Амьдралыг тохиолдолд орхи

 


My Night at Maud's (1969). Канадад олон жил ажиллаж амьдарч байгаад Францын Clermont-Ferrand хэмээх хотод ажиллахаар ирсэн Jean-Louis бол 35 настай, хатуу католик шүтлэгтэй, эмэгтэйчүүд өөрийнх нь ёс суртахууны хэмжүүрийг өсгөдөг гэж ярьдаг тун аятайхан байрын залуу юм. Боловсролтой, мэдээж мөн соёлтой энэ залуу шашин шүтлэгээсээ болоод ч тэр үү, үнэхээрийн ёс суртахуунч нэгэн бөгөөд ганц бие байхаас залхаж ойрын үед эхнэртэй болох, хайрлан дурлахын хүсэлд автан яваа инженер мэргэжилтэй нэгэн. Clermont хотод зул сарын уур амьсгал хэдийнээ орж, хот гоёл чимэглэлээ зүүсэн байх агаад Jean-Louis сүмийн мөргөлд сууж байгаад үл таних шаргал үстэй хүүхэнг хараад дурлачихна. Хүүхэн сүмээс гараад мотоцикл унаж нарийнхан гудмжаар эвлэгхэн жолоодон явахад алдчихгүйг хичээн араас нь Jean-Louis машинаараа дагах хэдий ч гудамжны нарийнаас болоод хүүхнээ алдаж орхино. Jean-Louis дотроо энэ хүүхнийг л эхнэрээ болгоно гэж андайгална.

Jean-Louis нэгэн кафед 10 жилийн найз, энэ хотод философийн багш (бас Марксист) хийж байгаа Vidal-тайгаа санамсаргүй тааран хүүе хаая болно. Найзууд нэг газар сууж математик, Блейз Паскалын философийн талаар баахан ярилцаж, эцэст нь Vidal найзыгаа хамт хөгжим сонсоё гэснээр үзэгч бид тэдэнтэй хамт классик хөгжмийн тоглолт үзнэ. Vidal орой хамт өөрийнхөө таньдаг нэг хүүхнийд очиж орой хоол идэх саналыг Jean-Louis-д тавих ба найзууд хүүхдийн эмч, мөн ганц бие ээж Maud-ын гэрт очно. Maud саяхан нөхрөөсөө салсан ба тун үзэсгэлэнтэй, дур булаам хүүхэн байна, харин Maud Vidal хоёрын харилцаа жирийн найз биш амрагууд юмуу хосууд болох нь түвэггүй харагдана. Maud-ын 2 өрөөтэй, жижиг өрөөнд нь жаахан охин нь байх бол хүүхэн өөрөө зочны өрөөндөө унтана. Тэд ууж, хооллонгоо дарсны талаар, хоолны талаар мөн философийн талаар ярилцах ба тэдний яриа, биеэ авч яваа байдал нь үнэнхүү цэмцгэр боловсон. Согтсон Vidal харилаа гээд явчихна; энэ нь зориуд Maud Jean-Louis хоёрыг үлдээе гэсэн бодлоготой байсан нь шууд харагдана. Maud ядраад байна гэсээр шууд орондоо шургачих бөгөөд ингэхдээ нүцгэн унтдаг заншилтайгаа хэлээд хөнжлөөрөө гоолиг биеэ халхлан хэвтэнэ, харин Jean-Louis хажууд нь сандал дээр суугаад тэд бүхий л шөнөжин хайр, секс, гэрлэлт болон амьдралын талаар ярилцана. 

Jean-Louis түүнд сүмд харсан хүүхнийхээ талаар мөн өөрийн хатуу баримталдаг ёс суртахууны талаар ярихад Maud нөхөр нь католик шүтлэгтэй хүүхэнтэй явдагийг мэдсэн гээд бас өөрөө ч нууц амрагтай байсан ч тэр нь жилийн өмнө машины ослоор үхсэн хэмээнэ. Гадаа цас их орж, бүр шөнө болсон тул Jean-Louis Maud-нд хонохоос өөр аргагүй болох бөгөөд өрөөнд байх ганц том орон дээр унтах буюу Maud-ын хажуугаар орж хэвтэхээс замгүй болно. Jean-Louis хүүхний хажуугаар бүхлээрээ хэвтэж хөнжилд нь үл орох ч үүрээр даарч хөнжлөөс нь хуваалцах гэхэд хүүхэн түүнийг тэврэн авч улмаар тэд үнсэлцэж эхэлтэл Jean-Louis түүнийг цааш нь түлхчихнэ, үүнд Maud уурлаад угаалгын өрөөндөө орчихно. Maud-г тайвшран гарч ирэхэд Jean-Louis явахаар бэлэн болсон байх бөгөөд Maud-ын хүсэлтээр Jean-Louis түүний найзуудын хамтаар ууланд аялахаар тохирно. Jean-Louis ёстой л тохиолдлоор сүмд харсан хүүхэнтэйгээ кафены гадаа таарна; Jean-Louis хамаг ур ухаанаа гарган танилцаад хаана амьдардагийг нь мэдэж авна. Түүнийг Francoise гэдэг ба тэд сүмд уулзахаар болно. Уулын аялалын үеэр Jean-Louis өнгөрсөн шөнийг бодвол хамаагүй чөлөөтэй болж одоо Maud-тай илүү илэн далангуй харьцах буюу тэвэрч бас уруулын шимж, суух талаар яриа өднө. Тэд Maud-нд оройн хоол идэх бөгөөд Maud удахгүй өөр хот руу явах гэж байгаагаа хэлээд холбоотой байцгаана шүү гэсээр сална. Jean-Louis дахин нэг удаа Francoise-тэй гудамжинд таараад маш их цас орж байсан тул гэрт нь машинаараа хүргэж өгнө. Тэднийг Francoise-нд явж очиход орой болсон байсан тул Jean-Louis тэднийд хонохоор болж, ингэхдээ тусдаа өрөөнд унтана.

 Francoise түүнээс бараг арван насаар дүү, Биологийн чиглэлийн аспирант ба тун энхрий, ялдам хүүхэн байв. Дараачийн өдөр тэд хамт явж байгаад гудамжинд Vidal-тай таарна, Vidal нэг хүүхэнтэй явж байх агаад Vidal-г харсан Francoise-ын царай илт жигтэй болно, үүнийг анзаарсан Jean-Louis дараа нь энэ талаар асуухад хүүхэн Vidal-г миний багш байсан Хэмээдэг. Тэдний дараагийн болзоо тэр өдрийн цас шиг нэг л хүйтэн бас хөндий байна. Jean-Louis чухам юу болоод байгааг хүүхнээс асуухад Francoise саяхныг хүртэл эхнэртэй хүнтэй явдаг байснаа хэлнэ, энэ нь католик шашинтай хүүхний хувьд гэмшил хийгээд наманчлал шиг зүйл байв. Уг явдлаас хойш таван жил өнгөрчээ. Бид Clermont-ын байнга цас орсон харанхуй шөнийн бус нар гэрэлтсэн цэлмэг өдрийн доорх далайн эрэг дээр Jean-Louis-г эхнэр Francoise болон бяцхан хүүгийнх нь хамт олж харна. Jean-Louis эхнэр хүүхэдтэй ийнхүү явж байгаад ганцаараа яваа Maud-тай таарч; эхнэр хүүхдээ явуулчихаад Maud-тай хоёр үг солино. Maud хуучин нөхөртэйгээ эргэж нийлсэн ч амжилт олоогүйгээ хэлээд яагаад ярьснаараа холбоо бариагүй юм гэж асуухад Jean-Louis-д олигтой хэлэх үг олдохгүй. Тэдний яриа ингэсгээд өндөрлөж Jean-Louis эхнэр, хүүхэд рүүгээ очно. Эхнэр нь мэдээж жаахан хардангуй байгааг ажсан Jean-Louis Maud-тай хэрхэн яаж танилцаад яг юу болсныг эхнэртэй хэлэх бөгөөд ийнхүү хамаг бүхнээ ярьж байхдаа тэрээр Francoise-ын явж байсан залуу нь Maud-ын нөхөр болохыг ухаарна. Гэхдээ одоо Jean-Louis-д энэ бүхэн хамаагүй, тэр, мөн түүний гэр бүл аз жаргалтай байгаа учир өнгөрсөнийг дурсах хэрэггүй ажээ. Харин Jean-Louis эхнэр, хүүхдээ дагуулаад далайд сэлэхээр явахад нар тэднийг мишээн угтаж байв. 

Францын шинэ давалгааг үүсгэн бий болгогчдын нэг кино урлаач, кино шүүмжлэгч, сэтгүүлч, зохиолч Eric Rohmer-ын энэхүү романтик драм нь түүний ёс суртахууны зургаан үлгэр цувралын 3 дахь кино нь буюу уг цувралын хамгийн алдартай, бас шилдэг нь юм. Эр хүний ноён нуруу хаана очиж хугардаг вэ? Гэж бидний ярьдагчлан эл бүтээлд эр хүний ёс суртахуун, тэр дундаа өндөр итгэл үнэмшилтэй ёс суртахуун эмэгтэй хүн дээр очоод ямаршуу сорилтод орж буйг харуулах ба хайр болон сексийн өмнө ёс суртахуунтай байж чадах уу? Ёс суртахуун үүнд тэсэх үү? Гэсэн асуултыг тавьсан бүтээл. Эл бүтээл Rohmer-ын шүүмжлэгчдийн зүгээс хийгээд коммершил талаасаа зэрэг өндөр амжилт олсон анхны кино нь ба 1969 оны Канны кино наадмаар олонд хүрэхдээ олны таашаал талархлыг хүлээсэн бол нэгдсэн улсад жинхэнэ хит болж хамгийн их маргаан дагуулж олон жил сонирхогчдын ярианы сэдэв байсан шедевр болой. Мөн тэр жилийнхээ Оскарт шилдэг гадаад хэл дээрх кино болон шилдэг эх зохиол төрлүүдэд нэр дэвшиж байсан бөгөөд TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 274-р байрт жагсаасан байна. Киноны гол дүрүүдэд буюу 2 атейст болон 2 католик шүтлэгтэнд: Jean-Louis Trintignant, Francoise Fabian, Antoine Vitez болон Marie-Christine Barrault нар тоглосон. Канны наадмын шагналт Jean-Louis Trintignant сайн тоглолтоороо, Francoise Fabian үзэсгэлэн гуагаараа киног гоёно. Эл киноны хөрөнгө мөнгийг Francois Truffaut босгон бүтээлцсэн, учир нь кино зохиол түүнд асар таалагдсан гэдэг. Киноны үйл явдал зул сарын баярын өмнөх өдөр болж буйгаар гардаг тиймээс ч Rohmer зураг авалтаа зул сарын уур амьсгал орсон өдрүүдээр авахыг хүссэн байдаг. 

Гэтэл Jean-Louis Trintignant тэр үеэр завгүй байж таарсан тул киног бүтэн жилээр хойшлуулж байжээ. Киноны үндсэн сэдэв бол философич Паскалын "Мөрий" бөгөөд Maud, Jean-Louis нарын яриа үүн рүү л чиглэж, кино тэр чигээрээ Паскалын философи буюу хайрлалаа гээд алдах юмгүй, харин хайрлахгүй бол зарим нэг таашаалаа л хязгаардагдмал байдлаар алдана гэсэн санаа юм. Rohmer киноныхоо санааг 1965 оны The Talk on Pascal телевизийн шоунаас шууд санаа авчээ. Roger Ebert хэлж байна: энэ кино хайр, шашны шүтлэгтэн байх, биеийн хэл болон хүмүүсийн тоглодог тоглоомын талаарх бүх энэ маш нарийн сэдвийг маш энгийнээр нэгтгэж чадсан цор ганц аугаа кино гэжээ. Энэ бол боддог, эрэгцүүлдэгг хүмүүст зориулсан оюунлаг кино ба уг киноноос бид хүмүүний мэдлэгийн мөн чанарыг олж харна. Киноны хамгийн оргил бөгөөд хараа салгамгүй, киноны төв хэсэг бол Maud-ын өрөөнд буюу оронд өрнөх бөгөөд орны ирмэг дээр сандран бас эргэлзэн суух Jean-Louis хийгээд орон дотроосоо ус аваад өгөөч, тамхи асаагаад өгөөч  гэх хүсэлт, хөдөлгөөн бүр нь хүсэл тачаал, үндсэн зорилгийг нь харуулах Maud-ын зан араншин болой. Найруулагч Rohmer уг киноны камерийн ажиллагаагаараа ямаршуу мэдрэмжтэй кино урлаач болохоо харуулах ба дээр дурдсан Maud болон Jean-Louis нарын шөнийн сцэн кино урлагийн хамгийн гайхамшигтай сцэнүүдийн тоонд зүй ёсоор орно. Энэ бол ухаалаг хүмүүст зориулсан ухаалаг кино бөлгөө.

Comments