Шилэн оймст Ж. Ф. Купер

 


Жеймс Фенимор Куперыг бид "Мөрч", "Сүүлчийн Могикан" зэрэг романуудаар нь мэднэ. Ялангуяа "Сүүлчийн Могикан" романаар нь хийсэн киног сайн мэддэг билээ. Түүхэн уран зохиолуудаараа, мөн романтизмын томоохон төлөөлөгч байснаараа Купер алдартай бөгөөд түүний "Сүүлчийн Могикан" бүтээлийг өнөөдөр романтизмын шедевр туурвил гэж үздэг. Купер 1789 оны 9-р сарын 15нд төрсөн ба Нью Жерсигийн Барлингтонд өсчээ. Тэрээр 12 хүүхэдтэй айлын 11 дэх хүүхэд нь байв. Куперын гэр бүлийнхэн Нью Жерсид хэсэг хугацаанд амьдарч байгаад Нью Иоркийн захад орших Otsego Lake нэртэй газар нүүж очсон бөгөөд хожим эл газар нутгийг Cooperstown гэж нэрийдсэн байна. Зохиолч маань 13 настайдаа Yale-ын их сургуульд элсэв. Сахилгагүй зан, тохиромжгүй тоглоомноосоо болж тэрээр сургуулиасаа хөөгдсөн бөгөөд сэтгэлээр унасан Купер худалдааны хөлөг онгоцны далайчинболов. 21 нас хүрдэг жилдээ нэгдсэн улсын тэнгисийн цэргийн флотын офицер цол хүртсэн ба цолыг нь Томас Жефферсон баталжээ. Хожим Купер 14 жилийн судалгааныхаа үр дүнд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн түүх нэртэй ном нийтлүүлсэн байдаг. Эцгийнхээ наснаас нөгчсөний дараа тэрээр амьдралынхаа зорилгыг олсон агаад баян чинээлэг Сюзан Августа де Лэнси гэх бүсгүйтэй гэрлэж 7 хүүхдийн эцэг, эх болжээ. 
Анхны "Сануулга" роман нь эхнэртэйгээ мөрийцсөн мөрийнөөс үүдэлтэй буюу эхнэр нь чи миний уншдаг романуудаас илүү сайн роман бичиж чадахгүй хэмээн хорыг нь малтсанаар Купер зохиолч болсон гэхэд хилсдэхгүй юм. Романыхаа санааг Жейн Остиний ёс суртахуун, зан араншингийн талаар бичигдсэн зохиолуудаас санаа авсан байдаг ажээ. 1823 онд "Анхдагчид" романаа бичсэн нь "Ширэн оймст" цувралынх нь анхны бүтээл болжээ. Уг романы үйл явдал Нью Иоркийн хязгаар нутагт өрнөнө. Купер бүтээлүүддээ байгаль орчны асуудалд анхаарч ханддаг байсан агаад хотжилт, иргэншлээс болж зэрлэг байгаль цөлжин доройтож буйг дүрслэн бичдэг байв. 1826 онд оргил ажил "Сүүлчийн Могикан" романаа бичин нийтлүүлсэн бөгөөд уг роман 19-р зууны үед Америкт хамгийн өргөнөөр уншигдсан номын нэгээр тодорчээ. Мөн энэ роман нь "Ширэн оймст" цувралын баатар Натти Вамппугийн дүр гардаг 2 дахь ном юм. Романд хойд Америкийг захирахын төлөөх Франц болон Их Британи хоёрын хоорондох дайныг харуулна. 
Романы бичвэрийн хэлбэр болон нуршуу урт гэж шүүмжлэгчид шүүмжилж байсан ч жилээс жилд романы алдар нэр, талархлыг хүртэж, олон удаа кино дэлгэцнээ тавигджээ. 1832 оноос Куперыг улс төрийн зохиолч гэж үзэж эхлэв. Түүний улс төрийн сонирхол романуудад нь тусгалаа олох нь улам ихэссэн бөгөөд "Браво" романдаа Европын антт-бүгд найрамдах үзлийг шүүмжилж, Венецийг бүгд найрамдах үзлийн сүүдэрт нуугдсан олигархиудын төв болгон дүрсэлжээ. Гэвч роман Америкчуудаас эерэг үнэлгээ авч чадсангүй. Францад хэсэг амьдарч байгаад 1833 онд эх орондоо ирсэн тэрээр дараагийн бүтээлдээ Америкаа дахин нэг шүүмжлээд авсан ба европоор аялсан туршлага нь бүтээлүүдэд нь шингэж байлаа. Өөрийгөө хөрөглөсөн Идеалистик "Буцах ачаа" роман нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Купер бол уугуул америкчууд болон африк гаралтай америкчуудын талаар бичсэн анхны томоохон Америк зохиолч юм. 2013 онд түүнийг Нью Иоркийн зохиолчдын алдрын танхимын гишүүн болгов. Купер амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хавагнах өвчинөөр шаналж байгаад 62 насандаа таалал төгсчээ

Comments