Мигель де Сервантес "Кихот ноён"



Мигель де Сервантесийн "Кихот ноён" роман миний хамгийн бишрэн дээдэлдэг романы нэг ба эл ном намайг хамгийн их инээлгэж, бас хамгийн их уйтгарлуулан гуниглуулж байсан юм. Хэрвээ надаас эзгүй арал руу явахаар болоод 5 ном авч явах сонголт өгвөл эргэлзээгүй байхгүй миний 5 номын нэг нь "Кихот ноен" байх болно. Уг роман 2 хэсэг болж эхний хэсэг нь 1605, хоёрдугаар хэсэг нь 1615 оны тус тус хэвлэгдэж байсан ба энэ роман нь Испаний алтан үеийн хамгийн нөлөөтэй уран зохиолоос гадна бүх Испаний уран зохиолын иш үндэс гэж үздэг.. мөн барууны уран зохиолыг үндэслэсэн бүтээл гэдэг бөгөөд хамгийн анхны модерн роман гэсэн шошго наадгийн дээр бүр цаг үеийн хамгийн шилдэг уран зохиол ч гэж үнэлэх нь бий.. номын уран зохиолын ертөнцөд үзүүлсэн нөлөөг нэг бүрчлэн дурдах боломжгүй, ганц нэг жишээ дурдахад: А. Дюма ~ Шадар гурван цэрэг, Марк Твен ~ Хаклибэрри Пинний адал явдлууд зэрэг сонгодогуудыг хэлж болох ба философич Шопенхауэр "Кихот ноён"-г бүх цаг үеийн хамгийн аугаа 4 романы нэгээр нэрлэсэн байдаг.. анхандаа номыг зүгээр нэг хошин зохиол гэж ихэвчлэн тайлбарладаг байв, хожим Францын хувьсгалын дараа "Кихот ноён" нь нийгэм буруу бөгөөд урам хугарамаар байгаа үед хувь хүний зөв байж болох юм шүү гэсэн этикийн үндсэн санааг агуулж байна гэж үзэх болжээ.. 

19-р зуунд уг номын хэлэлцүүлэг, шүүмж өргөжсөн ба гэвч Сервантес нь хэний талд байсан бэ? Гэсэн асуултад хэн ч хариулж чадаагүй байдаг.. ихэнх судлаачид "Кихот ноён"-г хөлөгт баатрын дараах ертөнцөд галзуурсан язгууртан хийгээд түүний нийтлэг бодит байдал дээрх ялагдсан, хэрэггүй болсон идеализмын эмгэнэлт байдал гэж үзэх болжээ.. харин 20-р зуунд уг бүтээлийн нэр хүнд үлэмж өссөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн классик роман гэгдэх болжээ.. шүүмжлэгч Хэролд Блум: энэ ном бол анхны модерн роман ба гол баатар нь дайны үерийн Фройдын бодит байдлын зарчим болох шаардлагатай бол үхэхийг хүлээн зөвшөөрч байдаг гэсэн бол 2003 онд англи хэл рүү шагшим орчуулсан Эдип Гроссман: уг роман нь эмгэнэлт хийгээд хошин замаар нэг зэрэг хүний сэтгэл хөдлөлийн системийг өөрчилнө гэжээ.. мөн тэрээр цааш нь: анх би уншиж эхлэхдээ энэ роман бол дэлхийн хамгийн эмгэнэлтэй ном гэж бодсон, уншиж дуусаад үхтлээ уйлсан ба дараа нь арай нас дээр гарсан хойноо уншаад үхтлээ инээсэн, Сервантес уншигчаа нэг л уншиж эхэлсэн бол амруулддаггүй, мөн та тодорхой үнэнийг олчихлоо гэж хэзээч бодохгүй, одоо л нэг юм ойлголоо гэж бодоход чинь Сервантес таны таамаглалтай зөрчилдөх ямар нэгэн юм гаргаад ирдэг гэжээ.. 

Жонатан Шокли: уг романд терроризмын удирдлагын онолын сэдэв байдаг, "Кихот ноён"-ын дүр нь хүмүүний соёлын далд мөн чанарыг илэрхийлдэг агаад баатарлаг төвлөрлийн солиорол болон хүн болгоны үхлээс айх айдастай холбогддог.. байгалиас өгсөн хэврэг, хуурмаг зүйлсээр хүн нь өөрийнхөө сүр хүчинд тэмүүлэх хийгээд итгэл үнэмшлийг олдог бөгөөд егөөдөл нь итгэл үнэмшил болон өөрийнхөө сүр хүчинд тэмүүлэх байдлыг олж авхуулсанаар амьдралын бодит байдал, сайн сайхан, баялаг чанарыг мэдрүүлдэг хэмээжээ.. романы хэлбэрийн бүтэц нь хэсгүүдээс бүрдэнэ: романд урт хугацааны туршид гарах сэдэв нь бодит үнэн, ном унших болон ерөнхий харилцан яриануудыг багтааж нэгтгэсэн олон адал явдлуудаас бүрддэг.. роман гадна талдаа элэглэлийн чанартай, энэ нь ялангуяа романы 2-р хэсэгт гарна, сэдэвчилсэн гол эх сурвалж нь зөвхөн уран зохиол ч биш хөгжим хийгээд бусад урлаг байдаг агаад Пабло Пикассо, Ричард Штраус нар бүтээлдээ уг романаас санаа авсан байдаг ажээ.. тэгвэл романы эсрэгцэл нь өндөр, туранхай, ганган идеалист Кихотын эсрэг намхан, бүдүүн ядарсан Санчо Панчо болдог, үнэнч бөгөөд эгэл Санчо Панчо нь зарим үед ноёныхоо өмнө хүчээр худал хэлдэг.. 

роман нь үнэн зөв байдал, ортодокс болон үндсэрхэг үзлийг шоглосон ба Сервантес баатруудынхаа хувийн онцлогийг нээхдээ шулуухан хөлөгт баатрын ёс суртахуунлаг эрдмүүдийг цувралаар сэргээн өгүүлсэнээр уламжлалт хөлөгт баатрын романуудыг даван цаашлаад тус дэм болжээ.. "Кихот ноён"-ын дүр нь тэр үед маш алдартай болсон тул Кихотик гэсэн үг алдаршин олон хэлэнд хурдацтайгаар нэвтэрсэн байдаг ба Кихот, Санчо Панчо гөрөөс гадна Кихотын морь нь хүртэл барууны уран зохиолын соелд сүлд тэмдэг болсоор Иржээ.. салхин тээрэмтэй тулалддаг дүрслэл нь төсөөллийн дайсан нь довтлох юмуу хэт икстрим идеализмыг тодорхойлсон олон нийтийн үг хэллэг болтлоо алдаршжээ.. уг бүтээл нь дундад зууны хөлөгт баатрын романс болон модерн зохиолын дунд зогсох ба гол дүрүүдийн дотоод сэтгэлийн амьдралыг бага харуулах бол нэг адил дүрүүд нь өмнөх түүхүүдтэйгээ холбогдоггүй бүтэцтэй гэдэг хэдий ч хожим судлаачид дүрүүдийн сэтгэлзүйн хувьсалд анхаарах болсон байдаг.. романы 1-р дэвтэрт: Кихот орчин тойрондоо өөрийнхөө талаарх сэтгэгдлийг бий болгож чаддаг бол харин 2-р дэвтэрт хүмүүс түүний адал явдлыг мэдсэн учраас өөрийнхөө дүр төрхийг хадгалах талаар дорвитой зүйл хийх шаардлага гардаггүй, харин үхэж байхдаа ухаан нь дахин сэргэж дахин нэг удаа сайн Алонсо болдог билээ.. Сервантес романыхаа эх сурвалжийг 16-р зуунд хүмүүсийн талархлыг хүлээж байсан Кастилиан роман болох "Amadis De Gaula"-аас авсан гэдгээс гадна өөр нэг сурвалжийн үздгээр хөлөгт баатрын талаарх "Tirant lo Blanch" романаас санаа авсан гэдэг бөгөөд мөн Apuleius-ын "The Golden Ass" хэмээх хамгийн эртний романы нэгээс гадна яруу найргийн Орландо Фуриосо  зэрэг бүтээлүүдээс ишлэх юмуу санаа авсан байдаг ажээ..

 мөн Сервантес нь Алжирт 5 жил боолчлогдсон туршлага нь уг бүтээлээ туурвихад нь нөлөөлжээ.. романы 1-р дэвтэрт: гол 2 дүртэй романы өгүүлэх түүх шууд хамааралгүй байх агаад гэхдээ Кихот, Санчо нар аялалынхаа туршид "сайн" хүмүүстэй таарсаар байдаг билээ.. тэгвэл 2-р дэвтэрт зохиолч шүүмжлэлийг ойлгон хүлээж авсан буюу гол дүрүүддээ анхаарч эхэлсэн байдаг ч 2-р дэвтэрт туслах дүрүүд рүү хэд хэдэн удаа эргэн очдог билээ.. уншигчийн харах өнцөг: Сервантес романы ихэнх адал явдлыг 3-дагч биеэс хүүрнэх ба зарим тохиолдолд бусад дүрийн бодол руу орох бол 1-р биеэс өгүүлэх зарчимд үе, үе шилждэг.. романы зөрчил: 1-р хэсэгт Кихот туслах Санчогийн хамт хөлөгт баатрын адал явдалд гараад тийм ертөнцийн үнэлэмж байдаггүйг мэдэх буюу лам түүнийг гэрт нь авчран эмчлэхийг оролддог.. 2-р дэвтэрт Кихот туслах Санчогийн хамт аяллаа үргэлжлүүлнэ.. романы үйл явдлын өсөлт: 1-р дэвтэрт Кихот Испаниар хэрэн тэнэж, олон танихгүй хүмүүстэй уулзаж тун адал явдалтай байх агаад 2-р дэвтэрт тэрээр тийнхүү гайхаж бас айж аялж байгаад нэг ярвагануур гүн болон гүнгийн хатантай танилцана..

романы оргил үе: 1-р дэвтэрт Кихот ламтантай уулзахаас гадна Доротигийн эзэнт гүрнийг эргүүлэн өгөх талаар яригдах бол 2-р дэвтэрт Кихот ноён маань цагаан саран баатарт ялагддаг.. романы үйл явдлын уналт: 1-р дэвтэрт лам Кихотыг гэрт нь хорьж чаддаг ч тэрээр өөрийгөө илбэдүүлсэн байсан гэсээр өөрийгөө сулладаг.. харин 2-р дэвтэрт тэрээр гэртээ ирээд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, хөлөгт баатрын мөрөөдлөөсөө няцдаг.. романы дүрслэл хийгээд хүүрнэл нь ёс суртахууны нийцэхгүй систем: ангийн болон үнэ цэний ялгаатай байдлыг харуулдаг.. романы мотифууд: нэр төр, романс, уран зохиол байдаг бол симболууд нь номнууд, гар бичмэлүүд, морьд хийгээд дэн буудлууд байдаг.. Сервантес 1597 оноос 1602 оны хооронд 2 удаа шоронд орсон байдаг бөгөөд шоронд байхдаа анх романыхаа санааг бодож олсон гэдэг.. мөн тэрээр романыхаа баатрын жинхэнэ нэр Алонсо Кихона гэх нэрийг эхнэрийнхээ авга ахын нэрнээс санаа авсан гэдэг ба тэр авга ах нь Сервантесийг зөвхөн өөрийнх нь нэрийг "зээлдээд" зогсохгүй дүрийн ерөнхий характерийг бас өөрөөс нь "зээлдсэн" гэдэгт итгэдэг байжээ.. Оросын нэрт зохиолч Достоевский Сервантесийн гол дүрийг гайхалтай утга зохиолын баатар гэж үздэг байсны дээр Христийн шашны уран зохиол дахь бүх гол дүр дотроос хамгийн төгс Кихот ноён гэж хэлсэн байдаг ажээ.. эцэст нь хэлэхэд, эр хүн болгон сэтгэлдээ өөрийн гэсэн Дульсинея-тэй байдаг гэдэгт би итгэдэг..

ҮНДСЭН САНАА. "Кихот ноён" роман гурван өөр хэсгээс бүрдсэн найруулгатайгаараа хүүрнэх боломжийн судлагдахуун болсон баялаг бүтээл юм. Эдгээр хэсгүүдийн эхнийхэд Кихот ноёны анхны аяныг хамарсан орчин үеийн романтик үлгэрийг элэглэсэн бүлэг голлох үүргийг гүйцэтгэдэг. Эхний бүлгийн үлдсэн хэсгийг агуулсан хоёрдахь хэсгийг түүх нэрийн дор бичсэн бөгөөд түүхэн хэв маяг болоод бүлгүүдийг хэсэгчлэн задалсан, өдөр тутмын үйл явдлыг анхааралтай баримтжуулсан болно. Романы хоёрдугаар хэсгийг хамарсан гурав дахь хэсэг нь сэтгэл хөдлөл ба сэдэвчилсэн бүтэцтэй, дүрийн хөгжүүлэлтээр дүүрэн уламжлалт романы хэлбэрээр бичигдсэн туд ялгаатай юм. Эхний хэсэгт Сервантес ганцаараа шууд хүүрнэх хэв маягийг ашиглан түүхийг тайлагнадаг. Хоёрдугаар хэсэгт Сервантес Бененгелийн гар бичмэлийг орчуулж байгаагаа уншигчдад мэдэгдэж, Бененгели болон гар бичмэлийн дотоод зөрчлийг дурдахын тулд хүүрнэлээ тасалдуулдаг. Энд, Сервантес Бененгелийг голчлон энэхүү түүх нь жинхэнэ түүх гэж мэдэгдэхийн тулд нэмэлт хүч болгон ашигладаг гурав дахь хэсэгт,

 Сервантес романд Бененгели болон зохиолч Сервантес гэсэн холимог найруулгаар орж ирдэг. Өөрсдийнх нь тухай бичигдсэн номыг мэддэг дүрүүд дараагийн хэвлэлийн агуулгыг өөрчлөхийг оролддог. Энэхүү нарийн түвэгтэй бөгөөд өөрөөсөө иш татсан хүүрнэлийн бүтэц нь уншигчдыг төөрөгдүүлж, аль шугам нь түүхийн дотоод хэсэг, аль нь жинхэнэ болохыг хэлэх чадваргүй болгодог. Энэхүү төөрөгдүүлэлт нь уншигчдын түүхэнд шууд татдаг ба мөн романы туршид гарч буй сэтгэцийн тухай асуултыг онцолж өгдөг аж. Хэрвээ Кихот ноён шиг галзуу хэн нэгэн хүн өөрийнхөө түүхийг бичиж байвал бидэнд үүнтэй адил зүйл хийхэд юу саад болж чадах билээ. Сервантес хоёр дахь хэсэгт өөрт нь эргэлзэх маш олон шалтгааныг уншигчдад өгдөг. Гурав дахь хэсэгт, уншигчид романы хуурамч гэж нотлогдсон өөр нэг хувилбарыг, мөн хоёрдахь Кихот ноёны талаар мэдэх үедээ уншигчид бүх тулгуураа алдаж, романд өөрсдийгөө орхиж, Сервантест итгэхээс өөр аргагүй болдог. Гэсэн хэдий ч түүнд итгэхгүй байх шалтгааныг уншигчдад аль хэдийнээ өгчихсөн байсан тул Кихот орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг ба зарчмуудад эргэлздэг шиг Сервантес биднийг хүүрнэлийн үндсэн зарчимд эргэлзэхэд хүргэдэг.

 Энэхүү аргаар романы хэлбэрийн үүргийг тусгаж, Сервантес уншигчдыг зугаацуулж, сургааль айлддаг ертөнцийг бий болгох ба ингэснээр бидний урьдчилсан ойлголтыг удирдсанаар тэдгээрийг илүү нарийн судлахад хүргэж байна. Кихот ноён өөрийн цаг үеийнхний ёс суртахууны хуучин тогтолцоо болох баатарлаг хуулийг сахиулах чадваргүй болоход нь өөрийн биеэр хэрмэл баатрын үлгэр жишээ болохоор оролддог. Энэхүү хуучин болон шинэ хоёрын дундах зөрчилдөөн туйлын мухардалд хүрдэг; Кихот ноёныг хэн ч ойлгодоггүй, мөн тэр хэнийг ч ойлгодоггүй. Зөвхөн цагаахан санаатай, өөрийгөө сэдэлжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд ёс суртахууны үндсэн ойлголттой Санчо л Кихот ноён болон бусад ертөнцийг холбох зууж болдог. Санчо ихэвчлэн тухайн үеийнхээ ёс суртахууны итгэл үнэмшлийг дагадаг боловч баатарлаг анархронизмын ёс суртахууны итгэл үнэмшлийг харуулж уншигчдыг гайхшруулдаг. Романы эхний бүлэгт бид Кихот ноён болон түүний эргэн тойрон дахь хүмүүсийн мухардлыг харж байна. Жишээлбэл, Кихот ноён санваартны рационал мэдрэмж, зорилгыг тодорхойлж чаддагггүй ба Кихот ноёны ид шидийн итгэл үнэмшил санваартанд инээдтэй хөгийн санагддаг. 

Хоёрдугаар бүлгийн төгсгөлд Сервантес өөр хоорондоо тохирохгүй мэт санагдах ёс суртахууны эл хоёр системийн хооронд зөвшилцөл хийж, Кихот ноёны төсөөллийн ертөнц ба гүн болон гүнгийн хатны энгийн ертөнцийг өөр хоорондоо нэвтрэх боломжийг олгож байна. Хоёр ертөнц холилдож эхэлмэгц уншигч тус бүрийн ертөнцийн давуу болон сул талыг олж харж эхэлнэ. Санчо өөрийн мөнхийн афоризм, аскетик сахилга батыг дагангаа рационал чадвараа ашиглан дасан зохицож байдаг. Хүний анги ба бие хүний хоорондын үнэ цэнийг ялгаж үзэх нь Сервантесийн цаг үед тун радикал санаа байлаа. "Кихот ноён" романд, Сервантес язгууртнууд угийн нэр хүндтэй, эрхэмсэг байдаг гэсэн уламжлалт ойлголт руу довтолдог ба гүн болон гүнгийн хатны бодлогогүй хорон санаа, Санчогийн сэтгэлийн түгшүүртэй энэрэх сэтгэлийн хоорондох ялгаа нь ангийн энэ асуудлыг онцлон харуулдаг. Нийгмийн статус доогуур ч Санчо ухаалаг бөгөөд бодолтой байдаг агаад үүнтэй нэгэн адилаар энгийн амьдралтай ямаачид, хоньчид ихэвчлэн философич шиг харагддаг. Үүний эсрэгээр, гүн болон гүнгийн хатан зэрэг язгууртны дүрүүд голдуу эелдэг бус, сэтгэлгүй байдаг. 

МОТИФ. "Кихот ноён" романы зарим дүрүүд хувийн нэр төрдөө маш их санаа зовж байхад зарим нь тэгдэггүй. Аль ч хувилбар нь сайн юмуу муу үр дүнд хүргэж болзошгүйг Сервантес илэрхийлж байна. Жишээлбэл, Ансельмо эхнэрийнхээ үнэнч байдалд итгэдэггүй тул эхнэрийнхээ нэр төрийг хэтрүүлэн хамгаалж, энэ нь эцэстээ эхнэрийг нь завхайралд автуулж, өөрөө үхэж дуусна. Үүний нэгэн адилаар Кихот ноён нэр төрдөө хэт автсанаараа өөрт нь хорон муу санаа агуулаагүй хүмүүстэй тулалдахад хүргэнэ. Нөгөөтэйгүүр, Доротиа хувийнхаа нэг төрд санаа зовсоноор Фердинандын араас хөөцөлдөхөд хүргэж, эцэстээ тэд аз жаргалтай болж байна. Энэ жишээнүүдээс харахад, Ансельмо, Кихот ноён зэрэг нийгмээс тогтоосон нэр төрийн хуультай холбоотой дүрүүд бэрхшээлтэй тулгарч байхад Доротиа зэрэг зөвхөн хувийнхаа нэр төрийг хамгаалахаар зорьж буй дүрүүд амжилтад хүрч байна. Романы ертөнцөд олон хүмүүс романтик хайрыг орхисон мэт байдаг боловч Кихот ноён болон бусад хэд хэдэн дүрүүд романтик санааг эрхэмлэсээр байдаг. Дон Луйсын Клараг хайрлах хайр, Камачогийн хурим, Зораида нарын үлгэр гэх мэт эдгээр бүх нөхцөлд романтик хайр дурлал нь бүхнээс дээгүүр тавигддаг. Санчо, Тереза хоёрын хувьд ч гэсэн романтик хайр нь гэрлэлтийн амлалтын чухал хэсэг болдог ба Тереза шүүх дээр нөхрийнхөө нэр төрийг хүндэтгэж байгаа хүсэл эрмэлзлэлээс үүнийг мөн харж болно.

 Егөөтэй нь, Кихот ноён хэзээ ч харж байгаагүй төсөөллийн Дульсинея гэх эмэгтэйд хайр сэтгэлээ зориулж байгаа нь романтик хайрыг тохуурхаж буй мэт байна. Уг роман нь түүхэн зохиол, романс зэрэг төрөл бүрийн уран зохиолын ач тусын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг агуулдаг. Санваартан, Толедогийн дүрэм зэрэг ихэнх дүрүүд нь эцэстээ уран зохиол үнэнийг л хэлэх ёстой гэж үздэг. Харин зарим нь, Кихот ноёных шиг гэмгүй оюун ухааныг завхруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд засгийн газар тодорхой номуудад цензур тавих ёстой гэсэн санал тавьдаг. Гэсэн хэдий ч роман дахь жинхэнэ түүхүүд хүртэл хуурамч зүйлсийг илчилж байгааг уншигчид харж байна. Сервантес "Кихот ноён" бол өөрөө уран зохиол биш харин түүхэн орчуулга гэж тунхагладаг билээ. Энэхүү бүтээл нь зохиомол буюу Сервантесийн энэхүү мэдэгдэл худлаа гэдгийг уншигчид мэдэж байгаа нь Сервантесийн симболийг тодорхой харуулж байна; зохиолчийн зорилго хичнээн үнэн байлаа ч тэр бүх үнэнийг хэзээ ч хэлж чадахгүй юм. Угийн эдгээр дутагдлуудыг үл харгалзан уран зохиол нь романд хүчирхэг хүч хэвээр үлдэж, олон дүр, нэн ялангуяа Кихот ноёны амьдралыг удирдан чиглүүлэгч хүч болдог.

Кихот ноён дүрийн анализ

Романы гол баатар Кихот ноён бол янхигар, дунд насны, хөлөгт баатрын тухай дэндүү олон ном уншсанаас болоод галзуурсан нэгэн бөгөөд тэрээр өөрөө зохион бодож олсон хайрт Дульсинеягийн төлөө, мөн ялгуулсан нэр хүнд байгуулахын төлөө их адал явдалд явахаар шийддэг. Кихот ноён энэ ертөнцөд дутагдаж байгаа гоо үзэсгэлэн хийгээд зорилгыг мэдрэхийг хүсдэг бөгөөд мөн түүнчлэн хэрмэл баатруудын сайн үйлийг сэргээх замаар үймсэн ертөнцийг дэг журамд оруулна гэж найддаг. Эхэндээ, Кихот ноёны сайн зорилго нь уулзсан хүмүүстээ хор хөнөөл учруулдаг, учир нь тэрээр ертөнцийг бодитоор харах чадваргүй байдаг билээ. Роман үргэлжлэх явцад Кихот ноён өөрийн үнэнч туслах Санчогийн тусламжтайгаар бодит байдал ба толгойдоо бий болгосон зураг хоорондын ялгааг аажмаар ялгаж салгадаг. Гэсэн хэдий ч тэрээр эцсийн мөчид өвдөлтөөсөө өдөөгдөн ухаан эрүүл болдог ч зөв ба буруу гэсэн хөлөгт баатрын сайн үйлийн үзэл баримтлалдаа үнэнч хэвээр байдаг. Түүний ухаан хангалттай цэвэршиж, дэн буудлыг цайз биш зүгээр л дэн буудал гэж харах болсон ч тэрээр Дульсинея нь өөрийнх нь бүх зовлон зүдгүүрээс аварч чадна гэсэн итгэл үнэмшлээсээ хэзээ ч бууж өгдөггүй.
 Цаашилбал, Кихот ноён хэрмэл баатраасаа "зодог" тайлах ёстой байсан ч, мөн цагаан сарны баатарт ялагдсан нь түүнийг "зодог" тайлахыг зөвшөөрсөн нэг нөхцөл болдог ч тэрээр хэрмэл баатрынхаа оюун санаандаа болоод тангарагтаа үнэнч байдаг. Хэдийгээр Кихот ноён төөрөлдсөн байсан ч ухаан нь маш хурц байхын сацуу үе үе ухаан эрүүл юм шиг санагддаг. Тэрээр уран зохиолын тухай, цэрэг, улс төрийн тухай гээд олон сэдвээр итгэл үнэмшилтэй бөгөөд тов тодорхой ярьдаг билээ. Кихот ноёны дүрд хийсэн ямар ч дүн шинжилгээ түүний эрүүл ухаан болоод галзуурлын хоорондын хуваагдлыг хангалттай тайлбарлаж чаддаггүй. Тэрээр романы турш таавар хэвээр үлдэж, энэ дүрийг бид таньж, ойлгоход маш хүндрэлтэй байх болно. Магадгүй бид Кихот ноёныг дүр эсгэж байна, тэр эргэн тойрондоо болж байгаа бүхнийг мэдэж байгаа гэж харж болох ба дэлхий ертөнц хийгээд өөрийнх нь үйлдлээс үүдэх үр дагаварыг зүгээр л үл тоомсорлохыг сонгосон гэж бодож болох юм. Сервантес хэд хэдэн удаа романдаа Кихот ноён нь хүлээн зөвшөөрдөгөөсөө илүү ихийг мэддэг байж магадгүй гэсэн сэжгийг баталдаг. Романы төгсгөлд тэрээр гэнэтхэн өөрийгөө эрүүл ухаантай гэж зарлахад бид түүнийг галзуурлаасаа маш хурдан салж буйд гайхах агаад өөрсдөөсөө Кихот ноён худлаа дүр эсгэж байв уу гэж асуухад хүрнэ. Нөгөөтэйгүүр Кихот ноён бол маш ухаалаг хүн байсан ч сэрэмжтэй байх ёстойг харуулсанаас гадна үнэндээ ухаалаг хүн ч өөрийнхөө тэнэглэлийн золиос болж болохыг харуулсан мэт. Мөн Кихот ноёны адал явдал нь баатарлаг байх юмуу хоцрогдсон үнэт зүйлс эерэг болон сөрөг үр дүнд хүргэж болзошгүй анхааруулж байна. 

Comments