Уран зургийн талаар жаахан ярихад ~ 5

Хорьдугаар зууны хамгийн нөлөө бүхий чухал уран бүтээлчдийн нэг Pablo Picasso \1881 – 1973\ нь Испанид төрсөн ч амьдралынхаа ихэнх үеийг Францад өнгөрүүлсөн бөгөөд уран зургаас гадна тэрээр жүжгийн зохиол, яруу найрагч байсан билээ.. “Portrait of Angel Fernández de Soto” хэмээх эл бүтээл суут зураачийн “хөх үед” хамаарагдах агаад уг зурагт дүрслэгдсэн эр Pablo Picasso-ын найз байсан ба тэд 1899 онд танилцан хамтдаа Барселонд нэг студи хуваалцан ажилладаг байжээ.. Pablo Picasso зураач найзынхаа хөргийг хэд хэдэн удаа зурсан байдаг, эл хөрөг зургаар Pablo Picasso болон түүний найзуудын амьдралын давтамжыг харуулсан гэдэг бөгөөд тэрээр уг зургаараа найзыгаа мөнхжүүлжээ.. Fernández de Soto нь уух дуртай, үдэшлэгээс буцдаггүй нэгэн байсан ба зурагт үдэшлэг өндөрлөсөн хойно тэрээр сүүдэрт ганцаардан суугаа харагдах агаад эрүүл бус царайнд нь уйтгар гунигийн бардамнал тодрохын дээр тэрээр тамхиа ороонгоо урдаа аягатай архи тавьсан байгааг бид бэлээхэн харна.. тэр үед Pablo Picasso-ын бүтээлүүдэд Испаний домогт зураачид болох El Greco болон Francisco Goya нарын нөлөө их байсан гэж үздэг..

Германы сэргэн мандалтын үеийн зураач Albrecht Durer (1471-1528) хориодхон настайгаасаа Европын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болж чадсан агаад тэрээр зураачаас гадна сийлбэрчин, хуманист, онолч нэгэн байв.. тэрээр Raphael, Giovanni Bellini болон Leonardo da Vinci нарын урлагийн бурхадтай харилцаатай байсан бөгөөд амьтад, байгаль, ургамал түүний дуртай сэдэв байж, энд онцлох “A Young Hare” (усан будгаар зурсан) хэмээх бүтээл нь байгалийн урландаа бүтээсэн анхны зургуудынх нь нэг ба туулайг маш бодитоор зурсан нь яг гэрэл зураг шиг харагдана.. энэхүү бүтээл нь Albrecht Durer-ын амьтны зургуудынх нь оргил ажлынх нь нэг бөгөөд зэрлэг байгальд туулайныхаа ерөнхий байдлыг нь ноорог загварыг гаргачихаад урландаа дуусгасан, эсхүл амьдаар нь урландаа дуурайлган зурсан эсэх нь одоо ч тодорхой бус ажээ.. зарим судлаачид туулайны нүдэнд цонхны хүрээ ойж харагддаг хэмээсэн байдаг, гэвч энэ тусгалын техник нь субъектээ эрч хүчтэй харагдуулдаг Albrecht Durer-ын байнга хэрэглэдэг нэмэлт арга гэдэг.. бодитоор авч үзвэл Albrecht Durer байгальд ноорогоо хийчихээд хожим чихмэл ашигласан байх магадалтай гэж үздэг.. шинжлэх ухаан талаасаа зураг маш нарийн дүрслэгдсэн учир сэтгэл хөдөлмөөр бөгөөд тэрээр субъектээ ширхэгчилэн зурахдаа, мөн өнгийг маш нарийнаар нэмж өгсөнөөр зураг жинхэнэ туулайтай төстэй хийгээд улам сүртэй болжээ.. тэрээр туулайны чихийг тодруулж, биеийнх нь үс болгоныг нарийвчлан гаргаад зогсохгүй алтан шаргал өнгөөр туулайны амьдлаг дулаан мэдрэмжийг мэдрүүлнэ..

Францын уран зураач Pierre Bonnard (1867-1947) нь пост- импрессионист зураачдын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд avant-garde зураачдын үүсгэсэн Les Nabis бүлгийг үүсгэн байгуулагчдын нэг.. түүний ажлууд гоёж чимэглэсэн хэлбэр хийгээд өнгөний хурц тод байдлаараа ялгардаг ба ялангуяа гэрийн дотоод байдлыг зурагласан ажлууд нь нэн алдартай.. The Green Blouse (1919) хэмээх энэ бүтээлийг тэрээр дурсамжаасаа эргэн санаж бүтээсэн гэдэг, ингэхдээ ажиглаж, тэмдэглэж авсан субъект бүрээ эргэн санах байдлаар буюу тухайн момент болгоноо дахин сэргээх маягаар зуржээ.. зургийн зүүн гар талд байх цонхоор өмнө нутгийг илтгэх дал мод харагдах агаад модны цаадахь гүн хөх өнгө нь газар дундын тэнгисийг илтгэжээ.. өмнөдийн тэнгэрийн хүрэн улаан өнгө өрөөг гэрэлтүүлэх бөгөөд зурагт өөдөөс харан суух эмэгтэй бол Pierre Bonnard-ын эхнэр Maria Boursin юм, зураач маань эхнэрээ хэд хэдэн удаа зурахдаа хэзээч насыг нь тодорхойлж байгаагүй гэдэг.. ногоон цамцтай Maria Boursin-ын үс, нүүр болон хүзүү нь түүний ард байх хөшигний өнгөтэй алтлаг шар өнгөтэй ижил байх ба зөвхөн нүдний өнгөөрөө л ялгарч байна.. тод хөх өнгийн, эгц өөдөөс ширтэх нүдний хэмжээ зургийн үндсэн босоо шугаман байдлыг анхаарахыг өгүүлжээ.. хоол бэлэн болж, гэрийнхэн энгийн хоол идэхээр бэлтгэж буйн харагдана, мөн Maria Boursin-ын өмнө таваг дүүрэн болсон алим байх агаад улаан, шүүслэг алим нь Pierre Bonnard-аар эротик симбол болдог бөгөөд Maria Boursin-ын биеийн яг доохон нь жимсийг байрлуулсан нь толины тусгал шиг болгож байна..

 


















Comments