Хэрман Мэлвилл "Моби Дик"



Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллийн Моби Дик романыг халим судлалын нэвтэрхий толь гэдэг. Мөн далай тэнгисийн амьдрал, далайчин, усан цэргүүдийн амьдралыг хамгийн гайхалтай уран зохиолын туурвил гэж би хувьдаа боддог. Өшөө хорсолдоо солиорон автсан (нэг хөлийг нь залгисан) Ахав ахмадын усан цэргийн нэг болоод байгалийн сүр хүчний бэлэг тэмдэг болсон, далайн Хаан халимыг агнахаар эцэс төгсгөлгүй мэт санагдах аялалд өөрийн биеэр гарсан шиг хурц тод хүүрнэлтэй бишрэм роман ба далай тэнгисгүй манай уншигчдад халим агнуурын аж амьдрал, далайчны амьдралын утга учир хийгээд үнэ цэнэ ер бусын сонирхолтой бас аймшигтай санагдах бөгөөд мөн далай дээрх хатуу ширүүн нөхцөл, халим агнуурын онгоцны дүрэм журамтай танилцаж ойлгоно. Романы жанр: туульсан, адал явдалт, эмгэнэлт, ёгтлолт. Өнгө аяс: философилог, драматик, хэтрүүлэн зүйрлэсэн, егөөтэй. Романы хүүрнэгчээр халим агнуурын хөлөг онгоц Пекодийн багийн гишүүн Измаил гүйцэтгэх ба халимыг нарийвчилан судалж, илүү туршлагатай болсон аялалынхаа үйл явдлуудаа эргэн санасан хүүрнэл маягаар бичигджээ. Измаил нэгдүгээр биеэс хийгээд гуравдугаар биеэс хослуулж хүүрнэнэ; тэрээр харсан үйл явдлуудаа өөрийн бодлоор дамжуулан дүрсэлнэ. Тэрээр бусад дүрүүдийн бодол, мэдрэмжин зөвхөн гаднаас ажиглаж дүгнэлт хийнэ. Романы симбол: Пекод үхлийг бэлгэддэг ба Моби Дик нь обьектив түвшинд хүн төрөлхтөн ертөнцийг ойлгох чадваргүйг бэлгэддэг бол Квикегийн авс амьдрал хийгээд үхлийн симбол юм. 

Мотифууд: цав цагаан өнгө, далайн мандал болон далайн ёроол. Үндсэн сэдвүүд: мэдлэг хязгаартай, халим ашиглалтын мөн чанар, хувь тавилангийн хуурмаг байдал болой. Уг бүтээлийн төрөл жанрын ангилал нь эхэн үеийн симболистоос сүүлийн үеийн романтик үе хүртэл хамарч, Америкийн уран зохиолын сэргэн мандалтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Моби Дик хэвлэгдсэн даруй холимог шүүмж авсан бол коммершил амжил олоогүй ажээ. Зохиогчийн мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 20-р зуунд тус бүтээлийг Америкийн аугаа роман хэмээх болжээ. Би энэ номыг бичсэн ч байсан болоосой гэж хүсдэгээ Уильям Фалкнер хэлсэн байхад энэ номыг дэлхийн хамгийн хачирхалтай, гайхамшигтай номын нэг, далай тэнгисийн талаар бичигдсэн хамгийн шилдэг бүтээл гэж Д. Х. Лоуренс хэлж байжээ. "намайг Измаил гэж дууддаг" эхлэл өгүүлбэр дэлхийн уран зохиолын хамгийн алдартай ишлэлийн тоонд багтдаг ажээ. Мэлвилл номоо 1850 оны 2 сард бичиж эхэлсэн бөгөөд 18 сарын дараа дуусгасан нь бодож байснаас нь нэг жилээр сунажээ. 1850 оны 8 сард Зохиолч Натаниэль Хавторнтай танилцсанаар бичгийн ажил нь завсардсан ба уг нөхөрлөлийн үр дүнд Хавторны Mosses from an old Manse хэмээх эссэ бий болсон байдаг. Моби Дикийг Хавторны гэгээн дурсгалд зориулсан гэдэг буюу түүний суу ухааныг бишрэн хүндэтгэсэн миний бэлэг тэмдэг гэж Мэлвилл хэлжээ. Мэлвилл романаа халим агнуурын хөлөг онгоц дээр 4 жил далайчинаар ажилласан туршлага дээрээсээ үндэслэн бичжээ. Мөн тэрээр халимын уран зохиол, Шекспир, Библи зэрэг бүтээлээс санаа авчээ. Цагаан халимыг барихад хэцүү гэгддэг албино халим Моча Дикээс загварчилсан бол романыг төгсгөлийг 1820 онд живсэн Essex нэртэй халим агнуурын хөлөг онгоцноос үндэслэжээ. Роман халим агналтыг, халимнаас тосыг нь гаргаж авах үйл явцыг маш нарийн бөгөөд бодитой дүрсэлсэнээс гадна онгоц дээр амьдрах олон соёл иргэншлээс бүрдэх хөлгийн гишүүдийн анги, нийгмийн байдал, сайн болон муу, бурхны оршихуйг судлахтай холилдсон холимог амьдралыг харуулна. Мэлвиллийн уран зохиолын хүүрнэх хэлбэр нь Шекспирийн тайзны жүжгийн найруулагатайгаас гадна яруу найраг, дуу болон өөрөө өөртэйгөө ярих зэрэг уран зохиолын олон хэлбэрийг ашигладаг. 

1851 оны 10 сард Моби Дик анхлан 3 дэвтэр болж Лондонд хэвлэгдсэн, үүнээс нэг сарын дараа Нью Иоркт 1 дэвтэрээр хэвлэгдсэн ба англи болон америкт хэвлэгдсэн хувилбаруудын хооронд нэлээд ялгаа байсан байдаг агаад зохиолчийг амьд сэрүүнд ном нь 3,200 орчим хувь л худалдагджээ. Измаил бол романы хүүрнэгч; тэрээр өөрөө өөртэйгөө ярих, номлох, тайзны жүжиг унших, бэлэг тэмдэг уншиж буй мэтээр хүүхнээр бөгөөд түүнийг романы төв оюун ухаан, хүүрнэлийн дуу хоолой гэдэг. Судлаач Безансон: хүүрнэгч Измаил бол онгоцны хитэг дээр амьдарч байсан, залуухан Дүр болох Исмаил хоёр хоорондоо ялгаатай гэж анх үзсэн хүн юм. Нэг үгээр хүүрнэгч Измаил бол одоо хөгширсөн байгаа Измаил ажээ. Уншигчдын анхаарах зүйл бол энэ хоёр өөр Измаил хоёулаа зохиолч Мэлвилл гэж андуурч болохгүй ба Мэлвилл, Измаил хоёрыг адилтгаж үзэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ. Безансон романы бүлгийн бүтэц нь дараалсан бүлэг, баглаа бүлэг, тэнцвэрийн бүлэг гэж хуваажээ. Хүүрнэлийн үйл явц нь энгийн дараалалтай явж байснаа үзэгдлийн дараалал үндсэн өгүүлэмж болох халимыг зураглах 3 бүлэг рүү шилжих ба цааш үзэгдлийн дарааллын бүтэц ижил төстэй болж ирэх буюу 5 драматик бүлэг эхэлнэ. Баглаа бүлэг нь цагаан халимын онцлогийг харуулсан бүлэг байна, энэ нь галын мөн чанарыг харуулна. Тэнцвэрийн бүлгүүд нь эсрэг тэсрэг бүлгүүдээс бүрдэнэ. Судлаач Буэлл романы хүүрнэлгүй бүлгүүдийн зохицуулалтыг дүрслэхдээ эдгээр нь 3 нь хэв маягаас тогтоно гэжээ. Эхлээд Пекод Моби Диктэй таарсан 9 онгоцтой таардаг, тус онгоцнуудад үзүүлсэн хохирол улам үхлийн шинжтэй болж байдаг нь Пекодийн өөрийнх нь хувь тавиланг урьдчилан зөгнөсөн хар сүүдэр ажээ. Хоёрдугаарт, халимуудтай таарсан бусад онгоцнуудтай учирсанаар сэтгэл хөдлөл аажмаар өсч эхэлдэг бол сүүлд нь хятадын далайн эрэгт халимны асар их цугларалттай таардаг; Японы ойролцоо болсон хар салхи Ахавыг Моби Диктэй тулалдах нөхцлийг тавьдаг. Гуравдахь хэв маягт цэтологийн баримт бичиг ба маш баялаг учраас 2 дэд хэсэгт хувааж болдог. Эдгээр бүлгүүд нь халимны эртний түүх, халимны библиографийн ангилалаар эхэлж, гол төлөв халимны чөтгөрийн муу талыг өгүүлэх явц руу аажмаар шилжих буюу ялангуяа Моби Дикийн талаар өгүүлдэг. Мөн энэ хэсэгт халимыг анатомийг судалж урд, хойд, дотор гаднагүй араг яс хүртэл нь шинжинэ. Эцэст нь халимны хувьслыг төрөл зүйл болгож, мөнхийн чанарыг нь зарлан баталдаг. 

Романы тавны хоёрноос эхэлж халим аллагын 10 юмуу түүнээс дээш тухай өгүүлэх бүлгүүд гарах нь тэдгээрийг үйл явдал гэж нэрлэхэд хангалттай боловсорсон гэж үзэж болно. Аллага бүрийн тохиолдол бүлгийн дараалал юмуу тодорхой аллагаас үүдсэн цэтологийн мэдлэгийг багтаасан бүлгийг өдөөдөг, иймээс эдгээр аллага нь халимны номлол хийгээд эссэ маягийн ангилсан бүтцийг бий болгодог. Романы хүүрнэлийн "уран байгууламжийг" ажиглагч\хүүрнэгч баатар гэсэн 2 туйлт өвөрмөц шинжтэй болгодог; энэ нь роман 2 гол дүрийн бүтэцтэй буюу Ахав болон Измаил гэсэн өөр хоорондоо сүлжилдсэн, бас эсрэгцсэн дүрүүд юм. Зарим судлаач Измаилын түүхийг боловсролын тухай хүүрнэл гэдэг. Ном Ахав, Измаил гэсэн 2 ухамсарын бүтэцтэй гэж үздэг буюу Ахав шулуун шугаман хүч бол Измаил нь ухрах хүч гэж үздэг. Тэд хоёулаа өнчин гэдэгтээ бухимддаг, тэд энэ нүхнээсээ өөр өөрсдийнхөө оршихуйн ялгаатай байдлаараа мултрахыг оролддог; Ахав хүчирхийллээр, харин Измаил бясалгалалаар.. Моби Дик романы үйл явдлыг Ахав уур хилэнгээрээ жолоодож байх хооронд Измаил романыг уянгалагаар хүүрнэх "хүршгүй" хүслээ барина. Буэлл уг номд хоёр давхар эрэл хайгуул бий гэсэн; Ахавын Моби Дикийг агнахын төлөө бүл Измаил халим хийгээд ан агнана гэж юу болохыг ойлгох явдал юм гэжээ. Номыг онцгой болгож буй хамгийн гол зүйл бол олон төрлийн жанрыг багтаасанд оршино гэж үздэг, үүнд: зүүд, номлол, аялалын түүх, намтар, яруу найраг болон туульсан бүтэц юм. Пекод болон бусад онгоцнуудын 9 удаагийн цуврал уулзалт романы бүтцийн онцгой "төхөөрмж" ба эдгээр уулзалтууд нь 3 талын чухал ач холбогдолтой. Юуны өмнө, тэдгээрийг хүүрнэлийн дотор байршуулах бөгөөд эхний 2 уулзалт болон сүүлийн 2 уулзалт ойр ойрхон болдог агаад төв 5 уулзалтууд их бага хэмжээгээр 12 бүлгээр тусгаарлагддаг. 

Энэ хэв маяг нь бүтцийн элементийг бий болгодог. Хоёрт, уулзалтууд Ахавын хүсэл эрмэлзлэлийн муруй болон донтолтыг сэргээж боловсруулж байдаг. Гуравдугаарт, Ахаваас ялгаатайн Измаил онгоц бүрийн хувийн онцлогийг тайлбарладаг. Безансон эдгээр онгоцнуудын утга учрыг дүрслэх аргыг олохгүй байгаагаа хүлээгээд оронд "метафизикал зүйрлэл, библийн цуврал аналоги, тулалдааны нөхцөлд орсон хүний багт наадам, хүний дотор орших сүр жавхлангийн хошигнол, улс үндэстнүүдийн жагсаал" гэх зэргээр цагаан халимны тухай тодорхой, бэлгэдлийн сэтгэлгээний арга хэлбэрээр тайлбарлаж болно. Их Британий зохиолч Е. М. Форстер: Моби Дик роман утга учраар дүүрэн; энэ утга учир нь ялгаатай асуудал юм гээд мөн номын чухал зүйл нь "зөнчийн дуу" агаад энэ нь ёс суртахуун болон үйл явдлын доогуур урсах далд урсгалтай адил далд байдаг хэмээжээ. Зарим судлаачид уг номын ухвар сэдэв нь танин мэдэхүйн онол; Измаилын халимын таксономи нь шинжлэх ухааны мэдлэг хязгаартай бөгөөд эргэлзээгүй баримтад хүрэх боломжгүйг баталдаг гэсэн байдаг. Мөн Ахав ба Измаил нарын амьдралд хандах хандлагын эрс ялгаатай байдлыг харьцуулсан байдаг; Измаил нээлттэй сэтгэлгээтэй, бодлогоширсон байдал нь Ахавын мономаниа, хатуу догматик баримтлалтайн эсрэгцдэг ажээ. 

Мэлвиллийн намтарыг бичигч Делбанко: романы гадаргуу дээрх ялгаатай байдлын доогуур үнэнийг хайвал арьс өнгөөр ялгаварлах асуудал гарч ирнэ гэсэн санал тавьсан байдаг. Пекод хөлөг онгоцны багийн гишүүд бүх арьстныг төлөөлдөг ба түүнчлэн эхэндээ Измаил хүн идэштэн, битүү шивээстэй Квикегээс айдаг ч яваандаа дасан нөхөрлөдөг билээ. 19-р зууны дунд үед Америкийн номонд хар арьстай дүр боол бишээр дүрслэгдэх нь ховор байсан, ихэвчлэн боолчлолоор дурдагддаг байжээ. Арьс өнгөний сэдвийг голчлон хөлгийн гишүүн туранхай жаахан Пип нэртэй хөвгүүн хөтлөв явуулна. Пип бараг живж үхэх шахахад Ахмад Ахав хөвгүүний зовлон шаналалд сэтгэл нь хөдөлж түүнтэй эелдэг зөөлөн харьцдаг билээ. Романы төв ухвар сэдвийг харах, ойлгоход хэцүү ба энэ нь гүн гүнзгий бодит байдлыг илрүүлэхэд, үнэнийг ухаж гаргахад хэцүү болгодог гэж үздэг. Мэлвилл шийдлийг хялбар тайлбарлагдахаар нөхцөл санал болгоогүй ба Гол утга нь Ахав халимыг обьект болгон илрүүлэхдээ биш, харин тэрээр халимыг өөрийн бүтээсэн симбол гэж ойлгоход оршино гэж үзэгсэд байдаг. Пипийг боолоороо байвал халимнаас үнэ цэнэгүй амьдрах болно гэдгийг сануулсан 50 дахь бүлгээс хойш тэрээр оюун санааны хувьд уналтад орж зовдогоос гадна үнэ цэнэгүй, тарчилсан Пип хөлөг онгоцны ухамсар болж эхэлдэг. Мөн түүний өмчийг харах өнцөг нь бас нэгэн ёс суртахууны "ноцолдоон"-ын жишээ болдог. 

 Энэхүү роман нь орчин үеийн утга зохиолын болон философийн хөдөлгөөн болох трансцендентализмыг шүүмжилсэн хандлагатай байсан буюу трансценденталистын тэргүүн америкийн философич Р. В. Эмерсоны бодол руу довтолсон гэж үздэг. Ахавын амьдрал ба үхэл нь Эмерсоны өөртөө итгэх (дулдуйдах) философи руу довтолсон буюу энэ нь эгоизмын сүйтгэх чадамж хийгээд зөвтгөх чадамж юм. Мэлвиллийн үхэл~сүнслэг оршихуй, сэтгэл хөдлөл, бие махбодь бол надаас ангид ертөнц оршихгүй гэсэн солипсизмын хандлагаар түлхэгдсэн үед өөртөө итгэх үзлийн шагнал гэж Ричард Чейз бичсэн буй. Үүнтэй холбогдуулан Чейз Мэлвиллийн уран зохиолын санааг Эмерсоны сэтгэлгээтэй зөрчилддөг ба өөртөө итгэх байдал хэтэрвэл аюултай болохын гол болгожээ. Мэлвиллийн хувьд өөртөө хэт итгэх байдал нь анархи, харгис эгоизм, хариуцлагагүй болон сүйтгэл шиг санагддаг байсан болов уу гэж үздэг. Моби Дикт далайчны, библийн Хомерын, Шекспирийн, Милтоны болон цэтологийн хэллэгийн нөлөө орсон байдаг бол мөн толгой холбосон, эртний хэллэг, хар ярианы хэллэг, мөн чамин хэллэгүүд гээд олон техник ашиглахдаа туршилтууд ч хийж байжээ, Мэлвилл. Моби Дик романдаа Мэлвиил өөрийнхөө шинээр зохиосон үгс, нэр томьёог ашигласан ба Английн үгсийн сан түүний хүссэн зүйлсээ гаргаж илэрхийлэхэд хязгаартай байсан гэж үздэг ажээ.


Хэрман Мэлвиллийн "Моби Дик" романы гол дүрүүдийн нэг Ахмад Ахавын дүрийн анализ. Пекод хөлгийн солиорсон ахмад Ахав бол эртний болон орчин үеийн баатрын аль алиныг төлөөлдөг. Эртний Грек юмуу Шекспирийн эмгэнэлт жүжгийн баатар шиг Ахав нь үхлийн ганц дутагдалтай байдаг нь Эдип, Фауст зэрэг домгийн дүрүүдийг санагдуулна. Түүний үлэмж ихээр өөртөө итгэх итгэл хийгээд бардамнал нь эрүүл саруул ухаанаасаа татгалзаж, бурхан луугаа адил хүсэл зоригоо хуульчилж, байгалийн эсрэг тэсэж үлдэж чадна гэдэгт итгэхэд хүргэдэг. Тэрээр Моби Дикийг энэ ертөнцөд орших муу бүхний биелэл гэж үздэг бөгөөд энэ муу муухайг хөнөөж үгүй хийх нь өөрийнх нь зайлшгүй хувь тавилан гэж итгэдэг учраас цагаан халимын араас галзууран хөөцөлддөг. Шүүмжлэгч М. Х. Абрамсын хэлж буйгаар ийм баатар нь эмгэнэлтэй буюу уншигчдад өрөвдөх сэтгэл төрүүлдэг, учир нь тэр муу хүн биш, түүний золгүй хувь заяа нь хүртэх ёстойгоосоо хавьгүй их юм; гэхдээ тэр уншигчдыг бас айлгадаг, учир нь бид өөрсдийгөө их бага хэмжээгээр алдаа гаргах магадлалыг хүлээн зөвшөөрдөг гэжээ. Эртний эмгэнэлт бүтээлүүдээс ялгаатай нь Ахавын үхлийн сул тал нь төрөлхийнх бус харин хатуу ширүүн амьдралаас үүдэлтэй сэтгэлзүйн болоод бие махбодийн гэмтэл байдаг. Тэрээр түрэмгийлэгч, мөн хохирогч болдог бөгөөд өөрийнх нь хийгээд Моби Дикийн хооронд байгуулсан бэлгэдлийн эсрэгцэл нь түүнийг хувь тавилан гэж үздэг төгсгөл руу хөтлөн аваачдаг.

Comments