High and Low (1963). Японы нэгэн хотын толгод дээр National Shoe гутлын компаний гүйцэтгэх захирал Gondo-ын тансаг харш сүндэрлэн байхуйд толгодын бэлээр ядуусын амьдрал язагнаж, бас бужиганана. Энэ үед Gondo харшдаа хамтран ажиллагсад болох компаний нөлөө бүхий эрхмүүдтэй маргалдан байна; Gondo загварлаг бөгөөд үнэтэй сайн чанарын гутал хийхийг хүсэх ба түүнийхээр энэ нь хэтийн төлөвтэй компанид ашигтай гэнэ. Гэтэл нөхөд нь хямд төсвөөр илүү богино хугацаанд ашиг олох хэрэгтэй гэж маргах агаад маргаан аажмаар хэрүүл болж улмаар Gondo зочидоо хөөж гаргахад хүргэнэ.
Gondo өөрийн бүх хөрөнгөө дэнчин
тавихаас гадна нууцаар явуулга хийн компанийг бүрэн өөрийн мэдэлд авахыг
санаархах бөгөөд уг нууц явуулгад нь олон жил туслахаар нь ажиллаж байгаа
Kawanishi үлэмж үүрэгтэй оролцоно. Утсаар ярьсныхаа дараа Gondo ажил нь бүтэж
байгаад буюу одоо Kawanishi-г өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөр хот руу
илгээхэд л энэ насаараа идээд барахгүй хөрөнгөний эзэн болохоор болсноо
тэмдэглэн хундага тулгах зуур төрсөн ганц хүү Jun нь найз Shinichi-ын хамтаар
дүрсгүйтэн тоглон урдуур хойгуур нь гүйх ба энэ Shinichi бол Gondo-ын жолоочийн
ганц хүү бөлгөө. Ингээд ганц хоёр хундага ууж байтал утас дуугарна, Gondo утсыг
автал нэг эрэгтэй хүн; хүүг чинь барьцаалсан, цагдаад мэдэгдвэл хүүг чинь ална
гээд маш их хэмжээний мөнгө төлөөсөнд авахаа хэлээд утсаа тасалчихна. Gondo
болон түүний эхнэр, Kawanishi нар хүүхдүүд нь үнэхээр дэргэд нь байхгүй байгаад
гайхан бас айцгаан бужигнаж эхэлтэл Gondo-ын жолооч орж ирээд хүүгээ асууна. Яг
энэ үед Jun гэртээ ороод ирнэ, хэн нэгэн тоглоом хийж байна гэж итгэн
тайвширтал Shinichi байхгүй байгааг анзаарч, үнэхээр барьцаалагч үнэн хэлсэн
бол лав хөвгүүдийг андуурсан байх нь гарцаагүй болно. Энэ үед барьцаалагч дахин
залгаад хүүхдүүдийг андуурсан болохоо хүлээж, тэгсэн ч гэсэн Gondo-г мөнгө төл
үгүй болбоос Shinichi-г ална гэнэ. Gondo хэдий хүү нь бүрэн бүтэн ирсэн ч
жолоочийнхоо хүүгийн амийг аврах ёс суртахууны үүргийг хараал гэж үзэх буюу энэ
олон баян хүмүүсээс яагаад заавал өөрийн нь сонгов хэмээн хараал зүхэл тавина.
Энэ үед цагдаа нар ирэх бөгөөд мөрдөгч хамгийн түрүүнд хүүг амьдаар нь олох,
дараа нь барьцаалагчийн барих ёстой гээд мөн энэ мэт хэрэг маш түвэгтэй байдаг
хэмээнэ. Gondo-ын жолооч хүүгийн аварвал насаараа морь нохой мэт зүтгэхээ амалж
уйлан хайлна, Jun найзыгаа асууж бас уйлах бол Gondo-ын эхнэр эмэгтэй хүний
нинжин сэтгэл гаргаж нөхрөө ятгана. Kawanishi даргадаа хэрвээ тэр мөнгийг нь
өгвөл таны мөрөөдөл хийсэн одохоос гадна компаниас хөөгдөж ерөөсөө модоо
барина, тиймээс зоригтой байж намайг хот руу явуул, энэ хэрэгт битгий оролц гэж
ятгана. Gondo мөнгө, эд хөрөнгө цаашлаад гэр бүл үү? Эсхүл ёс суртахуун, хүний
амь, нинжин сэтгэл үү? Гэсэн асуудлын зааг дээр ирнэ. Ингээд эцсийн эцэст
Gondo-ын ёс суртахуун ялах ба мөнгө төлсөн тохиолдолд ядаж түүний нэр хүнд олон
нийтийн дунд өсөх бол төлөөгүй тохиолдолд хүүхдийн амиар баяжсан гэсэн муу нэр
насаар нь дагахыг ухаарахын дээр цагдаа нар аль болох мөнгийг нь тоо ёсоор нь
олж өгнө гэдгээ хэлнэ.
Барьцаалагчийн дараагийн дуудлагаар Gondo мөнгө өгөхөө
зөвшөөрнө; харин барьцаалагч мөнгөө 2 жижигхэн цүнхэнд, тэгэхдээ янз бүрийн
дэвсгэртээр авахыг хүсээд Gondo-г мөнгөө галт тэрэгээр явж байхдаа цонхоор нь
унагаа, унагасан даруйд хүүг суллаж тавина гэнэ. Гэхдээ барьцаалагч Gondo-ын
тавьсан галт тэрэгээр явж өнгөрөхдөө хүүг эсэн мэнд байгааг харах хэрэгтэй
гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Цагдаа нар болон Gondo 2 гар цүнхэнд
нууцаар шатаасан тохиолдолд ягаан утаа гарах тийм бодис оёчихно, энэ нь
барьцаалагчийг олоход дөхөм болох дохио байв. Ингээд барьцаалагчийн зааврын дагуу
шугаманд Gondo, мөрдөгч нар галт тэргэнд явж байхдаа үнэхээр нэг хүүтэй хамт
зогсох эр, эм нь үл мэдэгдэх малгайтай зогсохыг олж харах бөгөөд хүү Shinichi
мөн болохыг таньсан Gondo цүнхтэй мөнгөө цонхоор унагана, энэ үед галт тэрэг
дотроос цагдаа нар нууцаар зураг авч байв.
Барьцаалагч тэнэг хүн биш байсан нь
түүний галт тэрэгний буудлах зогсоолыг сайтар тооцоолсноос харагдах агаад
мөрдөгч болон Gondo нар галт тэргэнээс буух гэсээр байтал барьцаалагч мөнгөө
аваад алга болсон байлаа. Гэхдээ Shinichi амьд мэнд олдох ч барьцаалагч ямар
хүн байсан, өөрөө хаана байснаа тодорхой сайн санахгүй. Цагдаа нарын авсан
зургуудаас эл хэрэгт нэг биш хоёр хүн оролцсон байх магадлалтай байв. Gondo
компаниасаа хөөгддөг ч бараг үндэсний баатар болно. Хэрэглэгчид National Shoe
компанийг эсэргүүцэн үйлчлүүлэхээ больж эхэлнэ. Жолооч хүүгээ дагуулан өдөр
шөнөгүй хотоор явж хүүгээ чи энүүгээр явсан уу ? Энд байсан уу? Хэмээн асууж
нэг ч гэсэн ул мөр олохыг хичээх ба хүү зарим нэг зүйлийг эргэн санаж, байсан
газраа өөрөө дүрслэн зурна. Цагдаа нар хүүгийн зурсан зургаар баримжаа аван
хотыг дотор гаднагүй нэгжих бөгөөд мөн энэ үеэр цагдаа нар машин, зарим
хүмүүсийн ам мэдүүлэг хийгээд баримтат тулгуурласан зарим нэг сэжүүр олно.
Shinichi-ын сэргэсэн бүдэгхэн дурсамж, мөн зурсан зургийг нь дагаж явсаар
цагдаа нар нэгэн байшинд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд үхсэн 2 цогцос олох
агаад энэ үеэр хог шатаадаг газраас ягаан утаа суунаглаж байв.
Мастер Akira
Kurosawa-ын эл пост-Нуар, Модерн нуар жанрын бүтээл бүх цаг үеийн хамгийн
шилдэг мянган киноны 368-р байрт жагсдаг ба уг кино магадгүй цагдаагийн гэмт
хэргийг мөрдөж илрүүлэх үйл явцыг хамгийн гайхамшигтайгаар дэлгэцнээ буулгасан
кино болов уу. Цагдаа хүний мэргэжлийн онцлог хийгээд хэргийг мөрдөх, илрүүлэх,
дүн шинжилгээ өгөх байдлыг маш тодорхой, нарийн үзүүлсэн уг кино нь Америкийн
зохиолч Ed McBain-ын "King's Ransom" романаас сэдэвлэсэн. Киноны гол
дүрүүдэд Toshiro Mifune, Tatsuya Nakadai болон Kyoko Kagawa нар тоглосон ба Toshiro
Mifune-ын Gondo-ын дүр бишрэм!. Уг киног Шекспирийн бүтээлүүдийн бүтэцтэй
адилтгаж, симбол хийгээд түүхэн хамрах хүрээ нь оюун ухаанд эл бүтээлийн
өгүүлэмжийн мөн чанарыг өргөн болгодог гээд 2 цаг гаран үзэгчийг дэлгэцнээ уяна
гэж судлаачид хэлсэн буй. Киноны галт тэргэн дахь сцэнүүдийн ихэнхид амьдаар
зураглагдсан буюу зорчигчидын ихэнх нь энгийн хүмүүс байжээ. Уг кинон бааран
дахь бүжгийн сцэнээс Quentin Tarantino "Pulp fiction" киноныхоо
алдартай бүжгийн сцэний санааг авчээ. Уг киног үзэх явцад Достоевскийн
бүтээлүүд эрхгүй санагдах боловч кино зохиомжоороо, бүтэцээрээ Akira
Kurosawa-ын өмнөх самурайн аялал юмуу Японы түүхийг өгүүлэх өгүүлэмжээс эрс өөр
ба кино Вестерн жанрыг дагасан хэлбэртэйгээр дайны дараах Японы анги, нийгмийн
хуваагдалтыг хурцаар үзүүлжээ. Ядуу анагаахын оюутан өвөл дөө хөлдөж үхчих гээд
зундаа шатаж үхчих гээд зовж байхдаа цонхоороо баян, сэтгэл хангалуун амьдрах
нэгнийг хараад өөрийн зовлон шаналлаа мэдрүүлэхийг хүснэ. Энэ бол баян ядуу,
дээд доод гэсэн анги нийгмийн ялгааг триллерээр үзүүлсэн санаа ба баян эрхэм
насаараа зовж цуглуулсан мөнгөө сонгох уу, хальт таних хүүхдийн амийг аврах уу
гэсэн ёс суртахууны сонголтын өмнө ирнэ, энэ бол Kurosawa, энэ бол түүний кино
хэл.
Kurosawa-ын бүхий л киноны туршид хүмүүс яагаад хоорондоо тэрсэлддэг юм
бэ? Хүмүүс яагаад хамтдаа аз жаргалтайгаар байж болдоггүй юм бэ? Гэсэн санааг
агуулдаг. Түүний энэ асуулт хүн төрөлхтөний үндсэн суурь асуултад хариулах гэж
оролдож байсан маш олон кино урлаачдад нэвтрэн гүүр болсон гэж үздэг. Kurosawa
киногоо Япончууддаа зориулсан ч кино баруунд маш ихээр хүрч чадсан ба шалтгаан
нь тэрээр барууны соёл, хэв маягт дурлаж байсан буюу нэн ялангуяа John Ford-д
татагдаж байсантай холбоотой гэж үздэг.
Kurosawa-ын кино үзэгчдэд өөрсдийгөө
болон амьдарч буй ертөнцөө ойлгоход тус болдог ба түүнийг хүний нөхцөл байдлыг,
ертөнцөд амьдрах бидний төрх байдлыг гайхамшигтайгаар үзүүлдэг байсанд
хамтрагчид шагшин үнэлж Kurosawa-г багш хэмээн хүндэлдэг байв. Kurosawa-ын
хамгийн чухал бүтээлүүд дэлхийн хоёрдугаар дайны дараа, нэгдсэн улсын 2 хот
дээр нь бөмбөгдсөн гашуун үйл явдлын дараа Япончуудын амьдралын утга учрыг хайж
байсны дараа бүтээгдсэн байдаг бөгөөд барууны нөлөөтэйгөөр хөгжсөн эдийн засаг
хийгээд аж үйлдвэрлэлтийн өсөлтөөс үүссэн ядуурал, тарчигтаа тулсан байдлыг харуулжээ.
Kurosawa хүн хэр мөнгөтэйгөөрөө юмуу хэн гэдгээсээ хамаарч ялгагдан үзэгдэх
ёсгүй, зөвхөн хүнийг сонголтоор нь л шүүх ёстой гэж үзэгч байв.
Comments
Post a Comment