Владимир Набоков "Профессор Пнин"



"Профессор Пнин" бол Владимир Набоковын 13 дахь роман бөгөөд Англиар бичсэн 4 дэх роман нь юм. Уг роман 1957 онд хэвлэгджээ. "Пнин" Америкт амжилт олсоноор Набоков уран зохиолын ертөнцөд алдар нэрийг олжээ. Романд 1950-д оны үед Америкт амьдарч буй Орост төрсөн туслах профессор Тимофей Павлович Пнин гэгчийн талаар өгүүлэх ба энэ дүрийг Набоков найз Марк Шефтел хийгээд өөрөөсөө сэдэвлэн бүтээсэн гэж үздэг. Мөн Пнин зохиомол хот болох Вайнделлийн коллежид Орос хэл заадаг ба Набоков Корнеллийн их сургууль болон Уэллсли Коллежид багшилж байсан амьдралаасаа санаа авч романдаа оруулжээ. Роман анх цуврал ноорог байдлаар бичигджээ. Набоков 1954 оны 1 сард романыхаа 2-р бүлгийг бичиж эхэлсэн бөгөөд мөн энэ үеэр "Лолита"-гаа дуусгасан байдаг аж. Набоков "Лолита"-г хэвлүүлэхэд нь туслах хүн хайж байх үедээ "Пнин"-ын зарим хэсгийг хэвлүүлэн санхүүгийн асуудлаа зохицуулж байв. Удалгүй өргөжүүлж, хянан завсарлаад ном болгон хэвлүүлжээ. Романы анхны хувилбарын 10 бүлгийг "Viking" сэтгүүлд илгээж байсан ба үүнд романы эхэнд зүрхний өвчнөөөсөө болж зовж шаналж буй Пнин үхэж байгаагаар төгсдөг ажээ. Уг санааг редактор нь хориглосноор Набоков романдаа нэлээд их завсар хийжээ. Мөн романы нэр нь "хөөрхий муу Пнин минь" нэртэй байсныг одооныхоор нь болгож өөрчилжээ. 
"Пнин" бол Набоковын жилийн өмнө уншсан Сервантесийн "Кихот ноен" романд өгсөн хариу үйлдэл гэдэг. Набоков Сервантесийн романыхаа баатарт харгис хандсан байдлыг шүүмжлээд Пниний доромжлогдсон, шаналж зовсон байдалд уншигчидаа цэнгэх баясахад дэмжлэг болдог. Номын нэр "Пнин" өвчин шаналал буюу "Pain" гэдэг үгтэй ойролцоо болохыг судлаачид цохон тэмдэглэдэг. Набоков романаа Америкийн академик байгууллагуудад ажиллаж байсан туршлагаасаа сэдэвлэсэн бөгөөд ялангуяа Корнеллийн их сургуульд хамтран ажиллаж байсан профессор Марк Шефтелээс гол дүрээ сэдэвлэжээ. Хэдий "Лолита" 2 жилийн өмнө хэвлэгдэж гарсан ч "Пнин"-ээрээ Набоков Америкт хүлээн зөвсөөрөгдсөн  гэж үздэг. "Лолита" илүү олон нийтийн дунд алдаршсан бол "Пнин" илүүтэй уран зохиолын хүрээнийхний дунд талархал хүлээжээ. 
Роман хэвлэгдэж нийтийн хүртээл болоод 2 долоо хоног болж байхад 2 дахь хэвлэлийн ажил хэдийнээ эхэлчихсэн байсан нь нэгийг хэлнэ. Тухайн үед шүүмжлэгчид Набоковыг яг одоо Америкт байгаа хамгийн хошин, ухаалаг бөгөөд сэтгэл хөдлөм бичдэг зохиолчдын нэг гэж байв. Набоковын англи хэлээр хэвлүүлсэн эхний 2 роман америкийн уншигчдын дунд амжилт олоогүй байдаг ба америкийн зохиолч Фланнери О'Коннор  "Пнин"-г шагшин магтаж, Орос зохиолчын хошин шогийн мэдрэмжийг биширч байв. Мөн Их британий зохиолч Мартин Эмис "Пнин"-д дурлагч нэгэн байсан агаад Набоковын бүтээлүүдийг эрэмбэлсэн жагсаалтдаа уг романыг 4-р байрт жагсаажээ. Романы 5-р бүлгийн төгсгөлд Пниний анхны хайр, Бухенвалдын бөөнөөр хориг зусланд алуулсан Мира Белочкин гэх еврей бүсгүйн (Набоковын эхнэр Вера мөн еврей) хувь тавилангийн талаар дурдагддаг. Набоков судлаачид романы турш Пнинийг дагах хэрэм нь романд дахин давтагдах гол санаа гэж үздэг ба Белочкин гэдэг нэрийг Оросын "хэрэм" гэдэг үгнээс санаа авсан гэж үздэг ажээ.

 Мөн түүнчлэн хэрэм нь Пниний хуучин хайрын "дахин амь орсон" бэлгэдэл болдог бөгөөд хэрэм нь Мирагийн сүнс гэж үзэхээс гадна хэрэмээр дамжуулан Пниний амьдралын үйл явдлуудад нөлөөлж, хяналт тавих зорилготой "нууцлаг ажиглагч" юм. Өөрөөр хэлбэл Белочкин хийгээд дахин давтагдах хэрэмээр Набоков холокостын аймшиг руу хандсан агаад Набоковын олон танил нь, тэр дотор төрсөн дүү Сергей нь холокостоор амь үрэгджээ. Мираг романы моралийн төв гэдэг бөгөөд түүнийг хүмүүнлэг сэтгэлийн хамгийн шилдэг, бас эмзэг төлөөлөл болдог гэсэн буй. "Лолита" болон "Пнин" романуудаа Набоков бараг зэрэг бичиж эхэлсэн ч Набоковын хамгийн алдартай дүр Гумберт Гумберт нь Пнин дүрээс эрс ялгардаг. Пнин үзэгдэл болгон дээр анти-Гумберт байдаг;  Гумберт нь өндөр, царайлаг, англиар төгс ярьдагаар дүрслэгдсэн байдаг бол  Пнин нь тарган, намхан, хөгшин, мөн англиар тун хөгийн ярьдагаар дүрслэгдсэн байдаг. Гумберт хэрцгий догшин хүсэл тачаалаа нуудаг бол бүдүүлэг харагддаг Пнин нь зүсээ хувиргасан гэгээнтэн мэт санагддаг. Гумберт эхнэр Шарлоттыг нууцаар үзэн ядаж, Хуурч мэхлэх агаад эхнэрээ алахыг хүсэж, мөн эцэстээ тун их гомдоохын сацуу осолд орж үхэх нөхцөл байдлыг нь бий болгодог. Пнин харин яг эсрэгээрээ, эхнэр нь түүнд харгис хэрцгий хандах бөгөөд экс эхнэр Лиза нь амин хувиа хичээсэн хайрынхаа төлөө өөртөө ашигтай, хэрэгтэй гэсэн бүхнээ Пнинээр хийлгэхийг зорьдог. Гумберт болон Пниний ялгаа ийм эрс тэрс, одоо тэгвэл хамгийн сүүлчийн харьцуулалт буюу тэдний хүүхдүүдэд хандах хандлагын ялгааг харъя. Гумберт өргөж авсан охин Долорис Хейзийг амттанаар толгойг нь эргүүлж хулгайлаад хүчирхийлэн доромжилдог бол Пнин Лизагийн хүү Викторд өргөж авсан хүү шигээ хандах буюу халамжлан тусалдаг. Долорис Гумбертыг үзэн ядаж, хамгийн анхны боломж гарууд л түүнээс урвадаг байхад Виктор Пнинийг улам бүр хүлээн зөвшөөрч, тэдний харилцаа онцгой нандин болохыг ухаардаг. Романы 6-р бүлэгт Виктор Пнинд далайн өнгөтэй шилэн сав худалдаж авдаг нь тэдний сайн харилцааны симбол болдог ажээ.


Comments