Splendor In The Grass (1961). Өгүүлэх нь: 1928 он, Канзас мужийн нэгэн жижигхэн хотын залуусын машинтайгаа цуглаж нууцхан янагладаг газарт өсвөр насны залуу, охин 2 гал халуунаар үнсэлцэж байхуйд залуу нь даврахад охин эсэргүүцсээр зогсооно. Үүнд залуу нь маш ихээр бухимдах ч уураа дөнгөж барьсаар охиныг гэрт нь хүргэж өгнө. Найз охиныхоо цэвэр ариун байдлыг хүндэтгэн ойлгох Bud бол хотынхоо хамгийн баян, нэр хүндтэй айлын отгон хүү бөгөөд сургуулийнхаа од, царайлаг түүний хүсдэг боддог юм нь л секс ба энэ насанд секс болон дурлалаас өөр чухал юм гэж юу байхав. Түүний найз охин Deanie мөн л сургуулийнхаа од нь агаад гэр бүлийн хатуу хүмүүжлээр охин биеэ суух хүндээ л өгнө гэсэн журмыг хар нялхаасаа сонсож бас даган мөрдөж ирсэн бөгөөд Bud-ын улангассан сексийн хүслийг тогтоон барих гэж уулзах бүрдээ л учирлан ятгана. Сургуулийн хөнгөхөн охид Bud-г илтэд эргүүлнэ, үүнд Deanie шаналан тарчлах ба Bud-ын хүслийг биелүүлж сексийн өгье гэхэд эцэг, эхийнхээ сайн охин байх ёстой үүргийг ухамсарлах бол нөгөө талаар энэ байдлаараа Bud өөрийн нь хүлээхгүй өөр охинтой болчихно гэж дотроо айна.
Bud дээрээ нэг эгчтэй, эгчийг нь Ginny гэх ба саяхан Chicago-оос ирсэн энэ бүсгүй моод хөөсөн, ганцаардал, гутралаа эрчүүдээс буюу завхай явдлаар тайлдаг, хотод аль хэдийнээ муу нэртэй болоод амжсан нэгэн бөгөөд Bud-ын аав Ace гэр бүлийнхээ бүх ирээдүйг Bud-д даатгаж, хүүгийнхээ нуруун дээр өв хөрөнгө, нэр төрөө ачсан, үүнээ ч ил задгай хэлдэг нэгэн болой. Энэ бүхэн Bud-д асар их дарамт болно, Bud бушуухан Deanie-тай суухыг л хүснэ, үүнийгээ ч эцэстээ хэлэхэд Ace хүүгээ заавал их сургуулиа төгс, дараа нь гэрлэж болно, сексийнхээ асуудлыг өөр охинтой уулзаж зохицуул гэж зөвлөнө. Нэг өдөр Bud Deanie-г гэрт нь хүргэж өгнө, охины гэрт хэн ч байхгүй учир Bud зориг ороод охиныг тэврэн авахад өнөөх л улиг болсон үгсээрээ Deanie түүнийг эсэргүүцэхэд залуу түүнийг хүчээр өвдөг сөгдүүлээд чи миний боол мөн үү? Чи үүрд надад хайртай байх уу? Гэж нэлээд хэрцгийгээр асуухад охин уйлан байж чи хүсвэл би чиний боол, гэхдээ секс хийх арай болоогүй гэж нэн тодорхой ойлгуулдаг. Аавын мундаг бол гэсэн дарамтын хажуугаар сексийн хүслийн тэвчишгүй шаналгаан Bud-ын сэтгэлийн хямралд оруулна, мөн энэ үеэр хатгаа тусч бүр хэвтэрт орно.
Deanie уг явдалд хэрхэн зовсныг асуух хэрэггүй. Зул сарын баярын үдэшлэг болж хотынхон нэг дор цуглацгаах ба Ginny согтоод гэр бүлийнхнийгээ олны өмнө эвгүй байдалд оруулах буюу тэрээр яг л нэг янхан шиг аашилж авирлана. Bud эгчийгээ болиулах гээд залуустай муудалцах буюу согтуу Ginny-г нэг залуу хүчиндэж байхад үйл явдлын ид үеэр Bud яваад орчихно; ингээд бөөн зодоон болж Bud согтуу олон залууст хэмх нүдүүлнэ. Deanie түүн очиход Bud зодуулсандаа, ер нь секс-гүй энэ байдалдаа залхаад байсан учир охинд салъя гэж хэлнэ; зүгээр тэнэгтэхээ больцгооё, зүгээр л үнсэлцэхээ больцгооё гэж хатуу хэлнэ. Ингээд Bud сургуулийнхаа хөнгөн охин Juanita-тай уулзаж эхэлнэ, энд зөвхөн секс л харилцаа байхаас огт сэтгэлийн асуудал байдаггүй. Онгон ариун байсандаа, дүрэм журамтай сайн охин байсандаа хаягдсан Deanie өөртөө гомдож, асар их гутарна. Одоо тэр бусад охид шиг байгаагүйдээ харамсах агаад сэтгэл гутралд бүрэн автагдана. Хэсэг хугацаа өнгөрлөө. Сургуулийн үдэшлэг дээр Deanie сүүлийн үед өөрийг нь эргүүлэх болсон Toots гэх залуугийн хамт очиход Bud бас нэг охинтой хамт байж таарна. Уулзаагүй удсан Bud Deanie нар хөндийхөн уулзана; гэхдээ хэн хэнийгээ хичнээн их санасанаа нуулгүй ярьцгаах агаад Deanie машинд өөрийг нь эзэмдэхийг Bud-аас хүсэхэд хэзээч ийм Deanie-г мэдэхгүй Bud дургүйцах буюу чиний бахархал яагаав? Чиний нөгөө сайн охины ёс журам яагаав гэж загначихаад яваад өгнө.
Уурлаж, доромжлогдсон Deanie Toots руу очоод тэд машинаар нь явж одоход Bud эцсийн эцэст өөрөөс нь болж Deanie ийм болсон гэдгийг ухаараад уулзахаар гэр рүү нь явна. Хүрхээний дэргэд, машин дотор Deanie Toots-д бараг хүчиндүүлж байгаад гэнэт ухаан ороод машинаас гараад зугтаах ба саяны явдал хийгээд Bud-тай холбоотой бүхнийг дахин бодохоос галзуурмаар санагдаж усанд живж үхэхээр оролдох ч азаар ойр хавьд нь хүмүүс байснаар аврагддаг. Гэхдээ эдгээр явдал Deanie-ын сэтгэл мэдрэлд хүчтэй нөлөөлж, улмаар Солио өвчин тусах ба эцэг, эх нь хамаг хөрөнгө мөнгөө зараад охиныхоо эмчилгээнд өгнө, ядаж байхад яр гэгчээр энэ үед 1929 оны их хямрал тохиож энэ гэр бүлийг модын бариулна. Эмч Deanie-г хэсэгтээ Bud-аас хол байлгахыг зөвлөнө. Deanie дотуур байртай, сургалт явагддаг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэнгээ амьдрах боллоо. Тэрээр эмнэлэгт Johnny гэх эмч залуутай танилцаж дотносох бөгөөд Johnny уураа барьж чаддаггүй асуудлын улмаас эмчлэгдэх болжээ. Энэ үед Bud хүссэн сургуульдаа явах ч муу суран бүтэлгүйтнэ; ингээд ууж яваад Angelina гэх зоогийн газар ажиллуулдаг хүүхэнтэй танилцаж гэр бүл болцгооно. Аав нь хүүгийн муу сурлагыг мөнгөөр аргадахыг оролдох ч Bud зөвшөөрөхгүй бөгөөд жирийн тариачны аиьдралаар амьдрахыг хүсч буйгаа аавдаа хэлнэ. Ace-ын бизнес дампуурч бүх хөрөнгөө алдсанаар амиа хорлож үхсэнээр Bud ертөнц дээр ганцаараа үлдэх буюу Ginny машины ослоор мөн нар нөгчжээ.
Бараг 3 жилийн дараа Deanie эмнэлгээс гарч гэртээ харих ба тэрээр Johnny-ын гэрлэх саналыг барагалж зөвшөөрөөд байв. Түүнийг эцэг эх нь болон найзууд нь баяр хөөрөөр дүүрэн хүлээж авах бөгөөд Deanie-ын найзуудад эцэг эх нь Bud-ын талаар огт ярьж болохгүй шүү гэж үүрэгдэнэ. Гэтэл гэртээ ирсэн Deanie шууд л Bud-г асууж, уулзмаар байна гэнэ, энэ шаардлагыг хэн ч эсэргүүцэж зүрхлээгүй тул түүнийг Bud дээр аваачихаар болно. Bud энгийн тариачин болоод зогсохгүй бяцхан хүүтэй болж, дараагийнхан хүүхэд эхнэр Angelina-ын гэдсэнд байх агаад Deanie-г хараад гайхширсан байдал нь дорхоноо төлөв болно. Bud Deanie-г эхнэртэйгээ танилцуулах бол Deanie удахгүй хуримлах гэж буйгаа мөн хэлнэ. Энэ богино уулзалтаар тэд амьдрал юу өгнө тэрийг л хүлээж авахаас өөр аргагүй юм байна, байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байх ёстой юм байна гэдгийг ойлгохоос гадна одоо аз жаргалын талаар тэгтлээ их бодохоо больсноо ойлгоно. Deanie-г явахад Angelina-ын царайд бүхнийг ойлгосон нинжин бөгөөд хардсан төрх тодрох ба Bud эхнэр дээрээ очуутаа хоол хэзээ болох вэ гэж асуугаад уруулыг нь шимнэ. Буцах замд Deanie-ээс найзууд нь чи одоо хүртэл түүнд хайртай юмуу гэж асуухад Deanie амандаа Wordsworth-ын яруу найргаас уншиж байдаг.
Грек гаралтай Америкийн кино найруулагч Elia
Kazan-ын найруулж, мөн нэгдсэн улсын алдартай жүжгийн зохиолч William Inge-ын
(түүний хамгийн анхны кино зохиол) зохиолыг нь бичсэн уг романтик драм (мөн
насанд хүрч буй залуусын тухай) нь галзуурал, хуурамч дүр эсгэлт, хайр, салалт
хийгээд сексийн дарамтын цуурай болсон үзэсгэлэнтэй бөгөөд эмгэнэлтэй хосгүй
бүтээл болой. Эл бүтээл Elia Kazan-ын оргил ажлын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг
бөгөөд мөн тэрээр энэ киногоо өөрийнхөө бүтээсэн кинонуудаас хамгийн дуртай
бүтээл хэмээжээ. William Inge уг зохиолоороо Оскараас шилдэг кино зохиол төрөлд
ялалт байгуулсан ба киноны нэрийг Английн яруу найрагч William Wordsworth-ын
"Intimations of Immorality" гэх яруу найргаас авсан агаад уг яруу
найраг киноны турш хэдэнтээ үзэгдэнэ. Киноны түүх нь William Inge-ын Kansas
мужид өсөж том болохдоо мэддэг байсан хүмүүсийн бодит амьдралаас сэдэвчлэгдсэн
ба Inge уг түүхээ Kazan-д ярьж өгсөнөөр тэд хамтран ажиллаж кино болгохоор
болжээ. Inge эхлээд роман бичсэн бөгөөд дараа нь кино зохиол болгожээ. Кино
зохиол бичигдэхээс 2 жилийн өмнө Inge "Glory in the Flower" нэртэй
жүжиг тавьсан агаад Wordsworth-ын дээрх яруу найргийн мөрөөс санаа авсан тус
жүжигт нэгэн цагт дурлалцаж явсан дундаж насны эр, эм хоёр олон жилийн дараа
дахин уулзаж оройн хоол идэж буй талаар гардаг нь киноны ерөнхий санаатай төстэй
юм. Киноны гол 2 дүрд нэгдсэн улсын нэрт жүжигчин, Оскарын шилдэг эрэгтэй гол
дүрийн шагналд 4 удаа өрсөлдөж байсан Warren Beatty (түүний анхны бүрэн
хэмжээний кино ба Inge-ын жүжигт тоглож байжээ) болон мөн Америкийн шилдэг
эмэгтэй жүжигчдийн нэг байсан Natalie Wood (түүний намтрыг удахгүй бичнэ) нар
өндөр хэмжээнд бүтээсэн. The New York Times: Warren Beatty үнэхээр гэнэтийн
бэлэг байлаа. Түүний бүтээсэн нөхөрсөг, сайн залуугийн сэтгэл хөдлөлийн хийгээд
гүн бахдалын ялагдлын хөргийг гайхалтай бүтээсэн гэж магтсан. Харин Natalie
Wood өөрийн гоо үзэсгэлэн хийгээд гялалзсан байдлаараа хүсэл тэмүүлэлтэй
харгислал, толботоогүй цэвэр байдал болон хүчийг төгс үзүүлсэн ба түүний дүр
бүтээлт яруу найраглаг агаад киноны төгсгөлийн сцэн дээр гарах түүний нүднээс
киноны ёс суртахууны ач холбогдол, сэтгэл хөдлөлийн биелэлтийг гэрчилнэ гэжээ.
Судлаач, шүүмжлэгчид Warren Beatty болон Natalie Wood нарын тоглолтыг
үнэмшилтэй, сэтгэл татам гэж дүгнэсэн байхад киног ерөнхийд нь үнэн бөгөөд
үзэсгэлэнтэй хэмээжээ. Elia Kazan-г сөргөөр
шүүмжлэгчид нэлээд байсан ба зарим шүүмжлэгчид түүнийг бүдүүлэг гэж хэлсэн буюу
хэтэрхий театрын маягийн ба ёс суртахууны байдал нь шийдэгдээгүй гээд тухайн
үеийн эцэг эхийн байдал, мөн өсвөр насныхныг сексийн хандлагыг сайн илэрхийлж
чадаагүй гэж байв. Мөн бүхий л киноны хамгийн эмзэг тал нь кино зохиол гэж
шүүмжилсэн байдгийг Kazan-ын эвлүүлэгтэй холбож үздэг. Уг киног Америкийн
хамгийн шилдэг драмын нэг гэдэг бөгөөд TSPDT сайт уг киног бүх цаг үеийн
хамгийн шилдэг мянган киноны 530-р байрт жагсаасан бол Entertainment weekly
сэтгүүл хамгийн шилдэг их сургуулийн 50 киноны 50_р байрт эрэмбэлсэн ба
Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг хайрын тухай 100 киноныхоо 47-р байрт
жагсаажээ. Bud, Juanita хоёрын хүрхээн дээр үнсэлцдэг хэсэгт тэд Франц үнсэлтээр
үнсэлцдэг ба энэ нь Франц үнсэлцэл гарч буй анхны холливуудын кино юм. Natalie
Wood болон Warren нар тэр үед 22,23 настай байжээ. Natalie Wood-ын дүр живж
үхэх гэж оролддог билээ. Тэгвэл 21 жилийн дараа тэрээр живж үхсэн байдаг. Уг кино Reese Witherspoon-ын
дуртай кино ажээ.
Comments
Post a Comment