Францын модерн урлагийг өдий зэрэгт ирэхэд гол нөлөөлсөн Fernand
Léger \1881 –1955\ нь Picasso, Braque болон Juan Gris нарын хамтаар
кубизм жанрын их дөрвөл гэж үнэлэгддэг бөгөөд Fernand Léger нь
импрессионизм чиглэлтэй байсан хэдий ч Парисын avant-garde нөлөөн дор
кубизмын гол төлөөлөгч болжээ.. түүний бүтээлүүд бусад ижил жанрын
зураачдаа бодвол хүчтэй өгүүлэмжтэй бөгөөд хүний ахуй орчин хийгээд
нийгэмшлэгт хүчтэй орж ирсэн механик амьдралын тусгалыг бүтээлдээ
шингээж өгсөн нь түүнийг футуризм
хөдөлгөөнтэй ойрхон байсан гэж тэмдэглэдэг.. уг бүтээлийн нэрийг
"Soldiers Playing at Cards" гэх бөгөөд эл зураг нь Fernand Léger-ын
“механик” эрин үед хамаарагдах агаад тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд яван
хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байхдаа зурсан ба түүний энэ бүтээл
өөрийнх нь зурсан дэлхийн дайны талаарх хамгийн шилдэг зурагт
тооцогддог.. зураач энэ бүтээлдээ цэрэг хүний мэдрэмж, цэрэг хүний
сэтгэл хийгээд цэрэг хүний нөхөрлөлийг тусгаад зогсохгүй цэргийн буу, их
буу, саарал механик төхөөрөмжөө “хачин гоо үзэсгэлэн” хэмээн нэрийдэж
байв.. зурагт царай төрх нь танигдахааргүй гурван цэрэг хөзөр тоглох ба
зүүн гар талын цэрэг цээжиндээ медалтайн дээр Францын армийн уламжлалт
улаан малгайтай байх ба энэ дүрийг цэвэр кубизм дүрслэл гэдэг.. тэгвэл
хоёрдахь хөзөрчин буюу зургийн дундах дүр дүрэмт хувцастай түрүүч хөзөр
тоглонгоо гаанс татаж байгаа харагдах бол баруун гарын буюу гуравдахь
тоглогч төмөр малгайтай байж зургийг ерөнхийдөн бараан өнгөөрөө
сүүдэрлэнэ.. Fernand Léger-ын зурсан энэ гурван дүр түрүүч цол, гаанс
тэрээр л танигдахаас хувь хүний дотоод сэтгэлээр үл танигдаж, юуг ч
илэрхийлэхгүй бөгөөд тэдний амьгүй, дүрсгүй төрхөөр дайны үр дагаварыг
харах мэт..
Alfred Sisley (1839-1899) нь Францад төрсөн ч хожим Английн иргэн
болсон импрессионист зураачдын гол уран бүтээлчдийн нэг боловч бусад
импрессионистууд болох өнгө болон гэрлийн агшиныг уран бүтээлдээ буулгах
гэж амьдралаа зориулсан Claude Monet, хүний байгальтай харьцах
харилцааг чухалчилдаг Camille Pissarro нараас ондоогоор ажилласан буюу
тэрээр импрессионист байгалийн зурагт үнэнч үлдэн энэ сэдвийн дагуу
бүтээлээ туурвьсан нь түүний дотоод нарийн мэдрэмжтэй холбоотой байх гэж
үздэг.. Alfred Sisley-ын хөдөө нутгийг дүрсэлсэн импрессионист зургууд
бусад зураачдаас илүү амар амгаланг мэдрүүлэх бөгөөд эл бүтээл нь анир
чимээгүй, тайван байдлыг төгс мэдрүүлэх ба Alfred Sisley зөвхөн энэ
зургаараа 19-р зууны шилдэг байгалийг зурагчдын нэгээр нэрлэгддэг.. яруу
найргийн хувьд цас үргэлж чухал сэдэв байсан ба харин импрессионистууд
цасыг өөрсдийнхөөрөө бүтээхийн сацуу тэдний судалгааны сэдлийнхээ гол
сэдэв болгож байв.. Alfred Sisley-д байгалийн гунигтай, ганцаардлын
шинжийг өвөл л мэдрүүлдэг байсны зэрэгцээ сэтгэлийг нь татдаг байсан
бөгөөд нэгэн судлаач түүний ажлуудыг: импрессионизмын төгс агшиныг
бүтээсэн цөөхөн уран бүтээлчийн нэгэн хэмээсэн байдаг.. зурагт цас
дөнгөж газарт бууж хүний хөлний мөр гараагүй байх ба энэ цас нь эсгий
юмуу хөвөн ноос шиг харагдана.. модны гол нурууд болон эмэгтэй хүний
дүрс нь зургийг жинхэнэ биш зураг болохыг сануулах хэдий ч зурагт
хандсан нарийн чимэглэл нь эл бүтээлийг холоос харахад хөхөмдөг цэнхэр
хийгээд ягаан өнгөөр туяаран гэрэлтэнэ.. ертөнц аугаа их нүцгэн цагаанд
хучигдсан буюу булшлагдсан ба Alfred Sisley-ын эл зураг үдээс хойших
гэрэлд ганц бие, ганцаардсан хүний хоосорсон, ганирсан сэтгэлийг
харуулжээ.. нэрт зураач маань цасыг зурах дуртай байсан ба байгалийн эл
үзэгдлээс гэрлийн ялгарал болон өнгө, сүүдрийг зурах туршлагыг олдог
байжээ..
Edouard Manet бол өөрийн avant-garde төсөөллөөрөө энэ цаг үеийн
амьдралын гоо зүйг бий болгосон орчин үеийн гол урлагийн төлөөлөгчдийн
нэг бөгөөд тэрээр орчин үеийг уламжлалт аргатай хослуулагчаас гадна
өмнөх үеийнхээ аргыг гүнээ хүндэтгэгч байв.. түүний энэ “Portrait of
Emile Zola” хэмээх бүтээл нь академик реализмээс импрессионизм руу
шилжих үеийнх нь бөгөөд суут зураач, суут зохиолч хоёрыг зураач Antoine
Guillemet танилцуулсан ба Emile Zola суут зураачийн бүтээлийг хамгаалсан
нийтлэл бичсэнээс болж баярласан сэтгэлээ болон өөрийг нь дэмжсэнд
талархан Edouard Manet энэ зургаа Emile Zola-д зориулан бүтээжээ.. Emile
Zola бол Францын нэрт сэтгүүлч, зохиолч ба натуралзимын гол
төлөөлөгчдийн нэг бөлгөө.. зурагт Emile Zola ажлын ширээнээ суух бөгөөд
цаад ханан дээр нь Испаний зураач Diego Velázquez-ын алдарт “The Triumph
of Bacchus” зургийн дуураймал буюу зураач Celestin Nanteuil-ын бүтээл
харагдахаас гадна Японы уран бүтээлч Utagawa Kuniaki-ын “The Wrestler
Onaruto Nadaeman of Awa province” болон Edouard Manet-ын өөрийнх нь
“Olympia” гэдэг бүтээл харагдана.. эдгээр зургууд шууд Emile Zola руу
харах ба зургийн гол дүр энэ бүхэнд бүслэгдсэн мэт бөгөөд энэ зураг бол
Emile Zola-г биш харин Edouard Manet-г өөрийг нь илэрхийлсэн гэж
судлаачид үздэг.. сонирхолтойн, Emile Zola энэ зурагтаа дуртай байгаагүй
ажээ..
Comments
Post a Comment