Хайр бол шөнө



L'Avventura (1960). Anna (Lea Massari) аавынхаа зуны байшингийн гадаа найз хүүхэн Claudia-тайгаа (Monica Vitti) уулзан газрын дундад тэнгисээр дарвуулт онгоцоор зугаалга хийхээр болж буйгаар кино эхэлнэ. Хүүхнүүд хамт явсаар Anna-ын найз залуу болох Sandro-той (Gabriele Ferzetti) нийлэх ба Anna болон Sandro нар Claudia-г гэрийнхээ үүдэнд хүлээлгэж байгаад бушуухан нэг хурьцаж амжина. Хэсэг хормын дараа Sandro хүүхнүүдтэй хамт далайн эрэгт ирсэн байна, тэд энд чинээлэг 2 гэр бүлийн 4 хүний хамтаар далайд гарна. 
Маргааш өглөө нь гэхэд манай аялагчид Sicily хавийн арлуудаар дарвуул онгоцоороо зугаалан цагийг тун ч жаргалтай өнгөрүүлж байлаа. Anna гэнэт л далай руу үсрэн ороход араас нь Sandro ч үсрэн орно, гэтэл Anna аварга загас харлаа хэмээн хашгирах агаад Sandro ирж түүнийг тайвшруулан хамгаална. Дараа нь Anna аварга загастай холбоотой ярьсан бүхэн минь худлаа байсан гэж Claudia-д үнэнээ хэлээд ингэх болсон нь Sandro-ын анхаарлыг татах гэж хэмээн тайлбарладаг. Уг ярианы дараа Claudia Anna-ын цамцыг шохоорхон сонирхоход Anna найздаа цамцаа өгөөд, чамд илүү зохихын байна гэж хэлнэ.

Аялагчид явсаар нэгэн жижиг хадан арал дээр ирцгээнэ; одоо тэдний хөгжөөн наргиан арал руу шилжих бөгөөд Anna,  Sandro нар 2ханаа үлдэж байгаад өөрсдийнхөө харилцааны талаар ярилцана. Хүүхэн Sandro-г урт хугацаагаар бизнес аялал хийдэгт гомдоллож, харилцаан хөрч байгааг хэлэхэд залуу ярьсан бүхнийг нь үл тоосон шинжтэй хэвтэнэ. Аялагчдын нэг Corrado цаг агаар муудсан тул буцах шийдвэр гаргана, энэ үед ойрхон хөлөг онгоцны чимээ дуулддаг. Энэ үед Claudia Anna_г хайж байлаа, гэсэн хүүхэн ямар ч ул мөргүй алга болсон байв. Sandro найз хүүхнийгээ маяглаж байна хэмээн уурлах ба тэд хамтдаа арлыг нэгжээд ч Anna-г олохгүй. Арал даанч жижигхэн хүн нуугдах боломжгүй байв. 
Ингээд зарим нь цагдаа дуудахаар явахад зарим арал дээр үлдэнэ. Шөнө болж Claudia, Sandro,  Corrado нар арал дээр байх байшинд хоноглохоор болно. Claudia чи миний найзыг үл тоомсорлосноос болж тэр алга болчихлоо хэмээн Sandro-д хатуу үг хэлнэ. Өглөө болоход Claudia хамгийн түрүүнд сэрэх агаад Anna-ын нөгөө цамц цүнхэнд нь байхыг олно. Claudia хадны ирмэгт Sandro-той таарч, Anna-ын тухай ярилцана, гэтэл Sandro-ын бүх хандлага байдлаараа өөрийг нь илт шохоорхон эргүүлж эхлэхийг хүүхэн мэдэрнэ. Удсангүй цагдаа нар ирж эрэл хайгуул хийсэн ч Anna-г чухам хаачсаныг олсонгүй, хүүр цогцос ч олдсонгүй, тэр яг л агаарт уучихсан мэт алга болсон байлаа.

Anna-ын аав, хуучин дипломат байсан хүн мөн хүрч ирэх ба охиныгоо F. Scott Fitzgerald-ын Tender is the night болон ариун библийг уншиж байсныг хараад миний охин амиа хорлоогүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлдэг. Цагдаа нар ойр хавьд явж байсан хууль бус наймаачдыг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлнэ. Харин энэ зуур Sandro-ын хайртайсаа хагацаад удаагүй байсан уруул Claudia-ын халуун уруулыг үнсэж байдаг агаад Claudia уг явдалд цочирдож зугтааж орхино. Хүүхэн ганцаараа ч хамаагүй найзыгаа бусад арлуудаар хайхаар шийддэг ба аялагчид Corrado-ын зуслангийн байшинд уулзалдахаар болцгооно. Цагдаа нар Sandro-д хууль бус наймаачид Anna-ын алга болсонтой холбоогүй болохыг мэдэгдэнэ. 
Claudia-г өөр арлууд руу явсныг мэдсэн Sandro араас нь гүйцэж очно; Sandro халуун хайраа түүн илчлэхэд Claudia ийм үед ингэх нь чинь зохихгүй бөгөөд зүгээр байлгахыг гуйна. Claudia мөн би чамайг надтай хамт байгаасай гэж хүсэхгүй байна, өөрсдийн хүсэл тачаалаа огоорч, өөрсдийгөө золиословол энэ бүхэн хавьгүй хялбар болох болно гэж хэлэхэд Sandro хариуд нь өөрсдийгөө золиослох нь утгагүй хэрэг гэж хэлдэг. Гэхдээ тэд хамтдаа Anna-г хайхаар болдог. Zuria гэх сэтгүүлч Anna-ын алга болсны талаар нийтлэл бичсэн байж, үүний мөрөөр Sandro орж сайхь сэтгүүлчтэй олны хөл болсон газарт уулзана. Zuria-ын байх газар бөөн эрчүүдээр дүүрсэн байх буюу 19 настай, жүжигчин болох хүсэлтэй зохиолч Gloria хэмээх гоё хүүхнийг харах гэж шавсан эрчүүдийн бөөгнөрөл байв, үнэндээ энэ Gloria нь хэн ч биш зүгээр л  үнэтэй биеэ үнэлэгч бөлгөө. Sandro түүнийг хараад зогтуссаныг хэлэх хэрэгтэй.

Zuria-ын хэлснээр Anna-г Troina дахь эмийн санд байж, Sandro-с мөнгө авсан Zuria-ын ам улам халж Anna-ын талаар өөр нэг түүх ярина. Тийнхүү Sandro Troina руу явна. Энэ үед Claudia дарвуулт онгоцны аялагчдынхаа хамтаар Corrado-ын зуслан дээр байж байна. Тэнд Claudia-аас өөр Anna-ын талаар санаа зовж байгаа хэн ч байсангүй. Мөн энэ үеэр Claudia Corrado-ын эхнэр Giulia дөнгөж 17 настай зураач залуутай илтэд сээтэгнэж, бүр нүдэн дээр зураачтай хурьцахыг оролдох үйл явдлын гэрч болно. Жигшиж бас зэвүүцсэн Claudia Sandro-той нэгдэж Anna-г хайхаар болно. Эмийн санч Anna-г харсан, өөрөөс нь тайвшруулагч эм авсан гэж хэлнэ. Мөн тэгээд Anna-г Noto гэх газар руу явдаг автобусанд суусан гэж хэлдэг. Claudia, Sandro нар Noto-д ирэхэд тус газар нь хоосорч цөлжсөн тосгон байх бөгөөд тэд нэгэн толгод дээр гараад янаг дотноор анхны хурьцалаа хийх үед нь галт тэрэг зөрч өнгөрдөг. 
Энэ явдлын дараа тэд Anna-г байж магад гэж бодож нэгэн зочид буудалд очно. Claudia Sandro-г ганцаараа орчихоод ир гээд өөрөө гадаа нь үлдэх ба Sandro Anna нар хамтдаа гараад ирэх бий гэхээс Claudia дотроо үхтлээ айна. Харин Sandro ганцаараа гарч ирэх боловч Claudia-ын сэтгэл Sandro болон Anna хоёрын харилцааг бодож шаналж байв. Claudia Sandro нар ингэж яваад гэлэнмаа нарыг явж байхыг харах агаад Sandro ажилдаа сэтгэл дундуур байдгаа, залуу үеийнхээ амбицыг биелүүлээгүй талаараа ярьдаг. Sandro гэнэт Claudia-д гэрлэх санал тавихад Claudia юмс дэндүү түвэгтэй байна гэсээр саналыг хүлээж авдаггүй. Дараагийн өдрийн өглөө Claudia баяр баясалтай сэрнэ, тэрээр дуулж бас бүжиглэх ба Claudia залуутайгаа гайхалтайгаа сайхан хурьцал хийсэн нь илэрхий харагдана. Хүүхэн залуудаа хайртай гэдгээ хэлээд хариуд нь өөрт нь хайртай юу гэж асуухад залуу сэдвийг өөрчилдөг. Sandro гарч яваад нэгэн зураач залуутай маргалдчихна, ингээд буцаж ирээд Claudia-д хурьцал хийе гэхэд хүүхэн татгалздаг.

Sandro Claudia нар Sandro-ын даргын нэгэн зочид буудалд болж байгаа тансаг үдэшлэгт уригдаж очно. Claudia ядраад байна гэсээр үлдэж Sandro ганцаараа үдэшлэгт явна. Үдэшлэг дээр Sandro өнөөх биеэ үнэлэгч Gloria-тай таарна. Claudia унтаж чадахгүй хөрвөөсөөр шөнийг барах бөгөөд үүр цайх үеэр Sandro-д санаа зовон буудлаар түүнийг хайж эхэлнэ; энэ үедээ тэрээр Anna ирсэн байх бий дээ, тэр хоёр буцаад нийлсэн байх бий дээ хэмээн шаналж зовно. Залуугаа хайж явсаар Claudia буйдан дээр Sandro Gloria хоёрыг хурьцаж байхыг харна. Claudia гүйгээд явчихна, Sandro Gloria-д мөнгөө төлчихөөд Claudia-ын араас явна. Sandro буудлын дэвсэг дээр гарч ирэхэд Claudia уйлж байх агаад Sandro сандал дээр чимээгүй сууна. Тэрээр уйлж эхлэхэд Claudia түүн дээр очоод эргэлзэж эргэлзэж байгаад толгойнд нь хүрэхэд кадрын цаана цасаар хучигдсан Этна уул сүндэрлэн аймшигтай харагдана. 
Michelangelo Antonioni кино зохиолоо бичиж дуусгаад гарчигаа өгч байхдаа үзэгчдийг дотроо төсөөлөн доогтой жуумалзаж байсан болов уу. Учир нь киноны нэр үзэгчдэд их юм амлан урин дуудах ч үнэндээ бол тийм ч "адал явдалтай" кино биш билээ. Эл бүтээл бүтээгдсэн 1960 онд мөн нэг Итали найруулагч болох Federico Fellini "La Dolca Vita" шедевр киногоо бүтээж байсан ба энэ 2 бүтээлд хоосон зүрх сэтгэлтэй, зөвхөн мэдрэхүйн таашаал эрж хайсан хүмүүс гарч, киноны төгсгөл үүр цайж байхад болдогоороо ижил байдаг. Тухайн цаг үед уг бүтээл нь кино урлагт боломжгүй зүйл үгүй болохыг харуулсан гэдэг агаад уг киноноосоо хойш Antonioni эргэж хараагүй, Monica Vitti--ын хамтаар 3 нь ч кино хийсэн нь цаг үеийнхээ тэргүүн кино уран бүтээлч болгож байв. 
Уг киногоороо Antonioni өөрийнхөө эрэл хайгуулыг эхлүүлсэн ба энэ кино бол түүний онцгой туурвих мөн чанарыг маш тодорхой илэрхийлсэн киноны нэг гэж үздэг. Киноны гол дүрүүдэд Monica Vitti, Lea Massari, Gabriele Ferzetti гэсэн Итали жүжигчид гайхалтай тоглосон. Найруулагч Antonioni кино зохиолоо Elio Bartolini болон Tonino Guerra нартай хамтран бичсэн бөгөөд кино зураг авалт Aeolian Islands, Sicily, мөн Ромд явагджээ. Кино тэр жилийнхээ Канны кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал авсан бол Monica Vitti энэ киногоороо олон улсад танигдсан юм.

Мөн киноны ер бусын хэмнэл, уур амьсгал, дүрүүдийн хүүрнэлийн уламжлалт байдлыг хөгжүүлсэн хийгээд дүрслэлийн найруулгийн  онцлон тэмдэглэж байсан буюу тухайн цаг үеийн кино хийх хууль, бүтэц болон бэлтгэлийг системийн хувьд түлхэн унагасан гэж үздэг. Энэхүү кино Antonioni-ын "Гутралын" трилогийн анхных нь кино ба Apichatpong Weerasethakul, Jia Zhangke, Hirokazu Kore-Eda зэрэг артхаус кино найруулагчдад нөлөөлсөн байдаг ажээ.  Киноны зураг авалт 1959 оны 8-р сард эхлээд 1960 оны 1 сард дуусчээ. Арал дээрх ихэнх зургийг Lisca Bianca арал дээр авсан бөгөөд кино баг нийт 50 хүнээс бүрдэж байв. Аралтай хэсгийг 3 долоо хоногт зураглаж дуусгах төлөвлөгөөтэй байсан ч 4 сар үргэлжилжээ. Арал дээр байхад харх, гүрвэл, шумуулнаас гадна цаг агаарын таагүй байдал гээд нөхцөл хүнд байсан гэдэг. Кино багийнхан цэргийн онгоц хөлслөсөн ч өдөр болгон яваад байх боломжгүй учраас хувийн эд зүйлс хийгээд зарим багаж хэрэгслээ өөрсдийн хийсэн салаар зөөж байжээ. Зураг авалт эхлээд долоо хонож байтал кино продакшны компани дампуурч, кино багийнхныг багахан хоол, устай үлдээж баллав. 
Гэхдээ Antonioni нөөц сайтай байсан агаад ивээн тэтгэгч гарч ирэх хүртэл кино багийнхан үнэгүй ажиллахаар болсон байдаг. Гэтэл Lisca Bianca арал руу онгоцнууд явахаа больж, кино багийнхан 3 хоног хоол, дулаан хөнжилгүйгээр хүйтэн арал дээр байжээ. Ингээд кино багийнхан ажил хаяснаар Antonioni туслахынхаа хамтаар киноныхоо зургийг авч эхэлсэн ба цаг агаар муудаж, далай дээрх нөхцөл хүндэрсэнээр онгоц аралд хүрэхэд бэрх байсан тул кино багийнхан аргагүй эрхэнд арал дээр унтаж байжээ. Энэ үед Antonioni ганцаараа байхын тулд өглөө болгон 3 цагт босоод ядаргаа болон өөрийн хийгээд хамтран ажиллагсдыг нь нөмөрч байсан сонирхол буурах, энэ бүгдийг орхиод явах хүслийн эсрэг юу хийх ёстойгоо эргэцүүлэн боддог байсан гэдэг. Хэдэн долоо хоног төсөв мөнгөгүй байсан Antonioni ивээн тэтгэгч олж санхүүгийн асуудлаа шийджээ. Хүйтэн усанд олон хоног зураг авалтаас болж жүжигчин Lea Massari-ын зүрх муудаж эмнэлэгт хүргэгдсэн ба хэд хоног комд байжээ. Michelangelo Antonioni: би киногоороо хуурамч сэтгэл хөдлөлийг үзүүлэхгүй байхыг зорьсон, харин сэтгэл хөдлөл бидний замыг төөрөгдүүлдэг болохыг харуулахыг хүссэн. Учир нь бидний ёс суртахууны үнэт зүйлс хуучирсан. Бидний үлгэр домог хийгээд уламжлал хуучирсан.Бид бүгдээрээ эдгээрийг хоцрогдож, үеэ өнгөрөөснийг мэддэг ч бид тэдгээрийг хүндэтгэдэг. 

тухайн үед Antonioni-ын бүх киноны хөгжмийг бичээд байсан Giovanni Fusco уг кино дээр мөн ажилласан. Antonioni кинонууддаа зөвхөн диежетик хөгжим ашигладаг байсан агаад тэрээр Fusco-гоос Эллиний эрин үед бичигдсэн жазз хөгжим шиг зохиол бүтээхийг хүссэн байдаг. 1960 оны Канны наадмын нээлтээр кино судлаачдын анхаарлыг татсан нь тооцоолоогүй явдал болж, хатуу ширүүн шүүмжийн бай болсон байдаг бөгөөд энэ кино бол Канны наадмын түүхэнд үзэгчид, шүүмжлэгчдээс хамгийн цуутай хариу үйлдэл авсан киноны нэгээр нэрлэгддэг. Monica Vitti: Канны үзвэрээр жинхэнэ амьдралын драм шиг байсан. Эхлэлийн гарчигийн эсрэг киноны нухцтай өнгө аясыг үзэгчид, гэрэл зурагчид, шүүмжлэгчид шоолон инээж байсан. Шоолон тохуурхах байдал киноны турш үргэлжилсэн ба удалгүй тэд бүүлж эхэлсэн хэмээн жүжигчин бүсгүй дурсан ярьжээ. Үзэгчид киноны ямар ч үйл явдал өрнөхгүй урт хэсгүүд дээр бүүлж байсан агаад Monica Vitti уйлж, тэсэлгүй театрыг орхин одож байжээ. 

 
Харин маргааш өдөр нь кино урлаачил болон шүүмжлэгчид уг киног энэ жилийн Канны хамгийн шилдэг кино гэцгээх болов, мөн олон улсад амжилттай арилжаалагджээ. Орчин цагийн амьдралын сэтгэлийн хөдөлгөөний өвчин эмгэгийг нэгдмэл байдлыг дүрсэлсэн гэж судлаачид үздэг. The New York Times: хачирхалтай адал явдал гэж киног дүгнээд жүжигчдийн тоглолт болон зураглаачийн ажлыг сайшаасан бол Village Voice: 1961 оны кино сонирхогчдын дундах ер бусын үзэгдэл гээд найруулагчийн дүрүүдийнхээ холбогдож чадахгүй байгааг гайхалтай дүрсэлсэн хэмээж байв. Уг бүтээл кино урлагийн дүрслэх хэлэнд чухал нөлөө үзүүлсэн, киноны дараалуулсан кадрын байдлыг өөрчилсөн гэж үздэг ба энгийн кино зохиол, удаан хэмнэл, оршихуйн талаарх сэдвийг нь магтсан байдаг. Мөн кино урлагийн түүхэнд маш цөөхөн кино л кино хийх дүрмийг маш тансагаар, тун ухаалагаар эвдсэн байдаг, тэр цөөхөн киноны нэг бол L'Avventura юм гэж судлаачид үнэлдэг. Roger Ebert: Antonioni цөхрөлийн чимээгүй уйлааныг кинондоо тунгалаг, хүсэл тэмүүлэлтэйгээр үзүүлсэн гэж хэлжээ. Мөн Anna-ын тайлбарлагдаагүй алга болсныг кинон дээрх ихэвчлэн гарах баян, уйтгарласан, муудсан дүрүүдийн харилцаандаа хариуцлагатай байж чаддаггүй байдалтай холбож үзсэн байдаг. "Эх газар" дээрх олон зураглалд үл үзэгдэх дүр Sandro, Claudia нарыг дагаж байгаа юм шиг өнцгөөс зурагласан байдгийг магадгүй Anna тэднийг дагаж байсан гэх санааг гаргадаг. Anna-ын алга болдог сцэн уг нь байсан ч сүүлчийн эвлүүлгийн үеэр цаг хугацаанаас болж кинонд багтааж чадаагүй ажээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 38-р байрт жагсааж байгаа бол Sight & Sound сэтгүүл 3 удаа дараалж хамгийн шилдэг 10 кинонд багтааж ирсэн бөгөөд Empire сэтгүүл дэлхийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 40-р байрт эрэмбэлжээ. Киноны дүрүүд хайрлаж, хайртай байж чаддаггүй, тэд уй гунигаасаа зугтаах ч дахиад нэг уй гунигийг л олдог. Мөн дүрүүд зовлонгоосоо салах гэж л идэвхтэй болж, секс нь бусадтай холбогдох хэрэгсэл болдог.


Comments