Өндөр өсгийттэй Гэлэнмаа

 

  


The Lady Vanishes (1938). Европыг хөндлөн гулд туулах аялалын галт тэрэг цасан нурангаас болж Bandrika (зохиомол улс) улсад нэг хоног саатахаар болно. Зорчигчид маань галт тэрэгний буудлын ойрхон байх буудалд хоноглоцгоохоор болох бөгөөд яг энэ буудалд бид киноныхоо баатруудтай буюу гацсан зорчигчидтой танилцана. Ганц бие байх эрх чөлөөгөө эцсийн удаа мэдэрч яваа, гэртээ хариад айлын бэр болох гэж буй Iris бол үзэсгэлэнтэй, ухаалаг, бүхэлдээ сэтгэл татам хүүхэн юм. Iris 2 найз хүүхэнтэйгээ явах бол крикетын донтон Charters болон Caldicott нар буудалд буусан олон өнгийн зорчигчдын төлөөлөл болой. Бидний анхаарлыг эелдэгхэн, өгөөмөр байрын 60 орчим насны хатагтай Froy эрхгүй татах ба Froy сурган хүмүүжүүлэгч, мөн гэрийн багш мэргэжилтэй нэгэн бөгөад буудлынханд тэрээр тун сайхан сэтгэгдэлийг бүхий л байдлаараа төрүүлнэ. Iris-ын хажуу хөрш нь хөгжим судлаач Gilbert гэх өндөр, нүдэнд дулаахан, сайн залуу байх ч мэргэжлийн онцлогоос болж хүүхнийг унтуулахгүй; чухам энэ хэргээс болж тэд хөөрхөн арсалдаад авна. Ингээд маргааш нь зам нээгдсэнээр зорчигчид маань аян замдаа гарна. Iris найз хүүхнүүдтэйгээ салах ёс хийчихээд хатагтай Froy-д туслах гэж байгаад байшин дээрээс унагасан зүйлд цохигдон унана. Энэ явдал осол гэхээсээ илүүтэй Froy руу чиглэж явсан аюултай зүйлд Iris санамсаргүй өртсөн буюу санамсаргүйгээр Froy-ын оронд Iris оногдчихно. Iris галт тэргэнд суусан ч толгойн өвдөж, нүдэн бүрэлзэх бөгөөд Froy түүнийг халамжлан харна. Ингээд тэд аян замын найзууд болж ойр зуурын юмс ярин танилцах агаад тэдний хамт орсон тасалгаанд нэг ахимаг насны эмэгтэй, эхнэр хүүхэдтэйгээ яваа Итали эр нар байв. Froy Iris-д хамт цайлъя хэмээгээд дагуулан хамт хоолны тасалгаанд орно; тэд хоолны тасалгаанд орохоосоо өмнө санамсаргүйгээр нэгэн хостой таарч, Froy эрэгтэйтэй нь 2 үг солино. Эдгээр хос бол Eric болон түүний нууц амраг нар ба Eric хүн амьтанд нууц харилцаагаа мэдэгдэхийг үл хүсэх учир энд яваагаа гэдгээ бараг нууцална. Хатагтай нар цайлж суухад Iris-ын толгой дүйнгэсээр, бас хүний яриаг ч орон гаран сонсох бөгөөд Froy-г ногоон цайнд дуртай, тэрийгээ байнга биедээ авч явдаг болохыг хальт сонсохоос гадна сайн сонсож чадахгүй байгаа Iris-д нэрээ галт тэрэгний цонхон дээр бичихийг харна. Төдөлгүй Iris толгойноосоо болоод унтаад өгнө. Хэсэг унтсаны дараа сэрэхэд хатагтай Froy ор сураггүй алга болсон байлаа. Галт тэрэг энэ хугацаанд огт зогсоогүй агаад Iris-ын тасалгааныхан цөм ямар Froy? Юун Froy? Тийм ерөөсөө энэ галт тэргэнд анхнаасаа байгаагүй шүүдээ гэнэ. Гайхаж балмагдан, зүүд билүү, юу билээ гэж сандарсан Iris-г галт тэрэгний үйлчлэгчид Froy гэдэг хатагтайг мэдэхгүй, хараагүй гэж хэлэх нь үлэмж айлгана. Iris галт тэрэгний өрөө тасалгаагаар Froy-г хайж яваад Gilbert-тэй учирч болсон явдлаа хэлэхэд таарамж муутай танилцсан хөгжим судлаач маань хүүхнийг эхлээд шоолж тохуурхаж байсан эцэстээ боловсон эр гэдгээ харуулж түүнд туслан Froy-г хайхаар болно. Гэвч энэ Froy нь агаарт уусчихсан юмуу гэлтэй ул мөргүй алга болжээ, эсхүл ерөөсөө байгаагүй ч юм билүү? Ингээд Шерлок, Ватсон болсон 2 маань эхлээд Froy-той ярьж байсан нууц амрагууд дээр очно; тэд тийм хүн мэдэхгүй гэнэ, ингэх гол шалтгаанаа хожим Eric нууц амрагтаа энэ гайтай сенсаацтай хэргээс болж бидний харилцааг хүмүүс мэдчихээс сэргийлж худлаа хэллээ гэдэг. Iris сүүлд Froy-той хамт цайлж суухад яг дэргэд нь байж сахар дөхүүлж байсан крикетын донтогчид дээр очиход донтогчид энэ хэргээс болж крикетын тэмцээнээ үзэх цагаасаа хоцорч магад гээд бас л худлаа хэлдэг. Энэ үед галт тэргэнд явсан алдартай тархины мэс засалч Hartz тэдэн дээр хүрч очоод Iris-г толгойгоо цохиулсанаас болж хий юм харах болсон байх гэсэн нэлээд үндэслэгээтэй "онош" өгөх ба яг энэ үеэр галт тэргэнд Iris-ын дүрсэлсэн Froy шиг хувцастай эмэгтэй үзэгдэх бөгөөд энэ эмэгтэйг Froy биш харин Kummer гэх ажээ. Ингээд ерөнхийдөө Iris хий юм харсан, зүгээр л төсөөлөн бодсон юмуу зүүдэлсэн болох нь тогтоогдож өөрөө ч хүлээн зөвшөөрнө. Зэгсэн найзууд болсон Iris Gilbert нар хоол унд идэж тайвширхаар хоолны тасалгаанд орох буюу тэд яг Froy Iris нарын өмнө нь сууж байсан ширээнд суух ба цонхон дээр нь Froy гэж бичсэн бичиг хэвээр байхыг Iris олж харна. 
Их Британий нууцлаг триллер жанрын уг киног Ethel Lina White-ын The Wheel Spins романаас сэдэвлэж Sidney Gillliat болон Frank Launder нар кино зохиол болгож, суут Alfred Hitchcock найруулжээ. Уг кино нь Hitchcock-г холливуудын продюсерүүдийн анхааралд оруулж, Hitchcock-ын аугаа замналыг зассан бүтээл гэж хэлж болно. Уг киноноос өмнө хийгээд байсан 3 кино нь амжилт олоогүй байсан ба тэгвэл эл бүтээл асар их амжилт үзүүлсэний нэг жишээ бол алдарт продюсер David O. Selznick Hitchcock-г холливуудын киноны ирээдүй гэж хүлээн зөвшөөрч байснаас харагдана. Уг кино анхлан The Lost Lady нэрээр Ирландын найруулагч R. W. Neill найруулан бүтээгдэж байгаад больжээ. Шалтгаан нь Югослав дахь зураг авалтын үеэр Югславын цагдаа нар кино зохиолд өөрсдийг нь сайн байдлаар дүрслээгүй байна хэмээн уурсаж нутгаасаа кино багийнхныг хөөжээ. Жилийн дараа продюсер Edward Black Hitchcock-д киног найруулах татгалзахын аргагүй саналыг тавьсан буюу Hitchcock түүнд кино хийж өгөх "өртэй" байжээ. Hitchcock киноны нээлт болон төгсгөлийг илүү нягт болгохын тулд зохиолын зарим хэсгийг өөрчилсөн байдаг ч ерөнхийдөө зохиол тэр чигээрээ үлджээ. Hitchcock анх эмэгтэй гол дүрдээ Lilli Palmer-г тоглуулах гэж байгаад больж оронд нь тухайн үед хэний ч таньдаггүй байсан Margaret Lockwood-г тоглуулсан ба Margaret зохиолын эмэгтэй баатар тун их таалагдсан учир саналыг хүлээн авсан байна. Тэгвэл эрэгтэй гол дүрд тоглосон Micheal Redgrave кино ертөнц танигдаагүй ч театрын тайзнаа ид гарч ирж байсан од байж. Redgrave уг кинонд тоглосноор олон улсын од болсон байдаг агаад харин зураг авалтын үед Hitchcock Redgrave нар хоорондоо таарамж муутай байсан гэдэг; Redgrave илүү их бэлтгэл хийхийг хүсдэг байхад Hitchcock урсгалаараа байлгахыг хүсдэг байжээ. Тэд дахиж хэзээ ч хамтран ажиллаагүй билээ. Киноны романаасаа ялгаатай зарим нэг зүйлийг дурдвал; роман дээр хатагтай Froy эцэг эхтэйгээ уулзах гэж яваа ахимаг насны эмэгтэй байдаг бол Iris толгойгоо цохисноос биш харин наранд цохиулан мэдрэлийн төөрөгдөлд ордог ажээ. Мөн романд галт тэрэг огт зогсдоггүй, мөн төгсгөлийн хэсэгт буудалцаан байдаггүй. Redgrave-ын дүр кинонд хөгжим судлаач байхад романд барилгын инженер байдаг бол крикетын донтой дүрүүд Charters болон Caldicott нарыг зөвхөн киноноос л харж болно. Кино Их Британид нээлтээ хийсэн даруйд хит болж, тухайн цаг үеийнхээ Их Британий хамгийн амжилттай кино болжээ. Мөн Нью Иоркт нээлтээ хийхэд ер бусын, сэтгэл хөдөлгөм триллер хэмээн шуугив. BBC: ухаалгаар урласан триллер ба гайхалтай зугаатай кино гэсэн байхад BFI: Hitchcock-ын Их Британид бүтээсэн хамгийн ухаалаг бөгөөд гаргууд кино хэмээжээ. Кино нь гайхалтай дүрүүд болон олон ухаалаг, уран сэтгэмжит зүйлээр баялаг агаад ялангуяа зорчигчид амин хувиа хичээсэн сэдлээр Iris-ын түүхийг шалгахаас татгалздаг. 2 гол дүрийн харилцан тоглолт маш сайн болсон нь ер нь Hitchcock-ын кинонуудын хамгийн сайн дүрүүдийн нэг болсон гэж үздэг. 
Уг киног 20-р зуунд хийгдсэн заавал үзэх 100 киноны тоонд багтаадаг бол Guardian: хамгийн шилдэг комеди триллер, Их Британий хамгийн аугаа киноны нэг гэж дүгнэсэн бөгөөд TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 608-р байрт жагсаажээ. Hitchcock-ын талаас илүү кинонд хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зохиомжийн чухал суурь болдог; тухайлбал уг кинонд муу зүйл, эсрэг талын доктор дэлгэцнээ үзэгдэхээс урьтаж дуу чимээ түрүүлж сонсогддог. Мөн Gilbert хөгжим судлаач байхад Froy хөгжмийн багш байх жишээтэй. Классик байна уу, нийтийн байна уу, ялгаагүй Hitchcock-ын кинонууд хөгжмөөс хамаатай байдаг, энэ нь түүний кино зохиолоо логик үр дүнтэй болгоод зогсохгүй түүнээс гарах нөхцөл байдлыг олоход тусалдаг ба мөн ингэснээр ямар нэгэн симболик хийгээд зүйрлэлт санааг залхамгүйгээр ашиглахадаа үзэгчдийн оролцоог бас үйл явдлын урсгалыг үзэгчдэд хүргэх сайн арга гэж үздэг байв. Hitchcock-ын алдарт Cameo киноны төгсгөл хэрд гарна, найруулагч галт тэрэгний буудал дээр хар хүрэмтэй, тамхи татаж буйгаар гарна. Orson Welles уг киног 12 удаа үзсэн гэсэн байхад Francois Truffaut өөрийнх нь хамгийн дуртай Hitchcock-ын кино гэжээ. Крикетын донтогчдын талаар 1985 онд BBC мини цуврал хийжээ.

Comments