Two Nudes

  

Two Nudes (1906) ~ бүх цаг үеийн хамгийн шилдэг уран зураачдын нэг Pablo Picasso-ын аугаа чанар бол зурах сэдэвтэй нийцүүлэн өөрийн зурах хэлбэр маягийг өөрчлөх чадвар байв. Түүний "зэвсэгийн" нөөцөнд өмнө нь хэзээ ч байгаагүй нэг арга барил бол классикизм байсан бөгөөд эртний классик урлаг, тухайлбал эртний Грекийн уран барималд дүрслэгдсэн сүр жавхлантай хийгээд амирлангуй байдлыг дуурайх хандлага юм. Ерөнхий дэвсгэр нь Picasso-ын орчин үеийн неоклассик зургийн бүтэцтэй бөгөөд түүний абстракт кубизмтай хэрхэн зохицож байгааг энэ зургаас харж болно. Picasso эл бүтээлээ 1906 оны намраас өвөл хүртэлх үед зурсан ба тэрээр тэр жилийнхээ эхээр Gosol руу хийсэн аялалынхаа үеэр сэтгэлийг нь ихээхэн хөдөлгөсөн хоёр эмэгтэйн сэдвээр олон цуврал зураг зурсны оргил ажил нь энэ бүтээл болсон юм. "La Toilette" бүтээлд нь дүрслэгдсэн хоёр эмэгтэй эзэгтэй болон зарц хоёрын харилцааг харуулдаг бол "Two Nude Women" зургийн хоёр эмэгтэй эгч дүүс юмуу найзууд шиг харагддаг. Харин энэ зурагт дүрслэгдсэн хоёр эмэгтэйн биеийн хэлний илэрхийлэмж болон ямар ч сэтгэл хөдлөлгүй байдал, өнцөгдсөн царайны төрх хоёрдмол утгыг хадгалахын дээр дохио зангааны битүүлэг өгүүлэмжээс тэдний дундах яриа магадгүй ямар нэгэн юм төлөвлөж буй мэт санагдана. Судлаачид хоёр эмэгтэйг хөшигний дотор талд байгаагаар дүрслэгдсэн гэж үздэг. Мөн хоёр эмэгтэйг доторхийг нь даавуугаар гоёж чимэглэсэн эмсийн хүрээлэнд юмуу Харем буюу Муслим эхнэрүүдийн байшинд байна гэсэн санал байдаг. Picasso тэр зун Харемийг маш том тосон будгаар зурсан байдаг агаад дараа жил нь буюу 1907 онд эмсийн хүрээлэнг дүрсэлсэн "Les Demoiselles d'Avignon" хэмээх цуутай бүтээлээ туурвьжээ. "Two Nudes" зургийг "Les Demooiselles d'Avignon" зурагтай шууд холбоотой гэж үзэж, энэ зурагт "субьект" бага, утга агуулга нь ерөнхийдөө тодорхой, мөн илүү акадамик урлагийн уламжлалт жанрын энгийн гүйцэтгэлтэй гэж үздэг ажээ. 
Picasso сэтгэл татам дүрүүдийнхээ эх санааг зурах уламжлалт өгүүлэмжээс бус Францын академиас авсан. "Lee Demoiselle d'Avignon" бүтээлийнхээ эх санааг тэрээр шашин, үлгэр домгоос авснаас гадна нүцгэн эмэгтэйн натуралист зургийн сэдэвтэй холбоотой. Тэгвэл энд ярьж буй зураг бол илүү эртний уламжлалт уран барималтай, эртний Грекийн уран барималтай холбогддог. Зурагт өгсөн нэгэн тайлбараар бол нэг эмэгтэй өөр нэг эмэгтэйг зурагт үл харагдах өрөөнд дагуулан хөшигний цаагуур орж байна гэсэн бол мөн Picasso нэг загварыг хоёр өөр өнцгөөс харуулахыг зорьсон ч гэж тайлбарладаг ба ямар нэгэн онцгой утга өгөлгүй уран баримал гэж хараасай гэсэн ч байж болох юм. Тэрээр зурагтаа нэг өнгийг их хэмжээгээр ашигласнаар зураг бүхэлдээ бидэнд уран баримал шиг хатуу, хүнд мэдрэмж төрүүлнэ. Уг зургийг "Примитив классикизмыг" ойлгоход хамгийн гайхамшигтай шилдэг жишээ болсон бүтээл гэж үздэг ажээ. Урлагийн онолч Maurice Denis: классик синтетик харакертай бөгөөд мэдээлэл өгөхөөсөө илүү хэлбэр нь анхаарал татна; примитив бол уран бүтээлчийн уламжлалт академик дур сонирхолтой харьцуулашгүй бөгөөд цэвэр, шинэлэг байдлаас хамаарна.


Comments