Маанагхан

Band of Outsiders (1964). Бусдын хөдөлмөрийг мөлжөгчид, хийцгүй гиюүрэгчид болох Franz (Sami Frey ~ Францын жүжигчин) болон Arthur (Claude Brasseur) нар бол жижиг гарын дээрэмчид бөгөөд томоохон хөдлөх хүсэлтэй бөлгөө. 2 найз уулзаж буйгаар кино маань эхэлнэ; Franz ойрхоноос нэг англи хэлний сургалтад сууж байгаагаа, тэнд тун үзэсгэлэнтэй хүүхэнтэй танилцаж найз болсноо Arthur-д хэлнэ. Franz-ын найздаа хэлэх хамгийн гол зүйл бол тэр хүүхэн Парисаас холгүй орших газарт авга эгч Victoria болон авга эгчийн нөхөр ноён Stolz нарын хамт амьдардаг агаад тэдний байшинд ихээхэн хэмжээний мөнгө шүүгээнд нь зүгээр л байж байсныг  харсанаа хүүхэн Franz-д хэлснийг тэрээр найздаа ийнхүү дамжуулж хэлнэ. Тэд Franz-ын сурдаг газар руу шууд ярьцгаах агаад англи хэлний төвд түрүүнээс хойш яриад байсан хүүхэн буюу Odile-тэй (Anna Karina ~ Дани-Францын жүжигчин) танилцана.

Odile үнэхээр гуа сайхан хүүхэн байв. Тэрээр эгчийндээ толгой хорогдон амьдрах ба гэнэн, маанагдуу, аймхай сул дорой нэгэн ажээ. Franz Odile-г шохоорхон эргүүлэх боловч хүүхэн нүүр өгөхгүй, харин найз нь болох Arthur нэлээн аятайхан санагдаж эхлэв. Arthur ч шулуухан, гүжирмэг эр байсан тул хүүхэнтэй удаж төдөлгүй учраа олдог. Arthur, Franz нар ярилцаж тохиролцоод Odile-ын эгчийн гэрийн тонохоор болно. Гол нь хүүхнийг сайн ятгаж, өөрсдөдөө татах чухал байв. Залуусын зогсолтгүй гуйлт, Arthur-ын романтик хандлагад автсан зөөлөн, мангархан Odile мөнгө Stolz-ын өрөөнд байгааг олж мэдсэнээ хэлнэ, Odile тэдэнтэй нийлж байгаадаа, ер нь яг юу хийж байгаадаа эргэлзэж тээнэгэлзэж байсныг онцлууштай. Тэд кафед орж жаал сууцгааж багахан хэмжээгээр ууцгаах бөгөөд бас 3лаа хамт бүжиглэнэ. Odile Arthur-д хайртай болсноо хэлж тэд Arthur-д очиж шөнийг хамт өнгөрүүлдэг. Маргааш өдөр нь Arthur-ын нагац ах дүүгээ маш их мөнгө олох гэж байгааг мэдчихсэн байх агаад мөнгийг чинь хувааж авна хэмээн сүрдүүлнэ. Odile Arthur болон Franz нар дээрэмээ тун удахгүй хийхээр төлөвлөх бөгөөд тэд Луврын музейд очоод музейг хөндлөн гүйж дээд амжилт тогтооно. Тэр оройдоо тэд Odile-ын эгчийнд очиж Stolz-ын өрөө түгжээтэй байхыг олж мэднэ. 

Залуус Odile-гээс түлхүүрийг олохыг шаардана. Дараачийн өдөр байшинд Arthur болон  Franz нар ирэхэд Odile тэнд эгч хаалганы цоожийг сольчихсон байна гэж хэлдэг. Залуус дахин хүлээж байх аргагүй болсон тул гэрт дайран орж Victoria-г хүлж, аманд нь даавуу чихээд шкабт хийчихнэ. Тэгээд Stolz-ын өрөөнд орж нэгжлэг хийсэн боловч мөнгө олсонгүй; бүтэн байшинг нэгжээд задгай хэдэн мөнгө л олохоос өөрөөр ямар ч тийм ихээхэн хэмжээний мөнгө үл олно. Ингээд залуус мөнгө хаана байгааг асуухаар шкабыг онгойлгоход Victoria үхчихсэн байна. Franz Odile-г аваад явахад Arthur үлдэж мөнгөө эрнэ. Franz, Odile нар зам дээр явж байгаад өөдөөс нь Arthur-ын ах ирж буйг хараад буцаад жолоогоо мушгина. Тэднийг очиход Arthur мөнгийг нохойны байрнаас олж байна, яг энэ үед ахтайгаа нүүр тулж, улмаар буудалцан хоёр биенээ хөнөөж орхино. Мөн энэ үед Stolz гэртээ ирэх бөгөөд бас Victoria үхээгүй болохыг үзэгч бид Odile, Franz нарын хамтаар харна. Odile, Franz 2 хамтдаа өмнөд америк руу зугтацгаах ба бие биедээ сэтгэлтэй болохоо ухаарцгаадаг. 

Jean-Luc Godard-ын энэхүү кино нь Францын шинэ давалгааны чухал бас шилдэг бүтээлүүдийн тоонд ордог ба мөн энэ кино бол Jean-Luc Godard-ын 1960-д онд бүтээсэн кинонуудаас хамгийн бага америк соёлоос урьдчилсан санаа зовсон кино юм. TSPTD сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 596-р байрт жагсаасан байдаг ба Time сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 кинонд багтсан байдаг бол Empire сэтгүүлээс дэлхийн шилдэг 100 кино жагсаалтын 79-р байрт эрэмбэлжээ. Jean-Luc Godard киноныхоо зураг авалтыг 25 хоногт авч дууссан байдаг бөгөөд киногоо америкийн зохиолч Dolores Hitchens-ын "Fools' Gold" хэмээх 1958 оны романаас сэдэвлэжээ. Jean-Luc Godard өөрөө энэ киногоо "Алиса гайхамшгийн оронд Франц Кафкатай танилцсан нь" гэж тодорхойлсон байдаг. Уг кинонд хүндэтгэл үзүүлж найруулагч Quentin Tarantino өөрийн кино кино продакшнаа "A band apart" гэж нэрлэсэн байдаг ажээ. 

Anna Karina-ын дүрийн нэр Jean - Luc Godard-ын ээжиийн нэр болох Odile Monod-оос улбаатай аж. Кафэ доторх минутын Чимээгүй байх сцэн 36 секунд үргэлжилдэг бол гол 3 жүжигчин маань алдартай бүжгийн хэсгийн бэлтгэлээ шөнийн клуб болон латин америкийн бааруудад хийж байжээ. Уг киног кафед бүжиглэдэг сцэн тодорхойлдог буюу Anna Karina тэргүүтэй жүжигчдийн бүжиглэдэг сцэн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм, үзээд л баймаар гоо зүйтэй сцэний нэг билээ. Эл бүтээл дээрх Anna Karina-ын дүр нь тэнэгдүү, хоосон толгой байдаг боловч түүний тоглолт, характер нь үнэнхүү сэтгэл татам, халуухан бөгөөд мөн энэ кино тэр чигээрээ Anna Karina өөрөө юм. Кафе дахь бүжгийн сцэний хөгжмийг Michel Legrand кинонд зориулж бичсэн бөгөөд харин Anna Karina үүнийг тухайн цаг үед моодонд орж байсан "The Madison" бүжиг гэж хэлж байв. 

Энэхүү алдартай сцэнээс Quentin Tarantino "Pulp fiction" киноныхоо алдарт бүжгийн хэсгийн санааг олсон агаад мөн түүнчлэн өөр бусад хэд хэдэн кинонд хүчтэй нөлөө үзүүлжээ, зөвхөн кафе дахь бүжгийн сцэн. Nouvelle vague хамтлаг өөрсдийнхөө цомгийг "Bande a part" хэмээн нэрлээд зогсохгүй кафе дахь сцэнийг тэр чигээр нь видео клиптээ ашигласан байдаг ажээ. Odile, Franz болон Arthur нарын Луврын музейгээр гүйдэг хэсгээс ишилж найруулагч Bernardo Bertolucci "The Dreamers" кинодоо ашигласан бөгөөд "The Dreamers" киноны баатрууд Луврын музейн дээд амжилтыг эвддэг. Судлаачид уг киног мөрөөдлийн гангстер кино гээд мөн магадгүй Godard-ын хамгийн сэтгэл татам, ойлгоход хялбар бүтээл нь гэж үздэг ажээ.


Comments