Францын
богино өгүүллэгийн мастер, уран зохиолын натуралист сургуулийг
төлөөлөгчидийн нэг, миний хувьд А. Чеховын дараа л орох богино өгүүллэгч Ги Дө Мопассаны талаар хоёр үг бичлээ. Ги Дө Мопассан хүмүүний амьдрал
хийгээд тэдний хувь тавиланг тухайн нийгэм нь хүчээр хүсэл мөрөөдлөө
алдахад хүрдэгийг дүрслэхдээ голдуу гутранги өнгө аястай бичдэг байжээ.
Тэрээр Густав болон Лаура нарын том хүү болон 1850 оны 8 сарын 5нд
Францын "Dieppe" гэх газарт мэндэлсэн ба дороо нэг эрэгтэй дүүтэй байв.
Мопассаныг 11 настай байхад эцэг, эх нь салж, эх нь түүнийг дүүтэйн хамт
өөр дээрээ авсан агаад энэ явдал Мопассаныг уран зохиолд дурлах үндсэн
шалтгаан болсон буюу нэрт зохиолч Флобер жаал хүүг шавиа болгох эхлэл
болсон юм. Мөн түүнчлэн Мопассаны гэр бүлийнхэн чөлөөт сэтгэлгээтэй улс
байв.
Тэрээр анхны боловсролоо 13-тай сүмээс авсан бөгөөд Yvetot гэх
газрын жижигхэн шашны сургуульд явж эхэлжээ. Ийм амьдрал түүний туулах
ёстой хувь тавилан биш гэдгийг сэтгэлийнхээ гүнд мэдэрч эхэлсэн Мопассан
1868 онд зарим нэг ноцтой хэргийг өөрөө зохион байгуулсанаар зориудаар
сүмээс гарах "эрхээ" авчээ. Ингээд тэрээр Le Havre дахь лицейд орсон
бөгөөд нэг жилийн дараа бакалавараа хамгаалжээ. 1869 оны намар тэрээр
Парист хуулиар суралцаж эхэлж байсан Франц-Германы дайн дэгдэж сурах
хүсэл нь тасалдав. Сайн дугаараа дайнд явсан Мопассан анхандаа явган
цэрэг байсан хэдий ч аавынхаа оролцоотойгоор корпусын аж ахуйн дарга
болжээ. Дайны үед үзэж харсан зүйлс нь хожим шилдэг бүтээлүүдийнх нь гол
материал болсон байдаг. 1871 оны зун Мопассан цэргээс халагдаж дахин
Парист хуулиар суралцаж эхэлжээ. Түүний аав дахин түүн дээр ирж тусалсан
агаад энэ удаа хүүгээ чадварлаг хуульч болох хүртэл нь тус дэм болох
үүднээс тэнгисийн цэргийн яаманд ажилд оруулав. Хүнд сурталтай төрийн
алба Мопассанд таалагдсангүй; бүр хэд хэдэн удаа дэвшсэн ч ажилдаа
дурлаагүй учир олигтой амжилт гаргаагүй бөгөөд 1879 онд аав нь Мопассаны
өөрийнх нь хүсэлтээр олон нийтийн сургалтын яаманд ажилд оруулсан
байдаг. Мопассаны ээжийнх нь дүү нь Густав Флоберын дотно найз байж,
улмаар Лаура хүүгээ Флобертэй танилцуулахаар 1867 онд "Ceoisset" руу
явуулсан агаад Флоберээс хүүг минь сайн харж байгаарай гэж гуйж байж. Их
зохиолчдын багш, шавийн харилцаа ингэж эхэлсэн буюу Мопассаны бичих
авъяас чадвар тийнхүү цэцэглэн хөгжсөн юм. Флобер Парист байх
хугацаандаа бүтэнсайн өдөр болгоны үдийн хоолондоо Мопассаныг урьж,
түүнд уран зохиол бичих арга барилын талаар лекц уншиж, залуу насанд нь
тохирсон уран зохиолын хичээлүүд заадаг байв.
Флобер түүнд хичээл
заагаад зогсоогүй Эмиль Зола, Иван Тургенев болон Анри Жэймс тэргүүтэй
тухайн цаг үеийн алдартай зохиолчидтой танилцуулсан байдаг. "Тэр бол
миний шавиас гадна би түүнийг хүү шигээ хайралдаг" хэмээн Флобер
Мопассаны талаар хэлж байжээ. Мопассанд үлэмж нөлөөлсөн Флобер 1880 онд
гэнэт нас барсан явдалд тэрээр тун их гашуудан гунигласан байдаг.
Франц-Германы дайны тухай богино хэмжээний өгүүллэгийн түүврийг Эмиль
Золагаар тэргүүлүүлсэн 6 зохиолч хамтран гаргахад Мопассаны өгүүллэг тус
номонд багтсан ба энэ бүтээлийг "Банш" гэдэг бөгөөд тус түүвэрт багтсан
хамгийн шилдэг өгүүллэг байсанаас гадна Мопассаны оргил ажлын нэг
гэгддэг бөлгөө. "Банш" хэвлэгдэн гарсанаар Мопассаныг сонины газрууд
"хүсэж" эхэлсэн бөгөөд тэрээр яамнаасаа гарч 2 жилийг сонин, сэтгүүлд
нийтлэл бичиж өнгөрүүлжээ. 1880-1890 оны хооронд буюу 10 жилийн
хугацаанд тэрээр гайхалтай хөдөлмөрлөж 6 роман, 300 орчим богино
өгүүллэг, 3 аяллын ном гаргав. Мопассан 20 орчим настайдаа тэмбүү өвч
авчээ. Тэрээр уг өвчнөө эмчлүүлэлгүй зөнд нь орхисноор сэтгэцэд нь
нөлөөлж, оюун ухаан нь муудаж эхэлсэн гэж үздэг. Уг өвчний нөлөөгөөр
гэхүү 1890 оноос түүний зан авир огцом өөрчлөгдөж эхэлсэн агаад 1892 онд
ээжийнхээ дэргэд амиа хорлох гэж оролдож байсан аймшигтай хэрэг бий.
Хачирхалтайн түүний дүү нь залуудаа мөн хачин авирлаж, мэдрэл муутай
болсноор үхсэн байдаг бол Мопассан нас ахих тусам энэ шинж тэмдэг тод
илэрсээр 1893 онд Парисын асрамжийн газарт 43 нас хүрэхээсээ 1 сарын
өмнө үхжээ. Мопассаны бүтээл нь бүхэлдээ реалистик юм. Түүний дүрүүд нь
эд юмсад татагдах хийгээд амбиц, хуял тачаал, шуналын Мэдрэхүйн
зуршилдаа хөтлөгддөгсөн ямар ч нинжин сэтгэлгүй, гутарч хоосорсон
ертөнцөд оршдог.
Мопассан ядуу юмуу баян язгууртан дүрүүдээ зайлшгүй
нөмрөн ирэх хувь заяаны цохилтыг найдваргүй ч гэсэн сөрөн зогссоор буйг
нь ёжтойгоор дүрсэлжээ. 20-р зууны хоёрдахь хагаст, Мопассаны бүтээлийг
унших нь буурсан байдаг бөгөөд Франц улсаас илүүтэй англи хэлээр ярьдаг
улс орнуудад түүнийг уншиж байсан гэдэг. Гэвч Мопассаны уран зохиолд
оруулсан шинэлэг өнгө төрх, өндөр чанартай бичлэгийн хэв маяг, коммершил
богино өгүүллэг гээд суу бүтээлүүдийг нь харлуулж чадаагүй бөгөөд
Мопассан бол үе үеийн, бүх анги давхарын хайртай зохиолч байсаар иржээ.
Comments
Post a Comment