Теодор Драйзер "Керри Эгч"



Америкийн зохиолч, сэтгүүлч, натуралист жанраар бичигч Теодор Драйзерийн "Керри эгч" романыг бүх Америкийн хамгийн аугаа Урбан роман  гэдэг. Романд 18 настай хөдөөний охин Керри их хотод өөрийнхөө "америк мөрөөдлийг" биелүүлэхээр ирнэ. Тэрээр алдартай жүжигчин болох замдаа баян эрчүүдийн нууц амрагаас авхуулаад ёс суртахуунгүй хүнд замыг туулах агаад эцэст нь хүссэндээ хүрдэг ч ганцаардсан, гэм нүгэлээр дүүрэн нэгэн болсноо ухаардаг. Заавал зөв замаар явж л амжилт, хүссэндээ хүрээрэй гэсэн санаа уг романыг тодорхойлно. Драйзер сэтгүүлч найз А. Хенригийн шаардлагаар романыхаа гар бичмэлийг 1899 онд бичиж эхэлжээ. Драйзер юм л бол шантарч болих гэхэд Хенри үргэлжлүүлэхийг түүнээс шаардаж байв. Бүтээлийн нэр анхнаасаа "Керри эгч" байсан боловч Драйзер "Бие ба сэтгэл" болгон өөрчилсөн ч дахин хянан засахдаа эргүүлэн "Керри эгч" болгожээ. Драйзер романаа хэвлэн нийлүүлэгч олох гэж нэлээд зүдэрчээ. Ингээд Doubleday & McClure компани гар бичмэлийг нь нийтэлч өгөхөөр тохиролцсон хэдий ч компаний эзэний эхнэрт роман таалагдаагүй учир хэвлэн нийтлэхээс татгалзжээ. Драйзэрийн шаардлагын дагуу романыг нь 1008 хувь хэвлэв, 1900 онд. Номыг ерөөсөө сурталчлаагүй учир ердөө 456 ширхэг л зарагджээ. 

Гэсэн ч Doubleday-д ажиллаж байсан Ф. Норрис цөөн хэдэн хувийг уран зохиолын тоймчдод илгээсэн байдаг. 1900 оноос 1980 оны хооронд хэвлэгдсэн ном бүгдээрээ романы 2 дахь хувилбар байв. 1981 онд Нью Иоркийн нийтийн номын санд хадгалагдаж байсан эх гар бичмэл дээр үндэслэж эрдэмтэн судлаачид Драйзэрийн өөрчлөөгүй хувилбарыг хэвлэн нийтлэв. Энэ бол өмнө нь Драйзераас өөр гар хүрээгүй хувилбарыг мэргэжилтэнгүүд дахин сэргээсэн ажил болжээ. Нобелийн шагналт С. Льюис хэлэхдээ "энэ бол Драйзэрийн анхны аугаа роман. Энэ роман Марк Твен, Уитманаас хойшхи анхны цэвэр агаарыг бидэнд авчирсан" гэж хэлж байжээ. 1998 онд Modern Library "Керри эгч" романыг 20-р зууны англиар бичигдсэн шилдэг 100 роман гэсэн жагсаалтынхаа 33-р байрт эрэмбэлжээ. Драйзэрийг Америкийн хамгийн шилдэг натуралист зохиолчдыг нэг гэдэг; учир нь түүний бүтээлүүд натуралист хөдөлгөөний эхэн үетэй таардаг чухал ач холбогдолтой юм.  "Керри эгч" бол Викториан эриний ёс суртахууны онцлох чанараас холдсон хөдөлгөөн байсан бөгөөд илүү бодит байдалд, хүний төрөлх зан араншинд анхаарсанаараа онцлогтой байлаа. Драйзер дүрүүдийнхээ зөв бурууг шүүдэггүй, энэ нь роман тухайн цаг үеийн нийгмийн болон ёс суртахууны хэв хэмжээний эсрэг зогссон хэрэг байв. Керригийн янаг амрагийн ёс бус амьдрал болон романд гарах бусад "хууль бус сексийн харилцаанаас" болж Драйзэр цензурын эсрэг тэмцэлдэхэд хүрч байсан.

 Хүссэндээ ямар ч аргаар хамаагүй хүр гэсэн арга барилтай Керри нь нүгэлт үйлийнхээ горыг амсч шийтгэгдэх ёстой ба ингэснээр бусдад сургамж болох ёстой хэмээн Драйзэраас бусад нь бодож байлаа. Шүүмж ингээд зогссонгүй, шүүмжлэгчид Драйзэрийг зохиол бичих ямар ч мэдлэггүй, хэзээ ч мэдэж байгаагүй, мэдэхийг ч хүсч байгаагүй гэж хэлсэн бол зарим нь бичлэгийн хэлбэр маяг нь тун бүдүүлэг, тэнцвэргүй, болхи, хэнэггүй; мөн төсөөлөн бодох чадваргүйгээс гадна Драйзер огт боловсролгүй болохоор уран бүтээлээс нь оюунлаг чанар дутагдаж байна гэх мэтээр үхдэл нь балбаж байв. Тэгвэл Драйзэрийн бичих хэлбэр маягийг өмөөрөн дэмжигчид ч байв; А. Казин хэлэхдээ "түүний бүтээлүүд амь бөхтэй оршсоор байна. Мөн одоо ч бусдад нөлөөлсөөр байгаа нь нэгийг хэлнэ" гэсэн бол бусад Драйзэрийг хамгаалагчид "түүний цөхрөлтгүй оролдлого хийгээд ажиглах чадвар нь Урбан ертөнцийг, мөн тухайн цаг үеийн хүмүүсийн хүсэл тачаал, амбицыг нарийн тод дүрсэлсэн" хэмээжээ. Мөн Драйзер бичлэгийн хэлбэртээ бус хэлэх гэсэн санаандаа төвлөрч анхаарсан гэж үздэг. 

"Керри эгч" хэвлэгдэн гарсаныхаа дараа олонд хүлээн зөвшөөрөгдсөнгүй; гэхдээ энэ нь хэвлэн нийтлэгчид бүрэн татгалзсан гэсэн үг биш юм. Хүний амьдралыг утаснаас утсанд хэрхэн зангидан холбож болохыг хөрөглөсөн бүтээл, гэхдээ хэт бодитой, хэт бараан ч тааламжтай бүтээл гэж Toledo Blade сэтгүүл дүгнэж байв. "Керри эгч" шүүмжлэгчдээс янз бүрийн шүүмж авч байсан агаад нийтийн дунд борлуулалт сайнгүй байсан ч ерөнхийдөө голдуу сайн шүүмж, дүгнэлтийг авч байлаа. Номын сурталчилгаа бага хийгдсэн,  Мөн Драйзер хэвлэн нийтлэгчидтэй харилцаа муу байсантай холбож үздэг. Шүүмжлэгчид тус романыг сайшааж байхдаа, хачирхалтай нь Херствүдийн дүрийг онцлон тэмдэглэж, Херствүдийн дүр бол хамгийн анхаарал татам гэж үзсэн байдаг. Романы хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бол Херствүдийн уналт, сүйрэл, доромжлогдсон байдал гэж хэлэгсэд байхад зөвхөн Херствүдийн хэрэг дангаараа ч энэ номыг үнэ цэнэтэй болгоно гэсэн буй. Мөн романы хүний нөхцөл байдлыг тун бодитоор дүрсэлсэн болохыг онцлоод уг роман сентименталити юмуу өрөвдөх байдлаас ангид бөгөөд романд эрчтэй хүсэл тачаал хийгээд нухацтай байдал давамгайлдаг гэж тодорхойлжээ. Тэгвэл London express: реализм энэ романыг сэтгэл татам болгодог; харгис байдал нь, өршөөлгүй түүх нь, хурц ухаалаг реализм нь уншигчийн сэтгэлийг хөдөлгөж олон хоног ой ухаанаас нь үл гарна гэж бичжээ. Мөн түүнчлэн романд Нью Иоркийн эсэргүүцэгчид болон Чикагогийн амьдралыг оновчтой дүрсэлсэнийг сайшаан магтаж байжээ. Сөрөг дүгнэлтүүд, чанга шүүмжүүд ч байсан агаад сөрөг шүүмжүүдийн ихэнх нь романы сексийн агуулга болж байв. Omaha daily bee сэтгүүл: уншигч болгоны гарт очиход зохимжгүй ном гэж байжээ.

 Харин Life сэтгүүл: охидууд маань Керриг даган дуурайх бий дээ гэж болгоомжлуулж байсан бол зарим нь энэ номонд бурхны нэр огт дурдагдаагүй гэж шүүмжилж байв. Хэд хэдэн шүүмжлэгчид номын нэр нь гол дүрийг гэлэнмаа шиг болгож байгааг тэмдэглэсэн ба энэ номын хамгийн хачин зүйл нь гарчиг буюу нэр нь юм, энэхүү нэрний хувьд ямар ч өнгө будаггүй бөгөөд ойлгомжгүй юм гэх мэт шүүмжлэлүүд гарч ирж байв. Бусад нийтлэг "гомдоллууд" гэвэл роман хэт урт, бас сэтгэл хамруулдаг тул уншихад тааламжгүй гэж байв  хэлзүйн дүрмийн хувьд, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд учир дутагдалтай гэсэн дайралтын эсрэг Драйзэрийн найз Х. Л. Менкен " гүн мэдрэмжтэй, анхдагч, бат бөх зоригтой" хэмээн түүнийг хамгаалж байв. Менкен Керригийн түүхий, шударга амьдралын хөрөгөөр 19-р зууны эмэгтэйчүүдийн амьдралын талаар уншигчдад бодитой ойлголтыг өгөхийг зорьсон гэж найзыгаа хамгаалж байжээ. Олон хүн Драйзэр дүрүүдийнхээ үйл явдалд  аядуу зөөлөн "ёс суртахуунтай шүүлт" болон "өргөн уудам нигүүслэл" байдлаар харуулсанаар уг ном сэтгэл татам болсон гэж үзэх нь бий. 

Энэхүү ёс суртахуунгүй байдалд хүлцэнгүй хандсан байдал Драйзэрийн эрин үеийнхэнд цоо шинэ санаа байсан ба энэ роман нь орчин үеийн ёс суртахууны санаа нь тухайн үеийн уран зохиолд зонхилж байсан өмнөх үеийнхний санаанаас салах хөдөлгөөний бий болоход тусалжээ. Драйзэрийн энгийн биш ёс суртахуунгүй түүхийг үл дэмжигчид олон байсны дотор Е. Е Слоан "Драйзер энэ романаараа шаргуу хөдөлмөр хийгээд сайн сайхан чанарын ач буянаар л амжилтад хүрэх ёстой гэсэн ухамсарт бүхнийг сүйтгэлээ" хэмээн хатуурхжээ. Бичих чадваргүй, боловсролгүй гэгдэж байсан Драйзерийн "Керри эгч" реализм болон натурализм жанрт нөлөөлсөн байдаг бөгөөд хүний шунах мөн чанарыг нарийн гаргасан шигээ аж үйлдвэржилтийн үйл явц Америкийн ард түмэн хэрхэн нөлөөлсөнийг тод томруун дүрсэлсэн роман юм. Уг романаас сэдэвлэсэн кино, театрын мюзикл, опера хүртэл байдаг ажээ.


Comments