Gustave Caillebotte (1848-94) бол Францын импрессионист зураачдын гол
төлөөлөгчдийн нэг бөгөөд бусад импрессионист зураачдаасаа илүү реалист
бүтээлүүдээрээ реалист импрессионист жигүүрийнх хэмээгдэж явсан ба
Gustave Caillebotte энэхүү "Paris Street, Rainy Day" бүтээлээрээ орчин
үеийн барилга байгууламжын нүсэр гайхалтай байдлыг импрессионист
сэтгэлгээнийхний онцгой харах өнцгөөр хүн болон уран барилгын зохицолт,
ялгарсан байдлыг дүрсэлжээ.. зураг бодит болон хиймэл, дэглэсэн хийгээд
зохиомол гэсэн сэтгэгдлийг зэрэг төрүүлэх бөгөөд гудамжинд явах хүмүүс
үлэмж сүндэрлэх барилгуудад бүслэгдсэн одойчууд шиг харагдахаас гадна
нарийн дүрсэлсэн нь нэг хүн болгоны байдал ганцаардсан, хаягдаж
орхигдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.. мөн түүнчлэн зураг дээрх хүмүүсийн
ихэнхи ганцаараа байх ба бодолдоо дарагдсан харагдаж, зүгээр тэнэж яваа
биш ямар нэг юм руу яаран байгаагаас тэдний унжгар, уйтгарласан
сэтгэлийн байдлыг илэрхийлэх бөгөөд эдгээр хүмүүс борооноос хамгаалж
шүхэр барьсан байгаа нь зөвхөн борооноос өөрсдийгөө хамгаалах биш бусад
хүмүүсээс өөрийгөө халхлах гэж шүхэр дор нуугдсан гэсэн тайлбарыг
судлаачид өгдөг.. зураг дээрх үзэгдэл өвлийн улирлын үдээс хойших
байдлыг харуулсан нь зургийн өнгөнөөс харагдах ба зургийн амьд харагдац
болон гэрэл зураг шиг болгож буй гүйцэтгэл нь зургийг орчин үеийн
харагдацтай болгож буй нь өдөр тутмын ажилдаа яарах хүмүүсийг гэрэл
зурагт буулгасан мэт.. зургийн гол тусгалд шүхэртэй дундаж давхаргын хос
харагдана, эр эм хоёулаа Парисын хамгийн сүүлийн үеийн загвараар
хувцасласан харагдах агаад эмэгтэйн үстэй пальто, малгай болон
гивлүүрээр гангарсан байх бол эрэгтэйн захын эргүүлсэн пальто, бортгон
малгай бас хантааз, зангиагаар гоёсон харагдана.. тэдний цаана явган
хүний замаар хөрөнгөтний анги болон ажилчин ангийн хүмүүс холилдон
үзэгдэнэ..
Нидерландын уран зургийн алтан эринийг үүсгэгч, хойд Европын сэргэн мандалтын үеийн байгалийн уран зургийн гол төлөөлөгч Pieter Bruegel the Elder-ын (1525–1530 –1569) хамгийн алдартай ажлын нэг болох “Hunters in the Snow (1565)” гэдэг бүтээл.. энэ бүтээл нь арван хоёр сар цуврал бүтээлийнх нь нэг буюу тэрээр арван хоёр сарын онцлогийг тусгасан арван хоёр зургийг нэг баян хүний захиалгаар бүтээсэн агаад энэ бүтээл нь нэгдүгээр сарыг дүрсэлжээ.. энэ зураг нь 16-р зууны Нидерландын хөдөө тосгоны ёс заншил хийгээд онцлог байдлыг харуулжээ.. тус бүтээлийн өвлийн хүйтэн, хахир байдлын илэрхийлэмж нь дэлхий даяар хамгийн алдартай зул сарын баярын картын загвар болгожээ.. зургийн нүүрэн талд гурван анчин ангаасаа ганцхан үнэгтэй буцан ирж байгаагаар дүрслэгдсэн бөгөөд тэдний эцэж ядарсан нь гудайлгасан толгой болон нохдынх нь байдлаас харагдана, энэ нь мөн ан ав амжилтгүй болсонтой холбоотой байж болно.. уулын хөндий зургийн дунд байрлан, хөлдсөн цөөрөм, түүн дээгүүр тэшүүртэй явах хүмүүс алслагдан харагдах агаад уулын бэл болон уулсын орой зургийн захад байршина.. бяцхан тосгоны хөлдсөн тал газар зургийн хүрээ хүртэл сунасан байдалтайгаар дүрслэгджээ.. цайвар ногоон тэнгэр, мөс болон хар модон дээр тогтсон цас, мөн хүмүүс, шувууд, нохдын бараан бор өнгөөр өвлийн өдрүүдийн хүйтэн, уйтгартай хийгээд энэ улирлын нойрмог, үхлүүт чанарыг илтгэнэ.. Pieter Bruegel the Elder бүтээлүүддээ нарийн чимхлүүр зүйлсийг гарамгай шигтгэж өгдөг, жишээн энэ зурагт: модон дээр унасан цас, гал унтрааж буй хүн болон хөлдсөн усан тээрэм зэргийг нарийн зуржээ.. уг зурагны утга нь хүн байгалийн өмнө хүч чадалгүй, сул дорой ба зөвхөн бурхан л бидэнд тайван амгалан, утга учиртай амьдрал өгнө гэсэн шашны утгатай ажээ..
Францын импрессионист шилдэг зураачдын нэг Frédéric Bazille нь Claude Monet болон Auguste Renoir нарын хамтаар Charles Gleyre-ын дагагчид байсан бөгөөд тэд бол задгай байгальд хөрөг зурагчдын анхдагчид гэгддэг ба Frédéric Bazille-ын бүтээлүүд Claude Monet-аас илүү реалист хэмээгддэг.. Frédéric Bazille энэхүү зургаа байгальд эхлүүлсэн ч зарим нэг засвар хийснээр урландаа бүрэн гүйцэд дуусгасан ба тэрээр Claude Monet, Auguste Renoir хоёртой дотно нөхөрлөн урлангаа хуваалцдаг байжээ.. “Family Reunion” хэмээх бүтээлдээ тэрээр гэр бүлээ бүхэлд нь зурагласан агаад зурагт: наад талын суудал дээр түүний эцэг, эх хоёр суух бол цаана нь үеэл эгч нь нөхрийн хамт зогсох ба ширээг тойрон түүний эхийн төрлийн садан хүүхэн охины хамт суух бол шатны хавтгай дээр мөн садангийн улс нь сууж байгаа харагдах бөгөөд зургийн зүүн талд хагас харагдаж, сүүдэрт зогсох, бараг нуугдаж буй зураглагдсан энэ дүр зураач өөрөө ажээ.. зураг дээрх дүрүүд болхи, хиймэл байдлаараа гэрэл зураг авхуулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн дээр давхар энэ утгаараа амьдлаг, бодит бодолд автуулна.. зурагт дүрүүд нэр хүндтэй, хатуу ширүүн бас бие даасан байдалтай дүрслэгдсэн нь Frédéric Bazille-ын гэр бүл протестант шашинтайн холбоотой.. зурагт бүлэг хүмүүс сүүдэрт цугларан байх нь тэнгэрийн болон газрын өнгөний ялгаварыг нэмэгдүүлэх бөгөөд модны мөчир, навчны завсраар тусах нарны гэрэл дүрүүдийн өмссөн хар хүрэм хийгээд ороолттой эсрэгцэнэ..
Comments
Post a Comment