Эротик жанр бол кино урлагийн хамгийн сонирхолтой, бас аюултай бөгөөд хүнд, гэхдээ бас сэтгэл гижигдэм жанр юм. Энэ жанраар "тоглогч" нэгэн Байгаа маш сайн л онохгүй бол ад үзэгдэж хэн ч биш болох бол байгаа, агуулгаа зөв хөндөж чадвал гоо зүйг урлагч хэмээгдэн өргөмжлөгддөг. Энэ жанраар бид гял цал гоо сайхнаас бохир заваан хүртэл аялж болдог ч үргэлж нууцтай тулгарч байх ёстой нь энэ төрөл сэтгэл зүйтэй холбоотойг илтгэнэ. Эротик жанр гол дүрийн жүжигчинээ нэг бол од болгоно, эсхүл замналыг нь нам унтраана. Эротик жанр нь хүн болгонд адилхан сэрэл мэдрэмж, гоо сайхны таашаал өгдөггүй; тиймээс энэ жанрт "Хаан" тодруулахад бараг боломжгүй агаад хамгийн шилдэг эротик кинонууд бол хамгийн өндөр мэдрэмжтэй уран бүтээлчээс төрөх хараа, тавилт болон төсөөллийн ертөнц бөлгөө. Өөрөөр хэлбэл эротик кино бол секс шиг нарийн мэдрэмж шаардсан мэдрэмжийн, сэтгэлийн урлаг бөгөөд эротик кино гэдэг зөвхөн олон секс сцэнээс бүрдэх бус гал халуун ганц үнсэлтээс юмуу, хос хоёрын нэгхэн хөдөлгөөн, агшин хормын бүжгээс ч хамаарч болдогийг энэ бичвэрээрээ нотлохыг оролдсон ба уг бичвэртээ өөрийн үзсэн ч блогтоо нийтэлж байгаагүй, мөн хамгийн гол нь судлаач шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан, эротик жанраа илэрхийлдэг кинонуудыг онцлон тэмдэглэж байна. Ингээд үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн эротик кинонуудыг товч танилцуулж таны кино сонголтод тусалж байна.
9 1/2 Weeks (1986) ~ Adrian Lyne-ын эл бараан эротик триллер магадгүй түүний хамгийн оргил ажил байх. Киноны гол дүрүүдэд тухайн цаг үеийн одод байсан Mickey Rourke, Kim Bassinger нар тоглосон. Wall street-ын брокер Mockery Rourke уран зургийн үзэсгэлэнгийн ажилтан Kim Bassinger-тэй үүсгэсэн харилцаа жирийн бэлгийн харилцааг даван гарахдаа "туршилтын" ийм харилцаа хаана очиж яаж төгсөхийг харуулдаг.
Body Heat (1981) ~ найруулагч Lawrence Kasdan-ын анхны кино хэдий хагас дахин хийлт (Double Indemnity) боловч эротик жанрын нүүр царай гэгдэх болжээ. Уг кинонд Femme fatale гэх дүр утгаараа гарах агаад гол дүрийг бүтээсэн Kathleen Turner-ын тоглолтыг шүүмжлэгчид шагшин магтдаг билээ. Мэдээж уг кино олон секс сцэнээрээ алдартай.
Bound (1996) ~ Ах дүү Wachowski-ын анхны кино нь триллер төрлийн эротик кино байсан юм. Кинонд гэмт хэрэгтнүүдтэй нягт холбоотой 2 завхай хүүхэн их хэмжээний мөнгө мафийнхнаас хулгайлж буй тухай өгүүлнэ. Киног хамгийн эротик болгож байгаа зүйл бол тэдний секс харилцаа юм.
The Handmaiden (2016) ~ Park Chan-wook-ын гэмт хэрэгт түүхэн драм нь үнэндээ сексийн кино юм. Бид энэ киноноос секс ерөөсөө урвалт, хууран мэхлэлт шиг болохыг олж мэдэх бөгөөд уг киноны лесби секс хэсэг кино урлагийн түүхэн дэх хамгийн хацар халуу оргим хэсгүүдийн нэг билээ.
Before Sunrise (1995) ~ Энэ киног үзсэн хэн боловч өөрийнхөө хамгийн сайхан болзоог бодох байх, бас өөрийгөө киноны гол дүрүүдийн оронд тавьж үзэх нь дамжиггүй. Ethan Hawke, Julie Delpy нарын болзоо хүн төрөлхтөнд болзоо гэж ямар байхыг үлгэрлэсэн гэж хэлж болохуйц ба тэдний яриа, эксүүдийнхээ талаарх, сексийн талаарх гээд харилцан яриа нь бараг тэр чигээрээ философи байдаг. Энэ киноноос бид секс гэдэг зөвхөн бие махбодийн биш оюун ухааны "ажил" болохыг ойлгоно.
Unfaithful (2002) ~ Adrian Lyne-ын бас нэгэн эротик триллер. Кинонд төлөв томоотой, бүхий л зүйлээр хангагдсан гэж өөрийгөө боддог хотын захад нөхөр, хүүхдүүдийн хамт жаргалтай амьдрах Diane Lane-ын залуухан номын санчтай үүсгэсэн нууц харилцааг өгүүлэх бөгөөд нөхөр Richard Gere-ын эхнэрийнхээ үнэнч бус, итгэл алдсаныг олж мэдсэн хэсгээс кино "эхэлнэ".
Dirty Dancing (1987) ~ Patrick Swayze болон Jennifer Grey нарын халуухан бөгөөд дэндүү мэдрэмжтэй бүжиг ямар ч эротик киноны муухан секс хэсгээс илүү дотно бас халуухан билээ. Emile Ardolino-ын найруулга, Eleanor Bergstein-ын кино зохиол, мөн дээр нь нэмэгдэх киноны гайхамшигтай хөгжим уг киног үнэмлэхүй романтик, мэдрэмжийн эротик кино болгожээ.
Swimming Pool (2003) ~ 40 орчим настай зохиолч хүүхэн ээлжит романаа тайван, намуухан газарт бичихийн төлөө нийтлэгчийнхээ зуслангийн гэрт хэсэг байхаар нүүж очно. Түүнийг нийтлэгчийн охин болох залуухан, халуухан охин хүлээж авах бөгөөд залуухан хүүхний замбараагүй Сексийн амьдрал, хөгшин зохиолч хүүхний секс төсөөлөл хэрхэн тэрсэлдэхийг энэ киноноос үзэж болно.
Cruel Intentions (1999) ~ Pierre Choderlos de Laclos-ын романыг Roger Kumble кино болгосон нь эдүгээ ихэнхдээ өсвөр насныхны кино хэмээгдэн шүүмжлүүлдэг боловч уг киног өсвөр насныхны секс ертөнцийн судалгаа гэж үздэг. Мөн кинонд секс ямар аюултай "толгой угаалт" болохыг харуулдаг ба кинон дээрх лесби үнсэлт өнөөдөр домоглог болжээ.
Brokeback Mountain (2005) ~ Хайр дурлалыг, сексийн хүсэл тачаал болон тэвчилтийг бид зөвхөн эр, эмийн хайраас бус мөн ижил хүйстнүүдийн хайр бас амьдралаас харж болохыг Ang Lee харуулахдаа харилцан ярианд бага анхаарч үйл явдалд гол хүчээ өгсөн нь түүний ухаалаг, цаг үеэ мэдэрсэнийг харуулна. Jake Gyllenhaal болон Heath Ledger нарын тоглолтыг А зэрэглэлийнх гэж үнэлдэг бөгөөд тэдний хайр бол кино урлагийн түүхэн дэх хамгийн ихээр хориглогдсон хайрын түүхийн нэг юм.
Secretary (2002) ~ Эр, эмийн сексийн харилцааны dominant, submissive, BDSM талаар сайтар ойлголт авъя гэвээс Steven Shainberg-ын эл бүтээлийг үзэх ёстой юм. Хуульч James Spader нарийн бичиг Maggie Gyllenhaal-г өөрийн боол болгож буй уг кино тохирсон хэмжээний хошигнолыг агуулжээ.
Vicky Christina Barcelona (2008) ~ "би чамд энэ хотыг үзүүлээд бид хамтдаа сайхан хооллое, тэгээд бид сайн дарс уучихаад дараа нь секс хийнэ" ~ Woody Allen-ын Барселона хотоор аялах уг кинонд Scarlett Johansson, Rebecca Hall, Javier Bardem, Penelope Cruz нар гайхамшигтай тоглосон ба энэ кино бол Испани аялгуу шиг секси болой.
Blue Is the Warmest Color (2013) ~ Канны кино наадмын дээд шагналтай маргалдах, бас эсэргүүцэх хүн их байсаар ирсэн бөгөөд хойшид ч энэ бол үргэлжийн маргааны сэдэв байх болов уу. Хүсэл тачаалын судалгаа хэтэрхий задгай секс (порно) сцэн боллоо гэж өдгөө ч шүүмжлүүлдэг уг киноны гол дүрийн 2 охин энэ кинондоо тоглох гэж зовж дууссанаа хожим хэлсэн байдаг.
Wild Things (1998) ~ гурвалсан сексийг харуулсан хамгийн сайн эротик киноны нэгээс гадна хүний секс төсөөллийг урамшуулсан зэвүүн триллер болой. Киноны үйл явдал, эргэлт, бас төгсгөл сайн бөгөөд киноны ерөнхий эротик өнгө төрхтэй нийцнэ. Уг кинонд: Kevin Bacon, Matt Dillon, Bill Murray, Theresa Russell, Neve Campbell болон Jeff Perry нар тогложээ..
Comments
Post a Comment