Back to the Future киноны талаар бичнэ гэж олон жилийн турш бодсоор ирсэн билээ. Бүх анги буюу трилогийг бичих үү, эсхүл өөрийн дуртай, бас хамгийн сайн болсон эхний 2 ангийг л бичих үү хэмээн эргэлзэж явсаар хамгийн гол эхний 2 анги хэрхэн бүтсэн талаар хөшигний ардах зүйлсийг нь бичихээр шийдсэн бөгөөд бүгдээрээ үйл явдлыг нь мэдэх учир энэ талаар илүү үг нуршихгүй байхаар шийдсэн бөлгөө.
Кино найруулагч, продюсер Bob Gale эцэг эхийндээ зочлон очоод подвалыг
нь "нэгжиж" байгаад эцгийнхээ их сургуулийн товхмолыг олсон бөгөөд
эцэг нь ангийнхаа дарга байсныг олж мэджээ. Gale өөрийнхөө ангийн дарга хэн
байсныг мэддэггүй байснаа тэр мөчид ухаарсан ба хэрвээ эцэгтэйгээ найз байгаад,
хамт их сургуульд явдаг байсан бол яах байсан бол гэж төсөөлж эхэлжээ. Gale Калифорни руу буцах замдаа эцэг эхийнхээ гэрт олсон санаагаа бодсоор Used Cars
кинонд хамтран ажиллаад байсан найз Robert Zemeckis дээр шууд явж ороод
санаагаа хэлжээ. Санаа Zemeckis-д таалагдсаны дээр тэрээр эхийнхээ сургуульд
байхдаа хэзээ ч хөвгүүн үнсэж байгаагүй гэснийг баталгаажуулыг хүсдэг байсан нь
энэ төслийг нөлөөлсөн байж болох юм. Ингээд тэд төслөө Colombia-д өгч, 1980 9-р
сард тохиролцон зохиол дээрээ ажиллаж эхлэв. Zemeckis, Gale нар киноны үйл
явдлыг 1955 онд болж буйгаар бичиж гол дүрийг 18 настайгаар дүрсэлж цаг
хугацааны аялагчаар бүтээхдээ логикийг зөрчихийг хүссэнгүй. Мөн заавал энэ
үеийг сонгосон нь тэр цаг бол rock n roll төрсөн, хотын захын дүүрэг тэлсэн,
өсвөр насныхны сэргэлтийн соёлын чухал үе болой. Киноны зохиолын эхэн үед цаг
хугацаагаар аялагч машины оронд хөргөгч байж, мөн Marty гэртээ харихын төлөө
Nevada-ын шалгалтын талбайгаас атомын эрчим хүчийг хулгайлан хэрэглэх ёстой бол
үүнийг Zemeckis эсэргүүцсэн буюу юуны өмнө киног дууриаж хүүхдүүд хөргөгчинд
орох бий, хоёрдугаарт цаг хугацааны машин гэвээс тухайн цаг үед илүү бодитой
сонсогдохуйц байжээ.
DeLorean машин
сонгогдсон шалтгаан бол загвар нь тариачин гэр бүлийн нисдэг таваг гэж буруу
үнэмшдэгтэй холбоотой юм. Zemeckis, Gale нар Marty болон Brown хоёрын харилцааг
үнэмшилтэй болгоход нэлээд зүдэрсэн бөгөөд аварга том гитарын өсгөгч хамтран
бүтээсэн болгосноор тэдний холбоог нэгтгэж чадсан бол Marty болон түүний
ээжтэйгээ үүсгэсэн Oedipal харилцааг ээж нь түүнийг үнсээд "яг л дүүгээ
үнсэж байгаа юм шиг" гэсэн хэсгийг бичиж байх үед л шийдвэр гарган
бүтээжээ. Biff Tannen дүрийн нэрийг студийн гүйцэтгэх захирал Ned Tanen-ын
нэрнээс авсан ба энэ гүйцэтгэх захирал Zemeckis Gale нартай маш түрэмгий дээрэнгүй харьцдаг байжээ. Gale
хожим Biff-ын дүрийг Donald Trump-аас сэдэвлэсэн гэж хэлсэн буй. 1981 оны 2-р
сар гэхэд кино зохиолын эхний ноорог бэлэн болж Colombia студид танилцуулсан ба
тэд кино зохиолыг үнэхээр дажгүй, хөөрхөн, дулаахан боловч сексийн агууламж
хангалттай биш байна хэмээн буцаажээ. Gale дурсан өгүүлж байна: тэд зохиолоо
Disney-д очиж үзүүл гэсэн санал тавьдаг юм байна, бид ч бүх том студиудад
үзүүлэхээр шийдсэн ч дараагийн 4 жилд ямар ч том студид манай зохиолыг сонирхоогүй
билээ. Энэ хооронд 2 ч ноорог бичигдээд амжжээ. 1980-д оны эхэн үед өсвөр
насныханд зориулсан эротик маягийн комеди кино амжилт олж байж, харин Gale,
Zemeckis нарын зохиол хэтэрхий хүүхдийн гэмээр байв. Ингээд эцсийн эцэст нэг юм
тэд Disney-тэй яриа хэлэлцээнд орсон боловч зохиолын хүүдээ дурласан эхийн
агууламж нь Disney-ын нэр дор гэр бүлийн киногоор гаргахад зохимжгүй гэж үзээд
больжээ. Тэд кино зохиолоо аваад Steven Spielberg дээр очиж зохиолоо үзүүлэхэд
Spielberg таалсан ч нээх хүчилсэнгүй, учир нь түүний 2 ч кино бүтэлгүйтээд
байсан тул ахиу эрсдэл хийхийг хүссэнгүй. Тиймээс төслийг хөгжүүлэх явцад
Spielberg "эзгүй" байдаг байсан бөгөөд хэрэв Sp дахин бүтэлгүйтвэл
ахиж хэзээ ч кино хийж чадахгүй болно гэдгийг Zemeckis дотроо сайтар ухаарч байсан
гэдэг. Ингээд Zemeckis төслөө түр хойш тавиад Romancing the Stone киног
найруулаад бокс оффист амжилт олов.
Амжилт гаргасан Zemeckis-ын төслийг энэ
удаа Spielberg түлхэсэнгүй, киног нь продюсерлахаар болов. Гүйцэтгэх захирал
Sidney Sheinberg кино зохиолд зарим нэг өөрчлөлт оруулах санал тавьсан байдаг;
тухайлбал Marty-ын ээжийн нэрийг (Meg гэж байсныг Lorraine болгох, учир нь эхнэрийг нь Lorraine гэдэг)
өөрчлөх, профессор Brown гэж байсныг Doc Brown болгох, мөн Brown-ын гэрийн
тэжээмэл сармагчинг нохойгоор солих гэх мэт өөрчлөлтийг гүйцэтгэх захирлын
хүслээр өөрчилжээ. Тэрээр мөн киноны нэрийг Space Man from Pluto болгохыг
хүсэв, учир нь "ирээдүй" гэсэн үг орсон нэртэй кино хэзээ ч амжилт
олж байгаагүй хэмээн зүтгэжээ. Арга ядсан Zemeckis Spielberg-ээс тусламж хүссэн
байна. Spielberg гүйцэтгэх захирал руу зурвас илгээснээр киноны нэр хэвээрээ
үлдсэн ажээ. Киноны анхны оргил хэсэг Marty Nevada дахь зэвсгийн туршилтын
үеэрх цөмийн дэлбэрэлтээр дамжуулан 1985 он руугаа буцдаг хэтэрхий өндөр
өртгөөр бүтэхээр байсан тул Universal студи энэ хэсгийг арай энгийн болгосон
буюу цагны цамхагийн хэсгийг оруулж өгчээ.
Хожим Spielberg хаягдсан хөргөгч, Nevada-ын цөмийн талбайн элементүүдийг
Indiana Jones and the Kingdom of the Crystal skull кинондоо ашигласан байна.
Marty McFly-д тоглох анхны сонголт Michael J. Fox байв, гэвч тэрээр Family Ties
гэх телевизийн цувралд тоглож байсан ба продюссерүүд нь түүнийг цуврал чухал
хэсэг гээд тавьж явуулах дургүй байв. Back to the Future-ын зураг авалт эхлэх
гээд байдаг, гэсэн Fox-г тавьж явуулсангүй. Ингээд Zemeckis продюсеруудын
анхаарлыг Mask киногоороо татаад байсан Eric Stoltz-г сонгосон ба ер нь киноны
жүжигчдийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт багагүй бэрхшээлтэй явагдсан
гэдэг. Marty-ын дүрд John Cusack болон Johnny Depp нарын нэр яригдаж,
шалгаруултад ч орж байжээ. 1984 үндсэн зураг авалт эхэлж, хэдэн долоо хоног
зураг авалт явсны дараа Zemeckis Stoltz-г сонгосон нь алдаа байсныг ойлгов.
Түүнийхээр Stoltz хангалттай комедик биш
байсан ба драматик тоглолт л үзүүлээд байж; Gale хожим энэ талаар: Stoltz
ерөөсөө биш байсан бол Fox байгаа байдал, зан чанар гээд ерөөсөө л Marty
байсан, ядаж байхад Stoltz тэшүүрээр явж чадахгүй байхад Fox чаддаг байлаа шүү
дээ гэжээ. Fox-д ч кино зохиол их таалагдаж, дүрийг авахыг хүсч байлаа.
Кино багийнхан
Family Ties-ын продюсеруудтай дахин уулзаж тохиролцоонд хүрсэн бөгөөд ингэхдээ
хуваарийн дагуу Fox Family Ties-д голлож анхаарахаар болжээ. Fox Marty-ын
дүрийг нухцтай хүлээж авч бүтээсэн бөгөөд өөртэйн их төстэй дүр байсан гэж
ярьсан байдаг; би их сургуульд байхдаа тэшүүр унаж, охидын араас хөөцөлдөн, рок
хамтлагт тоглодог байсны дээр рок од болно гэж мөрөөддөг байсан гэж тэрээр
хэлсэн буй. Тэшүүртэй хэсгийг тусгай мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар авсан
байна. Doc Brown-д Jeff Goldblum анх сонгогдсон байдаг ч Christopher Lloyd-д
дүрээ алджээ. Lloyd анх Brown-ын дүрээс татгалзсан агаад зохиолыг уншсаныхаа
дараа бодлоо өөрчилсөн, үүнд эхнэрийнхэн нөлөө бас байжээ. Lloyd зарим сцэн
дээр импровиацаар тоглож байсан ба Albert Einstein болон Leopold Stokowski
хоёроос дүрийнхээ санааг авсан байна. Marty-ын аав George McFly-д Crispin
Glover тоглосон бөгөөд Glover George-ын
номын зан байдлыг ерөнхийдөө импровиацаараа тоглож бүтээжээ. Marty-ын ээж
Lorraine McFly-д Lea Thompson тоглосон; ерөнхийдөө Lea-ын сонгогдсон шалтгаан
нь тэрээр Stoltz-той хамт The Wild Life кинонд тоглоод байсантай холбоотой юм.
Biff Tannen-д Thomas F. Wilson тоглосон бөгөөд уг нь анхны сонголт J. J. Cohen
байж, гэвч хангалттай том биетэй биш байсан тул дүрээс хасагдаж оронд нь Biff-ын
найзуудын нэгд тогложээ.
Marty-ын найз охин Jennifer-ын дүрд анх Melora Hardin
сонгогдсон ч Stoltz явж Fox орж ирсэнээр киноноос хасагдсан агаад шалтгаан нь
бүсгүй Fox-оос өндөр байжээ. Ингээд Claudia Wells сонгогджээ. Romancing the
Stone кинонд Zemeckis-тэй хамтарч ажилласан Alan Silvestri мөн энэ кинон дээр
нь ажилласан ба Zemeckis-ын зөвлөсний дагуу туульсын, ланжгар хөгжим зохиожээ.
Fox-ын гитар тоглодог хэсэг маш бодитой харагддаг; түүнд Paul Hanson гэх
хөгжимчин тоглох бүх хэсгийг нь зааж өгсөн байна. Кино 1985 оны зун нээлтээ
хийхэд Zemeckis амжилт олохгүй болов уу гэж бодож байв, учир нь Fox Family Ties
кинондоо тоглоод Back to the Future-ын зар сурталчилгаанд явах боломжгүй
байлаа. Гэхдээ бодит байдал эсрэгээрээ байж кино 11 долоо хоног бокс оффисыг
тэргүүлээд зогсохгүй нийтдээ дэлхий даяар $389 саяын ашиг олсон ба зөвхөн Америкт
л 59 сая билет заржээ. Roger Ebert киноны үндсэн санааг Frank Capra-ын
кинонуудтай адилтгахдаа It's a Wonderful life бүтээлийг онцолсон байдаг бөгөөд
продюсер Steven Spielberg классик холливуудын жинхэнэ кино урлагийг цуурайтуулж
байна гэжээ.
Мөн Zemeckis болон Spielberg хоёрын хамтралын зохицолыг магтаад
авчээ. The New York Times: түүхэн тэнцвэртэй, кино урлагт шоо шинэ хошигнолыг
авчирсан кино гэсэн бол Christopher Null: шинжлэх ухааны уран зөгнөлт, адал
явдалт, комеди, романс гээд бүх төрлийг агуулсан насанд хүрэгчдэд ч хүүхэд ч
үзэх боломжтой кино гэжээ. Chicago Reader: хошигнол, нухцтай байдал хийгээд
шинжлэх ухааны уран зөгнөлийг төгс тэнцвэржүүлсэн бүтээл гэсэн байхад Variety: жүжигчдийн
тоглолтыг магтаж, Marty, Brown хоёрын King Arthur болон Merlin нартай
харьцуулжээ. Gene Siskel уг киног 1985 оны шилдэг 10 киноны тоонд багтаасан.
Back to the Future 58 дахь удаагийн Оскарын наадмаас шилдэг дууны эффэкт төрөлд
ялалт байгуулсан бол Zemeckis Gale нар шилдэг эх зохиол төрөлд нэр дэвшиж
байсан. Entertainment weekly уг киног их сургуулийн талаарх шилдэг 50 киноны
28-р байрт жагсаасан бол Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг кино
жагсаалтынхаа 23-р байрт эрэмбэлжээ. Үүнтэй адилаар The New York Times болон
Total Film сэтгүүлүүд хамгийн шилдэг гэсэн жагсаалтадаа Back to the Future
киног багтаасан ба Америкийн кино хүрээлэнгээс шинжлэх ухааны уран зөгнөлт
жанрын шилдэг 10 киноны нэгээр нэрлэсэн байна.
Трилогийн нэгдүгээр ангид өсвөр
насны залуу Marty санамсаргүй байдлаар цаг хугацаагаар аялан 1955 онд буюу
ирээдүйд аав, ээж нь болох их сургуулийн оюутнууд дээр оччих ба ирээдүйн ээж нь
түүнд дурлачихна. Marty-ын энэ түвэгтэй байдлаас цаг хугацаагаар аялагч машин
зохион бүтээсэн галзуу эрдэмтэн Doc Brown гаргана. Тэгвэл хоёрдугаар ангид тэд
2015 он руу аялж гэр бүлээ сүйтгэсэн Marty-ын хүүг аврах бөгөөд ингэснээр Marty
ирээдүйн гэр бүлээ аврах боломж олдоно; гэвч энэ үед Biff цаг хугацааны машиныг
хулгайлаад өнгөрсөн рүү очоод ирээдүйд өөрт нь ашигтай байхуйц бүхнийг хийсэн
байна. Анх Киноны үргэлжлэлийг хийх
төлөвлөгөөгүй байсан ч эхний ангийн ялгуусан амжилтын дараа хоёрдугаар ангийг
хийх талаар эрчимтэй яригдаж шууд хөгжүүлэлтийн ажилдаа орсоноо Zemeckis хэлсэн
байдаг. Гэхдээ тэрээр Lloyd, Fox нарыг дахин тогловол л үргэлжлэлийг хийх
болзолтой байсан ба Lloyd Fox ч дахин тоглохыг зөвшөөрсөнөөр үргэлжлэл хийгдэх
нь албан ёсных болов. Gale ч мөн кино зохиол дээр дахин хамтрахаар болов. Эхний
ангийг Marty, Brown хоёртой Jennifer-г хамт байгаагаар төгсгөсөндөа Zemeckis
харамссан агаад учир нь цоо шинэ адал явдал зохиох боломжгүй болж харин
Jennifer--д тааруулсан түүх зохиохоос өөр аргагүй болжээ. Zemeckis өөр кинон
дээр ажиллаж байсан тул Gale анхны нооргийг ганцаараа шахуу бичжээ. Эхний ангийн
жүжигчдийн бүрэлдэхүүн тэр чигээрээ хоёрдугаар анги дээр эргэн ирсэн бол
Crispin Glover цалингийн асуудлаас болж хоёрдугаар ангид тоглохооргүй болсон
байна.
Хамгийн том сорилт бол 2015 оны Marty-ын ирээдүйн төрсөн хотыг бүтээх
байсан бөгөөд дизайнар Rick Carter бүх талаараа Blade Runner киноны хар бараан
өнгө аясаас өөр ирээдүйг зураглахыг хүсч байв. Carter болон кино багийнхан Hill
Valley-г ирээдүйн хот болгох гэж бүтэн сар ажилласан ажээ. Тэд ирээдүйг
гэгээлгээр бүтээхийг оролдож байсан агаад Orwellian биш, ихэнх шинжлэх ухааны
уран зөгнөлт кино шиг гутранги бишээр бүтээхийг чухалчилсанаас ирээдүйг
нарийвчлан таахыг зорилгоо болгоогүй гэдэг. Тайз засал болон кино зохиолыг
бүрэн бэлэн болгоход 2 жил шаардагдсан; мөн кино хийх явцыг маш сайтар нууцалж чадсан
байдаг. Хоёрдугаар ангийн зураг авалтыг хийж байхдаа давхар гуравдугаар ангийн
зургийг авч байсан буюу бараг зэрэгцэн бүтээж байжээ. Найруулагч Zemeckis өдөрт
хэдхэн цаг унтдаг байснаас нь ямар шаргуу ажиллаж байсан нь харагдана. Glover тоглохгүй гэснээр Zemeckis өмнөх нэгдүгээр
ангийн зарим бичлэгийг ашигласанаас гадна оронд нь Jeffrey Weissman-г
тоглуулахдаа нүүрэнд нь хиймэл хамар, хацар зэргийг суулган нарийн техник
ашигласан байдаг аж. Ингэхдээ илүү холоос зураглах юмуу нарны шилтэйгээр зураглаж
байжээ. Glover энэ явдалд эгдүүцэн шүүхэд хандаж, асуудлын Шүүхээс гадуур
шийдэгджээ.
Мөн эхний ангид Jennifer-ын дүрд тоглосон Claudia Wells дүрээ дахин
бүтэхээр төлөвлөж байсан ч хувийн шалтгаанаар гэнэт төслийг орхиж оронд
Elizabeth Shue Marty-ын найз охины дүрд тоглосон бөгөөд мөн трилогийн
гуравдугаар ангид ч тоглосон билээ. Back to the Future киноны видео тоглоом
2010 онд гарахад Claudia Wells дахин Jennifer-ынхээ дүрийн хоолойг бүтээх
боломж гарсан байна. 2015 онд Zemeckis өгсөн ярилцлагадаа: уг киногоороо
ирээдүйн зургийг яг таг гаргахыг оролдоогүй, миний хувьд кинон дээрх ирээдүйн
сцэнүүдээс зүгээр сэтгэлийн цэнгэл л авдаг, би ирээдүйг зөгнөх гэж оролдсон
кинонд дургүй. Ирээдүйн талаарх миний ганц дуртай кино бол Stanley Kubrick--ын
хийсэн кино гэжээ. Тэгвэл Gale: бид 2015 онд нисдэг машин бий болохгүй гэдгийг
мэдэж байсан, гэсэн хэдий ч бид тэгж л хийсэн юм хэмээжээ. Кино 1989 оны Талархлын
баярын урд өдөр нээлтээ хийсэн бөгөөд нийтдээ дэлхий даяар $331 саяын ашиг олж,
тэр жилийнхээ хамгийн их ашиг олсон киноны 3-р байрт эрэмбэлэгджээ. Энэ удаа
Roger Ebert эхний ангийн ухаалаг хүч алдагдсан гэж шүүмжилсэн ч тэшүүртэй
хөөцөлдөөнийг хэсэг болон киноны хошин байдлыг магтжээ. Empire сэтгүүл: тун
зугаатай бөгөөд трилогийн нөгөө хоёр ангиасаа огтхон ч дутахгүй гэжээ. Уг
кинонд Elijah wood хальт гардаг; Marty хоолны газар орж ирэхэд хоёр хүүхэд
видео тоглоом тоглож байдаг, тэдний нэг нь Elijah wood ба энэ түүний анхны кино
байжээ.
Comments
Post a Comment