Ф. М. Достоевский "Ах дүү Карамазов"



"Ах дүү Карамазов" бол Фёдор Достоевскийн хамгийн сүүлчийн туурвил буюу роман хэвлэгдэн нийтлэгдсэнээс 3 сар орчмын дараа их зохиолч нас барсан байдаг. Достоевский бараг 2 жил уг романаа бичсэн бөгөөд 1879 оноос 1880 оны хооронд "The Russian Messenger" сонинд цувралаар нийтлүүлж байв. "Ах дүү Карамазов" бол үйл явдал 19-р зууны Орост өрнөх философийн роман агаад ёс суртахуун, чөлөөт хүсэл, бурхны ёс зүйн маргааны сэдэвт гүн гүнзгий нэвтрэн орсон бүтээл. Роман эцгийгээ хөнөөсөн гэмт үйл явдлыг төвөө болгоод орчин үежиж байгаа Оросын эсрэг ухамсар, шүүлт, эргэлзээ хийгээд оюун санааны, итгэл үнэмшлийн төлөөх ёс суртахууны тэмцлийг харуулсан теологийн драм юм. Уг роман нийтлэгдсэн цагаасаа хойш манай гаригийн хамгийн аугаа уран зохиолын бүтээлийн тоонд орсоор байна.

  Достоевский "Ах дүү Карамазов" романыхаа анхны тэмдэглэлийг 1878 онд бичиж эхэлсэн ч олон жилийн өмнө дутуу орхисон бүтээлүүд бичсэн байж. Тэрээр өмнөх туурвилуудаасаа хэд хэдэн элементүүдийг "Ах дүү Карамазов"-д оруулах бодолтой байв, ялангуяа 1869 оны зун бичиж эхэлсэн "The Life a Great Sinner" туульсын зохиолоо нэгтэх төлөвлөгөөтэй байв. Достоевский тус ажлаа дуусгаагүй байхдаа хуучин гишүүнээ алсан радикал бүлгийнхний  хэрэгт холбогдсон Оросын философич С. Г. Нечаевын хэрэг сонирхлын татсан байдаг. Тэр энэ түүхийг шүүрч аваад "Албингууд" романаа бичиж эхэлжээ. "Tobolsk" хэмээх дуусгаагүй бүтээл нь "Ах дүү Карамазовын" нэгдүгээр бүлгийн анхны ноорог гэж үздэг. Үүнд Старая Русса хотод эцгийгээ хөнөөсөн байх гэж хардагдаж буй нэгэн эрийн тухай өгүүлдэг ажээ. Мөн "Sorokoviny" хэмээх дуусаагүй бүтээлээс "Ах дүү Карамазовын" хэд хэдэн бүлэгт тусгасан ажээ. 
1887 оны 10-р сард Достоевский "A Writer's Diary" нийтлэлийнхээ "To the Reader" гэх хэсэгт "өдрийн тэмдэглэлээ нийтлүүлсэнээс хойш энэ 2 жилийн туршид миний дотор албадлаггүй  бөгөөд үл мэдэгдэм байдлаар нэгэн зохиол бий болсоор байна" гэж бичиж байж. Тус "A Writer's Diary" бүтээл нь олон тооны нийтлэлээс бүрдэж байсан ба хожим "Ах дүү Карамазов"-доо зээлж авсан утга санаанууд тэнд байсан байна. Тухайлбал эцгийгээ хөнөөх, хууль журам хийгээд нийгмийн асуудлууд болно. 

Түүнчлэн уг бүтээлээ бичихэд Достоевскийд шашин, философи, мөн түүний амьдрал нь нөлөөлсөнөөс гадна хувийн эмгэнэлт явдал нь жинтэй нөлөөлсөн. 1878 онд Достоевский 3 настай хүү Алешагаа алдсан ба хүү эцгээсээ өвлөж авсан татаж унадаг өвчтэй байв. Номын туршид зохиолчийн уй гашуу мэдрэгддэг; Достоевский романыхаа гол баатрыг Алёша гэж нэрлэснээс гадна хүүгийнхээ хамгийн хайрлаж, биширдэг чанаруудыг дуурайлган бичжээ. Мөн Достоевский өөрийн хагацлыг ахмад Снегиров болон түүний хүү Илюша нарын түүхээр илэрхийлдэг. Хүүгийнх нь үхэл тэр жилийн сүүлээр Достоевскийг Оптина хийдэд авчирав; тус хийдээс тэрээр хүүхдийн зохиолоос бичихийн оронд роман бичих сэдлээ олсоны дээр романыхаа нэлээдгүй олон санааг олсон. Тухайлбал Зосимагийн намтарыг хийдэд байсан бичээсээс сэдэвлэсэн буюу бараг үг үгээр нь хуулан авсан гэдэг. 

Романы БҮТЭЦ: хэдий 19-р зуунд бичигдсэн ч "Ах дүү Карамазов" орчин үеийн романы олон тооны элементүүдийг агуулсан байдаг. Достоевский номоо уран зохиолын янз бүрийн техникээр бичсэн. Хэдийгээр голдуу гол баатруудын хувийнх бодол хийгээд мэдрэмжийг харуулахдаа өгүүллэгч нь өөрийгөө романы зохиолч гэдгээ тунхагладаг ба өгүүллэгч романы дүр болох гэсэндээ ихэнхдээ өөрийнхөө зан байдал, хувийн мэдрэмжтэйгээ хэлэлцдэг. Өгүүллэгчийн дүрслэлээр, түүний дуу хоолойгоор дүрслэгдсэн хүмүүсийн өнгө аяс үл ажиглагдахуйд шингэдэг ба ингэхдээ голдуу дүрүүдийн хамгийн хувийн бодлыг агуулдаг. романд давамгайлсан дуу хоолой байдаггүй ба үндсэн өгүүллэгчээс гадна Их тамлагчийн түүх хийгээд Зосимагийн наманчлал гэх мэт бусад дүрүүдийн өгүүлэмжтэй хэд хэдэн хэсэг бий. Энэ арга барил нь олон түүхийг бүрэн субъектив болгож, үндсэн сэдвийг үнэн болгож өргөж өгдөг. Достоевский хүн бүрийн дотоод чанарыг илэрхийлэхийн тулд хувь хүн болгоны ярианы хэлбэр маягийг ашигладаг. Роман зарим хэсэгт жижиг дүрийн ойлголтыг гаргаж ирэхийн тулд дотоод ертөнц руу ордог ба жишээлбэл романы 6-р бүлэгт бараг бүхэлдээ Зосимагийн намтарт зориулагдсан байдаг. Достоевский романыхаа үндсэн Сэдвийг гаргаж үзүүлэхийн тулд ганцхан эх сурвалж юмуу бүлэг дүрүүдийг ашигласангүй, харин тэрээр олон янзын үзэл бодол, өгүүлэмж, дүрүүдийг ашиглажээ. 

НӨЛӨӨЛӨЛ: "Ах дүү Карамазов" нийгмийн маш олон чухал, алдартай хүмүүст нөлөөлжээ. Уг романыг биширдэгээ суут А. Эйнштейн, философич Л. Виттгенштейн, М. Хайдеггер болон зохиолч В. Вулф, Харуки Мураками нар хэлсэн байдаг. З. Фройд уг романыг хамгийн гайхамшигтай бичигдсэн роман гээд уг бүтээлээс "Эдипийн" сэдэв олж хараад ихэд гайхжээ. 1928 онд бичсэн "Достоевский ба эцгээ хөнөөгч" нийтлэлдээ тэрээр: Достоевский өөрийнхөө мэдрэлийн эмгэгийг судалж байжээ. Достоевскийн татаж унадаг өвчин төрөлхийнх бус харин эцгийнхээ үхэлд өөрийгөө буруутгасан далд гэм буруугийн бие махбодийн илрэл гэжээ. Мөн тэрээр Достоевский эцгийгээ үхээсэй гэж хүсдэг байсан, учир нь эхийгээ нууцаар хүсдэг байсан гээд Достоевскийн өвчин 18 настайд нь эхэлсэн нь эцгийнх нь үхдэг жилтэй таардаг гэжээ. Үүний дагуу эцгийгээ хөнөөх хийгээд гэм буруугийн тодорхой сэдэв, ялангуяа Иван Карамазовын ёс суртахууны гэм буруугийн хэлбэрийг дүрсэлсэн байдал нь Достоевскийн уран зохиолын онолын нотолгоо болно гэж үзжээ. 

Ф. Кафка Достоевский болон "Ах дүү Карамазов" өөрийнх нь ажил туурвилд нөлөөлсөн учир Достоевскийд өртэй гэж хэлсэн байдаг. Кафка өөрийгөө Достоевскийтой цусан төрлийн хамаатан гэдэг байсан агаад ингэх шалтгаан нь тэд адилхан оршихуйн сэдвээр бичдэгтэй холбоотой юм. Кафка "Ах дүү Карамазов"-д гарах эцгийгээ үзэн ахан дүүсийн байдалд маш ихээр татагдаж, өөрийнхөө олон бүтээлд, хувийнхаа туршлагаас үндэслэлтэй эцэг хүүгийн цөхөрсөн харилцааг өөрийнхөө хувилбараар туурвижээ. Тэгвэл Ж. Жойс хэлж байна: "Ах дүү Карамазов" надад маш гүн сэтгэгдэл түрүүлсэн. Достоевский мартагдашгүй үйл явдлуудыг бүтээсэн.  Та үүнийг галзуурал гэж хэлэх байх, гэхдээ түүний суут ухааны нууц үүнд оршдог байх. Би сэтгэлийн хөөрөл гэдэг үгийг энд хэлмээр байна, сэтгэлийн хөөрөл галзууралтай нэгдэж чаддаг байх. Чухамдаа бүх аугаа хүмүүсийн судсанд тэр зүйл байсан; энэ бол аугаа байхын эх сурвалж; ухаантай хүн дэмий юманд зүтгэдэггүй. Философич Л. Виттгенштейн дэлхийн 1-р дайнд явахдаа авч явсан цөөхөн юмсын нэг нь уг роман байжээ.

 Экзистенциализмын гол төлөөлөгч философич М. Хайдеггер өөрийнхөө хамгийн чухал ажил болох 'Байх ба хугацаа" бүтээлийнх нь гол эх сурвалж Достоевскийн бодол байсан гэж хэлсэн байдаг бөгөөд түүний ажлын өрөөнд 2 хүний хөрөг байдаг байсны нэг нь Достоевскийнх байжээ. Философич Ч. Гуигноны хэлснээр: романы хамгийн сэтгэл татам дүр Иван нь 20-р зууны дунд үеийн Экзистенциалист философичид Сартр, Камю нарын бичсэн Экзистенциалист бослогын үндсэн "бурхан" болж байв. Камю 1951 онд бичсэн "Rebel" бүтээлийнхээ төвд Иваны асуудлыг авч хэлэлцжээ. Романы хамгийн алдартай хэсгийн нэг бол Иванаар өгүүллэгдэх Их тамлагчийн хэсэг бөгөөд угаасаа хоердмол мөн чанартай хүний төрөлх байдал, шашин, эрх чөлөө, эрх мэдэл зэргийг тусгасан зөвхөн энэ бүлэг л дангаараа орчин үеийн уран зохиолын шилдэгт ордог. Нобелийн шагналт Уильям Фолкнер "Ах дүү Карамазовыг" байнга уншдаг байсан ба Шекспирийн бүтээлүүд хийгээд Библийн дараа орох хамгийн аугаа уран зохиол гэж хэлжээ. Мөн тэрээр Америкийн уран зохиол Достоевскийн бүтээлүүдтэй харьцуулахад хангалттай том зүйлс хийгээгүй гэсэн буй. Нобелийн шагналт Херманн Хессэ Оросын тухай эссэндээ Достоевскийг яруу найрагч биш зөнч гэж хэлсэн байдаг. Их британий зохиолч Сомерсет Маугэм уг романыг дэлхийн хамгийн шилдэг10 романд багтаажээ. Орчин үеийн Нобелийн шагналт Орхан Памук "Ах дүү Карамазовыг" уншаад амьдрал нь өөрчлөгдсөн, түүний хүний дотоод сэтгэл хийгээд мөн чанарыг уудлах онцгой чанар өөрт нь ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин багаасаа Достоевскийг уншиж өссөн бөгөөд Достоевскийг аугаа сэтгэлзүйч гэж үздэг байжээ. Сталин уг романыг уншихдаа олон арван тэмдэглэгээ хийж, маш их судалж байсан тэмдэглэл байдаг. Владимир Путин уг романыг хамгийн дуртай романыхаа нэгээр нэрлэдэг. 

ҮНДСЭН САНАА: "Ах дүү Карамазов" романы философийн зөрчил бол шашны итгэл болон эргэлзээний хоорондох зөрчил юм. Гол дүрүүдийн зан авирыг ялгаатай төрлөөр нь 2 хэлбэрт "байршуулдаг".  Достоевский эргэлзээний үр дагаварыг эцсийн байдлаар ингэж дүрсэлжээ.  Роман нүгэл, наманчлал болон шударга ёсыг өргөн хүрээнд судалж үзэхдээ роман дахь гол санаа нь гэмт хэрэг, эрүүгийн шударга ёс сэдэв юм. Романд дүрслэгдсэн гэмт хэрэгтэн нь мөн нүгэлтэн юмуу бурхны эсрэг гэмт хэрэгтэн бөгөөд үүгээрээ хүн төрөлхтөн бие биенээ шүүх чадваргүй гэсэн санааг илэрхийлдэг. Дмитрийг буруу ялласны дараа байдлаас ухамсар цор ганц үнэн шүүгч болохыг бид харна. Роман дахь эрүүгийн шударга ёсны дүр төрхтэй Иван болон лам хоёрын дунд өрнөх сүм хийдийн нэр төрийн талаарх маргаан болон Их тамлагчийн түүх, Дмитрийг баривчлах, шоронд хорих, мөн шүүх хурлын үеэр тод илэрнэ. Достоевский оюун санааны авралын эрэл хайгуулын гол хэсэг бол хүн өөрийгөө танин мэдэх шаардлагатай гэсэн санаа юм. Зосимагийн тайлбараар бол хүн өөрийгөө таньсан, бусдыг болон бурхныг үнэнчээр хайрлаж чадна гэдгээ өөрөө ухаарсан үед л энэ нь боломжтой ажээ. Ингэхдээ өөрийгөө таниж мэдэх үндсэн арга зам бол зовлон зүдгүүр шүү гэжээ. Зовлон зүдгүүр нүглийн гэм буруугаас эсхүл уй гашуугаас үүдэн тохиолдож болох ба эс бөгөөс Грушенка, Иван хоёрын хэргийн адилаар оюун санааны зүйрлэл бүхий өвчин зовлонгоос үүдэлтэй байж болно. Грушенка, Иван хоёрын зовлонгоос гадна өөр нэг том романы сэдвийг илэрхийлэгч бол Дмитрий буюу тэрээр сайн үйлийг хүлээн авахаас өмнө өөрийнхөө муу муухай байдлыг ухаарсан зовлон шаналалдаа тарчлан байдаг.

 Лиз сайн дураараа зориуд хуруугаа хаалганд цохиулдаг; энэ бол романы егөөдөлт гашуун сэдвийн бас нэг илэрхийлэл буюу Лиз өөрийгөө муухай гэж үздэг учир өөрийгөө тэгж шийтгэхийг хүсдэг. Гэвч түүний зовлон зүдгүүрийн ойлголт дэндүү гүехэн, хоосон бөгөөд инээдтэй тул энэ нь үнэхээр наманчлан аврагдах ноцтой оролдого биш юм. "Ах дүү  Карамазовын" суурь судалгаа бол шашны итгэл үнэмшил бөгөөд роман бурханд итгэх итгэлийн сонголтыг бүрэн дүүрэн ухамсартай тайлбарлах боломжгүй гэдэг санааг дэмждэг. Романд маргаантай харилцан ярианы байрыг голдуу тайлбарлашгүй үйл хөдлөлүүд орлодог. Эдгээр үйл хөдлөлийн илэрхийлэмж тайлбараас зайлсхийдэг боловч хүний сэтгэлийг хангахуйц, итгэл үнэмшилд шаардлагатай чанарыг илтгэсэн яруу найргийн мэдрэмжээр илэрхийлэгддэг. Эдгээр нууцлаг үйл хөдлөлийн жишээнүүдээс дурдвал; Дмитрийгийн өмнө өвдөг сөгдөх Зосима, Иваныг үнсэх Алеша, мөн Зосима үхэхээсээ өмнө дэлхийг өөртөө хүлээн авдаг. Эдгээр үйл хөдлөлийг зөвхөн хэсэгчилэн тайлбарлаж болохоос бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй юм. 

СИМБОЛ: "Ах дүү Карамазов" бол философийн ч, реалистик ч роман, учир нь Достоевскийн дүрүүд маш их өгөөжтэй байдлаар дүрслэгдсэн бөгөөд хувь хүн болгон нь тодорхой үзэл бодолтой, философийн үлэмж маргааны санааг агуулсан байдаг. Зохиолын баатруудын дундах үйл явдал нэгээс нөгөөд цар хүрээгээ тэлсэн зөрчилтэй сэдэвтэй болж ирдэг. Романы хамгийн чухал симбол бол романы дүрүүд өөрсдөө юм. Бараг бүх гол дүрүүд ямар нэгэн утга санааны илэрхийлэмж болдог; Алёша итгэлийг, Иван эргэлзээг, Фёдор Павлович хувиа хичээгч болон бие махбодийн дур сонирхолыг илэрхийлэх бол Смердяков нь Фёдор Павловичийн муу муухай амьдралын бэлгэдэл юм. Алёша болон бусад лам нар Зосимагийн үхэл амьдарч байх үеийнхэн ер бусын мэргэн ухаан, буянт үйлийг нь тэмдэглэсэн аугаа их гайхамшгийг араасаа дагуулна гэж хүлээцгээдэг. Тэд Зосима өөрийгөө гэгээнтэн болохыг батална гэж хүлээдэг. Сүм хийдийн домгоор гэгээнтэнийг олж илрүүлэх нэг арга бол үхсэнийх нь дараа цогцос нь өмхийрч муудахгүй харин ч маш тааламжтай үнэр үнэртэнэ гэжээ. Гэтэл Зосимагийн үхлийн дараа ямар ч гайхамшиг тохиохгүй; харин ч цогцос нь хурдан муудаж, ой гутам үнэр ханхална. Гайхамшиг хүлээж байсан Алёшагийн хувьд Зосимагийн цогцос дээр үл хүндэтгэсэн байдалтайгаар очдог нь дэлхий ертөнц ихэнхдээ шашинд итгэх итгэл үнэмшлийн үнэлэлт хүндлэл үгүй болсны жишээ юм. Зосимагийн цогцсын хувь тавилан итгэл үнэмшил гайхамшгаар зөвтгөгддөггүй ба харин итгэлийг сонгосон хүн эргэлзэх маш олон шалтгаанаас үл хамааран итгэх л ёстой!


Comments