Марк Твен "Том Сойерын адал явдал"

 




"Том Сойерын адал явдал" бол Миссисипи мөрний эрэг дээр өсөж том болж буй хүүгийн тухай өгүүлэх Америкийн нэрт зохиолч Марк Твений 1876 онд бичсэн роман юм. Үйл явдал 1840-өөд оны үед St. Petersburg хэмээх зохиомол хотод болж буйгаар дүрслэгдсэн бөгөөд Марк Твен өөрийнх нь хүүхэд нас өнгөрсөн Миссуригийн Ханнибалаас санаа авсан байдаг. Романд Том Сойер олон адал явдалтай учирдаг, эдгээр адал явдлын ихэнх үед түүний найз Хаклберри Финн хамт байдаг билээ. Анхлан арилжааны хувьд бүтэлгүйтсэн ч уг ном Твений амьд ахуйдаа туурвисан бүх бүтээлээс хамгийн их борлогдсон ном нь болсон буй. Уг роман нь үргэлжлэл болох "Хаклберри Финн" романдаа дарагдсаар ирсэн байдаг ч нэгдсэн улсын уран зохиолын шедевр гэж тооцогдсоор иржээ. Мөн эл бүтээл бичгийн машинаар бичигдсэн анхны романы нэг гэгддэг. Хошигнол, егөөдөл хийгээд нийгмийг шүүмжилсэн элементүүд романд багтсан; эдгээр чанар нь хожим Марк Твений Америкийн хамгийн чухал зохиолчдын нэг болгосон гэдэг. Тэрээр романдаа өөрийнхөө амьдралын зарим нэг үйл явдлаас оруулсан агаад хүүхэд нас нь өнгөрсөн Сент-Луисын ойролцоох Ханнибал дахь гэр нь эдүгээ аялал жуулчлал өндөр хөгжсөн газар болжээ. Романд, Томын адал явдлаар буюу Жо, Хаклберри нартай хамт зугтааж буйгаар хүүхэд насны тухай ойлголтыг өгөхийг зорьжээ. 

Мөн романд Том болон түүний найзууд бага залуудаа гаанс тамхи хэрхэн татаж сурахыг хүсэж байгаа тухай хийгээд бусад хөвгүүдэд зэвүүн харагдахын тулд л ингэж байгаа тухай харуулна. "Том Сойер" бол Твений бие даан бичихийг оролдсон анхны роман ба тэрээр өмнө нь намтарчилсан хүүрнэлтэй юмуу эсхүл тухайн цагийн залуу зохиолчдын бичдэг байсан пароди маягийн богино зохиолууд бичиж байж. Том Сойерын зарим төрх байдал эдгээр пароди богино зохиолуудад анх тусгалаа олсон байдаг бөгөөд Том бол түүний өмнөх нооргоос санаа авсан илүү боловсорсон, баяжуулсан дүр юм. "Том Сойер"-г бичиж байх үед Твен хэдийнээ алдартай зохиолч болчихоод байжээ. Тэр Коннектикутад том байшин эзэмшиж байсан ч эхнэр, 2 охиныхоо амьдралыг дээшлүүлэхийн тулд илүү их амжилт хэрэгтэй байв. Твен 1874 онд Ч. Д. Уорнертай хамтран "Алтадсан эрин" гэх роман бичиж алдаршаад байлаа. 
Тэрээр хэдийнээ биччихээд байсан Миссисипи-д өнгөрүүлсэн хэвлүүлээгүй дурсамжаасаа болон багын найзтайгаа захидлаар харилцаж сэргээсэн олон дурсамжаа эх сурвалж болгон ашиглажээ. Твен зохиолынхоо баатрын нэрийг 1863 онд Сан-Францискод танилцаж байсан нэгэн гал сөнөөгчийн нэрнээс авчээ. Жинхэнэ Том Сойер гэгч нь живж байгаа усан онгоцноос 90 зорчигчийн амь насыг аварсан баатар байсан байна. Твен Сан-Францискод 3 жил болохдоо гал сөнөөгчтэй нөхөрлөж, тэд хамтдаа архидаж, мөрийтэй тоглоцгоодог байв. 1875 оны 11-р сард Твен гар бичмэлээ American Publishing Company-д өгсөв, америкт хэвлэгдсэн хувилбар зурагтай байсан бол уг явдлаас арай хожуу Лондонд хэвлэгдсэн хувилбар зураггүй байв. Хулгайн хувилбарууд Канад, Германд хурдацтай гарч эхэлсэн байдаг. Ингээд 1876 онд эцсийн зурагтай хувилбар хэвлэгдэн нийтлэгджээ. Нийгмийн байдлыг хөвгүүдийн туршлагатай нэгтгэн хүргэх гуравдугаар биеэс хүүрнэх уг романы үргэлжлэл "Хаклберри Финнийн адал явдал" романаа Твен нэгдүгээр биеэс өгүүлэхдээ ёс суртахууны зөрчлийг илүү хувь хүний зүгээс харуулахын дээр нийгмийн шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд болгодог.  "Том Сойер гадаадад", "Мөрдөгч Том Сойер" гэсэн дараагийн 2 романууд мөн нэгдүгээр биеэс өгүүлдэг билээ.
 ҮНДСЭН СЭДЭВ: Роман эхлэхэд л Том янз бүрийн тоглоомууд, хүүхдийн томоогүй хэргүүдийг зохион байгуулж байдаг. Роман үргэлжлэх тусам эдгээр хүүхдийн хор уршигтай тоглоомууд улам ихээр хүндэрч эхэлдэг; Том өөрийгөө болон Жо, Хак, мөн Бэки нарыг улам бүр аюултай байдалд оруулдаг. Мөн Том Бэкигийн шийтгэлийг хүлээж авах, Жогийн шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөх гэх мэтчилэн өөртөө санаа зовохоос илүүтэй бусдын төлөө санаа зовох ярвигтай байдалд орно. Том өөрийгөө орхиод бусдад туслахаар шийддэг нь өөрийгөө чадварын хувьд, ёс суртахууны хувьд өсч, боловсорч буйгаа харуулдаг. Томын Жексоны арал руу, Макдугалын агуй руу хийсэн аялал нь түүнийг нийгмээс холдуулдаг. Эдгээр симболик шилжилт нь түүнийг нийгэмтэй харилцах илүү шинэ, насанд хүрсэн үзэлтэйгээр тосгондоо эргэн Ирэхэд тус болдог. Романы эхэнд Томын хажууд Хак илүү хөгшин, илүү ухаалаг харагддаг боловч романы төгсгөлд Томын төлөвшил Хакийнхаас давсан байдаг. Томын хувийн өсөлт түүний өөрийнх нь хүслээр байдаг бол Хакийн нийгмийн хязгаарлалтаас зугтахыг хүсдэг бөгөөд Хак бэлэвсэн Дугластай хамт үлдсэнээр чухам иргэншиж эхэлдэг. Твен Томын өмнө буй насанд хүрэгчдийн ертөнцийн үнэт зүйлс хийгээд туршлагыг шүүмжилж, тохуурхахдаа хүүхэд нас болон насанд хүрэгчдийн дундын хил дээр байгаа Томын байр суурийг бэрхшээлтэй болгодог. Твений хамгийн гашуун егөөдөлт илчлэлт бол хоёр нүүрт хуурмаг байдал юм; нийгмийн байгууллагууд болох сургууль, сүм, хуулийн байгууллагуудын хуурамч зан байдлыг хүүхдийн зан чанараар харуулна. 

Тэрээр мөн хувь хүмүүсийг дооглодог ч үүнийгээ арай зөөлөн байдлаар гүйцэтгэдэг ба бидний түгээмэл гэж ойлгодог зан чанарын алдаатай байдалд голчлон анхаарчээ. Твен бие хүний гаргадаг алдааг ч гэсэн нийгмийн эрх баригчид бас гаргадаг буюу нийгмийн байгууллагууд үргэлж ухаалаг, тууштай зарчмаар ажиллаж чаддаггүй болохыг харуулсан. Гэр бүлийг дүрслэхдээ, Твен эцэг, эхийн хайр хийгээд энэрэлийн хязгаарыг тэнцвэртэйгээр харуулна. Нагац Полли эгч Томыг номхотгож бас шийтгэх гэж оролдох бүртээ зээ хүүгээ хайрлах хайраасаа болж бууж өгдөг. Роман үргэлжлэх тусам эл энэрэх хандлага олон нийтийн хэмжээнд хүртэл өргөжиж байгаа харагдана. Олон нийт Томын аюултай адал явдлаа ярихад дуртай байх агаад хэрэв түүнийг аюулгүй байж чадсан гэвэл түүний бурууг уучлахад бэлэн байгаагаас олон нийтийн энэрэх байдлыг харж болно. Твен өөдгүй Жогийн үхлийн дараах түүнийг өршөөсөн хотынхны сэтгэл хөдөлсөн байдлаар хүмүүсийн өгөөмөр сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн хэтрүүлэгтэй талыг тохуурхан шоолжээ. Хүүхдүүдийн тоглодог тоглоом голдуу эрх мэдлийг унагах юмуу уламжлалт нийгмээс зугтаах гэсэн оролдлого шиг байдаг. Шөнө оройгоор гарах, хичээлээ таслах хийгээд багшаараа тоглох зэрэг нь дүрмийг зөрчиж, эрх мэдлийг үл тоомсорлох арга зам юм. Мөн түүнчлэн, Твен бидэнд эдгээр тоглоомууд дадсан байдлаас илүү дадсан байж болохыг харуулдаг. Том уншсан номноосоо олж мэдсэн зан авирыг даган мөрдөхийг хичээдэг ба далайн дээрэмчин, Робин Хүүд, цэргийн алиалагч шиг харагдахыг хүсдэг. Хөвгүүд яг л уламжлалт байдалд автсан хүмүүс шиг мухар сүсэгт автацгаадаг буюу насанд хүрэгчдийн шашинд ханддагийг тольны тусгал гэлтэй. Ингэснээр роман хүүхдийн оршихуй нь насанд хүрэгчдийнхтэй төстэй болохыг харуулна. Роман нь нийгмийн хоёр нүүрт байдалд шүүмжтэй хандаж, үнэт зүйл хийгээд зан төлвийн байнгын хоорондын зөрчилдөөнд байдаг ч Твен ёс суртахууны сүйрлийн өмгөөлдөггүй. Энэхүү роман эрх мэдлийг хатуу дагах аюул нь эрх мэдлийг унах аюултайг харуулдаг ажээ. St. Petersburg бол хотоос гадуурх хүмүүс дорхоноо танигдах нийгэмлэг бөгөөд хамгийн тодорхой гадны хүн бол Хак агаад аав нь архичин, гэр бүлийн бүтэцээс гадуур өөрийгөө тэжээдэг нэгэн юм. Хотынхон гадныхныг дотоодын нийгэмлэгээсээ салгаж байгаа нь тодорхой хэдий ч нийгэмлэгтэй мөн багтаахыг хүчтэй хүсч буй мэт байдаг. Нийгэмлэг буюу хот Поттер шиг хөгийн ч гэм хоргүй хүмүүсийг тэвчдэг, мөн нийгмийн захад орших Хак мэтийг их бага хэмжээгээр хамгаалдаг. Том ч гэсэн нагац Поллигийн хайр, хариуцлагыг хүлээсэн өнчин хүүхэд билээ. Жо бол нийгэмлэгээс хасагдсан St.Petersburg хотын цор ганц оршин суугч бөгөөд түүнийг үхсэний дараа л хотын иргэд түүний талаарх муу муухай дурсамжийг өршөөх чадвартай болдог. Хакийг үл зөвшөөрсөн байдал нь түүнийг бусад хүүхдүүдтэй тоглох эрхгүй болгоно гэсэн үг юм. Хак суурь боловсрол эзэмшээгүй бөгөөд дандаа л хангалттай хооллох, тухтай унтах газраар дутагдаж байжээ. Твен энэ байдлыг хамгийн бага хэмжээнд авч үзэхийг хүсэж буй ч Хакийн нийгмийн доод байдалд боломж олгохыг дэмжиж байна. 

Хак тамхи татаж, гадаа унтаж, мөн бусад хөвгүүдийн мөрөөдөлдөө л хийж болох бүхнийг багахан хязгаартайгаар хийж чаддаг. Романы төгсгөлд, хөвгүүдийн эрдэнэсийг хайж олоход Хакийн гэнэтийн азтай олз ашиг дуусна. Бэлэвсэн Дугласын шаардлагаар Хак амьдралын хэв маягаа өөрчилдөг бөгөөд энэ бол хэзээ ч өөрөө шийдэж чадахгүй сонголтын асуудал байсан юм. Мөнгө бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хамгийн чухал орц мөн, нийгэмд Орших нь тодорхой зардлыг шаардсан тодорхой үр ашгийн эдийн засаг ба нийгмийн нэг хэсэг болсноор эрх чөлөөний бүрэн байдлаа алдах үр дагавартай нөхцөл ажээ. романы оршуулгын газарт мухар сүсэг яригдаж эхлэх буюу Том, Хак нарын батгыг ид шидээр арилгах гэсэн оролдлоготой холбоотой ба энэ үеэс хойш хөвгүүдийн гаргах бүх шийдвэрт мухар сүсэг чухал элемент боддог. Том, Хакийн мухар сүсгээр романы маш олон дүрийн улалмжлалт байдлыг шүүмжлэхдээ үүнийг тун энгийнээр тайлбарлажээ. Том болон Хак нар тухайн цаг үеийн хэрэгцээнд тохирсон итгэл үнэмшлийг сонгож, St.Petersburg-ын шашинд хандах байдал нь мухар сүсэгт хандахтай тун ижил юм гэдгийг харуулжээ. Хөвгүүдийн сонин сэтгүүлээс уншсан шулам, хий үзэгдэл болон оршуулгын газартай холбоотой бүхэн үнэндээ тэдэнд тулгарч буй аллага, өлсгөлөн, бас гэмтэж бэртэх жинхэнэ аймшгийн аюултай зүйрлэшгүй болохыг эл бүтээлд бичсэн. Эдгээр аймшигтай үйл явдлыг хүүхдийн ертөнцөд уусган шилжүүлснээр романыг бодитой болгож байсан байх нь. Хөвгүүд бодит байдал хийгээд төсөөллийн ертөнцийн дунд "өлгөөтэй" байдаг учраас эдгээр бүх аймшигтай тохиролцохоос өөр замгүй байдаг. Тэдний үхлээс айх айдас нь бодитой, бас дэлгэрэнгүй байдаг ч тэд үнэндээ эдгээр бүх аймшиг болон үхлийг үр дагаварыг ойлгохгүй байгаа мэт санагдана. 


СЭДЭВ: Романд хүүхдийн жижиг зөрчлөөс өмч хөрөнгөд халдах, сургууль таслахаас аллага хүртэлх гэмт хэргийг өргөн хэмжээнд авч үздэг. Хөвгүүдийн тоглоом голчлон гэмт хэргийн шинжтэй байдаг, энэ нь тэдэнд нийгмийн дүрэм журмыг заналхийлэлгүйгээр нийгмийн итгэл үнэмшлийг зөрчих баатарлаг, эрэлхэг боломжийг олгодог. Хөвгүүд гахай утсан мах хулгайлчихаад гэмшиж байхдаа ч далайн дээрэмчин, хулгайч, алуурчин болохыг хүсэцгээж байдаг. Томын Робин Гудын дүрд тоглож буй 2 хэсэгт; тэрээр баячуудаас хулгайлсан зүйлээ ядууст өгдөг, энэ нь нэгэн зэрэг гэмт хэрэгтэн хийгээд баатарыг илтгэх бөгөөд үүгээрээ Том гэмт хэргийн үнэт зүйлсийг хамгаалах, нийгмийн бүтэцийг өөрчлөхтэй холбогдож байгаа бэлгэдэл юм. Романд хүүхдүүд насанд хүрэгчдэд бол хог шиг санагдах эрдэнэсээ байнга хоорондоо арилжаалдаг нарийн бяцхан эдийн заагтай байдаг. Мөнгөнөөс үүсдэг олон бэрхшээл тэдний солилцооны үед бий болж байгаа харагдана. Тухайлбал; Том, Жо нар анги дээрээ цагнаас болж зодолддог, хөвгүүдийн үл ойлголцол түр намждаг ч  өмчлөлөх эрхээс болж буцаад маргаан руу орно. Романы эхэнд байгаа бага хэмжээний хөрөнгө романы төгсгөлд 12,000$ болтлоо хэт ихэсдэг бөгөөд Том, Хак нарын туршлагаас үл харгалзан тэдний мөнгө хариуцлагатай насанд хүрэгчдэд очдог. Насанд хүрэгчдийн тэдэнд илүү тохирсон зөвшөөрлөөр хөвгүүд томоотой иргэний үүргээ үргэлжлүүлэн судлах боломжтой болдог ч илүү дунд түвшинд байна. Хүүхдүүд Циркийн амьдралыг биширдэг, тэд том болоод алиалагч болох хүсэлтэйгээ байн байн илэрхийлдэг билээ. Эндээс тэдний ертөнцөд  гэм хоргүй ханддаг болохыг харж болно. Том, Хак нар ашиг тустай, амжилт олж болох янз бүрийн мэргэжлийг реалист байдлаар сонгохын оронд тэд өөрсдийгөө сэтгэл хөдөлгөсөн юмуу романтик дүрээр төсөөлөхийг илүүд үздэг.

 СИМБОЛ: Агуй нь Томыг төлөвшихөөсөө өмнө дайрч өнгөрөх ёстой сорилтыг илэрхийлнэ. Насанд хүрч буй түүхүүд нь ихэвчлэн гол баатараа хэсэг хугацаанд нийгмээс тусгаарлаж, аюул юмуу сорилтуудтай нүүр тулуулсан шалгалт байдаг. Том зөвхөн хувийн нөөц хүчин чадлаараа эдгээрийг даван гараад нийгэмдээ буцаж очиход бэлэн болно. Жексоны арал дээрх шуурга нь хөвгүүдийг нийгмээс холдуулах аюулыг бэлгэддэг. Их хэмжээний аюултай юмуу адал явдалтай хэсгүүд энх тайван, амар амгалан хэсгүүдтэй ээлжлэн солигддог буюу энэ тасалданги хэлбэр романы бүтэцийн нэг хэсэг болдог. Том өвдсөн үедээ шуургыг өөр рүү чиглэсэн бурханы уур хилэгнэсэн гэж итгэдэг. Мөн шуурга нь Томын ухамсрын гадаад байдлын сммбол ажээ. Эрдэнэс нь хөвгүүдийн аялалын төгсгөлийг тэмдэглэсэн симболик зорилго юм. Энэ нь Томыг насанд хүрсэн, Хакийг иргэншсэн шилжилтийн үзүүлэлт. Олон уншигчид St. Petersburg тосгоныг нэгдсэн улсын юмуу ер нь нийгмийг харуулсан микро ертөнц гэж тайлбарладаг. Нийгмийн бүх томоохон байгууллагууд жижиг хэмжээтэйгээр тус тосгонд гардаг ба бүгд Твений хошигнолд өртдөг.

Comments