Францын пост экспрессионист уран зураач, хожмын avant-garde төрлийн
уран бүтээлчдэд том нөлөө үзүүлсэн Henri Rousseau (1844 –1910) нь 49
наснаасаа уран зургийг үндсэн ажлаа болгож эхэлсэн бөгөөд тэрээр зурахыг
өөрөө сурсан, өөрийн арга барилаа бүтээсэн гэдгээрээ алдартай ба
судлаачид түүний ажлуудыг урлагийн өндөр чанартай хэмээн хүндэлдэг..
“The Dream” хэмээх эл бүтээл бол Henri Rousseau-ын “ширэнгэ” сэдэвтэй
хорин таван зургийн нэг бөгөөд Мексикт аялсан хувийн туршлага, мэдрэмжээсээ
сэдэвлэн туурвисан гэдэг хэдий ч энэ бол цэвэр түүний фантааз ба
ширэнгийн дүрслэлийг Парисын байгалийн музей болон ургамалын цэцэрлэгээс
урам зориг авч бүтээсэн хэмээдэг.. энэ зураг нь түүний сүүлчийн бүтээл
ба маш том хэмжээтэй зурагт Henri Rousseau өөрийн залуу насны Польш нууц
амрагийг бараг л сюрреалист маягаар хөрөглөж зурахдаа бүсгүйг зургийн
зүүн талд нүцгэн хэвтээд лянхуа цэцэгс, навчис болсон сэтгэл татам
байгалийг тольдох агаад түүнийг заан, арслан, могой, шувуу зэрэг амьтад
хүрээлэн байна.. бүсгүйн зүүн гар лимбээр тоглож буй могой сургагч өөд
чиглэхэд төгөл дунд ягаан өнгөтэй могой мөлхөх нь бүсгүйн хөл хийгээд
ташааны мурийлтыг тусгажээ.. мөн бүтэн сарны ёлтгор гэрэл ширэнгийг
дүнсгэр харагдуулах ба ногоон, улбар шар, тэнгисийн цэнхэр, ягаан, улаан
шар өнгөнүүд гайхалтай нэгджээ..
Америкийн уран зураач Norman Rockwell (1894 –1978) бол нэгдсэн улсад бүтээл нь өргөн тархсан, нэгдсэн улсын соёлд тусгалаа олсон гайхамшигтай зураач ба тэрээр амьдралаа бараг тэр чигээр нь “The Saturday Evening Post” сэтгүүлийн ковер зурахад зориулсан.. тэрээр амьдралынхаа турш 4,000 гаруй бүтээл туурвисны дотор John F. Kennedy, Eisenhower, Jawaharlal Nehru гэсэн ерөнхийлөгч, улс төрчдийн хөрөг зураг багтахаас гадна “Huckleberry Finn” тэргүүтэй 40 гаруй номны зураг зуржээ.. 1967 онд Norman Rockwell “Look” сэтгүүлийн захиалгаар “Russian Schoolroom” нэртэй зураг зурсан ба тус сэтгүүл ЗХУ-ын амьдралын талаар цуврал нийтлэл бичиж байсан нь Norman Rockwell ийм сэдэвт зураг зурах шалтгаан болжээ.. тэрээр Москвагийн 39-р сургуульд зочилж байсан нь харь орны сургууль болон хүүхдүүдийг зурахад туршлага болсон нь баараггүй болов уу.. зурагт: ЗХУ-ын сурагч хүүхдүүд анхааралтай сууцгаах агаад зургийн зүүн хэсэгт, хэдий зурагт ороогүй ч зүүн талд багш байгаа нь илэрхий бол тэдний өмнө цэцэгс дунд Владимир Лениний цээж баримал байна.. хүүхдүүд залуу коммунист болохоо илтгэсэн улаан хүзүүний ороолттой байхад цаана хана нь дээр: сур сур бас дахин сур гэсэн уриа харагдана.. зургийн баруунд нэгэн хүү анхаарал нь сарнин цонхоор юу ч юм сонирхох ажээ..
Францын
уран зураач (1593 –1652) Georges de la Tour-ын “The Magdalen with the
Smoking Flame” гэдэг бүтээл.. Baroque жанраар уран бүтээлээ туурвигч
тэрээр энэ зургаа 1640 онд зуржээ.. тэрээр Mary Magdalene биеийг нууцлаг
харанхуйд бүрхэгдэн байгаагаар, харин царайгийн лааны гэрэлд туяаран
харагдахаар зурсан агаад Mary Magdalene-ын царай төрхнөөс гэмшил, уйтгар
гуниг бас бардамнал тод үзэгдэнэ.. уг зургийг харахад цаг хугацааны мөн
чанарыг бясалгасан философийн мэдрэмж төрүүлнэ..
19-р зууны Германы романтик байгалийн уран зураач Caspar David Friedrich-ын “The Wanderer above the Mists” гэдэг бүтээл.. түүнийг 19-р зууны Германы хамгийн чухал зураачдын нэг хэмээдэг бөгөөд хүний оюун бодлыг байгаль болон газар орны байдлаар зүйрлүүлэн зурдагаараа тэрээр алдартай.. энэ зурагт дүрийн царай харагдахгүй, сэтгэл хөдлөл нь тааварлашгүй хэдий ч аймшигтай байгалийн өмнө гайхширсан мэт санагдана.. нэг гараа халаасандаа хийн, нөгөө гараараа таягаа тулсан энэ эрэгтэй өөртөө итгэлтэй харагдах агаад зарим хүмүүс энэ нь Caspar David Friedrich-ын өөрийнх нь хөрөг гэх нь бий.. зураачийн дүрээ ар нуруунаас нь зурсан нь үзэгчид ямар нэгэн нууцлаг зүйл рүү дүр ширтэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.. нууцлаг дүр далайн мананд шашин болон сэтгэлийнхээ талаар эрэгцүүлэн бодож байгаад тэрхэн агшинд урьдчилан хараагүй ирээдүйд зог тусчээ..
Импрессионист төрлийн гол уран зураач Auguste Renoir нь эмэгтэй хүний сайхан бие болон гоо үзэсгэлэнийг яруу тодоор дүрслэгч бөгөөд тэрээр суут кино найруулагч Jean Renoir-ын эцэг аав билээ.. Импрессионист жанрын жанжин Auguste Renoir 1876 оны зун өөрийн шилдэг ажлууд болох “Le Moulin de la Galette” болон энд задлан шинжлэх “The Swing” зургийг зэрэг зурж эхэлсэн бөгөөд “The Swing”-г өглөөгүүр, харин “Le Moulin de la Galette”-г өдрийн цагаар зурж байжээ.. Auguste Renoir бол өөдрөг зураач байсан ба түүний зураг дээрх дүрүүд хөгжилтэй, өндөр ёс суртахуунтай бас амьдралаар дүүрэн бөгөөд энэ зураг аз жаргалыг барин тогтоох мэт сэтгэгдэл төрүүлнэ.. Auguste Renoir бол жаргалыг зурагч агаад залуу хүүхэн, цэцэг, бас хүүхэд нас түүний: зураач хүн амьдралын уйтгар, гунигийг үзүүлэх ёсгүй, харин ч гэгээлэг бүхнийг үзүүлэх ёстой гэсэн үзэл бодолд нийцэн таарна.. Auguste Renoir нь гунигтай зураг хэзээч зурж байгаагүй зураач гэдэг ба тэрээр түүхэнд хөгжилтэй, хайр татам, гоёмсог зураачаарай алдаршжээ.. эл зураг сайхан зуны өдрийг харуулах бөгөөд зургийн өмнө болон хойд талыг тод харагдуулах нь зургийн утга болон гүн санааг илэрхийлэх бөгөөд зургийн ерөнхий бүтэц бол нарны туяа шиг асгарах гэрлийн цацраг болно..
Эл бүтээлийг манай гаригийн хамгийн алдартай байгалийн зургийн нэг гэдэг бөгөөд Грекийн их зураач El Greco-ын (1541 – 1614) энэхүү бүтээлийг барууны хамгийн анхны цэвэр байгалийн уран зургийн нэг, мөн их зураачаас үлдэж хоцорсон хоёрхон байгалийн зургийн нэг гэдэг.. El Greco-ын жинхэнэ нэрийг Domenikos Theotokopoulos гэдэг ба тэрээр зураачийн хувьд Италид боловсроод хожим Испанид амьдарч байхдаа өөрийн оргил ажлуудаа туурвижээ.. түүний экспрессионист болон драматик арга барил 20 зууны урлагтай амжилттай холбогдсоноор түүнийг кубизм, экспрессионизмын анхдагчдын нэг хэмээн хүндэтгэдэг.. гайхамшигтай яруу найрагчид болох: Nikos Kazantzakis, Rainer Maria Rilke тэргүүтнүүд El Greco-ын уран зургаас урам зориг, онгодоо аван шүлэг найргаа туурвидаг байсан гэдэг.. муруй замууд, эв хавгүй модод, хуйларсан үүлсийг нэвт тусан толгодыг ч гэрэлтүүлэх нарны туяа нь хачирхалтай заналхийллийг зурагт тусгах ба юу юугүй цахилгаан цахих мэт мэдрэмжийг зураач анхлан үзэгчидээ үлдээнэ.. “View of Toledo” гэдэг нэртэй эл бүтээл нь дүнсгэр өнгө болон ертөнцийн сүйрлийг догшин уур амьсгалтайгаар дүрсэлсэн нь романтик маннеризмын сонгодог жишээ гэгддэг.. зурагт олон янзын тайлбар болон симбол байдгаас харанхуйлсан, уйтай тэнгэр хийгээд ногооноор төөнөсөн толгодуудын өнгөний ялгаралыг анхаарахаас гадна зургийг ерөнхийдөө нөмөрсөн үүлсээр мистизимыг илэрхийлэхийг зорьсон гэж судлаачид үздэг..
Comments
Post a Comment