Ж. Д. Сэлинжер "Хөх тариан талбайн ирмэгт"



"Хөх тариан талбайн ирмэгт" романаа Америкийн зохиолч Ж. Д. Сэлинжер 1945 оноос 1946 оны хооронд хэсэгчлэн нийтлүүлж байгаад 1951 онд роман болгон хэвлүүлжээ. Анхлан насанд хүрэгчдэд зориулагдсан боловч голдуу өсвөр үеийнхний сэтгэлийн зовлон, бусдаас хөндийрөх байдал гэсэн үндсэн сэдвээр уншигдсаар иржээ. Мөн нийгмийн өнгөц байдлыг шүүмжилсэн гэж үздэг. Роман дэлхий даяар орчуулагдсан, жил болгон 1 сая хувь борлогддог ба нийтдээ 65 гаран хувь зарагдсан гэсэн тооцоо бий. Романы гол баатар Холден Колфилд өсвөр үеийнхний бослого эсэргүүцлийн "бурхан" болсон байдаг бөгөөд мөн романд сул дорой байдал, мөн чанар, нийтлэг чанар, алдагдал, секс болон сэтгэлийн хямрал зэрэг олон нарийн түвэгтэй асуудлыг авч үздэг. Time сэтгүүл 2005 онд 1923 оноос хойшхи англиар бичигдсэн хамгийн шилдэг 100 роман жагсаалтдаа уг романыг багтаасан байдаг бол Modern Library мөн 20-р зууны англиар бичигдсэн хамгийн шилдэг 100 роман жагсаалтдаа багтаажээ. Тэгвэл BBC шилдэг гэсэн жагсаалтынхаа 15-р байрт "Хөх тариан талбайн ирмэгт" романыг эрэмбэлжээ. Сэлинжер уг романыхаа дүрүүдтэй ижил төстэй дүрүүдийг өмнөх бүтээлүүддээ ашиглаж байж; Колумбийн их сургуульд байхдаа тэрээр "The Young Folks" нэртэй богино өгүүллэг дээ Салли гэсэн дүрийг оруулж байсан бол 1941 онд бичсэн "Slight rebellion off Madison" богино өгүүллэгт нь Холден Колфилд гэсэн дүр гардаг, гэвч дайнаас болж тус өгүүллэг нь 1946 онд л нийтлэгджээ.
 1945 онд "I'm Crazy" өгүүллэг ээ нийтлүүлсэн нь хожим "Хөх тариан талбайн ирмэгт" романых нь үндсэн материал болжээ. 1946 онд The New Yorker сэтгүүл Холден Колфилдын тухай 90 хуудас бүхий гар бичмэлийг нийлэхээр тохиролцсон ч Сэлинжер дараа нь татгалзсан байдаг. "Хөх тариан талбайн ирмэгт" романы хүүрнэх хэв маяг нь гол баатар Холдены харах өнцгөөс субьектив буюу түүний бодлын үйл явцыг нарийн дагах ухамсарын урсгал хэлбэртэй юм. Нэг үгээр холбогдоогүй санаанууд болон үйл явдлуудын урсгал мэт бичигджээ. Америкийн хүүхдийн зохиолч Б. Брүүкс "романы төгсгөлд Холдены зан араншин өөрёлөгдөөгүй хэвээрээ байдаг нь түүнийг боловсорч насанд хүрээгүйг битүү сануулдаг ба энэ утгаараа эл роман нь өсвөр насныхны зохиолоос ялгаатай агаад Холден өөрийнхөө насандаа л аашилж байна" гэж дүгнэсэн байдаг. Шүүмжлэгч Л. Менанд эсрэгээрээ "багш нар сурагчдадаа өгсөн даалгаварт бусдаас хөндийрөх бол зүгээр л нэг үе шат гэсэн байдаг нь романыг өөдрөг төгсч буйг илтгэх шалтгаан юм" гээд мөн "Холден бусдын сэтгэл болон үйл хөдлөлийн сэдлийг сайн ойлгож байгаагаас харвал тэр насанд хүрсэн хүн шиг бодож эхэлж буйг харуулна" гэжээ. Бусад шүүмжлэгчид Голден насанд хүрсэн хийгээд өсвөр насны дундах дилемма байдалтай байна гэж үздэг ажээ. Холдены сэтгэл хөдлөмтгий болж ирдэг; тэрээр "би яг тас шиг харамсаж байна" гэдэг хэллэгийг байнга хэлдэг бөгөөд романы төгсгөлд энэ байвал өөрчлөгдөж ирдэгийг Фибийг морин тойруулга дээр байхыг харж байхдаа ярьдаг ярианаас нь харагддаг гэж үздэг. Сэлинжерын намтар ном дээр: энэ роман бол зүсээ хувиргасан хамгийн шилдэг дайны тухай роман гэсэн байдаг ба Сэлинжер дэлхийн 2-р дайны аймшгийг биеэр үзсэн нэгэн байсан, гэхдээ тэрээр дайн тулаантай роман биш харин дайнаас үзсэн бүхнээ өсвөр насныхны тухай роман болгож далдлан харуулсан гэх сонирхолтой санаа байдаг. 

Уг романыг 20-р зууны хамгийн шилдэг романы нэг гэж үзсээр ирсэн. Хэвлэн нийтлэгдээд удаагүй байхад The New York Times уг романыг "ер бусын гайхамшигтай роман" гэсэн бол Жорж Буш эл бүтээлийг гайхалтай ном гээд өөрийнхөө хамгийн их урам зориг авсан номынхоо тоонд багтаажээ. Ном хэвлэн гарсанаас 58 жилийн дараа буюу 2009 онд BBC "энэ бүтээл одоо хүртэл өсвөр насныхан ямар байдгийг гайхалтай дүрсэлсэн бүтээл хэвээрээ байна" гэж дүгнэж байв. Америкийн зохиолч А. Гопник "Хөх тариан талбайн ирмэгт" романыг "Хаклберри Финн-д тохиолдсон адал явдал", "Аугаа Гетсби" романуудын хамтаар Америкийн уран зохиолын төгс 3 роман гэсэн буй. Мөн 50-д.оны Нью Иоркийг уг роман шиг дүрсэлсэн ном огт байхгүй гэж нэмж хэлжээ. Романыг бичсэн Сэлинжер нас барсан ч гэсэн уг бүтээл үе үеийн уншигчдын талархалыг хүлээсээр иржээ. Зарим судлаачид Холденыг тайлбарлахдаа "өсвөр насны энэ баатар үе хоорондын заагт "Хөлдчихсөн" учир уг номыг уншсанаар ямар ч насны үеийнхэн түүний буюу Холден Колфилдын үеийнхнийг ойлгоно гэсэн байна. Тэгвэл Билл Гейтс уг романд нугасгүй дуртайгаа хэлдэг. Ном маань дан эерэг үнэлгээ аваад байсангүй; орчин үеийн уншигчид романы энэ их үймээнийг ерөөсөө ойлгохгүй байгаагаа уламжилсан байдаг бөгөөд романаас хүлээж байсан тэр нууцлаг байдал хүлээлтэнд хүрдэггүй учир уншигчид энэ номоос сэтгэл ханамж мэдэрдэггүй гэсэн нийтлэл бий. Энэ нууцлагын талаар; Ж. Д. Сэлинжер романдаа нууцлаг байдлыг хангалттай оруулсан буюу үнэндээ тэрээр ямар ч нууцлаг байдал романдаа оруулаагүй явдал юм гэжээ. Энэ роман олон түмэнд хийгээд шүүмжлэгчдийн дунд алдартай байдгийн шалтгааныг өсвөр насныхны зовсон сэтгэл хийгээд гол дүрийн түвэгтэй сэтгэлийн байдал, мөн уламжлалт романы хэлбэр маягийг хялбарчлан, ойлгомжтой болгосонд оршино гэж үздэг. 1960 онд Оклахомад нэгэн багш "Хөх тариан талбайн ирмэгт" романыг унших даалгавар ангийнхандаа өгсөн гэх шалтгаанаар халагдаж байжээ. 1961 оноос 1982 оны хооронд уг роман нь нэгдсэн улсын номын сангууд болон их сургуулиудад хамгийн их цензурлагдсан ном болжээ. Бүр Вашингтонд коммунист агуулгатай хэмээгдэж байв. 

1981 онд Америкийн сургуулиудад хамгийн их цензурлагдсан хийгээд хамгийн заагдсан хоёрдахь ном болж байжээ. Мөн 1990 оноос 1999 оны хооронд хамгийн их уриалан дуудагдсан номын 10-р байрт бичигджээ. Ингэж уриалан дуудагдах үндсэн шалтгаанууд бол номонд агуулагдсан Холдены бүдүүлэг хэл яриа, сексийн тухай, бурхныг доромжилсон байдал, гэр бүлийн үнэт зүйлсийг эвдэх хийгээд архидалт, ёс суртахууны хэв хэмжээ, бослогыг урамшуулах гэх мэт сэдвүүд болно. Уг роман насанд хүрэгчдийн оюун ухаанд зориулагдан бичигдсэн болохоор номыг уриалан дуудаж маргаан өрнүүлэх үндсэн шалтгаан болсон гэдэг. Зарим багш нар энэ номыг уншсан сурагчид маань яг Холден шиг болж байна хэмээн дургүйцэж байв. Хэд хэдэн аллагыг энэ романтай холбодог; алдартайгаас нь жишээ авбал Жон Хинклиийн Роналд Рейгэнийг алах гэсэн оролдлогыг хэлж болохоос гадна Жон Ленноныг хөнөөсөн Чапман баригддаг өдрөө "Хөх тариан талбайн ирмэгт" романыг биедээ авч явсан бөгөөд номон дотор "Холденоос Холденд зориулав. Энэ бол миний мэдэгдэл" гэж бичсэн байжээ. Сэлинжер замналынхаа эхэн үед романаа кино болгох хүсэлтэй байж. 1949 онд түүний нэгэн богино өгүүллэгээр кино хийгдсэн ба уг кинон дээрээс түүний олж авсан туршлага бол эрх чөлөөтэй ажиллах боломжгүй юм байна, хэрвээ кино зохиол бичвэл гэсэн сөрөг хандлага байлаа. Үүнээс болж Сэлинжер романаа кино болгох олон саналаас татгалзсаар ирсэн гэж үздэг. Жэрри Льюис, Марлон Брандо, Тоби Магуейр, Леонардо ДиКаприо болон Жэк Николсон нар "Хөх тариан талбайн ирмэгт" романыг кино болгох гэж оролдож байсан ба тэр болгонд Сэлинжерын татгалзсан хариуг сонсдог байжээ. 1961 онд Сэлинжер Эли Казаны Broadway-д жижиг болгон тавих саналаас татгалзжээ. Мөн романы эрхийг авах гээд Харви Вайншейн, Стивэ Спилберг нар их хэмжээний мөнгө санал болгосон ч бүтээгүй. Сэлинжер номоо кино болоход зохимжгүй гэж итгэдэг байсан юм.


Comments