хэлдэг. Эпанчиныд болсон үдэшлэг дээр Мышкин бурхны бүх бүтээлээс гоо үзэсгэлэнг олж болно хэмээдэг. Романы турш Мышкин гоо үзэсгэлэн бол оюун санааны нэг төрөл гэдэг бөгөөд тэрээр бусад дүрүүдэд оюун санааны энэ хайрыг үзүүлэх гэж хичээдэг. Үнэхээр ч гоо үзэсгэлэн бол нэг төрлийн оньсогон мэдрэмж ба мэдрэмж учраас тодорхойлох боломжгүй зүйл юм. Романы төгсгөлд, романд гоо үзэсгэлэнгийн үлгэр жишээ болж байсан Мышкин, Настасъя болон Аглая нар сөнөж байна. Достоевский анхнаасаа л гэрэл болон харанхуйгийн ялгааг тодотгодог; Рогожиний хар нүд, хар үс Мышкины цайвар үсний дүрслэлтэй эсрэгцэнэ. Рогожинтой холбоотой бүхэн хар бараан байдаг; түүний гадаад төрх, түүний гэр орон болон Мышкиныг алах гэж оролдсон хонгилыг хэлж болно. Мөн харанхуй нь Настасъя-тай байнга холбогддог; оройн үдэшлэг дээр тэр хар даашинз өмсдөг бол хүүхний тухай бодол нь Мышкинд харанхуй тухай бодоход хүргэдэг. Мышкины Аглая-д бичсэн захидал нь өөр шиг нь гэрэл гэгээтэй байдаг ба Аглая гэдэг бол гэрэл гэсэн утгатай үг юм. Гэрэл ба харанхуйн хоорондох ялгаа нь Вангийн сайн сайхан байдал хийгээд түүнийг тойрсон ертөнцийн ялзралын ялгааг онцлоно. Энэхүү ялгаатай байдал нь Настасъя, Аглая хоёрын Мышкинд өөр өөр нөлөө үзүүлж байгааг онцлох агаад эхнийх нь Мышкиныг харанхуй сэтгэлээр дүүргэж байхад удаах нь гэрлээр дүүргэж байна. Достоевский бидэнд олон төрлийн хайрын жишээг харуулна;   бардамналаас үүдэх хайр, урам зоригтой хайр, романтик хайр болон өрөвдөх сэтгэлээс үүдсэн хайр гэх мэт. Ганягийн Аглаяг хайрлах сэтгэл бол амиа бодсон хоосон хайр юм. Рогожиний Настасъя руу хандах сэтгэл бол бүх бие сэтгэлээрээ тэмүүлсэн үлгэр жишээ бөгөөд ийм төрлийн хайр нь үзэн ядалтад ойрхон байдаг агаад хайрлагч хийгээд хайрлуулагч хоёуланд нь хор хөнөөл Учруулахад ойрхон байдаг ажээ. Аглая болон Настасъягийн Мышкины руу хандах сэтгэл бол романтик хайр бол Мышкины Аглаягийн романтик хайрыг мөн романтик хайраар хариулдаг. Роман дээрх хамгийн хүчтэй хайр бол энэрэх буюу өрөвдөх сэтгэл юм; Мышкин вангаар илэрхийлэгдэх энэ хайр Настасъя руу маш хүчтэй ханддаг. 

СИМБОЛ. Мөнгө бол хүнийг эрхэндээ оруулах хамгийн том хэрэгсэл юм. "Маанаг" романы ялзарч доройтсон ертөнцөд Ван, Настасъя хоёроос бусад нь шуналдаа автагдсан байх бөлгөө. Ганя мөнгөний төлөө бараг бүхнийг хийхэд бэлэн байдаг бол Иволгин архи уух хүслийн улмаас мөнгө хүсдэг бөгөөд Генерал үүний төлөө л нууц амраг хатагтай Терентьевтэй цагийг өнгөрүүлдэг. Лебедев Настасъягийн хаясан багц мөнгийг авахын төлөө задгай зуух руу ороход бэлэн байна. Мышкиныг өв залгамжлах болсоноо зарлах хүртэл хэн ч түүнийг анхаардаггүй ба уг мэдэгдлийн дараа вангийн мөнгөний төлөө бүгд түүнийг тойрон бүждэг. Бурдовский болон түүний бүлэглэл Мышкин вангаас мөнгө салгахын төлөө худлаа ярихдаа хүрдэг. Романы тодорхой симбол бол мөнгө буюу мөнгө хүмүүний үнэт зүйлийг завхруулагч зүйл болой. Рогожиний харанхуй, давчуу орон гэр нь түүний амьдралын хэв маягийн бэлгэддэг. Харанхуй нь түүнийг өөрийг нь бэлгэдэж байгаа хэрэг бөгөөд түүний гадаад төрх байдал хийгээд дотоод ертөнц хоёулаа хардалт, донтолт, түрэмгийллээр дүүрэн байдаг. Настасъя-г хайрлах хайр нь эргээд түүнд дарамт болдог билээ. Ипполит "чухал мэдэгдэл"-ээ уншихдаа зүүдэнд нь үзэгдсэн аймшигт мангас өөрийг нь устгах гэж буй талаар дүрсэлдэг. Энэ муухай мангас түүнийг айдсаар дүүргэж байна. Сэтгэлзүйн хувьд мангас нь Ипполит байгалийг хэрхэн харж буйг илтгэнэ; энэ бол түүнийг уушгины сүрьеэгээр залгих гэж буй хүч юм. Харин илүү өргөн цар хүрээгээр авч үзвэл Достоевский мангасыг нийгэм дахь ёс суртахууны доройтол, ялзралын хөрөг болгожээ. "Маанаг" Орост хэвлэгдэн гарахад бараг бүхэлдээ хатуу шүүмжлэлтэй тулгарсан байдаг агаад шүүмжлэгчдийн дийлэнх хэсэг Достоевскийн "консерватив үзлийг" эсэргүүцэж, номын улс төрийн зорилгыг гутаахыг хүсэцгээж байв. Шүүмжлэгчид болон ерөнхий уншигчдын гол шүүмжлэл нь дүрүүдийн "фантаастик" байдал руу чиглэсэн. 

Радикал шүүмжлэгч Д. И. Минаев: романд хүмүүс танилцаж, бие биедээ дурлацгааж, бас бие биенийхээ нүүр руу алгадацгаана. Энэ бол зохиолчийн бүх хүсэл бөгөөд энд ямар ч урлагийн үнэн алга гэж шүүмжилж байжээ. Зарим либерал шүүмжлэгчид романыг: олон утгагүй дүр, үйл явдлуудын беллетрист эмхтгэл бөгөөд зохиолчийн субъектив гоёмсог байдлын хамгийн цэвэр жимс хэмээн гоочилж байлаа. Романы Франц, Англи орчуулгууд 1887 онд, Герман орчуулга нь 1889 онд хэвлэгдсэн ба европчууд ерөнхийдөө "Маанаг"-г авцалдаагүй, хэлбэргүй хэмээн сөргөөр хүлээж авчээ. Морсон: бүхэлдээ замбараагүй, ерөнхий бүтэцгүйгээр ер бусын байдлаар бичигдсэн хэмээн уулга алдсан байдаг. Орчин үеийн нэр хүндтэй шүүмжлэгчид романы бүтцийн илэрхий доголдолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч зохиолч өөрөө "доголдлоо" мэддэг байсныг, мөн үндсэн санаагаа туршилтын арга барилын байдлаар зориуд хийсэн байж болохыг онцолжээ. Ж. Фрэнк "Маанаг" романы талаар: Достоевскийн аугаа бүтээлүүдээс хамгийн оригнал нь байх, мөн бүх романууд дотроос нь уран сайхны хувьд хамгийн тэгш бус нь болов уу гэжээ. Мөн тэрээр бүтцийн хувьд эв хавгүй, нийцгүй мөртлөө богино хугацаанд нээх хүчин чармайлтгүйгээр алдаршсан нь гайхмаар гэжээ. 20-р зууны Оросын уран зохиолын шүүмжлэгч Бахтин энэхүү романы бүтцийн тэгш хэмгүй байдал хийгээд зохиомжийн урьдчилан тааварлашгүй чанар, дүрүүдийн "фантаастик" дүрслэлийг ямар нэгэн дутагдал гэж үздэггүй ба харин ч Достоевскийн өвөрмөц, цоо шинэ уран зохиолын аргачлал хэмээжээ. Мөн тэрээр Достоевскийг уран зохиол дахь Carnvialesque-ын хамгийн тод үлгэр жишээч, Полифоник романыг зохиогч гэж үздэгээ хэлсэн буй.

Comments