Бадарчин

 



The Man Who Shot Liberty Valance (1962). Shinbone хэмээх газарт алдартай Сенатор Rance өөрийн эхнэр Hallie-ын хамт хүрэлцэн ирж буйгаар кино маань эхэлдэг. Нэртэй төрийн хүн жижиг газарт яах гэж, ямар зорилгоор ирэв гээд бөөн хөл үймээн дэгдсэн нь дамжиггүй. Сенатор энд эртний танилынхаа оршуулах үйл явдалд оролцохоор ирсэнээ сэтгүүлчдэд дуулгах ба энэ оршуулга бол түүний эртний найз бас өрсөлдөгч байсан Tom гэгчийн бөгөөд 25 жилийн өмнө болсон үйл явдлыг Сенатор эргэн дурсах дурсамжаар кино цааш үргэлжилнэ. Хүсэл зоригоор дүүрэн, идеалист хуульч, залуухан Rance авдар номоос өөр зүйлгүй Shinbone-ын газар нутгаар дайрч өнгөрч яваад Shinbone-ын зартай дээрэмчин, танхай этгээд, мөн алуурчин Liberty болон түүний 2 үнэнч туслахад олзлогдон нэвширтлээ зодуулна. Бараг үхлүүт амьтныг Shinbone-ын уугуул Tom гэгч олоод хотод аваачиж найз хүүхэн Hallie-ынхаа асрамжинд өгсөнөөр Rance золоор амь гарна. Rance бол номын мөр хөөсөн, хотын цэвэр захтан бол Tom хөдөөний хээгүй тариачин залуу, харин Hallie өсөж дэвжих хүслээр дүүрэн ч яг юу хийхээ мэддэггүй хөдөөний тун аятайхан сэтгэл татам хүүхэн юм. Tom Hallie 2 хуримлах нь цаг хугацааны асуудал ба хотынхон бүгдээрээ тэр хоёрын явдлыг мэднэ; Tom хуримлахад яарахгүй, учир нь энд түүнээс хүчтэй эр байхгүй гэдэгт итгэхээс гадна хүүхний байдлыг азнаад байгаа мэт бол Hallie-ын байдал нэн ярвигтай; тэр торонд хоригдсон шувуу шиг бөгөөд Tom-д хайртай эсэх нь үлэмж эргэлзээтэй. Rance-ын хүргэгдэж ирсэн газар нэгэн хоолны газар буюу Hallie-ын ажиллуулдаг бас гэр нь болдог газар байна. Ухаан орсон Rance тэр муу Liberty-гаас хууль ёсоор хариугаа авч торны цаана суулгана гэхэд бүгд түүнийг шоолон инээнэ. Хамгийн чанга инээсэн нь Tom ба тэрээр энд хууль дүрэм үйлчилдэггүй, эр хүн нударгаараа буюу буугаар өөрийгөө хамгаалж шударга ёсыг тогтоодог, чи энд хууль дүрэм тогтооё гэвэл буу ав, тэгээд ч тэр Liberty-д чинь халдах зоригтон энэ хотод надаас өөр хүн байхгүй гэдэг. Shinbone бол үзэгч таны төсөөлж буй яг тэр зэрлэг өрнөдийн хот маягийн суурин ба киноны үйл явдал 18-р зуунд өрнөж буйг анхаарч үзвэл зохино. Хортой, шартай Rance биеэ тэнхэртэл Hallie-ын хоолны газарт байж ажилд нь давхар туслах маягаар төлбөрөө төлөхөөр болохдоо дотроо заавал хууль хэрэгждэг хот болгоно гэж өөртөө тангараглана. Уг хотод Liberty үнэхээр хөндлөн бөгөөд хотын шериф түүнийг хараад гөлөг шиг зугтаадаг бол Liberty зөвхөн Tom-оос л айна, Tom ч түүнээс аягүйцэх агаад тэд хэзээ нэгэн өдөр тулах нь тодорхой байлаа. Rance энэ үеэр буугаар буудах дасгал хийхийн хажуугаар Hallie-д бичиг үсэг зааж эхлэх агаад Hallie эрдэм номтой залууд өөрийн эрхгүй татагдаж эхэлж буйг Tom ажиглан байв. Rance-д буудах дасгал зааж байсан Tom нэг өдөр түүнийг дагуулан ирээдүйд Hallie-тай хамт амьдрах байшингаа барьж буйгаа харуулж, Hallie бол миний хүүхэн шүү гэдгээ ойлгуулдаг. Shinbone-ын эрчүүд цуглаж хотоо мужийн зэрэглэлтэй болгох нийслэлд болох хуралд 2 төлөөллийн хүнээ явуулах хурал хийнэ; энэ хотод байгаа эрдэм мэдлэгтэй 2 хүн бол хотын сонинг эрхлэгч Peabody, нөгөө шинэхэн хотын иргэн Rance нар болж таарав. Rance-ын хэлж ярьж байгаа бүхэн нь дорхоноо хотынхны хайр талархлыг хүлээгээд байлаа. 
Энэ үед Liberty бас нэрээ дэвшүүлж үзэх ч олонхын саналаар Rance, Peabody нар сонгогдоно. Доромжлогдсон Liberty орой халз тулаанд Rance-г дуудаж, ирэхгүй бол олж очоод ална гэнэ. Tom Rance-г зугт, зугтахад чинь тусалъя гэсэн ч шазруун Rance үл зөвшөөрнө. Халз тулааны угтвар болгож Liberty өөрийнх нь талаар байнга үнэнг бичих болсон сонины газрын эзэн Peabody-г аймшигтайгаар зодож сонины газрыг нь сүйтгэнэ. Уг явдал Rance-г улам хурцлах ба шөнө болсон хойно Rance согтуу Liberty-тэй гудманд тулна; Liberty эхлээд Rance-ын гарыг буудаж шархдуулдаг агаад ер нь хэзээ л бол хэзээ хүссэн үедээ буудаж алж чадахаар тул зүгээр зугаагаа гаргаж байгаад үхлийн буудалт хийх үеэр мөн Rance бас буудаж таардаг, хачирхалтай нь энэ ганц буудалт Liberty-д үхлийн аюултай байв. Шархдсан Rance-г Hall6 асран байхыг хожимдож ирсэн Tom олж хараад тэдний хайр сэтгэлийг ойлгодог. Уурлаж, гомдсон Tom бааранд орж согтоод, хуримандаа зориулж барьсан байшингаа шатааж орхино. Хүн алсан нүглийн гэмшилдээ Rance шаналан зовж, Үүнээсээ болж уг хотыг төлөөлж нийслэл рүү явж чадахгүйгээ Tom-д хэлэхэд Tom түүнд хандаж үнэндээ Liberty-г чи алаагүй, би алсан буюу тэр үед би та хоёрыг нуугдан ажиглаж байгаад зохист мөчид тааруулан Liberty-г буудаж алсан, тиймээс чи гэмших хэрэггүй гэж хэлнэ. Үнэнийг хэлснийхээ дараа Tom харамсана, учир нь ингэснээр тэр Hallie-г үүрд алдана гэсэн үг юм. Сэтгэлийн шаналлаас чөлөөлөгдсөн Rance нийслэл явсан ба энд хүрээд Сенаторын дурсамж төгсөж одоодоо ирдэг. Уг явдлаас хойш Rance-ын замнал, хувийн амьдрал амжилтаар дүүрэн байсан ч үнэн түүхийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй бөгөөд нийслэл руу буцах замдаа эхнэр Hallie-даа тэтгэвэрт гараад Shinbone-д ирж амьдарна гэж хэлнэ. Rance Галт тэрэгний кондукторын эелдэг аашинд хариу болгож талархлаа илэрхийлэхэд кондуктор хариуд нь Liberty-г алсан хүнд энэ зэргийн хүндлэл байлгүй яахав ээ гэж хэлэхэд Rance тамхиа асаах гэж байснаа болиод газар гуниглангуй ширтдэг. 
Вестерн жанрын домогт хослол John Ford болон John Wayne нарын бодрол, мэдрэмжээр баялаг Gunfighter, Вестерн жанрын уг бүтээлийн аяндаа өөрчлөгдөх хэмнэлийн найруулга гайхалтай ба мөн гарамгай вестернчүүд дээр домогт James Stewart нэмэгдэж киног улам онцгой болгоно. Энэ кинонд өнгөрсний дурсамж одоогийн амьдралаас илүү чухал үүрэгтэй бөгөөд киноны эргэн дурссан техник тансаг (John Ford тухайн үедээ энэ техникт гаршсан байв). Киноны зохиолыг Dorothy M. Johnson-ын ижил нэрт богино өгүүллэгээс сэдэвлэн James Warner Bellah болон Willis GoldBeck нар бичсэн ба киноны гол дүрүүдэд нэгдсэн улсын кино урлагийн домгууд John Wayne, James Stewart нар залуухан дүрслэгдсэн дүрүүддээ нас ахисан хойноо тоглоцгоожээ. Эл вестерн John Ford-ын өмнөх The Searchers, She Wore a Yellow Ribbon гэсэн шилдэг ажлуудаас олон талаар өөр байдгийн нэг том эсрэгцэл бол хар-цагаанаар хийгдсэн явдал юм. John Ford: хар-цагаанаар кино хийх гэж байгаа бол чи маш болгоомжтой хандах хэрэгтэй. Чи ажлаа мэддэг байх хэрэгтэй, сүүдрээ сайн тавьж, хэтийн төлөвөө зөв хар, харин өнгөтөөр бол юмс байгаагаараа л байна. Та нар намайг хуучинсаг хүн гэх байх, гэвч хар-цагаан бол жинхэнэ гэрэл зураг юм - гэж 140 орчим кино найруулсан эрхэм хэлж байж. Мөн ингэж хар-цагаанаар хийх болсон хэд хэдэн шалтгаан байдгийн нэг нь киноны оргил хэсэг Rance Liberty хоёрын буудалцдаг хэсгийг өнгөтөөр авахад болж өгөхгүй байсан бол бас Paramount студийн олгосон бага хэмжээний төсөвтэй холбоотой гэж үздэг. Ford-ын эхэн үеийн вестернүүдэд давамгайлдаг байгалийн үзэсгэлэнтэй дүр зураг уг кинонд үгүй болохоос гадна романтик байдал багасч, хязгаар нутгийн амьдралыг илүү бодитойгоор хөрөглөж, өөрийн үндсэн үлгэрлэг вестернээс холджээ. Тухайн цаг үеийн холливуудын аварга загаснууд Wayne, Stewart нар анх удаа энэ киногоор хамтран тоглосон, тэдний хөгшин төрхийг бууруулах гэж киног хар-цагаанаар хийсэн гэх яриа байдаг. Студийн зүгээс кинонд заавал Wayne-г тоглуул гэсэн шаардлага тавьсан нь Ford-ын эсэргүүцэлтэй тулгарсан агаад киног бүтээх явцын турш Ford Wayne-г шоглох юмуу загнах зэргээр "өшөөгөө" авч байсан гэдэг. Ford-ын бүх аянга ганцхан Wayne дээр буугаад байгааг кино багийнхан анзаарч гайхдаг байсан ба Stewart харин Ford-ын аянганаас дархлаатай байсан гэдэг. Найруулагчийнхаа ааш авирыг тэсэхээ больсон Wayne зураг авалтын үеэр нэг тэсэрсэн ч мэргэжлийн хүн шиг биеэ барьж киног амжилттай дуусгаж чадсаныг хүндлүүштэй. Зар сурталчилгаанаас Stewart Wayne--ээс илүү их мөнгө авсан бол киноны кредит дээр хамгийн эхэнд Wayne-ын нэр гарч ирдэг. Студи Ford-ын хүсэлтээр кино театрын сурталчилгаан дээр Stewart-ын нэрний өмнө Wayne-ын нэрийг гаргахаар болжээ. John Ford: үнэндээ Wayne гол дүрд тоглосон. Stewart киноны ихэнх харилцан яриатай хэсэгт гардаг боловч киноны төв нь Wayne ба тэр бүх зүйлийг сэдэлжүүлэгч юм. Киноны хөгжмийг Cyril J. Mockridge бичсэн. Харин Hallie, Rance, Tom нарын харилцааг тодотгохын тулд Ford Young Mr. Lincoln киноныхоо хөгжмийн хэсгийг (Ann Rutledge Theme) дахин ашигласан агаад энэ аялгуу киноны хүсэл тачаал болон хайрын хагацлыг илэрхийлдэг гэж үздэг. 
Мөн энэ аялгуу киноны дүрүүдийн хүсэл тэмүүллийг кодлохоос гадна Tom Hallie хоёрын хайрын төгсгөлийг, Rance Hallie хоёрыг хайрын амьдрахуйг харуулдаг ажээ. Кинонд ашиглагдаагүй ч киноны үйл явдлаас сэдэвлэсэн Burt Bacharach - Hal David нарын хамтрал the Man Who Shot Liberty Valance дуу Billboard шилдэг 100 дууны 4-р байрт жагсаж байсан ба мөн вестерн киноны шилдэг 100 дуунд багтдаг ажээ. Кино улс төр, хайр сэтгэл болон ёс зүй гэсэн олон давхарга сэдэвтэй ба хэвлэлийн эрх чөлөө, мужийн бие даах маргаан, зах хязгаарын иргэний боловсролыг харуулсанаараа Америкийн хамгийн аугаа улс төрийн кино гэж зарим шүүмжлэгчид үздэг. Уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 95-р байрт жагсдаг ба эргэлзээгүй Ford-ын шилдэг ажлын нэг гэж үнэлэгддэг. 
Мөн түүнчлэн уг киног вестерн жанрын классикуудын тоонд оруулж ирсэн агаад найруулагч Sergio Leone уг киног өөрт нь ихээхэн нөлөөлсөнг хүлээн зөвшөөрч, пессимизимын талаар суралцаж болох цор ганц кино гэж хэлжээ. John Ford бол вестерн жанраас хамгийн их алт олборлосон найруулагч гэгддэг ба уг Кинонд ч алтны судал харагддаг гэж судлаачид хэлсэн байна. Гэхдээ кино дан эерэг сайн үнэлгээ аваад байсангүй сайны хажуугаар бараг ижил тэнцүү хатуу шүүмжлэл сонссон байдаг. Variety: кино зугаатай бас сэтгэл хөдөлгөм боловч дуусахаасаа  20 минутын өмнө дуусчихдаг гээд төгсгөлийн хэт сунжруу, залхуутай бас ойлгомжтой хэсэг киноны утгыг үгүй хийсэн гэв. The Monthly film bulletin: төгсгөлийн 20 минут ямар ч хэрэггүй, Ford энгийн бөгөөд жам ёсны дулаахан байдлыг төгсгөлөөрөө устгасан гэсэн байна. Кино $3.2 саяар бүтээд $8 саяын орлого олсон нь 1962 оны хамгийн их ашиг олсон 15 дахь кино болгожээ. Кино тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг хувцас загварын төрөлд нэр дэвшсэн бөгөөд энэ төрөлд Вестерн жанрын кино маш ховор өрсөлддөг билээ. Эл бүтээл John Ford-ын хар-цагаанаар хийсэн сүүлчийн кино болой.


Comments