Ирландын бахархал Жэймс Жойс

Ж. Жойс 4 зохиолчийг нэвт судалж, өгүүлбэр бүрийг нь бараг ширхэгчлэн судалсан гэдэг, түүнд нөлөөлсөн 4 эрхмүүд бол Ибсен, Флобер, Бен Жонсон болон Дефо бөгөөд Жойс Дефог гадаадынхныг дуурайгаагүй, гадныхны хэлбэр маягт автаагүй Английн анхны зохиолч буюу Дефог тэрээр Английн романы эцэг хэмээсэн буй.. мөн Жойсийнхоор Рабле болон Свифт дэлхийн уран зохиолын тэргүүн хоёр ёгтлолчид гэсэн байдаг.. Диккенсийн арга барилд Жойс дургүй байв, тэрээр Диккенсийг алдар нэрэндээ хүрэхүйц авъяастан биш гэж үзэхдээ Диккенсийн реализм Л. Толстой, Достоевский болон Золя нарын дэргэд хэт дөвийлгөсөн маягтай гэсэн байдаг ч түүнийг Англи хэлэнд Шекспирийн дараа орохуйц нөлөөтэй эрхэм гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг..

Зууны роман гэгддэг, бас модерн уран зохиолын хамгийн чухал бүтээл гэгддэг Ж. Жойсийн шедевр бүтээл "Үлисс"-г уншиж нэг юм дууслаа.. ном гэдэг зүйлтэй анх танилцсанаар хойш хэзээ ч ийм хүнд, зуурсан, явж өгдөггүй, гол нь ойлгож өгдөггүй роман уншиж байсангүй.. энэ бол цоо шинэ мэдрэмж, төсөөлөл бас туршлага байсны дээр өөрийгөө бүх талаараа голох, болоогүй байгаагаа мэдрэх хичээл байсан ба уг романыг уншсан хэн бүхэн одоо галзуутай ном бичигчид хийгээд олон ангит солонгос кино шиг ном уншигчид уг романыг уншиж суралцах юмуу үгүйдээн ном бичих хүн болгоны дур хүслээрээ хийдэг юм биш болохыг ойлгох болов уу.. товчхондоо бид бичихээсээ илүү унших ёстой, уншихдаа сор, дээжээс нь унших ёстой ба арилжааны, хөнгөхөн бөгөөд гоё нүүр, чамин нэрнээс татгалзах буюу шуудхандаа Монгол номноос хол байсан нь оюун ухаанаа эрүүл байлгахад тустай.. сайн зохиолч болохын тулд сайн уншигч байх ёстой гэдэг, тэгэхдээ бүр маш сайн, гэтэл манай зохиолчдын ном нойлын цаас шиг байгаа нь хэр уншигч болохын харуулахаас гадна өөрийнхөө хэв хэмжээг мэдрээд болих, чадахгүй юмаа оролдохгүй байх ёс суртахууны соёл, хүмүүжилгүйг харуулах, Монголд дэлхийн хэмжээний роман нэг ч байхгүй!.. Жойс асар мундаг уншигч, гайхамшигтай олон талын мэдлэгтэй хүн байсныг уг романыг уншаад ухаарсан бөгөөд энэ бүхнээс би маш их урам зориг авсанаа нуухгүй.. 

Жойс уран зохиолын бүх хэлбэрээр бичихдээ эл романаа уншиж биш үнэрлэж, сонсож, харж төсөөлж л ойлгож болохуйцаар бичсэн ч үнэндээ тайлбаргүйгээр уг романыг ойлгох боломжгүй буюу энэ роман тэр чигээрээ давхар давхар симбол, зүйрлэл болой.. Жойс Эрнест Хэмингуэй хоёр найз байжээ, тэд хамт архидахаас гадна хамт гадуур гарахад хараа муутай, сул дорой Жойсийг бараг бөх шиг Хэмингуэй харж, өмгөөлөн бие хамгаалагч шиг нь байдаг байжээ.. Жойс эхнэр Норатайгаа 1904 оны 6 сарын 16-нд анх болзож байсан ба 6 сарын 16-г өдгөө дэлхий даяарх Жойсийн фенүүд "Үлисс" романы баатар Л. Блумийн өдөр буюу Bloomsday гэж тэмдэглэдэг бөлгөө.. Маогийн хятад уг романыг хориглож байжээ, гэвч 2013 онд Жойсийн "Finnegans Wake" ном нь ашиг орлогоороо тэргүүлсэн агаад мөн "Үлисс" өндөр амжилт үзүүлжээ.. "Үлисс" роман анх ердөө мянган хувь л хэвлэгдсэн бөгөөд 2009 онд эдгээр эх хувийн нэгийг дуудлага худалдаагаар оруулахад нэг ном $275,000-аар зарагджээ.. Jonathan Coe-ын "The Rotters Club" романд 13,955 үгтэй өгүүлбэр гарах хүртэл Жойсийн "Үлисс" романы Моллигийн монологи 4,391 үгтэйгээр хамгийн урт англи өгүүлбэр гэгддэг байв.. уран зохиолын аугаа хүн 1941 онд Цюрих хотод үхэхдээ: хэн ч ойлгохгүй байна уу? Хэмээсэн байдаг нь түүний эцсийн үг ажээ.. Жойсийн "Үллис"-г тайлбарлах, ярих боломжгүй боловч доорх хоёр мөрт уг ер бусын романы салхийг хагас ч болов мэдрүүлэх болов уу..

Биегүй мэт манант цахлай минь
Бие сэтгэл чинь хаашаа ниснэ вэ?

Ж. Жойсийн “Дублинчүүд” арван таван богино өгүүллэгээс бүрдэх бөгөөд 20-р зууны эхэн үеийн Дублин хотын дундаж давхаргынхны амьдралыг харуулах ба энэ түүвэрт гарах олон дүр “Үлисс” романд жижиг дүрээр гардаг.. “Дублинчүүд” бол “Үлисс”-г унших бэлтгэл гэгддэг ба уг түүвэр анх 1914 онд хэвлэгджээ.. судлаачид “Дублинчүүд”-ын бичлэгийн хэлбэрийг реалист болон симболист гэсэн хоёр төрөлд хуваан, хоёр хуваагдан маргалддаг ба Ж. Жойсийн дүрүүдийн бодол болон сэтгэл хөдлөлийг тодорхойлоход хязгаардагдмал байдаг нь хүүрнэгчийн ховорхон зуучилдагтай холбоотой бөгөөд дүрүүдэд анализ хийх хэцүү тул зөвхөн ажиглаж болно.. миний хувьд арван таван өгүүллэгээс “Үхэгсэд” өгүүллэгт нь хамгийн дуртай ба Америкийн нэрт кино найруулагч John Huston үхэхээсээ өмнө 1987 онд “Үхэгсэд”-ээр кино хийсэн нь түүний сүүлчийн кино болсон бөгөөд киног нь үзээд л дурлаж билээ..

Хонгорхон үс минь бороонд норохуйд
Хүйтэн шүүдрийн ус нүүрийг минь норгоно.
Хүүгийн минь бие аль хэдийнэ хөрчээ...

Comments