Хүн болгон өөрсдийн шалтгаантай

 

 


The Rules of the Game (1939). Онгоцны нисгэгч Andre Парисын нисэх онгоцны буудалд амжилттай газардах мөчид түүнийг сэтгүүлчид, хүмүүс шаван авч нислэгийн амжилтыг нь тэмдэглэн байх үе бол 1930-аад он ба кино маань ийнхүү эхэлнэ. Andre-д баяр хүргэгсдийн дотор дотно найз Octave нь байх агаад Octave найздаа хайрт бүсгүй Christine нь баяр хүргэхээр ирээгүйг зүрхшээн байж хэлэхэд хөөрхий нисгэгчийн төрх байдал нэн өрөвдөм болж, радиогоор хэлсэн анхны үг нь хайрт бүсгүйгээ ирээгүйд тун харамссан бөгөөд зэмлэсэн утгатай байлаа. Австри-Францын язгууртан Christine амрагийнхаа тийнхүү гомдоллох үгийг өөрийн үйлчлэгч Lisette-ын хамтаар радиогоор сонсож байв. Christine 3 жилийн өмнө өөр шигээ сурвалжит гаралтай Robert гэгчтэй ханилсан ба бүсгүйн нисгэгчтэй амрагийн холбоотойг толгойтой бүхэн мэддэгийн дотор нөхөр нь хүртэл мэддэг ажээ.  Тэгвэл түүний үнэнч "зарц" Lisette Robert-ын эдлэн газрын ойн цагдаа Schumacher-тай суусан ч Lisette зүрх сэтгэлээ нөхөртөө өгөхөөсөө илүүтэй эзэгтэйдээ зориулах буй нөхөртөө хайргүйн илт энэ бүсгүй араар тавих боломжийг зүгээр өнгөрөөхгүй нэгэн бөлгөө. Robert тэнэг царайлаад эхнэртээ хууртагддаг нэгэн биш байв. Тэрээр эхнэрийнхээ найз хүүхэн Genevieve-тэй нууц амрагийн холбоотой ба Robert нууц амрагтайгаа утсаар холбогдоод маргааш өөрийнх нь эдлэн газарт болох багт наадамд ирэхийг хүснэ. Энэхүү багт наадам Robert-ын тансаг эдлэнд, сүрлэг харшид болох бөгөөд язгууртан, ихэс дээдсүүд уригдсан дотор Andre болон Octave нар байна, энэ Octave нь Christine-ын сайн найз болой. Зочид ирж, гэрийн эзэд ч тэднийг дайлж цайлах үеэр хайрлагсад хийгээд нууц амрагуудын хүслээр бадарсан нүгэлт харц бүхнээс тод гялтганана. Энэ үеэр ойн цагдаа Schumacher хулгайн анчин Marceau-г барина, хөөрхий амьдрах гэж яваа хулгайн анчинг Robert өрөвдөж шийтгэхийн оронд зөөгчөөр ажилд авна. Marceau бол үйлийн үргүй хүүхэмсэг эр бөгөөд шууд л Lisette-г эргүүлж эхлэхэд бүсгүй ч уриалгахан угтан хариулна. Даанч үүнийг нь ойн цагдаа харчих ба галзуутай уурлаж Marceau-г хашраах гэж шилтгээнээр нэг хөгийн юм болно. Багт наадам эхэлж зочид маань уусан архиндаа халамцаж эхлэхээс кино маань гол хэсэгтээ орох буюу шилтгээнд энд тэндгүй хайр сэтгэлийн "агсам" тавилт болно. Robert , Genevieve хоёрыг ангийн үеэр тэврэлдэж байхыг Christine харчихна; Robert Genevieve-д энэ харилцаагаа ингээд зогсооё, би эхнэртэй хайртай гэхэд Genevieve маш дургүйгаар хүлээж байх үеийг Christine дурандсан байжээ. Нөхрөө тийнхүү харсан бүсгүй Andre-ын хамт оргоё гэсэн саналыг шууд хүлээж авдаг ба Christine-г шууд зөвшөөрнө гэж бодоогүй байсан нисгэгч балмагдсан нь эргээд Christine-д энэ маань тийм ч шийдмэг биш байна гэсэн бодол төрүүлнэ. Энэ үед Robert  орж ирээд Andre-тэй зодоон үүсгэнэ, мөн энэ үед Marceau Schumacher нар зодолдон байж таарсанаар шилтгээн хөл үймээнд живнэ, харин энэ үеэр Octave Christine-г дагуулан ногооны хүлэмжийн байшинд орно. Найзууд олон зүйлсийг ярьсаар эцэст нь бие биедээ сайн болохоо ухаарцгааж Christine Octave-г дагаж явахад бэлэн гээд тэд хамт зугтахаар төлөвлөж Octave хүрмээ аваад ирье гэсээр шилтгээн руу явна. Энэ зуур зодоон намжиж Andre Robert 2 сайндаж нөхөрлөсөн байх бол Schumacher Marceau хоёр хоёулаа ажлаасаа хөөгдсөн байв. Schumacher эхнэрээ хамт явъя гэхэд Lisette эзэгтэйтэйгээ үлдэнэ гээд хөдлөхгүй; ингээд хөөгдсөн эрчүүд мөн найзууд болно. Хүрмээ авах гэж шилтгээнд орсон Octave Andre-тэй таарна, Octave гэнэт тэнэг бөгөөд сайхан сэтгэл гаргаж хүрмээ Andre-д өгөөд бүсгүй чамайг хүлэмжинд хүлээж байгаа, яваад оч хэмээн өөрийнхөө оронд явуулна. Хүлэмжинд Octave-г хүлээх Christine түрүүний зодооны үеэр сандарсандаа Lisette-ын хүрмийг өмсчихсөн байсан нь ажлаасаа халагдаад явж байсан ойн цагдаа, хулгайн анчин хоёрт холоос, тэгээд шөнө Lisette байна гэж андуурагдан  харагдах агаад хартай, догшин Schumacher эхнэрээ бас нэг өөр эртэй байна гэж бодоод буудаж алахаар шийдээд бэлдэж байхад харанхуйгаас Octave-ын хүрмийг өмссөн Andre гүйж яваад яг хүлэмжийн дэргэд иртэл түүнийг Octave гэж аль түрүүнээс хойш андуураад байсан ойн цагдаа буудан хөнөөнө. 
Хүн болгон өөрсдийн шалтгаантай ~ энэ өгүүлбэрийг Францын домогт кино найруулагч Jean Renoir нийгмийн (ангийн) комеди жанрын бүтээлээрээ тод томруунаар илэрхийлсэн юм. Уг мелодрамаас хошигнол руу, реализмаас фантааз руу, мөн комедигоос эмгэнэлт байдал руу хайр найргүй шилжих ба романтик далд явуулга, хүмүүний сул тал, анги нийгмийн арцалдааныг нэгэн шилтгээнд үзүүлэхдээ тухайн цаг үеийн Францын дээд язгууртан ангиас хулгайн анчин хүртэлх бүх давхаргыг хөгтэй хийгээд меланхоликоор зураглажээ. 1938 оны үед Jean Renoir замналынхаа ид оргил үедээ байлаа. Түүний La Grande Illusion бүтээл Венецийн кино наадамд түрүүлж, La Bete Humaine кино нь өндөр ашиг олж дараагийнхаа киног хийхэд санхүүгийн хувьд баталгаатай болгож Renoir ялгуусан амжилтаар дүүлэн нисч байлаа. 1938 онд дүү Claude Renoir-ын хамтаар NEF гэх кино компани байгуулсан ба тэр ондоо түүхэн драм төрлийн La Marseillaise киногоо хийж дуусгасан агаад дараагийнхаа киногоор комеди хийхийг хүсэв. Дэлхийн шинэ дайныг дэгдээх боломжийг бий болгосон Мюнхений зөвшилцөлд тэрээр ихээхэн санаа зовнисон бөгөөд шинэ киногоо өөрийнхөө пессимист үзлээ "дарах" зорилгоор "жаргалтай мөрөөдлийн" кино бүтээхийг эрмэлзэж эхэлжээ. Тэрээр киноныхоо зохиолыг бичихдээ Францын классик урлагийн томчууд болох P. D. Marivaux, P. A. Caron de Beaumarchais болон нэн ялангуяа A. De Musset-ын Les Caprices de Marianne бүтээлээс санаагаа авсан ажээ. Renoir Францын классик жүжиг Les Caprices de Marianne-г кино зохиол болгохын хүсэж, NEF ч уг жүжгийг кино дэлгэцнээ амилуулна хэмээн зарлажээ. Гэхдээ хожим Renoir Les Caprices de Marianne-г шууд кино зохиол болгохыг бодоогүй, зөвхөн дахин шинэчлэх маягаар бүтээснээс гадна мөн Францын өөр бусад классик зохиолуудаас санаагаа авсан гэж хэлж байв. 1939 оны 1-р сард тэрээр Karl Koch-ын хамтаар кино зохиол дээрээ ажиллаж эхэлсэн ба өөрсдийнхөө үеийн хөрөнгөтний ангийг нарийн дүрсэлсэн кино хийх болно гэж сэтгүүлчдэд хэлж байв. 
Renoir жүжигчдийнхээ харилцан яриаг импровиацаар хийхийг хүссэн тул кино зохиолынхоо гурваны нэгийг л бичиж үлдсэнийг нь нарийвчлан тоймлосон байлаа. Хожим Renoir киногоо Барокко хөгжимд тоглож буй бяцхан хамтлаг гэснээс гадна Францын классик комедиг харах байдал гээд, мөн энэ киногоороо тухайн үеийнхээ өөрийнхөө амбицыг илэрхийлсэн гэжээ. Les Caprices de Marianne болон Renoir-ын эл кино хоёр олон талаараа төстэйгөөс уг хоёр бүтээлд зуучлагчийн үүрэгтэй, бүх дүрийг хооронд нь холбодог Octave гэх дүр гардаг; уг дүр кинонд ч, жүжигт ч өөрийгөө өрөвдсөн, өөртөө эргэлзсэн "гунигтай алиалагчийн дүрээр гардаг. Киноны гол дүрүүдэд: Nora Gregor, Paulette Dubost, Mila Parely, Marcel Dalio, Julien Carette зэрэг Францын жүжигчид тоглосон ба найруулагч маань өөрөө Octave-ын дүрийг бүтээсэн. Renoir анх La Bete Humaine киноныхоо бүрэлдэхүүнийг тэр чигээр нь уг кинондоо тоглуулахыг хүссэн ба Jean Gabin Marcel Carne-ын кинонд тоглохоор болоод байсан учир татгалзсан бол Octave-ын дүрд найруулагч маань дүүгээ тоглуулах гэж үзэж байж. Christine-ын дүрд Renoir эхнэрээ тоглуулахаар төлөвлөж байсан ч Nora Gregor анхаарлыг нь татсан агаад Nora бол Австрийн сурвалжилтан Stahremberg-ын эхнэр байсан ба энэ эрхэм фашист намд том албан тушаалтай нэгэн байв. Nora анти-фашист байснаас гадна еврей хүн байсан учир нөхөр нь албан тушаалаасаа татгалзаж, улмаар хосууд Франц руу дүрвэсэн байна. Renoir киноныхоо гол дүрийг Nora-д өгөхийг маш их хүсэж байсан нь түүнд зориулж Christine-ын дүрийг өөрчлөхөд хүргэсэн байдаг; эндээс Renoir Nora-д хайртай болсон гэсэн яриа байдаг боловч Renoir энэ талаар Nora-ын Австри аялгатай яриа болон үнэхээр сайн жүжигчин байсан учир сонгосон гэж тайлбарласан буй. Киноны анхны эвлүүлгээс гарахдаа 3 цаг орчим үргэлжлэх хугацаатай байв. Renoir 113 минут болтол танасан ч продюсерүүдийн шаардлагаар Octave-ын ихэнх хэсгийг хассан байна. Эл бүтээл тухайн цаг үеийн Францын хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино болсон ба Renoir-ын өмнөх бүтээлүүдээс болж хүлээлт маш их байсан ч кино нээлтээ хийхэд бодит байдал өөр байсан буюу үзвэрийн үеэр үзэгчид шүгэлдэж, шүүмжлэгчид эх оронч биш, ойлгомжгүй гэх мэтээр дайрсанаар уг кино хүлээлтэндээ хүрч чадсангүй, Харин ч бүр ад үзэгдэх болсон байна. Эдүгээгийн судлаачид энэ киног яагаад тэр үед амжилт олоогүйг тайлбарлахдаа: маш их түвэгтэй, дэндүү ухаалаг бүтээл байсан гээд киноны харилцан яриа хийгээд найруулгын, техникийн хувьд үзэгчдэд цоо шинэ зүйл байсан гэсэн бол цаг үеэсээ түрүүлсэн санааг агуулсан кино байсан гэж хэлэгчдийн дотор Francois Truffaut: энэ киноны уур амьсгал хувийн шинжтэй болохоор үзэгчидтэй холбогдож чадаагүй гэж хэлсэн буй. Шүүмжлэгчид Renoir-ын тоглолтыг сайшаан магтсан байдаг агаад Renoir дайны эсрэг үзэлтэн, Коммунист намыг дэмжигч байсан болой. Кино нээлтээ хийгээд амжилтгүй хэдэн 7 хоног өнгөрсний дараа Renoir киногоо 85 минут хүртэл болгон танасан бөгөөд ихэнхдээ өөрийнхөө хэсгийг танажээ. 
1939 онд Францын засгийн газар уг киног сэтгэлээр унагам, аймшигтай бөгөөд ёс суртахуунгүй учир манай улсын залуу үед муу нөлөөтэй гэгдэж хориглогдож байв. Хожим Renoir эл бүтээлээ өөрийнхөө хамгийн том бүтэлгүйтэл гэж хэлсэн байдаг бөгөөд үүнээс болж маш их сэтгэлээр унаж, кино дахиж хийхээ болихуу эсхүл Францыг орхих уу гэж хүртэл бодож байсан гэдэг. Ингээд тэрээр боломж гарууд Францыг орхисон байна. Энэ кино дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үейин Европын дээд ангийн болон тэдний "зарц" нарын ёс суртахууны хүйтэн цэвдэг байдлыг харуулна. Renoir киногоо хийх явцдаа дэлхийн шинэ дайн болох гэж байгааг мэдсэн гэдэг ба уг мэдрэмжээ кинондоо шигтгэж өгсөн гэдэг бөгөөд энэ бол дайны кино, гэхдээ дайны тайлбар биш гэжээ. Renoir кинондоо түүхийн бодит байдлыг дүрслэхийг хүссэн, ингэхдээ тэрээр түүхэн баримтыг дахин шинэчлээд нийгмийн байдал яг чухам ямар байсныг тэрүүгээр нь зураглалыг хүссэн байна.  Үзэгчид яагаад кинонд дургүй байсныг Renoir тайлбарлахдаа уг киноноос тухайн үеийн Францын нийгэм үнэн төрхөө харж хүлээн зөвшөөрөөгүйтэй холбодог. Киноны туулай агнах сцэн хүн төрөлхтний дайны утга учиргүй байдалтай харьцуулагддаг ба Renoir анги хоорондын шалтгаанаар хүмүүс биесээ алах ёсгүй гэдгийг найруулагч харуулжээ. Renoir амьдрал дээр ан агнах юмуу амьтан хороох дургүй хүн байсан гэдэг. Renoir-ын сэтгэл хөдөлгөм объектив хүмүүнлэг дүр Octave-аар илрэхдээ бусдыг ингэж л ойлгох ёстой үлгэрийг бий болгоно. Renoir-ын анхны загвараар бүх дүр чухал агаад ямар ч эсрэг талын дүр үгүй юм. Тэрээр киноныхоо зураг авалтынхаа үеэр Барокко хөгжим сонсож урам зориг авдаг байсан агаад бага багаар миний санаа бүрэлдэн бий болж, Барокко хөгжмийн хэмнэлээр өдрөөс өдөрт санаа минь нягт нямбай болж байлаа гэж Renoir хэлжээ. Renoir зураглаач Jean Bachelet-ын хамтаар deep focus зураглалыг улам хөгжүүлж, тусгай линз ашиглан илүү гүн зураглах боломжийг бий болгосон буюу бараг бүх үед арын талыг харах боломж олгоно. Мөн Renoir close-ups, reverse shots, two shots зураглалуудыг ашиглажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 4-р байрт жагсаасан бол Sight & Sound мөн жагсаалтынхаа 4-р байрт эрэмбэлжээ. Эдүгээ энэ киног шүүмжлэгчид шедевр гэж өргөмжилдөг; зөвхөн киноны хувьд ч биш энэ бүтээл бол хуманизмын аугаа хөрөг зургаас гадна түүхэн баталгаа гэж үздэг. Leo Braudy: энэ кино бол үнэ цэнээр биш дүрмээр амьдардаг хүн төрөлхтний харуулсан ба чи тэр дүрмийг мэдэхгүй бол чи үхнэ; хэрвээ чи дүрмийг мэддэг бол өөрийн мөн чанараасаа хагацах хэрэгтэй болно. Roger Ebert: маш энгийн, маш төөрөлдөм  маш гэнэн, маш ууртай, мөн маш аюултай кино; чи уг киног зүгээр л үзчихгүй, чи энэ кинонд уусан шингэнэ. Gerald Mast: энэ кино бол хайрын бүтэлгүйтэл, нийгмийн бүтэлгүйтэл гэсэн байхад Pauline Kael: аугаа нийгмийн егөөдөлт, үхлийн бүжиг гэжээ. Woody Allen, Robert Altman, Alain Resnais, Mike Leigh нарт уг кино хүчтэй нөлөөлсөн байдаг ажээ. Francois Truffaut: энэ бол кинонуудын кино, кинод дурлагсдын итгэл үнэмшил;  маш их үзэн ядагдаж байгаад хожим маш их талархал хүртсэн кино.

Comments