Boys don't cry бол The Cure хамтлагийн хамгийн алдартай, нэрийн хуудас болсон дуунуудынх нь нэгээс гадна хамгийн анхных нь эмхэтгэл цомгийнх нь нэр билээ.. эл эмхэтгэл цомог 1980 онд худалдаанд гарсан ба цомогт хамтлагийн дебют цомог болох Three imaginary boys цомгоос хэд хэдэн дуу багтсанаас гадна хамтлагийн 78-79 онд туурвисан бүтээлүүдээс орсон байдаг.. судлаачид уг цомгийн дуугаралтыг хуурай пост-панк, ерөөсөө гоё биш боловч чихэнд чимэгтэй поп хэмээгээд ер нь тухайн үедээ нээх ойшоож үзээгүй байдаг ба хожим 2000 онд судлаач Colin Larkin уг цомгийг бүх цаг үеийн мянган шилдэг цомгийн 775-р байрт жагсаасан байдаг бол алдарт Rolling stone сэтгүүл хамгийн аугаа 500 цомгийн жагсаалтынхаа 438-р байрт эрэмбэлсэн буй.. цомог нийт 13 тракаас бүрдэж, 34 минут үргэлжлэх хугацаатай агаад эл цомгоос Killing an arab, Boys don't cry, Jumping someone else's train гэсэн 3 сингл гаргасан бөгөөд энэ бол маргаангүй The Cure-ын онцгой цомгийн нэг болой.. Gothic rock, post-punk, alternative rock жанраар тоглодог, 1976 онд Англид байгуулагдсан The Cure бол рок хөгжмийн түүхэн хуудсанд онцгой тодоор бичигдэн үлдэх хамтлаг бөгөөд 2019 онд тэднийг Rock and roll hall of fame-ын гишүүн болгосон нь үүнийг батална.. хамтлаг үүсэн бий болсоноос одоог хүртэл маш олон гишүүд сольсон агаад энэ бүх хугацаанд зөвхөн хамтлагийн дуучин, гитарчин, бас дууны үг бичигч Robert Smith л тогтвортой байсан буюу The Cure-г барагалж ганц хүний хамтлаг гэмээр..
тэдний хөгжмийн дуугаралтыг Их Британий punk rock жанрын хувьсалын үе болох New wave болон post -punk хөдөлгөөний үед хамаатуулдаг ба хамтлаг 80-аад оноос эхлэн аажмаар бараан, нажидтай хөгжмийн дуугаралт руу шилжсэн буюу хамтлагийн дуучин, нүүр царай Robert Smith-ын ч гадаад төрх байдал хөгжмийнхөө хэлбэрийг даган хар бараан болсон байдаг.. хамтлаг нийт студийн 13 цомог гаргаж, 30 гаран синглийг мөн гаргасан байдаг.. The Cure-ын дуугаралтыг ихэвчлэн Gothic rock хэмээдэг бөгөөд хамтлагийн төрх байдал ч ингэж дүрслэгддэг, гэтэл хамтлагийнхан өөрсдийгөө Gothic rock жанрт хамаатуулахыг хүсэхгүй байж ирсэн ба Robert Smith хэлэхдээ: бид ямар нэг жанрт хамаарагддаггүй, бид анх гарч ирэхдээ Post -punk хамтлаг гэгдэж байсан байх, гэхдээ бүрэн ингэж үзэх боломжгүй гээд бид юу ч тоглолоо гэсэн энэ бол Cure буюу бидний хөгжим бол ерөөсөө л Cure хэмээсэн буй.. The Cure-ын хөгжим басс гитараас эхэлдэг, давамгай, аялгуулаг басс гитарын тоглолт тэдний таних тэмдэг бөгөөд хамтлагийн ихэнх дуу анхлан бүтэхдээ бөмбөр болон басс гитараас эхэлдэг.. The Cure-г буюу Robert Smith-г клип хийхэд хамгийн тохирсон хамтлаг гэдэг ба учир нь тэд кино урлагийг маш сайн ойлгодог, тэдний дууг дүрсжүүлэхэд тун тохирсон байдаг гэсэн байдаг..
Comments
Post a Comment