"Хэрэв тэр амьд байсан бол Пушкинээс давсан найрагч болох байв" гэж Белинский Михаил Юрьевич Лермонтовын талаар хэлсэн байдаг бол "Лермонтов амьд байсансан бол миний ч, Достоевскийн ч хэрэг байхгүй байсан юм" хэмээн Лев Толстой хэлсэн байдаг. Кавказын яруу найрагч гэгддэг Лермонтов бол Оросын романтик зохиолч, яруу найрагч, мөн зураач байсан ба Оросын романтизимын хамгийн аугаа төлөөлөгчөөс гадна 1837 онд А. Пушкины үхлийн дараа Оросын хамгийн чухал найрагч хэмээгдэж байв. Түүний нөлөө Оросын уран зохиолд тод тусгалаа олсон байдаг агаад модерн үед ч түүний яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиол бичлэгийн нөлөө амьтай оршсоор бөгөөд тэрээр мөн Оросын уламжлалт сэтгэлзүйн романыг үндэслэгч гэгддэг билээ. Лермонтов 1814 оны 10-р сарын 15нд Москва хотод төржээ. Аав Юрий нь цэргийн офицер байсан бол эх Мария нь язгууртан гэр бүлээс гаралтай баян өв залгамжлагч залуухан бүсгүй байв. Мариягийн ээж, Лермонтовын эмээ болох Елизавета охиныхоо зиндаа таарахгүй гэрлэлт тун дургүй байж хүргэнээ үздэггүй байв. Гэр бүлийн таарамжгүй байдал хосуудыг салгахад хүргэв. Лермонтовын ээж 3 жилийн дараа буюу дөнгөж 21 настайдаа нас барав, Мария сэтгэлээр унасан, меланхолик хүн байсан нь магад Юрий өөр хүүхэнтэй явдаг байсных болов уу. Охиныхоо үхлийн дараа баян, эрх мэдэлтэй Елизавета хайртай ач хүүгээ өөр дээрээ авахын төлөө Юрийтэй үзэлцэж эхэлсэн бөгөөд хэрэв хүүг авч явбал өв хөрөнгө гэрээслэж үлдээхгүй гэж сүрдүүлсэнээр Лермонтов эмээтэйгээ амьдрах болжээ.
Лермонтов 3 настай байхдаа эцгээсээ ийнхүү салсан ба Оросын төв Пенза мужийн
Тархан дахь эмээгийнхээ эзэмшил газар эмээгийнхээ асар хайр энхрийлэлд эрхэлж,
тансаг амьдралд туйлж эхлэв. Лермонтовыг эмээ нь хамгийн шилдэг сургууль,
хамгийн сайхан амьдрах хэв маягаар хангахад асуудал байсангүй; тэрээр гэрээрээ
өндөр боловсрол эзэмшиж, Герман, Франц хэлээр чөлөөтэй ярьж сурсанаас (Шиллер,
Шекспирийг эх хэлээр нь уншдаг байв) гадна хэд хэдэн хөгжмийн зэмсэгээр тоглож
сурсан ба мөн зурах авьяастайгаа олж мэджээ. Лермонтовын эрүүл мэнд сул дорой
байсан учир эмээ нь халуун рашаан, сайн уур амьсгалтай болохоор нь нарлаг
Кавказ руу хэд хэдэн удаа аялсан байна. Үзэсгэлэнтэй байгальтай Кавказ нутаг
Лермонтовт гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, хүсэл эрмэлзлэлийн өдөөн тэтгэжээ.
Елизаветагийн айж байсанчлан Лермонтовын эцэг эрхийнхээ дагуу хүүгээ өөр дээрээ
авахыг шаардаж эхэлсэнээр Елизавета аав, хүү хоёрын харилцаанд хатуу хязгаар тогтоов. Уг хэрүүл
тэмцлээс болж залуухан Лермонтов маш их шаналж гэмшдэг байсан гэдэг. Хэдийгээр
баян тансаг орчинд эрхлэж өссөн ч гэр бүлийн хэрүүл маргаанаас болж тун их
ганцаардаж, тусгаарлагдсан хүн болсон байв. тэрээр 14 настай байхдаа
боловсролоо дээшлүүлэхээр Москваг зорилоо. Ингээд 1830 онд Оросын хамгийн
шилдэг сургуулийн нэг Москвагийн их сургуульд оржээ. Энэ үеэс Лермонтов яруу
найраг бичиж эхэлсэн багөөд түүний эхэн үеийн туурвилуудад Лорд Байроны нөлөө
үлэмж байсан гэж үздэг. Их сургуульд сурч байх үед нь гэр бүлийнхнийх нь
эмгэнэлт драмын сүүлчийн үзэгдэл болж өнгөрсөн буюу хүүгээсээ хол хөндий
байгаадаа тун их гутарсан Юрийгийн үхлээр олон жилийн хэрүүл дуусчээ.
Лермонтовт эцгийнх нь үхэл асар том гарз хохирол болсон ба залуу эр үүнээс болж
сэтгэлийн хямралд автсан байна.
Лермонтовын их сургуулийн амьдрал богино байсан
юм; тэрээр оюутны амьдралд ховор оролцож, лекц уншлага сонирхох нь бага, харин
оронд нь голдуу гэрээсээ ном авчруулан уншдаг байжээ. Эцэст нь тэрээр их
сургуулиа дүүргэлгүй орхисон бөгөөд өөр сонголтуудын талаар нухцтай бодож
эхэлжээ. Ингээд Санкт Петербург руу нүүж, морин цэргийн сургуульд оров. Тухайн
цаг үед олон язгууртан залуус армийн цог жавхаатай амьдралд татагдан цэрэгт
ордог байв. Харин Лермонтов энэ амьдрал жагсаалын бэлтгэл хийх, сахилга баттай
байхаас гадна тувт архиддагаас өөр зүйлгүйг даруй ойлгов. Лермонтов тун шогч,
хорон үгтэй, хүн амьтанд нэр хоч өгөхдөө гаргуун хүн байсан нь өөрт нь зөвхөн
дайснуудыг бий болгож байлаа. Сургуулиа төгсөөд 2 жилийн дараа тэрээр Санкт
Петербургийн ойролцоо орших цэргийн хороонд харуулын офицер болжээ. Энэ үеэс
Лермонтов нийгмийн дээд зиндааны архидан согтуурч, завхай зайдан амьдралыг Өөрийн биеэр үзэж туулснаа шүлэг
найрагтаа багтааж эхэлсэн буюу язгууртан, дээдсүүдийн хүлээн авалт, үдэшлэг
цэнгүүн дээрх хов жив, бузар булхайг дүрсэлсэн бүтээлүүд нь түүнийг алдар нэрд
хүргэв. Гэвч 1837 онд бүх зүйл өөрчлөгдөв; Оросын нэрт яруу найрагч А. Пушкин
ирүүл тулаанаар үхлийн шарх олсны дараа Лермонтов өдөөн хатгасан
"Найрагчийн үхэл" хэмээх шүлгээ бичив. Тус шүлгийн сүүлийн мөрүүд нь
Оросын нийгмийн дээд зиндааныхныг Пушкины аллагад оролцсон хэмээн шууд
буруутгаж, дайрсан шинжтэй байв. "Найрагчийн үхэл" бүтээл үймээн
дэгдээд. Тус шүлэг Лермонтовын алдар нэрийг урьд хожид байгаагүйгээр
алдаршуулсан боловч эзэн Хааны уур хилэнг бадруулав. Эзэн Хааны дургүй эртнээс
хүргээд байсан Лермонтов Хааны тушаалаар баривчлагдаж, Кавказ руу цөллөгджээ.
Хоржоонтой нь, түүний цөллөгдсөн газар нь хүүхэд насных нь хайртай газар орон
байв. Кавказын сэтгэл татам байгальд татагдаж, ардын аман зохиолд нь сэтгэл нь
хөдөлсөн тэрээр нутгийн хэл судалж эхэлсэн бөгөөд Кавказад хамгийн гайхамшигтай
яруу найргуудаа бичсэнээс гадна ихээхэн хэмжээний зураг зуржээ.
Эмээгийнхээ
хүчин чармайлтаар их удсангүй Лермонтов Санкт Петербургтээ буцаж ирсэн ба дээд
зиндааны хүрээнд буцаж очиж бүжигт наадам, театр зэрэгт явах болжээ.
Лермонтовыг ирээдүйн уран зохиолын алдартан болно хэмээн авъяас чадварыг нь
олон нийтээр магтаж эхлэв, мөн тэрээр олон бүтээлээ туурвилаа хэвлүүлсэн
байдгийн дотор түүний хамгийн шилдэг бүтээл "Манай үеийн баатар"
роман байв. Лермонтовын цор ганц энэхүү роман нь түүнийг Оросын үргэлжилсэн үгийн
зохиолын үндэслэгчдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрүүлдэг. "Манай үеийн
баатар" роман бол хоорондоо ойролцоо холбогдсон 5 түүхээс бүрдэх хагас
намтарчилсан өгүүлэмжтэй бөгөөд эдгээр түүх нь уйтгарлаж, урам нь хугарч, мөхөж
буй залуухан язгууртан эртэй холбогддог. Печорин хэмээх дүрийг онцолдог эл
романыг Оросын уран зохиолд сэтгэлзүйн реализмыг үндэслэсэн анхдагч классик
бүтээл гэж үздэг ба ном 1840 онд хэвлэгдэж, Лермонтовт суу алдрыг авчирчээ.
Гэвч Лермонтовын нийгмийн амьдрал удаан үргэлжилсэнгүй. Тэр жил тэрээр Францын
элчин сайдын хүүтэй нэг хүүхнээс болж ирүүл хийж, үүнээс болж их найрагч 2 дахь
удаагаа Кавказад цөллөгдөв. Тус ирүүлийг Лермонтовт дургүй хүмүүс зориуд зохион
байгуулсан, ингэхдээ гол эздэд нь Хаан тэргүүтэй ихэс дээдсүүд байсан гэж
үздэг. Энэ удаа түүнийг Кавказын орон нутгийн байлдааны шугам руу илгээсэн нь
тэндээ амь үрэгдэг гэсэн шинжтэй байв. Гэсэн ч эрэлхэг, зоригтой цэрэг болохоо
Лермонтов батлаад зогсохгүй түргэхэн армиас халагдаад бүх зүйлээ уран зохиолын
амьдралд зориулахыг мөрөөдөж байсан гэдэг. Эцэст нь, тэрээр 2 сарын чөлөө авч
даруйхан Санкт Петербургт ирсэн ч Хаан түүний чөлөөлөгдөх хүсэлтийг цуцалж, мөн
тулааны талбар дахь гавъяаг нь үгүйсгэв. Лермонтов армид хүчээр буцаж очсон ба
1841 онд Пятигорск хотод хүрэлцэн иржээ. Ингээд тэрээр хотын амьдралд оролцох
болсон агаад тэнд хуучны танил, цэргийн найз Николай Мартынов гэгчтэй таарчээ.
Залуус сайн харилцаатай байсан ч төд удалгүй Мартынов Лермонтовын хурц, ёжтой
хошигнолын бай болов. Тоглоом нь шоглоом болно гэгчээр Мартынов Лермонтовыг
ирүүлд дуудав; үр дүнд нь Мартынов бүрэн бүтэн үлдэж харин Лермонтов алагдсан
юм.
Лермонтов 1841 оны 7-р сарын 27-ны орой Машук уулын бэлд зориуд
санаатайгаар зохион байгуулсан занганд унаж алуулсан буюу түүнд дургүй хүчирхэг
дайснуудынхаа хорт явуулгад үхсэн гэж үздэг. Тэрээр дөнгөж 26 настай байсан.
Лермонтов хэзээ ч гэрлэж байгаагүй ба хүүхэдтэй болж амжаагүй байдаг. Түүний
хайр сэтгэлийн амьдрал нь аз жаргалтай байгаагүй. Хэдийгээр нийгмийн дээд
зиндаанд багтаж байсан ч тэрээр амьдралынхаа турш бага насныхаа найз болох
Варвара Лопухинаг хайрласаар байсан гэдэг. Варвара гэр бүлийнхээ шахалтаар
өөрөөсөө олон ах баян язгууртантай суухаар явсан байдаг. Лермонтов маш олон
шүлгээ насан туршийн хайрдаа зориулсан ба тэрээр ихэнх бүтээлийнхээ эмэгтэй
дүрийг Варварагаас санаа авч туурвисан байдаг. Лермонтовын амьдрал бол Оросын
уран зохиолын ертөнцийн хамгийн баатарлаг, драматик түүхийн нэг билээ.
Comments
Post a Comment