Led Zeppelin

 

Led Zeppelin - Hard rock, blues rock жанрын 44:56 секунд үргэлжлэх эл цомог бол Английн домогт Led Zeppelin хамтлагийн дебют цомог агаад 1969 оны 1-р сард анх худалдаанд гарсан энэ цомгийн талаар хэдэн үг хэлье. Led Zeppelin хамтлагийн үүсэл 1968 оны 7-р сард тарсан Английн Yardbirds хамтлагийн тарсантай холбоотой ба Yardbirds-ын гишүүн байсан Jimmy Page зарим дуунуудынхаа эрхийг эзэмшдэг байсан тул өөрөө хамтлаг байгуулахаар болсон бөгөөд j. P. Jones-г басс гитарчинаар авч, харин танилаараа дамжуулан Robert Plant-тай танилцаж улмаар нэг зорилготон болжээ. Page, Plant нарын хөгжмийн сонирхол, нэгдэл маш ихээр тохирч байсан ба Plant эртний найз John Bonham-г хамтлагтаа бөмбөрчинөөр урьсан нь ирээдүйн сүпер рок хамтлагийг бүрдүүлсэн байна. Ингээд тэд New Yardbirds нэртэйгээр Yardbirds-ын хуучин дуунуудыг шинэчилсэн хэлбэрээр скандинавын орнуудаар аялан тоглолт хийсэн байдаг. Уг аялан тоглолтын дараа Page хамтлагийнхаа нэрийг Led Zeppelin болгож өөрчилжээ. Цомгийг студид бичихэд ердөө 36 цаг л болсон агаад нэгт: хамтлагт студид төлөх мөнгө байгаагүй бол хоёрт: хамтлаг шууд бичлэгт ороход хангалттай бэлтгэгдсэн байжээ. Тухайн үед хамтлагийг ивээн тэтгэх компани болон ямар нэгэн хүн байгаагүй учир бүх төлбөрийг бараг Page өөрөө гаргасан байдаг. Good Times Bad Times энэ дуу хамтлагийн Их Британид амжилт гаргасан анхны сингл ба олны хүртээл болсон даруй рокын шинэлэг хүнд хэлбэр, найрал дуу болон олон төрлийн гитарын өнгөөрөө ялгарна гэж байв. Babe I'm Gonna leave you дууг 1950-д онд Anne Bredon зохиож байсан ба дахин найруулсан уг дуу нь Page Plant хоёрын хамтран ажилласан анхны ажлуудын нэг гэдгээрээ онцлог. Plant-ын дуулсан анхны хувилбар нэлээн хүнд байсан агаад Page-ын хүсэлтээр дахин бичүүлэхдээ арай зөөллөж өгчээ. You Shook Me дууны үгийг Willie Dixon бичиж Jeff Beck 1968 онд өөрийнхөө цомогт оруулчихсан байжээ. Тэрээр Led Zeppelin-г дууг нь өөрсдийнхөөрөө өөрчилж хуулбарласанд дурамжхан байсан гэдэг. Dazed and Confused дууг бас л 1967 онд Jake Holmes дуулчихсан байсныг Page өөрийнхөөрөө өөрчилжээ. Ингэхдээ тэрээр дууны тодорхой гитарын хэсэгт хийлийн нумаар тоглодог ба энэ санааг түүнд David McCallum Sr өгчээ. Jack Holmes зохиогчийн эрхийн асуудлаар хамтлагийг шүүхэд өгсөн ба 2010 онд шүүхээс гадуур тохиролцоонд хүрч шийдэгджээ. 
Тус дуу хамтлагийн эхэн үеийн амьд тоглолтуудад чухал байр суурь эзэлдэг байсан ба амьд тоглолтын үеэр дууг импровиац хийж тоглох нь элбэг бөгөөд 30 минут хүртэл үргэлжлэн тохиолдол байдаг. Your Time is gonna Come дуу Jones-ын орган сологоор эхлэх бөгөөд энэ дууг Bert Jansch-ын Black Water side хэмээх ардын дуунаас сэдэвлэжээ. Communication Breakdown дуу Page-ын гитарын тоглолтоор амилах агаад энэ дуу бол хамтлагаараа ажилласан анхны аялгуудын нэг байв. Мөн хамтлагийн замналын туршид чухал байр суурьтай дуу байжээ. I can't Quit you Baby дуу мөн л Willie Dixon бүтээл бөгөөд Led Zeppelin студид амьдаар бичүүлжээ. How Many More Times хамтлагийн эхэн үед амьд тоглолтыг нь хаадаг дуу байсан ба Howlin Wolf-ын How Many More Years дууг импровиац хийсэн хувилбар юм. Тус цомгийн ковер зургийг Page сонгосон ба 1937 онд шатаж байгаа агаарын хөлөг Hindenburg-ын гэрэл зургаас санаа авсан агаад мөн уг гэрэл зургаас хамтлагийнхаа нэрний санааг олжээ. Цомог худалдаанд гарсан дороо шүүмжлэгчдэд зад шүүмжлүүлсэн буюу The Jeff Beck Group-тай адилхан, Page-г хязгаарлагдмал продюсер, Plant-ын дуулалтыг Rod Stewart-тай адилхан этгээд болов ч сонирхол татам биш гэх мэтээр нүдээ өгчээ. Хэвлэл мэдээллийн энэхүү дайралтаас болж Led Zeppelin хамтлаг замналынхаа туршид хэвлэл мэдээллийнхээс хол байх болсон гэдэг. Гэхдээ тэд ярих биш үйлдлээрээ буюу тоглолтоороо өөрсдийгөө шилдэг болохыг нотолсон нь түүх билээ. Уг цомгийг рок хөгжмийн ертөнцийн эргэлтийн цэг болсон, hard rock болон heavy metal жанрыг хувьсгалыг эхлүүлсэн гэж үздэг бөгөөд зарим фенүүд нь хамтлагийн хамгийн шилдэг цомог гэдэг. Тус цомгийг VH1 бүх цаг үеийн хамгийн шилдэг жагсаалтынхаа 44-р жагсаасан бол Rolling stone сэтгүүл хамгийн шилдэг 500 цомог жагсаалтынхаа 29-р байрт эрэмбэлжээ. 2004 онд цомог Grammy-ын алдрын танхимд багтжээ.

Comments