A Saucerful of Secrets

A Saucerful of Secrets бол Pink Floyd хамтлагийн студийн 2 дахь цомог ба Space rock, Psychedelic rock жанрын уг цомог 1968 онд анх худалдаанд гарчээ. Хамтлагийн толгой байсан, гол хөгжмийн зохиолч байсан Syd Barrett сэтгэл мэдрэлийн улмаас хамгийн сүүлчийн удаа хамтлагийн гишүүнээр ажилласан цомог бөгөөд цомгийн бичлэгийн үеэр цаашид хамтлагт ажиллах аргагүй болсон түүнийг орлуулж David Gilmour-г хамтлагт авсан байдаг. Pink Floyd-ын дебют Piper at the Gates of Dawn цомгийг Syd бараг ганцаараа бүтээсэн байдаг бол уг цомогт хамтлагийн бүх гишүүд оролцсоноороо онцлогтойгоос гадна уг цомгийн Set the Controls for the Heart of the Sun дуу нь хамтлагийн бүх 5 гишүүд цор ганц дуу юм. 1967 оны 8-р сард хамтлаг дебют цомгоо гаргахтайгаа зэрэгцэн хоёрдахь цомог дээрээ ажиллаж эхэлжээ. Set the Controls for the Heart of the Sun болон Scream thy last Scream дуунууд цомгийн анхны бичлэгүүд болж 8 сардаа бичигдсэн бол Vegetable Man 10-р сард бичигдэж, мөн тэр сардаа Jugband Blues дуугаа бичүүлжээ. Тэд Америкаар хийх аялан тоглолтоосоо өмнө Paint Box дуугаа бичүүлсэн ба 11 сард Apples and Oranges дуугаа сингл болгон гаргасан ч амжилт үл олов. Энэ үеэр Syd-ын бие үлэмж муудаж эхэлсэн бөгөөд тэрээр өөрт оногдсон хөгжмийн хэсгийг тоглож чадахаа больж, ерөөсөө нэг тэнэг хүн шиг болж ирсэн байна. Syd-ээс болж хамтлагийн хэд хэдэн аялан тоглолт тэр дундаа Америкаар хийх аялан тоглолт цуцлагдав. 1967 оны 12-р сард энэ асуудлыг шийдэхийн тулд хамтлаг Gilmour-г нэмэлт гитарчингаар авсан; үнэндээ хамтлаг Syd-г орлуулах гэж Gilmour-г элсүүлсэн боловч энэ арга нь амжилттай хэрэгжээгүй учир Syd-г зүгээр дууны үг бичигчийн үүрэгтэй болгож, Gilmour-г хамтлагийн албан ёсны гишүүнээр үлдээх төлөвлөгөөтэй байсан гэдэг. 1968 оны эхнээс аялан тоглолтод Gilmour түлхүү оролцож Syd хааяа нэг гар бие оролцож, ихэнхдээ хийцгүй буюу үүрэггүй хүн болж хувирчээ. Үүнээс хойш цомгийн ажилд Syd-ын үүрэг үлэмж хумигдаж, Waters-ын оролцоо тэр хэрээр нэмэгдэж ирэв. 1968 оны 1-р сард болсон нэгэн шоунд хамтлаг Syd-г авч явсангүй. Энэ бол шинэ цомог түүнгүйгээр хийгдэж болно гэсэн дохио байсан агаад Waters, Wright нар энэ хамтлаг Syd-гүйгээр амьдарч чадна гэдгийг харуулж байлаа. Цомгийг бүтээхэд зөвхөн Syd асуудал болж байсангүй, хамтлаг олон дуугаа ахин дахин бичүүлж, хэд хэдэн дуугаа цомгоос хасч байсан ба ерөнхийдөө цомгийн хэмжээний материал бүрдүүлэхэд туршлагагүй залуусын боломж бололцоо дутаж байв. Учир нь гол хүнээ тэд хасчихсан байв. 
Өмнөх цомгийн адил уг цомог нь Space rock, Psychedelic rock жанрынх хэдий ч өмнөх цомгийнх шиг Syd-ын давамгайлсан нөлөө эл цомогт байхгүй ба уг цомгоос зөвхөн Jugband Blues дуу л бүхэлдээ Syd-ынх юм. Wright уг цомгийн 4 дуунд дуулах юмуу хоолой хийсэн нь түүний Pink Floyd дахь хамгийн их дуулсан цомог болдог. Судлаачид уг цомгийг хамтлаг хар бараан, давтагдсан хэмнэлээсээ гарч дараагийн түвшинд очих эхлэл болсон ажил гэдэг. Хамтлагт Syd-ын нөлөө багасах тусам Waters, Wright нарын нөлөө ихсэж байсан ба уг A Saucerful of Secrets цомогт Syd-ын оролцоотой 3, Gilmour-ын оролцоотой 2 дуу байдаг. Set the Controls for the Heart of Sun дууны үгийг Waters Хятадын эртний яруу найргаас авсан нь Syd-ын Chapter 24 дууны үүссэн сэдэлтэй адилхан юм. Цомгийн Corporal Clegg дуу хамтлагийн хөндөж ирсэн дайны сэдэвтэй анхны дуу бөгөөд уг сэдэв Waters-ын замналын ямар ч үед голлож ирсэн үндсэн сэдэв билээ. Цомгийн коверийг Hipgnosis-ын алдарт Storm Thorgerson хийсэн ба 1967 оны Marvel-ын баатар Dr. Strange комикийн зургаас санаа аван бүтээсэн агаад энэ бол хамтлагийн Hipgnosis-той хамтран ажилласан олон олон ажлын эхлэл байв. Цомог гарсан даруйдаа Их Британий чаартад оргилдоо 9-р байрт бичигдсэн бол нэгдсэн улсад бүр хожуу 2019 онд худалдаанд гараад 158-р байрт жагсчээ. Судлаачид хамтлагийн хоёрдахь цомгийг анхных шигээ сонирхол татам биш гээд шалтгааныг нь барагалж Syd-гүйгээр болсон гэж байв. Түүнчлэн цомгийн хамгийн сайхан дуу бол Jugband Blues гэж байсан нь нэгийг хэлнэ. 2014 онд Nick Mason хэлэхдээ: энэ цомогт бидний замналыг цааш үргэлжлүүлэх санаа байсан учраас бидний замнал амжилттай байсан гээд хамтлагийнхаа хамгийн дуртай цомгоор нэрлэжээ.


Comments