Уран зохиолын талаар жаахан ярихад

 


Залуухан Антон Павлович Чехов.. богино өгүүллэгийн мастер тэрээр сүрьеэ өвчинөөр 44 насандаа өөд болсон ба үхэхийнхээ өмнө оргилуун дарс захиалаад “оргилуун дарс уугаагүй уджээ” хэмээн хэлж дарсаа уучихаад нялх хүүхэд шиг гэхдээ үүрд амгалан тайван нойрсжээ..

Лолитагийн уншиж байгаад шидсэн сэтгүүлийг Гумберт төсөөлөлдөө далавчаа дэвэх жигүүртэн болгон төсөөлж буйг Набоков гайхамшигтай дүрсэлсэн буюу уг романд өөрийгөө төгс уран сэтгэгч болохоо энэ л хэсгээр тэрээр нотлох ба Набоков бол уран зохиолын Хаан сэнтийд өрсөлдөхүйц зохиолч юм.. “Лолита” романаас бид Набоков-г төгс найруулагч, гайхалтай уран зүйрлэгч хийгээд сонсох, харах, үнэрлэх мэдрэмжийг бодитоор дүрслэгч болохыг ухаарах боловч “Лолита” түүний хамгийн шилдэг ажил биш билээ.. “Лолита” романы мотиф: эрвээхэй, тоглоом, хос юмс бол симбол нь шорон болон театр байдаг ба энэ роман пост модерн, эмгэнэлт-инээдэмт жанрт хамаарагдана.. тэрээр унтахыг, их нойрсохыг үздэггүй байсан ба нойрсох бол дэлхий дээрх хамгийн тэнэг сонирхол гэж боддог байв.. зурагт Набоков орон дээрээ хэвтэж байна..

А. Дюмагийн "Шадар 3 цэрэг" роман бол адал явдалт уран зохиолын оргил гэж би хувьдаа боддог.. романы адал явдал хэзээ ч уйдамгүйгээс гадна түүхэн цаг үеийг онцгой тодоор гаргаж тавьснаараа уншигчдаа түүхэн мэдлэг, тэр үеийн Францын хийгээд ер нь Европ дахины язгууртан, хаад ноедын байр байдлыг гайхамшигтай дүрсэлжээ.. романы онцлог нь мэдээжээр баатарлаг шадар цэргүүд үнэнч зан хийгээд эрэлхэг илднийхээ ачаар шударга ёс, сайн сайхны төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж буй явдал юм.. үнэнч байдал, ахан дүүсэг нөхөрсөг зан эр хүнийг чимдэг болохыг уг романд харуулахаас гадна эл бүтээл бол тэр чигээрээ анд нөхөрлөлийн магтуу юм.. өөрөөр хэлбэл нөхөрлөлийг цогтой, ирмүүн байдлаар бичсэн роман уг бүтээлээс өөр лав миний хувьд байхгүй ба урам зориг, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гайхалтай роман бөлгөө.. ном үнэн хэрэгтээ 1844 онд Le Siecle сэтгүүлд 4 сарын хугацаанд цувралаар гарсан эмхэтгэл ба тийм ч учраас бүлэг бүрийн төгсгөл уншигчдаа тодорхойгүй хүлээлт үлдээдэг.. энэхүү ном нь өөр нэг ном болох Gatien de Cortilz De Sandras гэх зохиолчийн "Memoires de D'Artagnan" бүтээлээс санаа авч буюу үндэслэн бүтээгджээ.. Дюма өөрийгөө зохиолыг дахин шинэчлэн бичсэн түүхэн роман гэж хамгаалаад Cortilz-ынх түүхэн бус гэж итгэж, өөрийгөө "хуулбарлаагүй" гэж мэтгэж байсан ч үнэндээ "Шадар 3 цэрэг" романы эхний боть тодорхой хэмжээнд Cortilz-оос хуулбарласан агаад Cortilz-ын ном нь түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн байдаг ажээ.. Д'Артаньяныг Гаскони нугтаас гаралтай Charles de Batz-Castelmore гэх их хамба Мазарин болон 14-р Луи нарын алдартай шадар цэрэг байсан бодит хүнээс сэдэвлэсэн бол Атосыг Armend de Sillegue d'Argos d'Autevielle гэх эзэн хааны шадар цэргээс сэдэвлэсэн ба түүний талаар тийм ч их мэдээлэл байдаггүй, 1643 онд Парист ирүүл тулаанаас болж нас барсан гэдэг.. Портосыг ахмад Essarts-ын хааны бие хамгаалагчдын бүлгийн гишүүн байсан Isaac De Portau гэгчээс сэдэвлэсэн байхад Арамисыг Henry d'Aramitz гэх шадар цэргээс сэдэвлэсэн, энэ шадар цэргийн талаар мөн л мэдээлэл хомсхон байдаг ажээ.. мөн түүнчлэн 13-р Луи, Австрийн Анна, их хамба Ришелье болон Тревилл нар бүгд бодит түүхэн хүмүүс бөгөөд номонд тодорхой дүрсэлжээ.. "Шадар 3 цэрэг" роман нь трилогийн эхний хэсэг нь бөгөөд нөгөө номууд нь болбоос "20 жилийн хойно" болон "Бражелон Бэйл: 10 жилийн дараа" гэсэн романууд буюу эхний романы үргэлжлэлүүд агаад эдгээрийг нийтэд нь Д'Артаньяны романууд гэж бас нэрийддэг.. 1864 оны William Barrow-ын орчуулгыг өнөөдөр ч хэвлэдэг бөгөөд маш сайн орчуулсан гэж үздэг.. Шадар 3 цэрэг нь Атос, Портос Арамис 3 агаад Д'Артаньян романы төгсгөл хэрд л шадар цэрэг болдог билээ.. шадар цэргүүдийн "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" гэдэг алдартай уриа мөн Щвейцар улсын уриа ажээ..

Мартин Иден бол философич юм.. хар тэнхээтэй, амьдралын жаахан туршлагатай, царайлаг залуу дурлалаас болж номоор дамжуулан хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцсанаар оюун ухааны тал дээр насанд хүрдэг.. Мартин Иден номтой нөхөрлөхөөсөө өмнө өөрийгөө ямар бүдүүлэг, харанхуй, өчүүхэн хүн байснаа шинэ ном нээх болгондоо ухаарах ба Мартин Иден бол бие дааж мэдлэгт хүрч болдогийн сонгодог жишээ болсон дүр агаад Кант лав түүнээр бахархах байсан даа.. мэдлэгт хүрэх тусам тэрээр өөрийнхөө оюунаар сэтгэж, нийгэм, улс орноо шүүмжтэй нүдээр харж үүнийгээ бичиж эхэлтэл хэн ч түүнийг тоохгүй, үүнд сэтгэлтэй бүсгүйн ч багтдаг.. ном унших, бичих ажил гэсээр Мартин Иден ганцаардсан байна, нэгэнт шинээр төрсөн тэрээр нийгмийнхээ бялдууч, урвагч, худлаа, ухвар мөчид болохыг бие болон сэтгэлээр ухаарах ба философич хүний цөхрөл, мэдлэгтэй хүний ганцаардалд автана.. мөнгө болон эрх мэдэл хүмүүсийн ёс суртахуун, хүнлэг чанарыг орлох болсныг ойлгох болсон Мартин Иден хүмүүсийн дунд байж чадахаа больдог ба мөнхийн амгаланг хүсэхэд өөрийг нь ойлгоогүй бас итгээгүй сэтгэлтэй бүсгүйнхэн үүрэг их бөгөөд нэгэнтээ ментор нь Мартин Иден-д чамшиг хүмүүсийг хүүхнүүд ойлгохгүй, тохирох ч үгүй гэдэг.. тиймээ Платон, Декарт, Кант, Локк, Хюмэ болон Хоббс нар хэзээ ч эхнэр аваагүй билээ.. тууштай байхыг сургасан Ж. Лондонд баярлалаа..

Германы зохиолч, богино өгүүллэгч, эсээ бичигч хийгээд нийгмийн шүүмжлэгч Томас Манны байшин.. тэрээр 1929 онд “Buddenbrooks” бүтээлээрээ Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн бөгөөд эл роман орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлийн нэгээр нэрлэгддэг.. Томас Манны философилог, ёжилсон номууд нь өөрийнхөө амьдарч байсан эрин үеийн айдас хийгээд эргэлзээний тусгал болдог байв..

Александр Беляевыг Оросын Жуль Верн гэдэг ба Оросын шинжлэх ухааны уран зохиолд томоохон үүрэг гүйцэтгэсэн тэрээр 1884 оны 3-р сарын 16нд төрж, 1942 оны 1-р сарын 6нд нас баржээ. Тэрээр 1920 оноос 1930-д оны үед өөрийн гол бүтээлүүдээ туурвисан бөгөөд."Профессор Дувеллийн толгой", "Газар уснаа явагч хүн" зэрэг бүтээлүүдээр нь бид түүнийг мэднэ. Би багадаа түүний "газар уснаа явагч хүн" романаас сэдэвлэсэн киног үзээд гайхан бахдаж байсан юм. Чухам аль улсын, ямар кино байсныг сайн санахгүй, бас киноныхоо үйл явдлыг ч сайн санахгүй байсаар номыг нь авах хүсэлтээ шатсаар арваад жил өнгөрчээ. Номыг нь олох гэж нээрээ бараг арван жил болсон байдаг агаад саяхан номыг нь олж тоймгүй баярлав. Мэдээж бас үнэнийг хэлэхэд уг романыг би арван жилийн өмнө унших ёстой байсан буюу одоо уншихад сайхан байсан ч хэрвээ илүү дээхэн уншисан бол хамаагүй илүү сэтгэл хөдлөх байсан. Хэрвээ та шинжлэх ухааны адал явдалт романд дурладаг бол уг номыг заавал уншаарай. Романы найруулга, уялдаа холбоо, бүтэц маш сайн ба Ихтиандар, Гүттерие нарын эмгэнэлт хайрын харилцаа нь уран зохиолын ертөнцийн хамгийн өвөрмөц бөгөөд гашуун хайрын түүхийн нэг юм. Уг роман нь А. Беляевын олон зохиолд тусгагдсан шиг шинжлэх ухааны туршилтын ёс суртахууны байдал болон дэлхийн ядуу хүмүүсийн байдлыг сайжруулах гэсэн Социалист санааг агуулсан болно. 1962 онд уг романаар хийж тухайн үедээ ЗХУ-ын хамгийн алдартай бас их ашиг олсон кино болж байжээ. Ихтиандр гэдэг нь эртний Грекээр ХҮН-ЗАГАС гэсэн үг юм билээ.

Достоевскийн "Ах дүү Карамазов" романд Грушенка гэх үзэсгэлэнтэй, бардам, эрэлхэг бас догшин бүсгүй гардаг. Олны хэлдгээр тэрээр хөнгөн явдалтан боловч үнэндээ хайртай хүндээ ч чанга хандаж чадах бардам нэгэн юм. Грушенка өнгө мөнгө л харж амьдарч байсан бол Алешатай учирсанаар хайрлагч, энхрийлэгч зан чанар нь илрэн гардаг.

Атосыг үхэж байхад шатаар өгсөх д’Артаньяны гутлын чимээ хийгээд зүрхнийх нь сандрах цохилт одоо ч чихэнд сонсогдох.. Раулыг хөлөг онгоцонд суулгачихаад араас нь харамсан үдэн зогсох Атосын эмтрэх сэтгэл, Раулыг үүрд авч яваа далайн хүйтэн одоо ч тодхон мэдрэгддэг.. хайр сэтгэлээсээ урван, хэргэм зэрэгт, мөн хуял тачаалдаа автагдан сохорсон Лавальерийн борооноос хоргодох нэрийдлээр XIV Луигийн тэвэрт эрхлэх нь одоо ч уур хүргэм..

Le Procope хэмээх энэ кафе Парисын хамгийн хөгшин кафе гэдгээрээ алдартайгаас гадна Францын философич Дидрогийн Энциклопедийн төрсөн газар гэдгээрээ илүүтэй алдартай.. Дидро энэ кафед кофе уунгаа суут бүтээлээ туурвихаас гадна бусад философичидтой ярилцаж, маргалдан номоо улам баяжуулдаг байсан ба ерөөсөө энэ кафен тэр үеийн философичид, яруу найрагчид гээд оюуны хүнд гаруудын цугладаг газар байжээ.. Дидрогийн заавал энэ кафед ирдэг бас нэг шалтгаан нь энд нэг хөөрхөн хүүхэн ажилладаг байжээ..

Философичдын тайж гэгддэг И. Кант.. тэрээр дуу чимээг тэвчиж чаддаггүй байсан ба нам гүмд ажиллаж сурсан хүн байсан агаад өөрөө ч маш чимээгүй ажилладаг байсан гэдэг.. тиймээс ч дуу хөгжмийг нээх ойшоодоггүй байв.. унтлагын өрөөнд нь байх номын сан таван зуун боть номтой бол ажлын өрөө нь ном болон цаасаар дүүрэн нэлээн замбараагүй бөгөөд хана нь дээр нь Ж.Ж. Руссогийн тоосонд дарагдсан хөрөг зураг өлгөөтэй байдаг байжээ..

Монгол улс янхны орон нутаг болсныг саяхан судлаач Ганаа нийтлэлээрээ бүрэн дүүрэн нотоллоо.. Монгол улс дахь янхалчлал дэндүү гүн нууцхан мөртлөө давхар жуулчлагчдыг татах бизнес болсныг бид харахдаа юу ч мэдээгүй юм шиг аашлах ёстой ба энэ нь бидний амьдралын нэг хэсэг болдог бөгөөд хатуухан хэлэхэд янхчлал бол Монголын амьдралыг шуудхан харуулна.. тус нийтлэлийг уншиж байхдаа Рю Муракамигийн Токиогийн Мисо Шөл романы хэлэх гэсэн санаа санаанд бууж, философич Молор Эрдэнэ цаг үеэ хурцаар мэдрэн, залуусын заавал унших ёстой роман орчуулсан болохыг давхар бодож байлаа.. уг романд аялал жуучлал тийм сайхан биш, гадны мөнгөтэй баян хөгшин улс секс жуулчлал хийж тухайн орны ядуу байдлыг ашиглан охид хүүхнүүдийг нь яг л эд бараа мэт худалдаж авдаг болохыг дүрслэхдээ яанханчлал нь зөвхөн ядуу тарчигаас болдоггүй, бас брэнд хөөсөн шунамхай, хоосон гангалж, тансаглах гэсэн бэлэнчлэх сэтгэхүйгээс үүсдэг болохыг харуулдаг.. мөн тус романд хүүхэд насандаа авсан оюуны гэмтэл насанд хүрсэн хойно ямар аюултай болохыг харуулах буюу хүүхэд насандаа хүчирхиилэл дунд өссөн хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэгч болдогийг сонирхолтой жишэээн дээр үзүүлнэ.. зохиолч Рю Мураками кино зохиолч болохоор романы үйл явдал нэлээд адал явдалтай, сонирхол татахуйц ба яг л кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ..

Раскольников, Соня хоёрын хаягдсан модон байшин дотор лааны гэрэлд Библийн талаар ярилцах буюу алуурчин, янхан хоёрын ёс суртахууны талаарх хүүрнэл зөвхөн Достоевскийн бодож олох ёжлол бөгөөд энэ бол романы туршид далдхан өгүүлэгдэх ёс суртахууны сонголт юм.. Раскольниковын нүдээр бид тухайн үеийн Оросын ядуурсан, оюун ухааны доройдсон байдлыг харахаас гадна Достоевский уг романаараа үндэстнийхээ мөн чанар хийгээд угсаа гарал, шашин шүтлэгийг дахин нээж шинэчилсэнээр "өвдсөн" Орос улсаа шинэ ёс суртахууны дуудлагад дуудсан нь аль ч улс орны буюу манай Монгол улсад ч хамаатай мөнхийн сэдэвтэй роман бөлгөө.. Раскольников бол бардам, их зорилготой, мөн их авъястай ч ядуу, ахиж дэвших боломжгүй оюутан байсан залуу ба тэрээр нийгмийн болон бурхны зохион байгуулсан ийм шударга бус явдлыг сөрөн өөрийнхөө гэж бодохын цаагуур нийт олны ашиг тусын тулд гэж бодон мөнгө хүүлэгч эмгэнийг хөнөөж, улмаар бүх мөнгийг нь хулгайлах бөгөөд энэ үйлдэл бол мөнгө хүүлэгчдийг ивээсэн хуульхныг болон харсаар байгаад шударга бусыг тэвчих бурхныг эсэргүүцэн боссон хүний үйлдэл гэж болно.. нэг үгээр Раскольников бол үлэмж эсэргүү, бас жижиг хэргээр том үйлс бүтээж болно гэж бодогч буюу нэг хүний амиар мянган хүний амийг аварна гэж итгэгч агаад тэрээр бусдыг үзэн ядаж, дорд үзэхийн хажуугаар энэрэн ойлгох нь түүний ёс суртахууны хоёрдмал чанарыг харуулна.. Достоевский анх уг романаа нэгдүгээр биеэс бичихийг хүссэн ч уншигчдадаа гол дүриЙнхээ зовлон, шаналлыг мэдрүүлэхийг тулд гуравдгаар биеэс буюу бүхнийг мэдэгчийн байр сууринаас бичиж эхэлсэн бөгөөд энэ нь тухайн номын гол баатрыг таньж мэдэх шилдэг арга ба ГЭМ ЗЭМ бол сонгодог философийн роман юм.. бүх цаг үеийн хамгийн шилдэг номын нэг гэгддэг ГЭМ ЗЭМ хэмээх роман 25-аас дээш удаа кино болсон байдаг ба анх 1923 онд анхны кино нь бий болсон байдаг.. Достоевский 10 жил Сибирьт цөллөгдөж ирсэнийхээ дараах бичсэн хоёрдахь томоохон роман нь ба уг романыг түүний бичих чадвар бүрэн боловсорсон анхны роман хэмээдэг..

Францын сэргэн мандалтын үеийн нөлөө бүхий философичдын нэг, уран зохиолын эсээ жанрыг үндэслэгч Мишэль Монтений гэр бүл, найз нөхөд, нийгмээс өөрийгөө тусгаарлан арван жил номоо бичсэн эцгээсээ өвлөж авсан цамхаг буюу өөрийнх нь хэлсэнээр Хэрэм.. тэрээр 1,500 орчим номтой номын сандаа бүгэн арван жил алдарт эсээ бүтээлээ бичсэн бөгөөд өрөөнийхөө хана, таазаар уран зургууд болон ишлэл үгс өлгөөд үүнээсээ урам зориг авдаг байжээ.

Гёте олон талын авъяастай хүн байв.. тэрээр морь сайн унахын дээр сэлмээр гарамгай тулалдаж, мөн шаггүй бүжиглэчихдэг байсан агаад гайхалтай бичгийн хүнээс гадна зураач, биологич, онолын физикч, төрийн зүтгэлтэн байв..түүнчлэн латин, грек, франц, итали, англи болон еврей хэл мэддэг байжээ.. Гётегийн үхэхийнхээ өмнө хэлсэн сүүлчийн үг: "гэрэл, ахиухан гэрэл!"

Зэр зэвсэг минь баяртай роман бол Эрнест Хэмингуэйн шилдэг ажлын нэг ба романы гарчигийг 16-р зууны Английн яруу найрагч Жорж Пийлийн яруу найргаас авчээ.. Хэмингуэй шархдаад Миланы эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийг нь асарч байсан сувилагч Agnes von Kurowsky гэгч бүсгүйд дурлажээ, ингээд түүнтэй хуримлахаар төлөвлөж байсан ч бүсгүй Хэмингуэйг америкаас буцаж ирэхэд нь холбоогоо тасалсан байдаг ба энэ бүсгүйгээс санаа аван Кэтрин Барклийн дүрийг бүтээжээ.. 1993 онд кино найруулагч Richard Attenborough уг романаар сэдэвлэн кино бүтээж жүжигчин Сандра Баллок Кэтриний дүрийг бүтээжээ.. Хэмингуэй романыхаа төгсөлийг бичих гэж нэлээн зүдэрсэн гэдэг бөгөөд 47 өөр төрлийн төгсгөл байдаг ажээ..

Аймшигт аллагууд хардалтаас үүсэх нь цөөн бус ба их зохиолч Лев Толстой энэхүү туужаараа (1889 онд хэвлэгдсэн) хардалт болон хүний сэтгэл зүйд анализ хийхдээ тухайн нийгмийн байдал хүний сэтгэл зүй, зан араншинд хэрхэн нөлөөлдгийг гүн бөгөөд хурцаар тусгаж өгчээ.. уг номд хардалтын солиорлыг нэгдүгээр биеэс тод дүрсэлсэнээс гадна хууль, шашин, нийгэм болон ёс суртахууны шалтгаанаар сексийг тэвчих, сексээс татгалзах асуудлыг хөндсөн багөөд эротик хайр аз жаргалд аваачихгүй, эротик хайр нь бидний эх орон, шинжлэх ухаан, хүмүүнлэг чанар хийгээд бурханд үйлчлэхэд саад л болохоос биш хэзээч бидний үнэ цэнэтэй үйлсэд маань тус болохгүй гэж Толстой энэхүү туужийнхаа талаар хэлсэн байдаг, учир нь уг туужийг гарсан даруй шахуу Америк болон Орост хориглосон байдаг агаад нэгдсэн улсын ерөнхийлөгч Теодор Рузвелт Толстойг энэ номынх нь төлөө сексийн ёс суртахууныг гажуудуулагч хэмээсэн буй.. сексийг тэвчих энэ асуудал өргөн хэмжээнд маргаан дагуулсан бөгөөд Христиан идеал хайр болох бурханлаг хайр хийгээд хөршөө буюу бусдыг хайрла гэсэн санаанд хүрч, эротик хайр, гэрлэлт зөвхөн өөрийгөө л бодохоос хүн төрөлхтөнийг, мөн бурхныг хайрлахад саад болно гэж Толстой үзжээ.. Толстой христийн шашны ёс зүйд нийцүүлэн уг номоо бичсэн агаад номоороо хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, ядуучууд болон бие махбодийн хүнд хөдөлмөр эрхлэгчдийг онцлон тэмдэглээд тэднийг халуун дулаанаар тэвэрчээ.. Францын нэрт зохиолч Э. Зола эл туужийг эрүүл бус сэтгэлгээнээс төрсөн төсөөлөл, зүүд хэмээсэн байхад хожим Толстой энэ номынхоо талаар нэгэн захидалдаа номонд маань ямар нэгэн олиггүй зүйл бий, ямар нэгэн муу сэдэл намайг дотроос минь үүнийг бичихэд хөтлөж байсан хэмээжээ.. Английн философич Честертон Толстойн хэлэх гэсэн санааг ийн тайлбарласан буй: Толстой хүмүүнлэг үзлээр хүн төрөлхтөний ядуурал болон эрх чөлөөгүй зовлонг өрөвдөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөний таашаал цэнгэлийг өрөвдсөн, үүнд хөгжим болон эх оронч үзэл гэх мэт орно.. Толстой уг туужаараа үзэн ядахуйг гашуудан бодсон, бас хайрын талаар гашуудан бодсон бөгөөд Толстой болон ер нь бүх хүмүүнлэг үзэлтэнгүүд хүний жаргалыг өрөвддөг гэжээ..

Герман – Америкийн зураач, модон сийлбэрчин Fritz Eichenberg-ын (1901 – 1990) Ф. М. Достоевскийн “Маанаг” романы дүрүүдийг модоор урласан бүтээл..

Философич С. Молор-Эрдэнэ нийгмийг судалдаг хүн болохоор уг романыг орчуулахад дөхөмөөс гадна урамтай байсан болов уу.. Шу Зечэн уг романдаа их хотын залуусын амьдрал, амьдралд хөл тавьж буй залуусын алдаа оноог реалист хэлбэрээр бичсэн бөгөөд Ази ахуй, Ази сэтгэл зүй учир манайханд тохирохгүй, хол гэх мэт асуудал байхгүЙ ба мөнгөнөөс болж залуу хүн олон асуудалд орж, амьдралаа алдаж ч болохыг эл романд өгүүлнэ..хайрыг ойлгоё гэвэл роман унш гэдэг, тэгвэл эл романд хайр сэтгэлийн талаар хийгээд найз нөхөрлөлийн талаар өгүүлэх учир залуус маань уншихад их юм ухаарах ном бөлгөө.. мөн уг романы маш их таалагдсан зүйл бол киногоор соён гэгээрч болохыг харуулсан буюу сайн кино үзэж, үзсэн киногоо цааш судалж, тухайн киноныхоо хөндсөн сэдэв болон хүргэх гэсэн санааг ойлгох ёстой гэсэн шалган судалж мэдэхийг уриалсан мессеж болой.. эцэст нь секс хэзээ ч хайрыг орлохгүй..

Дантег Итали хэлний Эцэг гэдгээс гадна Жованни Боккаччо, Франческо Петрарка болон Данте нарыг Италийн уран зохиолын их гурвал буюу гурван Хаан хэмээдэг.. түүний гэр бүлийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй, гэхдээ түүний нэгэн бичвэрт арав орчим настайд нь эх нь нас барсан талаар дурдагдсан байдаг ба амбицтай, залуухан Данте эм зүйчээр ажиллаж байсан нь нийгмийн амьдралд идэвхтэй оролцох хүсэлтэйн холбоотой байв.. мөн түүний хаана боловсрол эзэмшсэн талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд гэртээ юмуу сүмд боловсрол эзэмшсэн байх гэж судлаачид үздэг.. Данте бага залуудаа яруу найрагт дурласан байдаг ч яруу найраг амьдрал нь болно гэж боддоггүй байсан агаад Guido Guinizelli гэгч яруу найрагчийн шүлгүүдийг олж уншин, түүний бүтээлд шимтэх болсоноор яруу найраг бичиж чадахаа ухаарч, эргэлт буцалтгүй яруу найрагч болжээ.. хожим Данте эртний латин хэлээр бичдэг Цицерон, Овид, Вергилий нарын бүтээлийг судалж, ялангуяа Вергилий биширдэг байв.. мөн тэрээр Хомерийн бүтээлүүдийг дээдэлдэг байсан ч Хомерийг хэзээч эх Грек хэлээр нь уншиж байгаагүй ба мөн хараахан орчуулагдаж амжаагүй байжээ.. Дантегийн яруу найрагт хамгийн том бөгөөд чухал нөлөө үзүүлэгч, урам зоригийнх нь онгод бол Беатриче гэгч үзэсгэлэнтэй эмэгтэй байсан бөгөөд Данте анхны харцаар бүсгүйд дурлахдаа есөн настай байв.. Беатриче 25 настайдаа нас барав, уг эмгэнэлт явдалд Данте асар их гашуудаж, зүрх сэтгэл нь хоосорсон гэдэг ба хожмын бүтээлүүддээ Беатричегийн гоо үзэсгэлэнг магтахаас гадна хайр сэтгэлтэй байснаа шигтгэж өгсөн байдаг бөгөөд Тэнгэрлэг Туульсаас бүтээлдээ Беатричед бурханлаг статус өгсөн байдаг.. харамсалтайн, Беатриче Дантег бараг мэддэггүй байж, Данте 18 нас хүртлээ түүнтэй ярьж ч үзээгүй бөгөөд бүсгүйг илүү сайн мэдэх хийгээд хайраа илчлэх боломж олдоогүй ч яруу найрагтаа хайр, бишрэлээ хангалттай илчилсэн байдаг.. 2018 онд BBC яруу найрагчид, зохиолчид болон Нобелийн шагналтнуудын дунд явуулсан санал асуулгаар Дантегийн тэнгэрлэг туульс бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий номын 12-р байрт жагссан бол Шекспирийн Хамлет л Тэнгэрлэг Туульсаас уг жагсаалтад өндөр байр эзэлсэн ганц яруу найраглал байжээ..

Эрих Фроммын “Хайрлах урлаг” номыг хайрын талаар бичсэн хамгийн сайн онолын буюу философийн ном гэдэг, тэгвэл Р. Д. Прехт “Хайр: цэгцрээгүй сэтгэл” номоороо хайр гэсэн хамгийн ойлгомжгүй бөгөөд нарийн сэдвийг дараагийн түвшинд аваачсан ба мөн Прехт уг номоороо Эрих Фроммыг чимхээд авна.. энэ номд хайрыг социлоги, психологи, биологи болон секс гээд бүх талаас нь бүрэн дүүрэн судалсан тулхтай бүтээл ба Прехтийн “Би хэн бэ?” номыг уншсан бол мөн философид дур сонирхолтой бол заавал унших ном бөлгөө.. хайр бол философичидын дуртай сэдэв биш, учир нь сэтгэл хөдлөл хийгээд мэдрэмж гол орц нь болдог болохоор тоодоггүй агаад харин Прехт хайрыг гайхалтай философидсон ба 2019 онд уншсан хамгийн сайн номын нэг байлаа.. хайрыг хэн сайн мэддэг вэ? яг одоо дурлачихсан байгаа хүн юмуу яруу найрагчид..

Италийн зохиолч, философич Умберто Эко номын сангийнхаа өмнө.. Философич маань 40,000 боть номтой ба тэрээр бүгдийг нь уншаагүй ч олон номын дунд байх нь мэдэхгүй зүйлсийг сануулж, байнга оюуныг нь өсгөлөн байлгаж, мөн үргэлж сониуч байлгадаг хэмээжээ..

Шопенхауэр бол Буддизмыг сонирхон судалсан анхны барууны том философич гэгддэг бөгөөд өөрийнх нь философи буддизмын “онолтой” ойрхон байсан тул нэлээд судалж, бас их урам зориг түүнд өгсөн ба атман нэртэй нохойтой байв.. Шопенхауэрын философийг гутранги гэдэг, үнэндээ тийм биш ба тэрээр хүмүүсээс хүсэж байгаа зүйлээ үнэхээр хийж чадах уу? Гэж асуудаг, шууд чи чадна гэж хэлдэггүй.. мөн амьдрал тийм сайхан биш, хэцүү шүү, хүн сайн биш, муухай шүү гэж хэлсэн.. амьдралдаа тус болохуйц багш, менторын үгийг сонсож, зөвхөн сайн ном уншаад гол нь өөрийнхөө ухаанаар бод гэж хэлсэн.. тэрээр зовлонгоос ангижрах хоёр арга бий гэсэн: энэ бол сонгодог хөгжим болон ёс суртахуун.. түүнд Кант, Платон хоёр хүчтэй нөлөөлжээ..

Хорьдугаар зууны хамгийн чухал философичдын нэг Австрийн философич Людвиг Витгенштейн.. тэрээр 62 настайдаа өөд болсон ба бие нь маш хүнд өвдсөн үед эмч түүнд “та хэдхэн өдөр л амьдрах нь” гэж хэлэхэд Людвиг Витгенштейн хариуд нь “сайн байна!” хэмээн хариулаад төд удалгүй нас баржээ..

Утга зохиолын Нобелийн шагналыг хамгийн залуудаа авсан хоёрдахь хүн болсон философич А. Камю.. тэрээр хөл бөмбөгт маш дуртай байж их сургуульдаа хаалгачаар тоглодог байсан ба найз нь түүнээс “театр, хөл бөмбөг хоёрын алийг нь сонгох вэ?” гэж асуухад А. Камю “эргэлзээгүй хөл бөмбөг” гэж хариулсан гэдэг..

Эдмон дантес бол миний хүүхэд насны баатар.. Монте кристо гүн миний хамгийн олон дахин уншсан роман.. энэ романыг шөнө зүүдэлж, өдрөөр сэрүүн төсөөлөн мөрөөддөг байсан бөгөөд уг жаргалаа удаан үргэлжлүүлэх гэж номоо хадгалж, хуудсаа тоолон уншдаг байв.. тухайн үед Монте кристо гүнг Мерседес руугаа эргээд очоосой, яагаад очоогүй юм бол гэж боддог байж билээ, одоо бол харин Монте кристо гүн зөв шийдвэр гаргасан санагддаг ба ер нь А. Дюма эмэгтэй дүрдээ их харгис ханддаг бол харин өөрөө их хүүхэмсэг эр байсан гэдэг.. Монте кристо гүн бол маш хүчирхэг дүр, уран зохиолын түүхэн дэх хамгийн хүчтэй сэтгэлзүйтэй эрэгтэй дүрүүдийн нэг бөгөөд энэ дүр миний сэтгэлийг бат бөх болоход их нөлөөлсөн гэж боддог.. уг роман орчин цагийн бараг бүх хэлнээ орчуулагдаж, ТВ цуврал болон бүрэн хэмжээний хорь гучаад кино хийгдэж, Монте кристо гэдэг нэр тамхинаас казиногийн нэр хүртэл дэлхийн хэмжээнд алдаршин танигджээ.. өнөөдөр уг роман уран зохиолын классикт тооцогддог ба итгэл, шударга ёс, нигүүлсэл хийгээл уучлах чадвар гэсэн сэтгэл болон ёс суртахууны асуудлуудыг хөндөж тавьдаг..

Миний бие ес байна уу, арван настайдаа анх удаа ном уншсан байдаг нь шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын эцэг гэгддэг Жюль Верний алдарт “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” роман байсан бөгөөд энэхүү роман түүний оргил ажлын нэгд тооцогдохоос гадна хэдий уран зөгнөлт боловч цаг үеэсээ түрүүлсэн, ирээдүйг зөгнөсөн бүтээл байлаа.. 1979 оноос эхлэн Жюль Верн хамгийн их орчуулагдсан хоёрдахь зохиолч болсон буюу Агата Кристи, Уильям Шекспир хоёрын дунд жагсах болжээ.. үлгэрийн ном, хүүхдийн сонин л уншдаг жаалд шинжлэх ухааны уран зөгнөлт роман ёстой хатуу самар байлаа, ойлгох гэж их л удаан бөгөөд төвлөрч уншдаг байсан ба маш гоё хатуу цэнхэр хавтастай, цөөн ч хараад л баймаар зурагтай уг ном намайг анх удаа шөнө хоёр цаг хүртэл суулгаж, уран зохиолын хязгааргүй гайхамшигтай төсөөллийн ертөнцийг мэдрүүлсэнээр намайг номтой үүрд нөхөрлүүлсэн.. үлгэрийн мэт далайн гүн дэх ертөнц, гайхамшигтай Наутилус хөлөг хийгээд эхэмсэг, нууцлаг Немо ахмад болон Ароннакс, Нед хоёрын амьсгаа давчдам адал явдлыг хүүхэд насандаа уншвал илүү амттай.. Жюль Верн ахмад Немогийнхоо нэрийг Хомерийн Одиссей туульсын яруу найргаас санаа аван зохиосон агаад Немо гэдэг үг нь латинаар хэн ч байхгүй, хүн байхгүй гэсэн утгатай ажээ..

16-р зуунд Фаустын домог Германд их алдаршсан ба орон нутгийнхан хошин хүүхэлдэйн жүжиг бүтээх санаа авсан байдаг.. зарим тохиолдолд Фаустыг бүдүүлэг шог маягаар дүрсэлдэг байжээ.. Фауст гэдэг нь латин хэлний “азтай”, “тэнгэртэй” гэсэн үгнээс гаралтай ажээ.. Фаустын домог бол илүү их юм хүсээд уг хүсэл нь өөрийг нь асуудалд оруулж байгаа түүх юм, энгийнээр хэлбэл..

Багадаа Үл үзэгдэгч хүнтэй нэг кино үзэж байсан юм.. тэр кинонд нэг залуу шөнө болохоор үл үзэгдэгч болчихоод (бас юм нэвтэлнэ) нэг хүүхэн дээр байнга очно, тэд сэтгэлтэй хосууд болох нь илт, харин тэгж нууцаар уулздаг шалтгааныг ойлгоогүй, ойлгоогүй ч гэждээ, он цагийн уртад мартагдаа биз.. үл үзэгдэгч маань хүүхэн дээрээ очих замдаа нэг том зузаан ханыг заавал нэвтэлж гардаг ба нэг өдөр ханыг яг нэвтэлж байтал сүпер хүчнийх нь хугацаа нь дуусан хана дотроо үүрд гацахад хүүхэн түүнийг хүлээсээр.. би энэ сайн санахгүй байгаа киногоо Английн зохиолч Херберт Уэлсийн Үл үзэгдэгч хүн номоос сэдэвлэсэн гэж олон жил бодож яваад номыг нь уншаад андуурсанаа мэдсэн бөгөөд хэдий шал өөр боловч тэр кино Херберт Уэлсийн номноос ямар нэгэн байдлаар санаа авсан болов уу.. Херберт Уэлс бол шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолыг үндэслэгчдийн нэгээс гадна түүх, шог зохиол болон намтар бичдэг байсан ба тэрээр багадаа хөлөө хугалсан учир өдөржин орон дотроо хэвтэн ном уншдаг байсан нь номонд дурлах цаашлаад бичгийн их хүн болоход нь нөлөөлжээ.. доктор Морогийн арал болон Цаг хугацааны машин зохиолууд нь нэгдүгээр биеэс өгүүлдэг бол Үл үзэгдэгч хүн зохиол гуравдугаар биеэс харж өгүүлдэгээрээ онцлог.. “хэрвээ бид дайныг дуусгахгүй бол дайн биднийг дуусгана” - Херберт Уэлс

Барууны утга зохиолд төрөн гарсан хамгийн аугаа романчдын нэг Францын зохиолч Густав Флоберийн (1821–1880) хөрөг зураг.. түүнийг бид “Бовари хатагтай” романаар нь илүүтэй мэдэх бөгөөд тэрээр хэзээч гэрлэж байгаагүй, мөн үр хүүхэдтэй болоогүй билээ..

Францын зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Анатоль Франс хүүхэд цагаасаа ном тэвэрч өссөн бөгөөд түүний аав нь номын худалдагч байсан тул тэрээр зохиолчид болон номын хорхойтнуудын яриануудыг сонсдог байсан нь мундаг зохиолч болоход нь нөлөөлсөн нь дамжиггүй.. Анатоль Франс нь 1921 онд Утга зохиолын Нобелийн шагнал авсан билээ..

Хараригийн энэхүү ном таны өмнө хүн төрөлхтний туулж ирсэн түүхийг өнгөтөөр хүүрнэх бөгөөд зугаатай, хөнгөхөн, ямар ч боловсролын түвшинтэй хүн ойлгохуйцаар бичсэн боловч шинжлэх ухааны шугамаа хатуу барьсан, шинжлэх ухааны ололт амжилтыг бахдалтайгаар магтсан гайхалтай бүтээл болжээ.. Хараригийн бичлэгийн арга барил уншихад үнэхээр урамтай, асар нүсэр хүмүүний түүхийг товчхон бичихдээ юуг ч алдалгүй яг таг оносон ба гал цогтой, сонирхол татам жишээ болон зүйрлэлүүд нь уншигчаа огтхон ч уйдаахгүй бөлгөө.. ном эхэндээ сонирхолтой, хөгжилтэй байж байгаад төгсгөлдөө хар бараан өнгө аястай болж ирэх нь хүн төрөлхтний буруу, гажсан амьдралын дүр зургийг бодитоор өмнө дэлгэх бөгөөд Харари энэ номоороо таны толгойн дундуур дэлсээд авах ба хэзээ ч мартагдахааргүй оюун ухааны дасгал, эрэгцүүллийн сургууль болсон бүтээл.. бид хэрхэн бий болов? Бид хэрхэн байсан? Бид одоо хаашаа явж байгаа вэ? мэдлэгийг тань гүн бөгөөд өргөнөөр тэлэх заавал унших ёстой ном.. эцэст нь, хүн бол Экологийн цуврал алуурчин!

Та фэйстээ ороод, зурагтаа асаагаад, гудманд гараад Монголд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол, ер нь алдагдаад гучин жил болж байгаа шударга ёс болохыг түвэггүй харна.. философич С.Молор-Эрдэний энэ ном яг одоо манай улсад хамгийн их уншигдах ёстой ном мөн бөгөөд өмнө нь Монголд хэзээ ч шударга ёсын талаар ийм тулхтай, бүрэн дүүрэн бичигдсэн ном байгаагүй ба энэ номоор бид анх удаагаа шударга ёстой утгаар нь танилцана.. шударга ёс нийгэмд, гэр бүлд болон найзуудад, цаашлаад хосуудад ямар чухал болохыг энэ номоос ойлгохоос гадна шударга ёс нь этик, морал болон тэгш эрхтэй хэрхэн “нөхөрлөдөг” болдогийг мэдэх бөгөөд мөн шударга ёсын явж ирсэн адармаатай түүхийг өгүүлэхээ философич маань мартсангүй.. философич С.Молор-Эрдэний ёжилсон, үргэлж асуусан бичлэгийн арга барил уншигчаа хамт бодохыг уриалж, асуултдаа тайлбараар цэг тавиагүй нь уншигчдаа эрэгцүүлэн бодох орон зайг олгох ба оюунд гэгээ татуулсан жинхэнэ мэдлэгийн ном..
















































Comments