Диваажинг бүтээгч Эннио Морриконэ

 

 

2020 оны 7-р сарын 6нд Италийн хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжмийн олон хэлбэр маягаар уран бүтээлээ туурвигч, 20-р зууны Моцарт гэгддэг Ennio Morricone 91 насандаа нас барж урлагт хайртай бүх хүнийг гунигт автуулав. Урлагийн ертөнцөд аугаа их өв үлдээж одсон түүнийг бодон бид гашуудахаасаа илүү хийсэн бүхнийг нь дурсаж, гайхамшигт замналаар нь бахархасан гэвэл илүү ононо. Ennio-ын кино урлагт оруулсан хувь нэмэр дэндүү үлэмж, түүний хөгжмийг нь бичсэн киног үзээгүй хүн ганц ч байхгүй гэдэгт итгэлтэй байна. Киноны хамгийн чухал элемент болсон хөгжмийг түүн шиг мэдэрч, олон талт байдлаар бичсэн хүн ховор ба би түүний бүр цаг үеийн хамгийн аугаа киноны хөгжим зохиогч гэж боддог. 400 орчим киноны хөгжим бичсэнээс 100 орчим нь эдүгээ классик гэгдэх болсон Ennio Morricone-ын аялгуулга замналаар хамтдаа аялъя. Ennio 1928 оны 11-р сарын 10нд Италийн нийслэлд Libera Ridolfi, Mario Morricone нарын ганц хүү болж мэндэлсэн буюу 4 охинтой айлын ганц хүү нь юм. Түүнийг төрөх үед Итали фашизмын засагалал дор байсан ба аав хөнгөн найрал хөгжмийн хамтлагт бүрээчин байсан бол эх нь бяцхан бөс даавууны бизнес эрхэлдэг байлаа. Бяцхан Ennio-д аав нь хөгжим уншихыг, мөн хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр тоглохыг заажээ. Тэрээр Saint Cecilia-ын үндэсний академид орж Umberto Semproni-ын удирдлага дор бүрээ тоглож сурахаар болов. 1940 онд 12 настайдаа хөгжмийн дээд сургуульд элсэн орж 6 сар амжилттай суралцсаны эцэст 4 жилийн хөтөлбөрт хамрагдаж чадав. Goffredo Petrassi-ын удирдлага дор бүрээ, найрал хөгжим хийгээд хөгжмийн зохиомжид суралцав. 1941 онд тэрээр Carlo Zecchi-ын найруулсан найрал хөгжмийн аялан тоглолтод Sanit Cecilia академиас сонгогдов оролцсон агаад 1946 онд бүрээчний дипломаа авлаа. Ennio хөгжмийн зохиол болон найруулга дээрээ ажилласаар байж 1952 онд хөгжмийн найруулгын диплом, 1954 онд хөгжмийн зохиомжийн диплом тус тус авч хөгжмийн суурь боловсролоо баттай бэхжүүлэв. 
Тэрээр анхны хөгжмийн зохиолоо 6 настайдаа бичсэн нь төрөлх авъяасаа хөгжүүлэх том урам зориг болжээ. 1946 онд тэрээр Il Mattino гэх бүтээлийн хөгжмийн зохиов; дараа жилүүдэд нь театрын классик бүтээлүүдэд зориулж хөгжим бичсэн бөгөөд залуугаасаа л сонгодогуудаар амьдарч байв. 1953 онд Ennio удирдлагуудаасаа үдшийн радио шоунд зориулж Америк маягаар найруулсан хөгжим бичихийг асуув. Ennio үргэлжлүүлэн классик хөгжим дээр ажиллаж байсан нь түүний хөгжмийн эрч хүчтэй бөгөөд уян хатан байдыг замналынх нь турш оршсоор байсан юм. 1954 оноос 1956 оны хооронд тэрээр олон тооны найрал хөгжмийн болон найрал дууны бүтээл туурвисан байна. Радио драмын арын хөгжим бичиж алдаршсан Ennio маш хурдан киноны хөгжим рүү шилжлээ. Түүний хөгжмийн найруулагчийн замнал 1950 оноос эхтэй бөгөөд радио нэвтрүүлэгт зориулсан алдартай дуунуудын найруулгыг хийжээ. 1956 оноос гэр бүлийнхээ амьдралд тус нэмэр болохын төлөө Италийн RAI телевизид поп дууны найруулга хийхээс гадна жазз хамтлагт тоглож эхэлжээ. 1958 онд түүнийг RAI хөлсөлсөн ч Ennio ажилд орсон эхний өдрөө л ажлаасаа гарсан ба учир нь компаний дүрмээр компаний ажилчин бие даан уран бүтээл хийх ёсгүй байлаа. Ингээд Ennio шилдэг студи болох RCA -д найруулагчаар орж олон мэргэжлийн шилдэг хүмүүстэй хамт ажиллах болжээ. Тэрээр замналынхаа турш үндэснийхээ болон олон улсын жазз, поп уран бүтээлчидтэй хамтран ажилласан ба үүнд Gianni Morandi, Alberto Lionello, Edoardo Vianello нарыг дурдаж болно. 1963 онд Roby Ferrante-ын хамтаар Ogni volta дууны хөгжмийг бичсэн бөгөөд энэ дуу 1964 онд San Remo-ын наадамд Paul Anka-ын дуулсанаар олны хүртээл болж, улмаар дэлхий даяар 3 сая хувь зарагдсан. Түүний найруулсан поп хөгжмийн амжилт ингээд зогсохгүй Mina-тай хамтарсан Se Telefonanda дуу хит болж, эдүгээ Mina-ын замналын хамгийн шилдэг бүтээл гэгдэх болжээ. Ennio-той хамтарсан олон улсын одод Sting, Pet shop Boys, Andrea Bocelli зэргийг дурдаж болно. Анхны киноны хөгжим нь 1954 онд төгссөнийхөө дараа тэрээр "сүнс" зохиолчоор ажиллаж эхэлсэн байдаг агаад телевизийн хэд хэдэн бүтээлд ажилласнаас гадна тухайн үеийнхээ Италийн шилдэг киноны хөгжим зохиолчдын ард даруухан үлдэж байсан ба зарим тохиолдолд Don Savio, Leo Nichols гэсэн нэрээрээ уран Бүтээлээ туурвиж байв. 
1959 онд Mario Nascimbene-ын хөгжмийг нь зохиосон Morte Di Un Amico кинонд удирдаачаар ажилласан агаад мөн ондоо Il Leito гэх театрын бүтээл дээрээ ажиллав  1960-д оноос байдал арай эерэг болж эхлэв; 1961 оны Il Federale кинонд Ennio жинхэнэ нэрээрээ ажилласан буюу албан ёсны кино дебют нь болсон байна. "Миний анхны кинонууд хөнгөн жанрын комеди кинонууд байсан, ийм кино энгийн хөгжим шаарддаг учир бүтээхэд амар байдаг, гэхдээ би том найруулагчдын чухал кинонд ажиллаж эхэлсэн ч энэ энгийн комеди жанраа хэзээ ч бүр мөсөн орхиогүй" гэж Ennio нэгэн ярилцлагандаа хэлж байжээ. Энэ үеэс тэрээр avant-garde хэлбэрийг сонирхож, энэ хэлбэрээр уран бүтээлээ хийж эхлэв. 1964 онд байгуулагдсанаас хойш 1980 онд тарсан Gruppo di improvvisazione Nuova Consonanza хамтлагийн чухал хэсэг болсон ба энэ хамтлаг бол чөлөөт импровициар avant-garde жанраар бүтээлээ туурвидаг хөгжмийн зохиолчдоос бүрдэнэ. Ром хотоос гаралтай энэ avant-garde чуулга нь импровиацаар хөгжүүлсэн хөгжмийн шинэ арга барил олоход чиглэж байв. Энэ нь бараг лабораторийн ажил шиг байв. Ерөнхий хөгжмийн системийн эсрэг байж дууны техникийг дахин тодорхойлж, шинэ хөгжмийн дуугаралтыг судалж байв. Энэ хамтлаг 7 цомог гаргаснаас 1970 оны The Feed-back агаад жазз, панк болон avant-garde жанрын дуугаралтыг хольсон цомог бөлгөө. Эл хамтлагийн гишүүд ээлжлэн солигдож байсан ч Ennio хамтлагийн хамгийн чухал гишүүн байсаар ирж; уг чуулга Ennio-ын хамтаар багагүй киноны хөгжмийг бүтээсэн байна. Il Gruppo-ын нөлөө Англид болон Европоор өргөн тархаж, адил бүтэцтэй юмуу даган дуурайсан хамтлагууд олноор төрсөн ч анхдагчынхаа эн зэрэгт хэзээ ч хүрээгүй юм. Ennio кино урлагтай анхлан холбогдохдоо хөнгөн комеди жанраас эхэлсэн бөгөөд яг эндээс л тэрээр хэрхэн ажиллахаа ёстойгоо суралцжээ. Жараас далаад оны үед Winged Devils, This Kind of Love болон A Fine Pair зэрэг комедийн хөгжмийг бичсэн бөгөөд түүнийг алдартай болгосон комеди киноных нь хөгжим бол Tie Me Up!, Il Iadrone нарыг дурдаж болох ба Ennio хэзээ ч комеди кинонд ажиллахаас татгалзаж байгаагүй ажээ. Сургуулийн найз Sergio Leone-ын анхаарлыг татсан Америкийн ардын дууны найруулгаас өмнө тэрээр энгийн л нэг хөгжмийн зохиолчоороо байсаар дуусахаар байсан болов уу. Sergio Leone-той хамтрахаасаа өмнө Ennio алдартай болоогүй ч хэд хэдэн Вестерн кинонд ажилласан байдаг ба 1964 онд түүний амьдрал хийгээд замнал эгнэгт өарчлөгдсөн буюу Leone--ын Вестерн жанрын A Fistful of Dollars киноны хөгжмийн бичсэнээр дэлхий дахины хүн болоод зогсохгүй хойшдын замнал нь тодорхой болжээ. Төсөв мөнгөний хязгаарлагдмал байдлаас болж тус кинонд тэрээр найрал хөгжмийг бүрэн ашиглах боломжгүй байсан учраас буун дуу, шахуурдах чимээ, исгэрэх чимээ зэргийг ашигласан ба энэ тухайн үеийн стандарт болох John Ford-ын Вестернээс ялгаатай байв, гэхдээ сохорсон биш завшив гэгч болсон буюу Leone-ын харгис хүчирхийлэлтэй, ойроос зурагласан бараан комеди жанрыг Ennio-ын хөгжим улам сайжруулан боловсронгуй болоход тус болжээ. A Fistful of Dollars кино тухайн цаг үедээ өөр ямар ч Итали киноны олоогүй өндөр ашиг олж, олон түмний дунд Spaghetti Western жанр гэсэн нэршлийг үүсгэв. 
Ennio уг амжилтынхаа дараа Leone-ын Dollars трилогийг бүрдүүлэгч For a Few Dollars More болон The Good, the Bad and the ugly кинонуудын хөгжмийг мөн бичсэн бөгөөд уг трилогийн бүх ангид Clint Eastwood тоглодог билээ. "Зарим хөгжим киноноос өмнө бичигдчихсэн байсан, энэ нь хэвийн зүйл биш юм. Leone хөгжмийг киноны хамгийн чухал хэсэг гэж үздэг байсантай холбоотой ба сцэнүүдийг удаан үргэлжлүүлэхийг хүсдэг байсан, учир нь тэр хөгжмийг дуусгахыг хүсдэггүй байсан" гэж Dollars трилоги яагаад тийм удаан байдаг юм бэ гэсэн асуултад Ennio тийнхүү хариулсан байдаг. The Good, the Bad and the ugly киноны хөгжим болох The Ecstasy of Gold бол Ennio-ын хамгийн алдартай зохиолуудын нэг ба Ramones, Metallica зэрэг рок хамтлагууд амьд тоглолтынхоо үеэр уг хөгжмийг ашигладаг ажээ. Dollars трилогийн амжилтын дараа Ennio Leone-ын бас нэгэн шедевр болох Once Upon a Time the West киноны хөгжмийг бичсэн уг киноны хөгжим дэлхий дээрх хамгийн олон хувь борлогдсон оригнал хөгжим болсон буюу 10 сая хувь зарагдсан байна. Ennio Leone хоёрыг хамгийн үлгэр жишээ кино найруулагч болон хөгжмийн зохиолчид гэдэг ба тэдний хамтарсан сүүлчийн бүтээл бол Leone-ын эцсийн кино Once Upon a Time in America байлаа. Тэрээр Spaghetti Western жанраар ганцхан Leone-той хамтраад байсангүй; Sergio Sollima, Sergio Corbucci нарын Вестерн жанрын олон арван киноны хөгжмийг бичжээ. Leone-ын кинонууд Ennio-г алдаршуулсан гэж үздэг, 1960-аад оны үед тэрээр маш олон киноны хөгжим бичсэн агаад 1968 онд киноноос гадуурх ажлаа багасгаж тэр жилдээ л гэхэд 20 кинонд ажиллажээ. Мөн тэрээр Gillo Pontecorvo, Umberto Lenzi, Tinto Brass, Pier Paolo Pasolini болон Bernardo Bertolucci нарын эротик, түүхэн туульсын, драм жанрын шилдэг кинонуудад ажиллажээ. Ennio-ын эрч хүчтэй арга барил хоррор жанрт ч амжилттай байсан; тэрээр Dario Argento-ын олон хоррорын хөгжмийг бичсэн бол Италийн Giallo жанрын олон триллерийн хөгжиийг бичжээ. 1977 онд Ezorcist 2: The Heretic, 1982 онд John Carpenter-ын The Thing зэрэг хит хорроруудад ажилласан байна. 1974-1975 оны хооронд Spazio 1999 нэртэй их британи-италийн хамтарсан телевизийн цуврал дээр ажиллав. Тэгвэл 1978 онд Terrence Malick-ын шедевр бүтээл Days of Heaven киноны хөгжмийг бичиж Оскарын наадамд анх удаагаа шилдэг кино хөгжим төрөлд нэр дэвшлээ. 
Жараас далаад оны үед тэрээр зөвхөн киноны хөгжим зохиож амжилт олохоос гадна олон шилдэг бүтээлд продюсерээр ажилласан байдаг. Ennio-ын Оскарт нэр дэвшсэн хоёрдахь тохиолдол 1986 онд The Mission киногоор ирсэн бөгөөд Ennio чухам энэ л ажлаараа Оскар авна гэдэгтээ маш их итгэж байсан гэдэг ба замналынх нь хамгийн найдаж байсан бүтээл Оскар аваагүйд сэтгэл тун гонсойсноо хожим дурдсан байдаг. The Mission киноны хөгжмийг Америкийн кино хүрээлэн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны хөгжмийн жагсаалтдаа багтаасан байдаг. 1987 онд Ennio найруулагч Brian De Palma-ын The Untouchables киноны хөгжмийг бичиж 3 дахь удаагаа Оскарт нэр дэвшсэн бөгөөд тэд нийтдээ 3 кинонд хамтран ажиллажээ. "De Palma мэдрэмжтэй! Тэр хөгжмийг хүндэлдэг бөгөөд хөгжмийн зохиолчдыг мөн хүндэлдэг учир түүнтэй ажиллах амар байдаг" гэж Ennio нэгэн ярилцлагандаа өгүүлж байв. Мөн Barry Levinson-ын 2 ч кинон дээр ажиллаж, тухайн кинонууд нь Оскарт амжилттай өрсөлдсөн байна. Ennio-ын холливуудад "хөл" тавьсан анхны тохиолдол 1966 оны John Huston-ын The Bible: In the Beginning кино болсон ба ер нь бол Ennio хөгжим бичихийн төлөө хэзээ ч Ром хотоо орхиж байгаагүй, бас хэзээ ч Англи хэл үзэж байгаагүй. Тэр хэзээ ч холливудад татагдах юмуу холливуудыг анхаарч үзэж байгаагүй агаад тэгсэн ч гэсэн кино, театр, радио гээд бүх төрөлд, бүхий л хэлбэрээр ажиллаж чаддаг аугаа хөгжмийн зохиолч байлаа. Түүний холливууд дахь замнал Roman Polanski, Franco Zeffirelli, William Friedkin болон Warren Beatty нартай холбогддог агаад олон шилдэг киноных нь хөгжмийг бичжээ. 2009 онд Tarantino Inglorious Basterds киноныхоо хөгжмийг Ennio-оор хийлгэхийг хүсч байсан Ennio ажлын хуваарь давхацсан учир татгалзжээ. Тэгсэн ч гэсэн Tarantino Ennio-ын зохиосон 8 кино хөгжмийг кинондоо ашигласан ба 2012 онд Ennio Tarantino-ын Django Unchained киноны Ancora Qui дууны хөгжмийг зохиожээ. 2014 онд Ennio дахиж хэзээ ч Tarantino-той хамтран ажиллахгүй гэж хэлж байсан боловч The Hateful eight бүтээлийнх нь хөгжмийг бичиж насаараа хүлээсэн Оскарын шагналыг хүртсэн бөгөөд миний хувьд Оскарын энэ шагнал Ennio-г хүндэлж бас хүлээн зөвшөөрөхгүй байсандаа уучлалт эрсэн симбол гэж үздэг. 1988 оноос тэрээр Giuseppe Tornatore-той нягт ажиллаж эхэлсэн буюу Malena, The best Offer, The Legend of 1900 зэрэг сэтгэл татам кинонуудын хөгжмийг бичсэн ба Ennio Tornatore-ын киногоор олон кино наадмаас шагнал авсан байдаг. Ennio гэргий Maria Travia-тайгаа 1950 онд танилцаад 1956 онд хуримласан байдаг ба Ennio-ын олон бүтээл дээр энхэр нь тусалж, хамтран ажилласан байдаг ажээ. Тэд 3 хүү, 1 охинтой бөгөөд хүүхдүүдийнх нь зарим нь кино найруулагч, мөн хөгжмийн зохиолч болжээ. Ennio  өөрийгөө зүүний христанч гэдэг байсан ба 2020 онд унасны улмаас 91 насандаа өөд болсон байна. Түүний хөгжим хийгээд кинонд үзүүлсэн нөлөө гүн бөгөөд далайцтай ба Dire straits, Muse, Radiohead Болон Hans Zimmer нарт гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Ennio долоон арван жил үргэлжилсэн замналынхаа туршид 70 сая цомгийг дэлхий даяар борлуулсан ба Ennio бол АКА-аас хүндэтгэлийн Оскар авсан дөнгөж хоёрдахь хөгжмийн зохиолч юм.. Тэрээр мөн Grammy-ын алдрын танхимын гишүүн бөгөөд энэ асар хөдөлмөрч, тун авъяаслаг хүнийг товчхон танилцуулахад ийм байна. Түүний авъяас чадвар хэмжээшгүй, үлдээсэн өв үзэж ханашгүй, ирээдүйд дуудсан өгөөж нь урам зоригоор дүүрэн юм. Даруу зангаасаа ч юмуу эсхүл угийн энгийн чанар нь түүнийг үргэлж хөшигний ард үлдээх буюу дандаа даруухан байсан нэгэн юм.

Comments

  1. Хэзээ нэг өдөр live концэртийн үзнэ дээ хэмээн мөрөөдөж байсан минь талаар өнгөрлөө

    ReplyDelete

Post a Comment