Амраг минь, баяртай!: Гон Ли

 




Эдүгээ Хятадын хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэгддэгээс гадна гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт Gong Li-ын замналтай танилцая. Түүний хүртсэн шагнал тоймгүй их бөгөөд Хятад хэлтэй кино Оскарын наадмын шилдэг гадаад кино төрөлд 4 удаа өрсөлдөж байсны 3 кинонд нь Gong Li тоглосон байдаг юм. Тэрээр 1965 оны 12-р сарын 31-нд Хятадын Liaonin мужийн Shenyang хотод 5 хүүхэдтэй айлын отгон хүүхэд нь болж мэндэлжээ. Тэрээр Shandong мужийн төв Jinan-д өссөн бөгөөд аав нь эдийн засгийн профессор хүн байсан бол ээж нь багш байжээ. Gong Li хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай байж, нэг л өдөр алдартай дуучин болно гэж мөрөөддөг байв. Gong Li Jinan-ын бага сургуульд суралцжээ. Хоёрдугаар ангид байхад нь түүнийг сургуулиас нь Jinan-ын телевизийн хүүхдийн дууны нэвтрүүлэгт орохыг санал болгосон ба тэрээр их сургуульд 6 жил суралцахдаа сургуулийнхаа уран зохиол болон урлагийн багийн гишүүн байжээ. 

1985 онд тэрээр Бээжингийн драмын төв академид суралцах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд 1989 онд төгсчээ Gong Li-г Драмын төв академийн оюутан байхад Хятадын алдарт кино найруулагч Zhang Yimou олж харсан буюу авъяасыг нь нээж Red Sorghum киноныхоо гол дүрд тоглуулсан агаад уг кино Gong Li-ын хувьд ч тэр Zhang Yimou-ын хувьд ч анхных нь бүрэн хэмжээний кино ажил байлаа. Zhang Yimou-ын замналыг Gong Li-гүйгээр төсөөлөх боломжгүй шиг Gong Li-ын замналыг ч Zhang Yimou-гүйгээр бодохын аргагүй ба Red Sorghum хэмээх анти -Японы дайны талаарх кино тэдний 15 жилийн хамтралын эхлэл болжээ. Кино Берлины кино наадмын дээд шагналыг хүртсэнээс гадна алтан баавгай шагнал хүртсэн анхны Хятадын кино болжээ. 1989 онд тэрбээр Zhang Yimou-ын хоёрдахь бүтээл, терроризмын тухай Codename Cougar бүтээлд тоглож Хятадын кино наадмаас шилдэг эмэгтэй туслах дүр шагнал хүртсэн. Red Sorghum кино нь Gong Li-г дэлхийн танил болгосон агаад 1990 онд Zhang Yimou-ын гэр бүлийн ёс зүйн тухай Ju Dou кинонд тоглов. Уг кино Оскарын наадмын шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшсэний дээр эл төрөлд өрсөлдсөн хамгийн анхны Хятад кино болсон. Харин Gong Li олон улсын Варна кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авчээ. 1991 онд мөн л Zhang Yimou-ын Raise the Red Lantern кинонд эсэргүү татвар эмийн дүрийг бүтээж дэлхийн од болсон бөгөөд уг кино Венецийн кино наадмаас мөнгөн арслан шагнал хүртсэн бол Оскарын кино наадамд шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшив. 

Жилийн дараа хөдөө нутгийн драм The Story of Qiu Ju хэмээх кинонд тоглов, кино Венецийн кино наадмаас алтан арслан шанал хүртсэн бол Японы кино критикуудын шилдэг нь болсон ба мэдээж киног Zhang Yimou найруулсан. Gong Li 1993 онд Нью Иоркийн критикуудын шилдэг шагналыг Farewell My Concubine бүтээлээрээ хүртсэн бөгөөд эл киног Chen Kaige найруулсан буюу Gong Li-ын хувьд Zhang Yimou-той хамтраагүй анхны том кино, анхны том дүр байв. Тэр жилдээ Premiere сэтгүүл түүний Farewell My Concubine киноных нь дүр бүтээлтийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дүр бүтээлтийн 89-р байрт жагсаасан байдаг. 1991-1993 оны хооронд тэрээр Stephen Chow-ын комеди жанрын хоёр ч кинонд амжилттай тоглосон байна. Дэлхийн хэмжээний од болсон Gong Li алдар нэрэндээ дулдуйдан Хятадын засгийн газрын цензурыг зоригтойгоор шүүмжилж эхэлсэн бөгөөд түүний тоглосон гол кинонуудыг секс агууламжтай буюу хятадын залуу үеийг оюун санааны хийгээд бие махбодийн хувьд муу нөлөө үзүүлэх уршигтай хэмээн ээлжлэн хориглосон байдаг. 1994 онд тэрээр Zhang Yimou-ын драм жанрын To Live кинонд тоглов, кино Канны кино наадмын гран при шагнал хүртсэн. Дараа жил нь Gong Li явдалтай дуучны дүрийг Shanghai Triad кинонд амжилттай бүтээв. Эл бүтээл алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшсэн ба Zhang Yimou болон Gong Li нарын олон жилийн амжилттай ажиллагааны зогсолт, хэсэг хугацааны завсралтын үүсэл болсон болой. Asiaweek сэтгүүл: Gong Li бол манай гаригийн хамгийн чамин кино оддын нэг бөгөөд түүнээс холливуудын алтан эриний тансаглал мэдрэгддэг гэжээ. 

1996 онд Chen Kaige болон Gong Li нар Temptress Moon хэмээх романтик кино бүтээсэн ба кино тухайн жилийнхээ Канны наадмын дээд шагналд өрсөлдөж байлаа. Мөн тэр жилдээ Gong Li маань Time сэтгүүлийн нүүрийг чимж байв. 1997 онд тэрээр нэрт жүжигчин Jeremy Irons-той хамтран романтик төрлийн Chinese Box бүтээлд тоглосон агаад тэр жилдээ Gong Li Канны кино наадмын шүүгчийн урилга хүлээж авсан буюу Канны кино наадмын анхны хятад шүүгч болжээ. 1999 онд тэрээр Chen Kaige-ын The Emperor and the Assassin кинонд тоглож, кино Канны кино наадмаас техникийн гран при шагнал хүртсэн байдаг ба энэ кино бол Gong Li, Chen Kaige нарын хамтарсан 3 дахь кино байлаа. Gong Li-ын эхэн үеийн дүрүүд нь сэтгэл санаа хийгээд бие махбодийн хувьд хүчирхийлүүлж, дарамт, ялзрал болон харгислалын торноос зугтаах чадамжгүй нэгний эмгэнэлт түүхийг харуулдаг бол Raise the Red Lantern, Shanghai Triad кинонуудад түүний дүр өөрөө хар хүчний дэмжигч, туслах болоод шинэ хохирогчдыг өөрийн гараар үгүй хийдэг. 2000 онд Gong Li  хоёрдахь дэлхийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналаа Монтреалын кино наадмаас хүртэхдээ Breaking the Silence-д кинонд бүтээсэн гайхамшигтай эхийн дүрээр авсан юм. 2000-д онд тэрээр Wong Kar-Wai-ын 2046 болон Eros гэсэн хоёр ч кинонд тоглосон.

 Маш их алдартай болоод байсан ч Gong Li англи хэлний асуудлаасаа болж холливуудад хөл тавьж чадахгүй байсан бөгөөд 2005 онд англи хэлээр ярьсан анхны кино Memoirs of a Geisha нь олны хүртээл болов, шүүмжлэгчид түүний тоглолтыг өндрөөр хүлээн авсан байдаг. Түүний ангид хэл сайжрахын хэрээр Miami Vice, Hannibal Rising зэрэг кинонд амжилттай тоглов. Эдгээр кинонууд болон туршлагуудын дараа Gong Li холливуудад дасаж эхлэсэн бөгөөд 2006 онд тэрээр Zhang Yimou-той дахин хамтран ажилласан буюу Zhang Yimou-ын Curse of the Golden Flower гэх түүхэн туульсын кинонд тоглов. Уг кинонд тоглосон дүрээрээ тэрээр Хонг Конгийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэнээс гадна Time сэтгүүл түүний тоглолтыг оны шилдэг тоглолтын 7-р байрт эрэмбэлсэн байна. 2010 онд Gong Li дэлхийн хоёрдугаар дайны тухай триллер жанрын Shanghai кинонд амжилттай тоглохдоо долоо хоногт 3 удаа бүжгээр хичээллэж, мөн маш их түүхэн баримт судалсан байдаг. 

Эндээс түүний дүрийн судалгаагаа хэрхэн хийдэг, яаж бэлддэг болохыг харж болно. Сайн дүр бүтээхэд хугацаа шаардлагатай, хүссэн дүрээ олох юмуу дуртай дүрээ авах амаргүй ба тиймээс би огт яардаггүй, эсхүл надад тэгтлээ яарах хэрэг байдаггүй ~ гэж Gong Li хэлж байв. 2014 онд Gong Li болон Zhang Yimou нар соёлын хувьсгалын талаарх Coming Home бүтээлийг хийв. Үүнээс хоёр жилийн дараа Gong Li The Monkey King 2 кинонд амжилттай тоглосон бол 2019 онд драм төрлийн Saturday Fiction кинонд тогложээ. Мөн тэр жилдээ 1998 оны Disney-ын Mulan  анимешинаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний кинонд тоглов. Тэгвэл 2020 онд Peter Chan-ын намтарчилсан Leap кинонд тоглосон ч цар тахлын улмаас кино хойшлогдоод байгаа ажээ. Gong Li 1996 онд Сингапурын тэрбумтантай суухаасаа өмнө олон жил Zhang Yimou-ын муза нь бас амраг нь байсан билээ. Gong Li 2010 онд гэр бүлээ цуцлуулаад Францын хөгжимчин залуутай 2019 онд хуримлажээ. 2008 онд тэрээр Сингапурын иргэн болсон байдаг. 2006 онд түүнийг Хятадын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулсан байдаг. Кино судлаач, шүүмжлэгчид түүнийг Bette Davis-тай харьцуулдаг билээ.

Comments

Post a Comment