Гюстав Флобер "Бовари хатагтай"

 

 



"Бовари хатагтай" бол Францын зохиолч Гюстав Флоберын анхны бүрэн хэмжээний роман ба романд хөдөөний хоосон, улиг болсон амьдралаасаа зугтах арга замыг хайх Эмма гэх бүсгүйн талаар өгүүлнэ. "Бовари хатагтай" 1856 оны 10-р сараас 1856 оны 12-р сарын хооронд La Revue de Paris сэтгүүлд цувралаар анх нийтлэгдсэн бөгөөд улсын прокурор зүй бус агуулгатай хэмээн Флобер руу дайрсан байдаг боловч 1857 онд шүүх Флоберыг гэм буруугүй гэж үзсэн; улмаар энэ хэрэг романыг алдартай болгоход том хөшүүрэг болсон буюу тэр ондоо роман хамгийн борлуулттай ном болжээ. "Бовари хатагтай" бол уран зохиолын реализм жанрын гол бүтээлд тооцогддогоос гадна дэлхийн уран зохиолын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий бүтээлийн тоонд багтдаг. Флоберын номоо бичиж байх үеийн нөхцөл байдал романд маш чухал үүрэгтэй юм. Юуны өмнө энэ нь Флоберын реалист аргыг хэрэгжүүлэхийн дээр тухайн нийгмээ тайлбарлах боломж олгох бол хоёрдугаарт энэ арга нь романы баатар Эмматай холбож өгнө.

 Судлаачид романы үйл явдал 1827 оноос эхлээд 1846 онд дуусдаг гэж тооцоолдог. Энэ өсөн өндийж байсан хөрөнгөтний анги давхаргыг хүндэтгэж байсан нэгдүгээр Луи Филиппийн хаанчлалын үетэй таардаг бөгөөд Флобер нийтийн амьдралыг үнэн зөвөөр дүрслэх гэж хичээжээ. Ионвилл дахь үзэсгэлэн яармаг үүнийг харуулдаг ба эл үзэсгэлэн яармагийг зохиолч зохиомжлон дүрслэхдээ тухайн цаг үеийн бодит байдлаас гажуудуулаагүйн зэрэгцээ үзэсгэлэн яармаг дээрх үйл явцыг цонхны араас ажиглаж буй юм шиг бодит сэтгэгдэл төрүүлнэ. Флобер хөдөө нутагт төрж, залуу насаа өнгөрүүлсэн учир хөдөө тосгоны байр байдлыг сайн мэддэг байв; тэрээр номондоо хөдөө газрын орчин тойрны амьдралын элементүүдийг үнэнчээр дүрсэлж өгсөнөөр хожим нь уран зохиолын реализм хөдөлгөөний эхлэл болсон гэж үздэг. 


Флобер тухайн цаг үеийн амьдралын эгэл хэв маягийг романыхаа баатрын хүсэл эрмэлзлэлтэй эсрэгцүүлж өгчээ. Энгийн амьдралын практик байдал нь Эммагийн романтик төсөөллийг хаадаг ба зохиолч дүрүүд болон найруулгадаа энэ харьцуулалтыг тусгаж өгдөг. Эмма өдөр тутмын бодит байдалдаа эгдүүцэн, улам бүр аашлах болдог. Хөдөө нутгийн хүмүүсийн нэг хэвийн байдал Эммагийн хүсэл тэмүүллийг байнга өсгөж байдаг агаад тэрээр хэрэггүй бөгөөд тохиромжгүй хөдөөний хомсхон боловсролтой хэдий ч хөрөнгөтний ангид байхгүй гоо үзэсгэлэн хийгээд аугаа чанар өөрт нь байгаа гэж итгэж байдаг. Флобер номынхоо зарим санааг сургуулийн найз, зохиолч байснаа эмч болсон найзаасаа авсан гэдэг бөгөөд Флоберын найз, бас ментор Луис Боуэ "газарт буусан" буюу байгаа юмыг бодитоор романаа бичвэл зохимжтой гэсэн зөвлөгөөг түүнд өгчээ. Флоберт эл бичгийн арга барил нь хамгийн чухал ач холбогдолтой байв. Романаа бичиж байх үедээ тэрээр "энэ ном юуны ч тухай биш, гаднаас ямар ч хамааралгүй, харин дотоод мөн чанарын хүчээр зохиогдсон ном байх болно" гэж бичиж байв. Мөн зарим судлаачид Флобер тухайн цаг үедээ анхны абстракт роман бүтээсэн нь В. Вулф, Ж. Жойс нарыг санагдуулам гэж байв. Флобер Бальзакын бичих хэлбэрт дургүйгээ ил тод хэлдэг байсан ч "Бовари хатагтай" нь Бальзакын чиг хандлагатай уран зохиолын реализмыг улам сайжруулсан тод жишээ болсон байдаг. Энэхүү роман дахь "реализм" ёс суртахуунгүй гэгдэн зохиогчоо шүүх хурлын хаалга татуулсан ба прокурор энэ роман зөвхөн завхай зайданг үзүүлээд зогсохгүй ерөөсөө уран зохиол дахь реализм бол урлаг хийгээд ёс журамтай бүхэн рүү дайрсан гэмт хэрэг юм гэж үзэж байсан ажээ. 

Реалист хөдөлгөөн зарим талаараа романтизмын эсрэг хариу үйлдэл байсан. Эммаг романтик сэтгэлийг илэрхийлэгч гэж хэлж болох агаад түүний оюун санаа болон сэтгэл хөдлөлийн үйл явцад, тэрээр өөрийнхөө бодит ертөнцтэй ямар ч холбоогүй байдаг. Зарим талаараа Флобер өөрийн мөн чанараа Эммагаар гаргасан гэж үздэг; тэрээр Эммагийн уран зохиолын мэдрэмж, сэрүүн зүүдлэх байдлыг байнга шоолдог. Түүний "Бовари бол Би" гэж мэдэгдэж байсан нь маргаантай ба бичсэн захидлууддаа тэрээр роман доторх сэтгэл хөдөлгөм зүйлсээс өөрийгөө холдуулдаг: "миний дуртай бүх зүйл энэ романд байхгүй, би өөрийнхөө амьдрал болон мэдрэмжээс юуг ч ашиглаагүй" гэсэн буй. Эмма тэдгээр романыг уншаагүй бол түүний хувь заяа арай өөр байх байсан байж магадгүй гэж М. В. Ллоса үздэг. "Бовари хатагтай" роман нь хөрөнгөтний нийгмийн тайлбар болсоор ирсэн буюу Флоберын үеийн хэзээ ч ухаарч чадахгүй мунхаг хүсэл тэмүүлэлтэй юмуу зүйтэй гэж үзсэн сэхүүн зандаа итгэсэн хувь хүний соёлын төөрөгдөлийг харуулдаг ба нэн ялангуяа Луи Филиппийн засаглалын үед дундаж анги өсөн нэмэгдэж ажилчин болон язгууртан ангиас эрс ялгаран танигдах болжээ. 

Флобер хөрөнгөтөн ангийг үзэн яддаг байв; хөрөнгөтөн анги нь оюун санаа хийгээд оюунлаг чанараараа өнгөц, түүхий амбицтайгаас гадна гүехэн соёлтой, материаллаг зүйлд дурладаг ба шуналтай, гэхдээ энэ бүхнээс хамгийн гол нь тэдний сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил нь ухамсаргүйгээр нэг юмаа давтсаар л байдаг гэж Флобер хэлж байна. М. В. Ллоса: Эммагийн драм бол хуурмаг үзэгдэл болон бодит байдлын хоорондох ангал, хүсэл тачаал хийгээд түүний биелэлт хоорондын зай ба энэ нь нэгэн зууны дараах аж үйлдвэржсэн нийгмийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөндийрлийг анхлан харуулсан дохио юм гэжээ. Уг роман зөвхөн эмэгтэй хүний романтик мөрөөдлийг харуулсан бус, мөн романы чухал дүр Шарль нь эмэгтэй хүний (Эмма) хэрэгцээ болон хүслийг, цаашлаад бодит байдлыг ухаарах чадваргүй байдаг билээ. 
"Бовари хатагтай" романыг уран зохиолын төгс туурвил гэж эдүгээ үздэг бөгөөд Х. Жэймс уг романыг төгс төгөлдөр хэмээсэн байхад М. Пруст Флоберын бичих хэлбэрийг хэлзүйн хувьд шижир алт гэж магтсан байдаг аж. Тэгвэл В. Набоков үргэлжилсэн үгийн хэлбэр нь яруу найраг ямар байдаг яг тэгж бичигдсэн гэжээ. Милан Кундера: "Бовари хатагтайгаас хойш урлагт романыг яруу найргийн урлагтай эн тэнцүү авч үзэх болсон гэж хэлжээ. Ж. Д. Чирико: хүүрнэх өнцгийн үүднээс авч үзвэл Флоберын "Бовари хатагтай" роман нь хамгийн төгс ном юм гэсэн байхад Ж. Барнс: хамгийн шилдэг роман гэж өргөмжилжээ. Энэхүү роман нь 19-р зууны туршид реалзмын зррилгын биелэл болж байсны дээр сэтгэлзүйн чиглэлд улам бүр өсөн нэмэгдэж, гаднах өнгөц байдлаас илүүтэйгээр бодол хийгээд сэтгэл хөдлөлийг үнэн зөвөөр илэрхийлийг чухалчлан авч үзжээ. Энэ байдлаараа М. Пруст болон Ж. Жойсын урд гишгэнэ. "Бовари хатагтай"-аас сэдэвлэн хийсэн бүрэн хэмжээний кино, ТВ-ын цуврал олон байдгаас Jean Renoir, Vincente Minnelli болон David Lean нарын аварга кино найруулагчдын бүтээлийг дурдаж болно. 

ҮНДСЭН САНАА: Роман хүмүүний амьдралын гүн дэх багахан хэсгийг ч болтугай үгээр бичиж илэрхийлэх боломжтой эсэхийг судалдаг. Флобер олон янзын техник ашиглан санаа болон сэтгэл хөдлөлийг зуучлан илэрхийлэх нь ихэнхдээ хангалтгүй байдгийг үзүүлдэг. Дүрүүд нь өөр хоорондоо харилцан холбогдох чадваргүй болох нь үгс тэдний юу хүсч байгааг төгс илэрхийлэх боломжгүйг харуулна. Жишээн; Шарль Родольфын захиаг уншаад Платоник хайр гэж буруугаар тайлбарладаг. "Бовари хатагтай" романд дүүрэн байх худал үгс нь романы хэлний хангалтгүй байдлын утга санааг дэмждэг ба үнэнийг  өөрийг нь илэрхийлэхээс илүүтэйгээр үнэнийг далдлах юмуу эсрэгээр дамжуулах зорилгоор үгс нь илүү үр дүнтэй байж болно гэж үзүүлдэг. Эммагийн амьдралыг "худал хуурмагийн тор" гэж дүрсэлдэг. Тэрээр нөхөр нь өөрийнх нь янаг амрагийн нууцыг илрүүлчих бий гэж сэрэмжлэхдээ нэг худлаа түүхээс нөгөө худлаа түүх зохиох хэрэгтэй болдог. Үүнтэй адилаар Родольф Эммаг хайрладаг гэж олон удаа худал үгс хэлдэг бөгөөд мөн тэрээр Эммагийн хэлдэг үгсийг хуурмаг гэж үздэг. Флобер хайрлагсдын худал үгсээр дамжуулан үгсээр үнэн зүйлд хүрэх боломжгүй юм гэсэн санаагаа илэрхийлжээ. Хэлийг хангалтгүй гэж үзэх гүн утга санаа нь реализмын сургуулийн эсрэг хариу үйлдэл юм. Хэдийгээр Флобер зарим талаараа реалист байсан ч амьдралыг үнэн зөвөөр зураглахад реализм нь романтизимаас илүү гэж үзэх нь буруу гэдэгт мөн итгэж байв. Тэрээр олон янзын дүрүүдийнхээ үйл явдлын туршлага хийгээд амьдралын бодит байдлын хооронд хурцадмал байдал бий болгохын тулд егөөдөлт романтизмыг ашигладаг агаад ингэхдээ уран зохиолын реалистик хүүрнэлийг егөөдөлт романтизмтай холин дамжуулдаг. 

Эмма нялх хүүхдээ эр хүн болно гэж найддаг, учир нь "эмэгтэй хүн үргэлж бэрхшээлтэй тулгардаг" гэсэн романы санаа нь Флобер тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайн мэддэг байсны нэг жишээ бөлгөө. "Бовари хатагтай" романы туршид бид Эммагийн дурлалт харчууд түүний   Амьдралыг сайн юмуу муу тийшээ өөрчилж чадах хүчтэй болохыг, харин Эмма өөрийнхөө амьдралыг өөрчлөх тийм хүч үгүйг харна. Шарль хүртэл Эммагийн хүчгүй байдалд хувь нэмэр оруулдаг. Шарлийн залхуурал түүнийг сайн эмч болоход саад болдог, мөн түүний авъяас чадваргүй байдал Эммагийн хүслийг хангаж чадах нийгмийн дээд давхаргад орох хүслийг гүйцэлдүүлэхэд саад болдог. Үүний үр дүн нь Эмма хөдөөний тосгонд мөнгөгүй гацжээ. Эммаг энэ амьдралаас нь оргуулж чадах санхүүгийн боломжтой Родольф нь түүнийг орхисноор Эмма бусад эмэгтэйчүүдийн адилаар өөрөө өөрөөсөө зугтаах чадваргүй болно. Леон эхлээд Эмматай төстэй санагдана; хоёулаа хөдөөний амьдралд сэтгэл дундуур байдаг ба мөн хоёулангийнх нь мөрөөдөл илүү дээр, илүү том зүйлс рүү чиглэнэ. Гэвч Леон эр хүн, тиймээс ч тэр хот руу явж мөрөөдлөө биелүүлэх хүчтэй байхад Эмма Ионвиллдээ үлдэх ёстой бөгөөд нөхөр, хүүхэддээ хүлэгддэг.

 Романы ёс суртахууны бүтэц нь Эммаг хийсэн үйлдлийнхээ хариуцлагаа хүлээхийг шаарддаг. Тэрээр эргэн тойронд нь байсан эрчүүдийг энэ бүхэнд буруутгаж чаддаггүй ба Шарль-д үнэнч бус байхыг эрх чөлөөтэйгөөр сонгосон бөгөөд түүний итгэл эвдэлтийн шарх эцэстээ үхэлд хүргэдэг билээ. Нөгөө талаар, Эммагийн нөхцөл байдал нь түүнд 2 л сонголт өгдөг; хайрлагсдаа сонгох эсвээс уйтгартай гэрлэлтдээ үнэнч үлдэх юм. Түүний Шарльтай гэрлэсний дараа, өөрт оногдсон хувь тавиланг сөрөн өөрийн хүч чадлаа хэрэгжүүлэх цор ганц сонголт нь үнэнч бус эхнэрийн явдал байв. Эрчүүдэд эд баялаг, хөрөнгө мөнгөнд хүрэх боломж байхад Эммад бусдад нөлөөлж болохуйц ганц үнэт зүйл бол бие махбодь нь байв, тэр энэ хөрөнгөөрөө зөвхөн ичгүүрийн үнэ цэнээр, бас худал хуурмагийг өргөжүүлэх нууцаар л арилжиж чадна. Эмма өрөө дарахын тулд мөнгө гуйхад эрчүүд мөнгөний хариуд бэлгийн харилцаа хүсдэг. Эммагийн сэтгэл дундуур байгаа нь Францын хөрөнгөтний ертөнцөд сэтгэл гонсгор байхтай хэлхээ холбоотой юм. Тэр өөрийнхөө анги давхаргынхаас илүү боловсронгуй бөгөөд гоц байхыг хүсдэг. Энэ бухимдал нь 19-р зууны сүүлийн хагасын түүхэн хандлага болон өсөн нэмэгдэж байсан нийгмийн тусгал болой. 

Флоберыг романаа бичиж байх цаг үед "хөрөнгөтөн" гэдэг үг нь дундаж анги гэсэн утгатай байсан агаад хувийн эд хөрөнгөгүй, язгууртан өвөг дээдэсгүй, гэхдээ бие махбодийн хөдөлмөр эрхлэлгүйгээр мэргэжлээрээ амьдралаа залгуулчихдаг хүмүүсийг хэлдэг байв. Тэдний дур сонирхол материаллаг зүйлсээр ялгарах шинж чанартай; тэд өөрсдийгөө ингэж зугаацуулж өөрсдийнхөө утга учрыг ингэж олдог болов ч үүнийгээ ялгаж ойлгож чаддаггүй. Флобер хөрөнгөтнүүдийн энэ мулгуу байдалд бухимддаг байсан агаад тэрээр Эммагаар дамжуулан дундаж давхаргыг үзэн яддагаа илэрхийлжээ. "Бовари хатагтай" роман нь хөрөнгөтөн анги ямар хөгийн, бүдүүлэг, хор уршигтай байж болохуйц хандлагатайг харуулдаг. Эм зүйч Омегийн нуршуу бөгөөд бүхнийг мэддэг яриагаар Флобер хөрөнгөтнүүдийн мэдлэгтэй, суралцсан, бүрэн ойлгоогүй технологийнхоо хүчинд итгэдэг юм шиг дүр эсгэлтийг шоолдог болой. Гэхдээ Оме нь зөвхөн инээд хүргэм биш бас аюултай нэгэн юм. Оме Эммагийн хордолтыг эмчлэх гэж оролдохдоо Эммад улам ч хор хохирол учруулдаг. Тэр хорыг шинжлээд хорны ерөндөг гаргаж авахыг хичээдэг. Хожим эмч түүнд Эммагийн амийг аврахын тулд ердөө хоолойн дээр нь хуруугаараа дарахад л болох байсан гэж хэлдэг билээ. 

СЭДЭВ: "Бовари хатагтай" романд үхэл хийгээд өвчний талаар сэтгэл түгшээм олон тайлбар байдаг бөгөөд энэ утгаараа уг роман нь аймшигтай санагдаж болно. Эдгээр тайлбар нь Флоберын ертөнцийн хатуу чанга, реалистик байдлыг онцлох агаад мөн Эммагийн ёс суртахууны доройтлын биет илрэл ажээ. Флобер өдөр тутмын амьдралын гадаргуу дор үхэл болон сүйрэл нуугдаж байдгийг бидэнд сануулахын хүссэн, мөн гэнэн хонгор байдал ихэнхдээ завхайралтай нягт уялдаатай байдгийг сануулжээ. Энэхүү амьдралын сөрөг талыг гүн авч үзэх нь зохиогчийн реализмын нэг хэсэг юм. Цонх нь Эмматай байнга холбоотой байдаг; бид Эммаг голдуу цонхоор гадагшаа харж, гудамжинд яваа Шарль эсхүл Леон руу баяртай хэмээн цонхны цаанаас гар даллаж буйг харна. Эммагийн хувьд цонхнууд нь амьдралаасаа зугтаах боломжийг илтгэнэ. Түүнийг сүй тавьсан тухайгаа мэдэгдэхээр цонхоо онгойлгоход цонхны хаалт хүчтэй савдаг ба Эмма мансардын цонхоор үсэрч амиа хорлох талаар боддог. Гэхдээ тэрээр хэзээч үнэхээр зугтахыг оролддоггүй. Тэр цонхныхоо ард үлдээд гаднах ертөнцийг харж, хэзээч олж авч чадахгүй эрх чөлөөгөө төсөөлөн үлддэг. Цонх нь мөн Эммаг өнгөрсөнд рүү аваачдаг буюу үдэшлэг дээр үйлчлэгч цонх хагалж, Эмма гадаа байх тариачинг хараад гэнэтхэн хүүхэд насаа эргэн санадаг. Хүүхэд насаа ингэж эргэн санах нь түүний хувьд нэгэн төрлийн "орголт" байж болох бөгөөд тэрээр энэ энгийн амьдралаасаа зугтаахыг хичээхээ больчихвол магадгүй амьдрал нь хамаагүй аз жаргалтай болж мэдэх юм.

 Гэхдээ тэр зугтаах боломжоос татгалзаж, өөрийнхөө олж чадахгүй чинээлэг романтик санааныхаа хүсэлд хоригдон үлддэг. "Бовари хатагтай" роман дээр гарах хоол хүнсний хэрэглээний тоо армийн 7 хоногийн хангамжтай тэнцэнэ. Эммагийн хуримын баяраас Боваричуудын өдөр тутмын хооллох хүртэл Флоберын дүрүүд байнга иддэг бөгөөд энэ аргаар буюу идэж буй байдлаар нь дүрүүдийнхаа чанарыг илэрхийлжээ. Хоолны ширээний ардах Шарлийн заваан байдал Эммагийн түүнийг үзэн ядах сэтгэлийг нэмэгдүүлэх бөгөөд Шарлийн бүдүүлэг, ухаалаг бус чанарыг илтгэдэг. Эмма цус гарсан хуруугаа сорох юмуу шилэн аягны ёроолыг хүртэл ууж байгаагаас бид түүний амьтанлаг суурь мэдрэмж хийгээд бие махбодийн сэтгэл ханамжийн хуял тачаалаа нууж чадахгүй байгаа дүр эсгэлтийг харуулна. Эммаг үдэшлэгт очиход ширээн дээрх тансаг хоол хүнс язгууртануудын ганган тансаг, ухаалаг байдлыг илтгэж, энэ тохиололд хэн юу идэж, яаж идэж байгаагаар нь анги зиндааг нь харж болно гэсэн үзүүлэлт ажээ.

 СИМБОЛ: Эмма Леонтой уулзахаар явахад араас нь сохор гуйлгачин морин тэрэгний араас дагадаг, энэ бол Эммагийн ёс суртахууны ялзралыг бэлгэдсэн зураглал аж. Сохор гуйлгачин тодорхой биш цөхрөлийг уйлан хайлан дуулдаг нь яг л шувууд, нарны гэрэл, ногоон навчсийг дуулж буй мэт байдаг. Энэхүү гэмтэй. гэнэн хонгор байдлаар Эмма өөрийгөө гоо үзэсгэлэн хийгээд завхайрлын холимог болгодог. Түүний үг, үйл хөдлөл хийгээд төсөөлөл гэмгүй бөгөөд сайхан эхнэрийн түүхийг өгүүлэх боловч түүний оюун санаа нь завхайралд автаж, худал хуурмаг харилцаанд улам тэнэгширдэг. Хожим Эммаг үхсэний дараа сохор гуйлгачин гуйлгачин залуухан охины мөрөөдлийн тухай дууныхаа төгсгөлд ирдэг бөгөөд үнэндээ энэ дуу цэвэр ариун охины талаар биш харин ч хуурамч эмэгтэйн талаарх бэлгийн харилцааны тухай дуу болохыг олж мэднэ. Энэ бол Эммагийн гэмгүй амьдралаас бэлгийн замбараагүй амьдралд орсны тусгал болой.

 Эмма Шарльтай хамт гэрт нь ирэхэд Шарлийн нас барсан эхнэрийн хуримын баярын баглаа цэцэг унтлагын өрөөнд байхыг анзаардаг ба хэрвээ өөрийг нь үхсэн тохиолдолд түүний хуримын цэцгийн баглаа яах бол гэж боддог. Хатаж гундсан цэцгийн баглаа нь үгүй болсон итгэлийг илэрхийлж, хуримын өдрийн гэрэл гэгээтэй бүхэн гашуун, хуучирч  байгааг харуулна. Нэг ёсондоо Эмма хуримын баглаа цэцгээ шатаадаг нь түүний хүсэл тачаал залуу насыг нь хийгээд амьдралыг нь устгахын зөгнөл юм. Бинегийн токар дээрээ цагираган амны алчуур хийдэг хэрэггүй зуршил хэд хэдэн утгыг бэлгэддэг. Нэгдүгээрт: хөрөнгөтөн ангийн хэрэггүй, бүтээмжгүй гангалах дур сонирхолын шинэ чанарыг илтгэх бол хоёрдугаарт: Эммагийн нэг хэвийн амьдралдаа гацсан байдлыг харуулдаг. Эмма цонхоор үсэрч үхье гэж боддог хэсэгт токарийн чимээ түүнд амиа хорлохыг урин дуудсан дуудлага шиг санагдана. Эцэст нь, токар нь уран дархчины дахин дахин давтан хийдэг энгийн, нэг хэвийн урлагийн бүтээлийг илтгэх бөгөөд Флобер өөрийгөө уран дархантай харьцуулдаг байсан билээ.   

Гюстав Флоберын "Бовари хатагтай" романы Шарль Боваригийн дүрийн анализ. Шарль нь Эммагийн үзэн яддаг нийгэм ба хувийн шинж чанарыг хоёулангийн төлөөлдөг. Тэр бол чадваргүй, тэнэгдүү, мөн төсөөлөн боддоггүй хүн юм. Романы хамгийн чухал илчлэлтийн мөчийн нэгэнд; Шарль Эммагийн нүд рүү хараад түүний сэтгэлийн оронд Эммагийн нүдэнд туссан өөрийнхөө бяцхан дүрсийг олж хардаг. Шарлийн өөрийгөө эрэгцүүлэн бодох мэдрэмж нь амиа хувиа хичээгч, өөртөө дурлагч биш бөгөөд харин романтик ойлголтоос үүдэлтэй энгийн, шууд мэдрэмжтэй байдаг. Энэ нь түүний ертөнцийг идеалист хэлбэрээр төсөөлөх чадваргүй юмуу ертөнцийн физик талын нууцлаг шинж чанаруудыг олж чадахгүйг харуулна. Үүний оронд тэрээр амьдралыг шууд байгаагаар нь хардаг бөгөөд харсан зүйлдээ хэзээ ч романтик шинжээ уусгадаггүй. Ийм учраас Эммагийн бие махбодь Шарлийн сэтгэлийг баярлуулдаг. Хүүрнэгч түүний харах өнцөгт төвлөрөхөд уншигчид Эммагийн хувцаслалт, арьс, үс гээд бүх нэрийн ширийнийг нь олж хардаг ч Шарль эхнэрийнхээ хүсэл тэмүүлэл хийгээд сэтгэлийн хямралыг олж харахгүй, харин ч төөрөлдөж алга болж байна. 
Эмма нөхөртэйгөө болон нохойтойгоо адилхан төрөл бүрийн юмсын талаар ярьж байхад Шарль тэнэг хүн шиг толгой дохиж инээмсэглэж байдаг. Шарль санхүүгээ зохицуулахад, мөн эхнэр нь илт худлаа яриад байгааг олж харахад даанч ухаан хүрэхгүй тэнэгээс гадна тэр бол чадваргүй, аймхай эмч юм. Нэгэн үзэгдэлд, тэрээр өвчтний хөлийг эмчлэхээр явж байхдаа мэддэг бүх хугарлаа санах гэж зүдэрч байгааг олж уншина. Хипполитын хөлний мэс ажилбар түүний санаа биш ч гэсэн бүхэлдээ бүтэлгүйтэл байдаг. Гэхдээ Шарль бол чадваргүй хүн юм. Тэр бие махбодийн хувьд муухай хүн боловч Флоберын дүрслэлээс харахад тэр үнэхээр үзэшгүй муухай хүн үү эсхүл зөвхөн Эммагийн нүдээр л жигшмээр харагдаж байна уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Төсөөлөн бодох чадваргүй ч Шарль бол Романы хамгийн ёс суртахуунтай, чин үнэнч дүрүүдийн нэг юм. Тэр Эмма-д үнэхээр хайртай бөгөөд өөрт нь үнэнч бус байсныг олж ухаарсан ч эхнэрээ уучилдаг. Тэр эхнэрээ өвдөхөд аврахын тулд чадах бүхнээ хийж, Эммагийн худал хуурмаг байдал нь өөрт нь сүйрэл шиг санагдах бүрт нь ашигтай эргэлзээ төрүүлж өгдөг. Юмыг шууд хүлээж авдаг, даруухан, шалиг биш, хүсэл тэмүүлэлгүй Шарль бол Эммагийн эсрэгцэл юм. Эмма мэдрэмжтэй, гоо үзэсгэлэнтэй, оюунлаг боловч ёс суртахууны хувьд доройтсон байдаг бол Шарль тэнэгдүү, уйтгартай боловч сайхан сэтгэлтэй хэвээр байдаг. 

Comments