Лев Толстой "Дайн ба Энх"



"Дайн ба Энх" бол Лев Толстойн хамгийн шилдэг бүтээл гэж би хувьдаа боддог ба энэ роман манай гаригийн классик уран зохиолд тооцогддог. Романд Францууд Орост халдан довтолсон дайныг хрониклоор харуулахын сацуу Наполеоны эрин үе Оросын эзэнт гүрний нийгэмд хэрхэн нөлөөлж буйг сурвалжит 5 гэр бүлээр дамжуулан үзүүлнэ. Толстой: энэ ном бол роман биш, мөн яруу найраг ч биш, түүнчлэн түүхэн хроникол гэж хэлж чадахгүй гэж хэлсэнээс гадна Оросын шилдэг уран зохиолууд стандартад нийцдэггүй тул "Дайн ба Энх"-г роман гэж хэлэхээс эргэлзэж байна. Харин Анна Каренина бол миний анхны жинхэнэ роман гэж хэлжээ. Толстой уг романаа 1863 онд бичиж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ тэрээр гэрлэж өөрийн нутагтаа суурьшжээ. Романы эхний хагас "1805" нэртэйгээр бичигдсэн. Хоёрдугаар хагасыг нь бичиж байх үедээ Толстой маш их ном уншиж байсны дээр Шопенхауэрын нөлөө түүнд хамгийн их тусчээ. Толстой А. Фетэд бичсэн захидалдаа "Дайн ба Энх"-г бичиж байгаа талаараа болон Шопенхауэрыг уншиж байгаа тухайгаа дурдсан байдаг. Романы анхны ноорог 1863 онд бүрэн дуусч, 1865 онд The Russian Messenger сонинд эхний бүлэг "1805" нэртэйгээр цувралаар гарчээ. Толстой энэ хувилбартаа сэтгэл дундуур байсан болов ч 1867 онд хэд хэдэн бүлгийг өөр төгсгөлтэйгөөр нийлүүлэхийг зөвшөөрчээ. 1866 оноос 1869 оны хооронд романаа бүхэлд нь дахин бичсэн агаад The Russian Messenger сонинд гарч байсан хувилбараас "Дайн ба Энх" нэртэйгээр нийтлэгдсэн хувилбар нь нэлээд ялгаатай болжээ.

 Цуврал хувилбараар сониноос уншсан дуртай болсон Оросууд ном хэлбэрээр гарвал худалдаж авахад бэлэн болсон байсан ба ном хэлбэрээр худалдаанд гарсан даруй зарагдаж дуусчээ. Роман нийтлэгдсэн дороо орчуулагдаж, олон хэл дээр нийтлэгдэж эхэлсэн байна. Толстой романыхаа нэрийг яагаад "Дайн ба Энх" болгож өөрчилсөн нь тодорхойгүй. Магадгүй тэрээр уг нэрийг Францын философич П. И. Проудхоны бүтээлийн гарчигаас зээлдсэн гэх таамаг байдаг, мөн эртний ромын түүхч Ситониусын "арванхоёр Цезарь" бүтээлээс санаа авсан байж болох талаар таамаг бий. "1805"-ын гар бичмэл 1896 онд Орост тайлбар тэмдэглэгээтэйгээр дахин хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш англи, герман, франц, солонгос, чех болон финланд зэрэг улсуудад орчуулагджээ. Толстой романд шинэ ухамсрын төрлийг бий болгосон; түүний хүүрнэлийн бүтэц нь үйл явдлыг бурхны нүдээр харсан юм шиг тэмдэглэгддэг бөгөөд мөн тодорхой дүрийн харах өнцөг рүү аядуухан шилждэг. Толстойн харааны нарийвчилсан дүрслэх аргыг кино урлагтай харьцуулдаг буюу уран зохиолын арга барил нь киноны өргөн зураглах, ойроос зураглах техникүүдтэй төстэй хэмээдэг. Толстойд эдгээр арга барил онцгой зүйлс биш байсан агаад 19-р зууны дунд үед үүссэн роман бичих шинэ хэлбэрийн нэг байсан, харин Толстой энэ аргад өөрийгөө мастер болохоо батлан харуулсан хэрэг болжээ. Оросын стандарт текстээр роман 4 ботиос (арвантаван бүлэг) бүтдэг бөгөөд төгсгөлийн үг нь 2 бүлгээс бүрдэнэ. Романы эхний хагас дүрүүдэд чухалчлан ханддаг бол сүүлчийн хэсгүүд буюу төгсгөлийн үгийн хоёрдагуур хэсэг түүх, эрх мэдэл болон дайны мөн чанарын тухай өгүүлэх эссэ болж ирдэг. Толстой эдгээр эссэгээ зохиолдоо тараан байршуулсан нь өмнөх зохиомол байдлын уламжлалаас татгалзсан юм. Романы зарим хураангуйлсан хувилбарт уг эссэг хассан байдаг болов ч Толстойн амьд ахуйд нийтлэгдсэн хувилбаруудад эссэ хавсралт болж орсон байдаг. Романд гарах үйл явдал Толстойн үеэс 60 жилийн өмнө болсон. Толстой 1812 онд амьдарч байсан хүмүүстэй уулзаж ярилцдаг байсан ба тэрээр Наполеоны дайнтай холбоотой Орос, Францын бүх боломжит түүхийг уншсанаас гадна Наполеоны хийгээд тэр үеийн гол хүмүүсийн намтар, сонин сэтгүүл, захиануудыг уншжээ. 

"Дайн ба Энх" романд 160 орчим бодит хүний нэр дурдагддаг болой. Толстойгийн эрэл хайгуул, судалгаа үнэхээр гайхамшигтай; түүний үндсэн эх сурвалжууд бол ярилцага, баримтад бичиг, түүхэн ном, философийн ном болон бусад түүхэн романууд байв. Толстой мөн Крымын дайнаар олж авсан өөрийн туршлагын нарийн ширийнийг оруулж өгсөний дээр Оросын эзэн хааны армийн бүтцийг гайхалтай дүрслэхэд нь тус болжээ. Тэрээр стандарт түүх, ялангуяа цэргийн түүхэд шүүмжлэлттэй ханддагаа уг романаараа илэрхийлсэн. Түүний тайлбар романы 3-р Ботиос эхлэн түүхийг хэрхэн харж, яаж бичих ёстой талаар өөрийн бодлыг илчилж эхэлдэг. Түүний зорилго түүх болон зохиол хоёрын хоорондох шугамыг арилгаснаар үнэнд хүрэх байсан агаад үүнийгээ 2-р ботид хэлсэн байдаг. И. Гончаров: энэ роман зохиолчоо Оросын уран зохиолын жинхэнэ Арслан болгосон гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч роман асар их амжилт гаргаад зогсохгүй уншигч, шүүмжлэгч, зохиолчдын дунд хэдэн арван тойм, нийтлэл, аналитик өгүүллэг бичүүлсэн болой. Оросын хэвлэлүүд романд ямар хариу өгөхөө, юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй таг чиг болж, шүүмжлэгчид романы ямар ангилалд багтаахаа шийдэж чадахгүй байлаа. Либерал сонин Golos хамгийн анхны хариу үйлдэл үзүүлэгчдийн нэг байсан бөгөөд нэрээ нуусан тоймч; энэ юу байж болох вэ? Бид энэ романыг аль жанрт оруулах ёстой вэ? Гэж бичжээ. Үүнээс хойших шүүмжлэгчид болон Толстой судлаачдын үгийг сирүүлбэл; "Дайн ба Энх" бол хроникол ч, түүхэн ч зохиол биш, харин эдгээр жанрын нэгдэл тул уг хоёрдмол утга нь романыхаа асар их үнэ цэнийг хэзээ ч алдагдуулахгүй гэж нэгэн шүүмжлэгч хэлсэн байхад Толстой судлаач Анненков: манай нийгмийн нэг том хэсгийн соёлын түүх, мөн өнөагийн зууны улс төр хийгээд нийгмийн эхлэлийн дүр зураг гээд цааш нь энэ бол нийгмийн туульсан бүтээл, түүхэн роман, улс орны амьдралыг бүхэлд нь өргөн цар хүрээтэй зурагласан роман  хэмээжээ. Романыг хатуу шүүмжилж, хүйтэн хандагчид мэдээжээр бас байв; тэд романы дүрүүдэд бодит чанар дутсан, мөн дүрүүд харгис, бүдүүлэг гээд сэтгэлзүйн хувьд хүйтэн, ёс суртахууны доройтолтой гэж байлаа. Уг романд зориулсан анхны бүрэн дүүрэн нийтлэлийг Анненков бичсэн. Тэрээр Толстойн дайны үеийн байдлын дүрслэлийг сайшаан магтаж, маш нарийн найруулгыг нь, түүхэн баримт болон зохиомжит байдлыг нь бишрээд романы хамгийн нүд гялбам тал бол зохиолч дэлхийн хэмжээний үйл явдлыг, нийгмийн томоохон үйл хэргийг энгийн нэг дүрээр харж байгаа мэт түвшинд хүртэл шилжүүлсэнд оршино хэмээжээ. 

Мөн "Дайн ба Энх" бол Оросын уран зохиол дахь бүхэл бүтэн эргэлтийн үе гэжээ. Слваофилүүд "Дайн ба Энх" романыг үндэстний шинэ санааны Библи гэж өргөмжилжээ. Заря сэтгүүл: энэ роман бол суут бүтээл, Оросын уран зохиолын өмнө нь бий болгосон бүхэнтэй эн тэнцэнэ гээд "Дайн ба Энх"-ээс хойш Оросын уран зохиол тэс ондоо болсон буюу шинэ хэлбэр, утга агуулгатай болсон хэмээжээ. Тэгвэл зарим нэгэн нь Толстойгийн роман Оросын уран зохиолд урьд хожид байгаагүй шедевр гэж зарлаж байв. Уншигч болон шүүмжлэгчдийн дунд цэргийнхээ их байсан ба романы байлдааны бодитой, дайтах ур чадварын хэсгүүдийг өндрөөр үнэлжээ. Shongranbern-ын тулааны хэсгийг уран сайхны хувьд болон түүхийн хувьд хамгийн өндөр түвшинд дүрслэгдсэн гэж Н. Лачинов хэлжээ. Армийн генерал Драгомиров: Оросын бүр армийн офицерууд "Дайн ба Энх" романыг ширээний ном болгохыг зөвлөж, романы тулалалдааны гайхамшигтай үзэгдлүүдийг цэргийн урлагийн хамгийн тохиромжтой гарын авлага болно хэмээжээ. Мэргэжлийн уран зохиолын шүүмжлэгчдээс ялгаатай нь уг романыг Оросын зохиолчид үнэн зүрхнээсээ дэмжиж байлаа. Достоевский, Гончаров, Тургенев, Лесков нар уг романыг Оросын уран зохиолын Шедевр гэж үзэж байлаа. Гончаров нэгэн захидалдаа: "Дайн ба Энх"-г Оросын Илиад гэж хэлэх бүрэн боломжтой, энэ ном бол бүр эрин үеийн уран зохиолын хамгийн том үйл явдал гээд энэ бол уран зохиол дахь хамгийн гүн гүнзгий ажил юм гэжээ. Уг романы талаар Достоевский: уран зохиолын газрын эзний сүүлчийн үг гээд энэ роман бол гайхамшиг гэсэн буй. Мөн тэрээр "Хөвүүн Заяа" романыхаа ноорогтоо романы объектив болон бодит байдал нь бүх хэсгүүд сэтгэл татам чанарыг бий болгодог гээд зохиолч хүн миний бодлоор яруу найргийн хийгээд түүхэн мэдлэгтэй байж, гол нь түүнийгээ орчин цаг үед нийцүүлэх мэдлэг чадвартай байх ёстой байдаг ба миний харж буйгаар Орост ингэж чадаж байгаа ганц хүн нь Толстой юм гэж хэлж байжээ. Н. Лесков: энэ бүтээл бол Оросын түүхэндэх хамгийн аугаа роман, орчин цагийн уран зохиолын бахархал гээд романы бодит байдал, үнэн баримтыг биширсэн болой. Лесков: зохиолч хувь нэг дүр болгон дээрээ шаргуу ажиллаж байхдаа мөн давхар үндэстний мөн чанар, ёс суртахуун дээр ажиллаж байсан ба ингэхдээ Наполеоны эсрэг боссон ард түмний Ёс суртахууны хүчийг тодотгон харуулжээ гэсэн буй. И. Тургенев романы түүхэн аспект болон Толстойн сэтгэлзүйн анализийн хэв маягийг талархан хүлээж авсан. И. Тургенев нэгэн захиандаа: Толстой бол Оросын хамгийн алдартай зохиолч. "Дайн ба Энх" бол манай үеийн хамгийн гайхамшигтай номын нэг. Энэхүү өргөн цар хүрээтэй бүтээл нь эх оронч оюун санаатай байдаг буюу манай эрин зууны эхэн үеийн Оросын амьдралын эс бүхнийг жинхэнэ мастер гараараа урлан бүтээжээ. Энэ бол аугаа зохиолчийн аугаа бүтээл бөгөөд энд жинхэнэ, үнэн Орос оршино гэсэн байдаг. И. Тургеневийн хүчин чармайлтаар "Дайн ба Энх" Европын уншигчдад алдартай болсон гэж хэлж болно. Роман Франц хэвлэлээр гарсанаар Толстойн бүтээлүүд дэлхийд алдарших замыг нээж өгсөн гэж үздэг. 

Түүнээс хойш дэлхийн алдартай зохиолчид "Дайн ба Энх"-г дэлхийн уран зохиолын Шедевр хэмээн магтах болов. Г. Флобер И. Тургеневт бичсэн захидалдаа: энэ бол нэгдүгээр зэрэглэлийн классик роман юм. Толстой ямар гайхалтай сэтгэлзүйч хийгээд уран бүтээлч вэ? Би уншиж байхдаа хөөрч баярлан уйлж байлаа. Үнэхээр хүчтэй, маш хүчтэй роман гэж бичсэн байдаг. Харин Ж. Галсворти уг романыг амьдралдаа уншсан хамгийн шилдэг роман гэж өргөмжлөв. Р. Ролланд уг романыг оюутан байхдаа уншиж байсан үеэ ийнхүү дурсжээ: энэ роман бол өөрөө амьдрал лугаа адил эхлэл үгүй бас төгсгөл үгүй. Энэ роман амьдрал шиг мөнхийн хөдөлгөөн юм гэжээ. Т. Манн: "Дайн ба Энх" бол уран зохиолын түүхэн дэх дайны талаарх хамгийн аугаа роман гэж хэлсэн бол Э. Хемингуэй: Толстой энэ бүтээлээрээ дайны талаар хамгийн илэн далангүй, шударга, объектив бөгөөд хурц байдлаар бичих хичээл заасныг хүлээн зөвшөөрөөд дайны талаар Толстойгоос илүү сайн бичих хүн байхгүй гэжээ. И. Бабел романыг уншсаныхаа дараа: хэрвээ дэлхий өөрөө бичиж чаддаг байсан бол Толстой шиг л бичих байсан гэж хэлсэн буй. "Дайн ба Энх" романыг кино урлагт, театрын тайзнаа, ТВ цуврал хэлбэрээр, Операгаар, мөн радио, хөгжим гээд боломжит бүхэнд хөрвүүлэн тавьсан байдаг. Үндсэн санаа: Романд бидний оюун ухаан хэрсүү бодож, ухамсартайгаар дайнтай холбогддог ба энх тайван хийгээд дайн хоёуланд нь хүний зан авир иррационл сэдлээр өдөөгддөг болохыг Толстой байнга тодотгож өгдөг. Мэргэн ухаан нь ухамсрыг биш бидний үйлдлийг хэр нууцлаг болохтой холбогддог. Генерал Кутузов хүн бүрийг араас нь дагахыг шаардсан логиктой төлөвлөгөө боловсруулсан аугаа удирдагч болж гарч ирдэггүй, харин үйл явдлын урсгалд дасан зохицож, тухайн байдалд тааруулан бодохыг илүүтэй үздэг. Мөн тэрээр дайны талбарын нөхцөл, үе шат бүр хүлээж байснаас нь эрс өөр болох бүрт төлөвлөгөөгөө өөрчилдөг. Үүнтэй ижил иррационал үйлдлүүд бол Николай Соня руу буцахаар шийдээд байсан ч гэнэт Мариятай гэрлэхээр шийддэг бол Наташагийн Пьертэй хуримладаг гэнэтийн явдлуудыг хэлж болно. Романд гарах бараг бүх иррационал үйлдлүүд амжилт олж байгааг бид харж болох агаад Толстой бидний ухамсарт оюун ухаан маш гүнд оршдог болохоор хүн амьдралдаа зөн совинтойгоо эвлэрдэг гэжээ. "Дайн ба Энх"-д зарим нэг дүрүүд орших нь утга учиргүй болохыг гэнэтийн байдлаар ухаардаг. Жишээлбэл, Андрей тулааны талбарт бараг үхэж байхдаа дэлхий дээрх амьдралын хуурамч худлаагийн цаана орших үнэнийг олж хардаг, харин Пьер романы ихэнх хугацаанд өөрийнх нь амьдрал яагаад хоосон, зохиомол болохыг мэдэхийг хүсдэг. Пьерийн философид автах болсон шалтгаан бол буруу эмэгтэйтэй гэрлэснээс үүдэлтэй, гэвч Пьерийн эрэгцүүлэл Хеленээс давж хүн яагаад дэлхий дээр амьдардаг тухай өргөн цар хүрээтэй болж ирдэг. Пьерийн Масоны нууцлаг байгууллагад оролцох оролцоо нь түүний амьдралдаа утга учир өгөх гэсэн оролдого юм; Масончуудын идэвхгүй байдалд сэтгэл дундуур болсон Пьер тэднээс уйддаг агаад Толстой энэ аргын хангалтгүйг ингэж харуулдаг. Пьер улс төр сонирхосон ч богино настайг нь ойлгож, Наполеоныг алах санаандаа хэсэг автах ч бас дэмий болохыг нь ухаарна, ингээд эцсийн эцэст тэрээр Наташад өгсөн хайр нь амьдралынх нь утга учир болохыг мэдэрнэ. 

Толстой романыхаа дүрүүдээр нийгмийн шатны хамгийн өндрөөс хамгийн бага хүртэлх хүмүүсийг хөрөглөдөг бөгөөд бидэнд Эзэн хаан, жанжин, тариачин хийгээд зарц нарын бодит дүрслэлийг өгнө. Уншигч Наполеон болон Александр нарын Өндөр түвшний хүмүүсийг ойроос хараад зогсохгүй мөн тэдний ашиг тус, ерөнхий үүрэг гээд нийгмийн ардах бүхий л түвшин харах боломж олгоно. Толстой биднээр ханхүү, генерал болон бусад удирдагчдын ардчилалын талаарх ноцтой дүгнэлт хийлгэх бөгөөд үр дүн тийм ч сайшаахуйц байдаггүй. Николай Александрыг анх хараад Эзэн хаан жирийн л хүн болохыг ухааран гайхдаг, Наполеоныг жижигхэн биеэ угааж буйг дүрсэлсэн хэсэг нь Европын их байлдан дагуулагчийг тийм энгийнээр төсөөлөхөд хүргэнэ. Толстойн түүхэн философи нь удирдагчдад сөрөг хандлагатай байдаг, түүнийхээр түүхийг аугаа хүн бүтээдэггүй, сая сая хүмүүсийн шалтгааны гинжин хэлхээ ба бие даасан ганц хүн дүн шинжилгээ хийхэд хэтэрхий бага нөлөөтэй гэж үздэг ажээ. Эзэн хаад өөрсдийгөө дэлхийг захирч байна гэж төсөөлдөг ч үнэндээ гинжин хэлхээний нөхцөл байдалд баригддаг.

 СЭДЭВ:' "Дайн ба Энх" роман ухаараагүй романтик сонголтын үр дагавараар дүүрэн байдаг агаад зарим нь гамшгийн үр дагавар авчирдаг. Пьер гэнэн итгэмтгий зан болоод сексийн хүсэлдээ автан үзэсгэлэнт Хелентэй хуримладаг ба Хелен түүний найзуудтай явалдаж эхэлсэнээр Пьерийн амьдрал хором зуур зовлонгийн үүр болдог.  Наташа ганган Анатолид уруу татагддаг агаад Анатолийг дагаж зугтаах хариуцлагагүй үйлдэл нь амьдралыг нь сүйрүүлэхийг олж хардаггүй. Наташагийн Анатолид дурласан явдал Андрейгийн итгэлийг үүрд алдаж, хамт байх боломжгүй болгох үр дагавартай байлаа. Эл 2 тохиолдолд ухамсаргүй романтик хүсэл тачаал нь сүйрэлд хүргэдэгииг харуулдаг. Гэхдээ Толстой иррационал хайрыг буруушаадаггүй. Романд 2 ч сайхан хайрын түүх бий; Наташа болон Пьер, Николай болон Мариа нарынх ба энэ нь романы хайрлагсдад мөн уншигчдад гэнэтийн байдаг. Энэ нь тэд оюун ухаандаа өөр өөр хүлээлттэй байсан ч бүгд гэнэтийн хайртай учирдаг. Тодорхой бус хайр алдаа байж болохыг, мөн гайхамшиг ч байж болно. Урьдчилан таамаглах аргагүй хайр бол хүний амьдралын нууцлаг хүч хийгээд үгүйсгэх боломжгүй зөн совингийн симбол ажээ. Их хэмжээний мөнгө юмуу эд хөрөнгөө алдах сэдэв романы турш давтагдана, энэ сэдэв ялангуяа Ростовын гэр бүлтэй холбогддог. Романы эхэнд л Ростовынхны доройтож буйг харуулдаг буюу хариуцлагагүй Гүн Ростов хүүхдүүддээ үлдээх өв хөрөнгөө гамгүй үрэн таран хийдэг.

 Николайгийн мөрийтэй тоглоомын хожигдол тус доройтлыг хурдасгадаг ба Францчууд хотыг эзэлсэний дараа Ростовынхон Москвагийн гэр орноо болон өсч хөрөнгөө хүчээр орхин явахад хүргэдэг хэдий ч энэ санхүүгийн алдагдал нь бүтэлгүйтлийн шинж тэмдэг биш юм. Толстой амьдралын дараах оюун санааны сэргэн мандалтын эрэл хайгуулд өөрийгөө зориулж байсан; "Дайн ба Энх"-д Ростовынхны материаллаг сүйрлийн эерэг талыг харуулдаг. Гүн Ростов хүү Николайгийн өрийг нийгүүлсэнгүй төлдөг нь эцэг, хүү хоёрын хүчирхэг холбоог харуулдаг. Түүний эхэн үеийн санхүүгийн алдагдал нь түүнийг ухаалаг болгодог агаад хожим ухаалаг газрын эзэн болгодог. Толстой санхүүгийн хайхрамжгүй байдал нь оюун санааны баялгийг бий болгох нь материаллаг баялгаас илүү гэсэн санааг хэлэхийг хүссэн болов уу. "Дайн ба Энх" роман дахь үхэл нь зөвхөн биологийн төгсгөлийг ч биш бараг үргэлж философийн илчлэлтийг өгдөг ёс суртахууны үйл явдал байдаг. Анхны томоохон хором зуурын үхэл Андрейгийн Аустрелицын дэргэд бараг үхээд босдог туршлагаар илэрнэ; тэрээр үхлүүт хэвтэж байхдаа ертөнцийн гаднах асуудлууд ямар өчүүхэн болохыг, мөрөн дээрээс нь зовлон зүдгүүрийн ачааг салгасан явдалд баяр баяслыг мэдэрнэ. Наполеон өөрийн биеэр дэргэдүүр нь өнгөрч, түүнд хандаж үг хэлэхэд Андрей огт тоодоггүй, энэ нь ертөнцийн эрх мэдэл, албан тушаал зэрэг үнэт зүйлс одоо түүнд ямар ч утгагүй болсон хэрэг юм. Толстой үхлийн илчлэлтийн хүчээр зарим дүрүүд бусдын гэнэтийн үхлийн туршлагаар ухааждаг болохыг харуулсан. Тухайлбал Францын армийн хуаранд Оросын хоригдол цэргүүдийг цаазлахад Пьерийн хүчтэй сэтгэл хөдлөл бөгөөд энэ нь Пьерийг хүн төрөлхтний ахан дүүсэг байдал, дайны галзуурлын талаарх радикал бодлууд руу хөтөлдөг. Үүнтэй адилаар Андрейгийн үхэл Наташагийн амьдралыг харах байдлыг илүү ухаалаг, ноцтой болгож өөрчилдөг. Андрейг гомдоож олсон туршлага нь Наташаг боловсорсон бие хүн болгож улмаар Пьерийн эхнэр болгосон гэж үзэж болно. Энэ утгаараа Үхэл бол зөвхөн амьдралын төгсгөл биш, харин философи хийгээд итгэл үнэмшлийн хүчирхэг сургамж бөлгөө. 

СИМБОЛ: Бородиногийн тулаан нь Наполеон болон Оросуудын хоорондын цэргийн шийдвэрлэх эргэлтээс ч илүү зүйл юм. Толстойн философийн түүх, чөлөөт хүсэлтэй их хэмжээгээр давхцаж байсан ба Бородино нь хүн төрөлхтний амьдрал хийгээд үйл явдлын хоёр маш өөр ойлголтын зөрчилдөөний симбол болдог. Францчууд тулааны төлөвлөгөө, цэргийн маневрын стратегидаа ухамсартайгаар захирагдаж, мөн хангамж болон их удирдагчийнхаа хүчинд итгэж дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байдаг. Оросууд эсрэгээрээ илүү зөн совингоо дагаж, ухамсартай зарчмыг бага баримталдаг. Тэд Кутузовын хэлсэнээр оюун санаагаараа тулалддаг ба тэдний бүхий л байхуйн оюун санаанд хөтлөгддөг. Бородиногийн тулааны өмнө Кутузов шүтээнийхээ өмнө өвдөг сөхөрдөг, эндээс бид итгэл үнэмшил бол ухамсраас илүү түүнийг гэрэлтүүлэгч зам болохыг харна. Толстой Бородино дахь оюун санааны ялалтыг ухамсраар тайлбарлах боломжгүй нэг төрлийн жижиг гайхамшиг шиг илэрхийлжээ. 

Үүгээрээ Толстой Оросын оюун санааны хүч Европынхоос давуу гэдгийг харуулахыг зорьжээ. Францчууд Москваг эзэлсэн явдал нь Наполеоны дайны түүхэн дэх хамгийн эмгэнэлт явдлын нэг юм. Толстой хотын эзлэн түрэмгийллийг Орос  Европын соёлд автсаны симбол болгосон бөгөөд Оросыг гадны соёлоос, байгууллагуудаас хараат болж, төрөлх соёлоосоо илүүд үзэх болсныг буруутган шүүмжилжээ. Наполеоны дайн төгсч, Николай санхүүгийн хувьд сүйрдэг бөгөөд эцэг нь маш их өр үлдээгээд нас барах бол эх нь дассан сурсан тансаг амьдралаараа дахин амьдрахыг хүснэ. Николай гэрээ орхин явсны дараа Францууд гэрийг нь тоонон дээрэмддэг агаад Ростовынхон буцаад гэртээ ирэхэд үнэ цэнэтэй зүйлс нь үлдсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Николай баян чинээлэг Мариатай гэрлэснээр санхүүгийн хувьд, сэтгэл санааны хувьд дахин сэргэдэг. Түүний Мариагийн гэр бүлийнхэн хуучин байшинг дахин сэргээн босгосон нь зөвхөн өөрийнх нь нөхцөл байдлын симбол болоод зогсохгүй Оросын оюун санаа үргэлжлэн хөгжиж буй нь симбол ажээ.

"Дайн ба Энх" романы Наташа Ростов бол Лев Толстойн хамгийн аугаа бүтээлийн нэг бөгөөд энэ дүр нь эрч хүчтэй баяр баясгалан, амьдралыг зоригтойгоор, бүрэн дүүрнээр мэдрэх чадварыг илэрхийлдэг. Наташа нь өөрийн нөхөр Пьер Безуховын анхны эхнэр Эленагийн хүйтэн, зальтай байдлын эсрэгээр сэргэлэн цовоо, зөнгөөрөө байдаг. Наташа нялх балчираас насанд хүрэх хүртлээ уулзаж танилцсан хүн болгоны сэтгэлийг татдаг буюу үүнд Андрей Болконский, Анатоли Курагин болон Пьер Безуховыг дурдаж болно. Дур булаам хэдий ч Наташа хэзээ ч эрчүүдийн анхаарлыг татах гэж сээтэгнэх юмуу аальгүйтдэггүй. Шаргал даашинзтайгаа талбайгаар гүйхдээ ч, Отрадноегийн тагтан дээрээ дуулж байхдаа ч, эсхүл театрт дуурь үзэж суухдаа ч Наташа өөрийнхөө онцгой оршихуйгаараа, зүгээр л өөрөөрөө байгаадаа урам зоригтой байдаг билээ. Энгийн байдал нь түүнийг заримдаа гэнэн болгодог; Наташа Анатолид татагдсан агшин зуурын хүсэл тэмүүллээ буруу ойлгож, түүнтэй хамт оргох утгагүй төлөвлөгөө зохиодог. Гэвч Наташа алдаагаа ухамсарлан үхэж буй Андрейгийн дэргэд чинь сэтгэлээсээ гэмшиж өршөөл эрдэг. Наташагийн оюун санааны хөгжил нь Пьерийнх шиг философийн юмуу номын биш ч хангалттай гүн гүнзгий юм. Тэрээр романы төгсгөлд эрс өөрчлөгдсөн байдаг бөгөөд ухаан нь хөгжсөөр оюун санаа нь Пьерийнхтэй эн тэнцүү болсон байдаг.

Comments