La Grande Odalisque (1824) ~ J. A. D. Ingres бол неоклассик урлагт чухал хувь нэмэр оруулагч ба түүнд сэргэн мандалтын зураачид болох Raphael болон Titian, мөн Барокко зургийн классист Piussin нар хүчтэй нөлөө үзүүлжээ. Тийнхүү Ingres Италийн сэргэн мандалтын үеийг дахин судалж классик уламжлалыг хадгалахаас гадна улам боловсронгуй болгоход анхаарч, Францын уран зургийн консерватив зан байдлыг төлөөлдөг гэж үздэг. Гэсэн хэдий ч түүний замнал эмх цэгцтэй дүгнэлтийг үгүйсгэж, эмх замбараагүй зөрчилдөөнтэй байв. Ingres уран зургийн мастер байсан ч түүний хүний биеийг дүрсэлсэн зарим бүтээлд хүний анатомийг алдаатай байдлаар зурсан байдаг. Ingres-г академик урлагийн тэргүүлэгч гэж үздэг байсан ч тэрээр 44 нас хүртлээ Францын академиас татгалздаг байжээ. Түүний туйлын хүсэл бол түүхэн зургуудаараа танигдах байсан агаад түүний хамгийн хүчтэй зургууд хөрөг зургууд болон цөөн хэдэн хүнийг хамарсан зургууд байв. Зарим урлагийн шүүмжлэгчид Ingres-ын үзэл бодол хийгээд амьдралын хэв маяг уламжлалт хөрөнгөтнийх байсан гээд түүний зургаас ямар өндөр мэдрэмжтэй байсныг харж болно гэжээ. Ямар ч тохиолдолд түүний зурах чадвар маргашгүй болой. Ingres 17 настайдаа Францын шилдэг неоклассик зураачдын нэг J. L. David-ын урланд нэгдсэн ба 21 насандаа Prix Dr Rome шагнал хүртэж байжээ. Уг зураг нь Ingres-ын Valpincon Bather зургийг бодвол илүү нүцгэн биеийг дүрслэлтэй ба Ingres зургаа дорно дахины шинжтэй болгосон агаад урт сунгаж зурсан бие галбир нь жинхэнэ нүцгэн эмэгтэй биш төсөөллийн зураг дахь төсөөллийн эмэгтэй гэдгийг харуулна. Судлаачид Ingres уг зураг дээрээ хүний биеийн анатомийг алдаатай дүрсэлсэнийг баталдаг; тухайлбал нэг гар нь нөгөөгөөсөө богино байдаг байна. 1819 онд Odalisque Парисын салонд оролцоход Францын академийнхан болон шүүмжлэгчид Ingres-ын хэв маягийг ойлгоогүй байдаг ба анатомийн бодит байдлыг гажуудуулсан хэмээн шүүмжилжээ. Зурагт татвар эм диван дээр хэвтээд нүүр нь үзэгчид рүү эргэн харж байна; гар нь бидний нүдийг тансаг торгон хөшиг руу чиглүүлэх ба баруун хөл хийгээд зүүн тохой нь хилэн дэрийг онцолж өгнө.
Мөн тод улаан цэцгэн
хээтэй далайн өнгөтэй торгон хөшиг хүүхний биеийн дулааныг улам тодотгоно.
Ingres уг зурагтаа байнгын ашигладаг хэд хэдэн аргыг ашигласан; жишээлбэл
зурагт дүрслэгдсэн биеийг анхааралтай харвал зурагт гүн гүнзгий буруу ойлголт байгааг
харна. Эмэгтэй урт, мурий шугамаар зурагдаж, арьсыг нь хөнгөхөн гэрэл бүрхсэн
байгаа нь Caravaggio-ын хэтрүүлэгтэй chiaroscuro гэрэлтүүлэгээс ялгаатай юм.
Мөн тэрээр янз бүрийн гадаргуу, бөс даавууг зурахдаа гарамгай буюу дэвүүр,
хөшиг зэргийг маш нарийн зурсныг харж болно. Odalisque гэдэг үг нь Туркийн
Харемын татвар эм гэсэн үгнээс гаралтай агаад Ingres энэ зургийг Napoleon
Bonaparte-ын охин дүү, Naples-ын Хаан Joachim Murat-ын эхнэр Caroline-ын
захиалгаар зуржээ. Napoleon-ын дэглэм нурсанаар Ingres ажлынхаа төлбөрийг
аваагүй гэдэг. Энэ зураг түүний нүцгэн эмэгтэйг зурсан 2 дахь том зураг ба
зургийн санаа нь жинхэнэ эмэгтэй хүнийг харуулах буюу мөнхийн, өөрчлөгдөшгүй
эмэгтэйг дүрслэх зорилготой ажээ. Уг зураг дорно дахины баялаг, тансаг чамин
өнгөөр таны нүдийг баясгана.
Comments
Post a Comment