Liv Tyler Оскар аваагүй, бас Канны наадмын шагнал ч аваагүй (ер нь ч авахгүй биз) кино урлагийн алтан түүхэнд бичигдэхгүй бөгөөд байдаг л нэг сайн жүжигчин ба мөн үе үед гарч ирдэг гуа сайхан жүжигчин хүүхний нэг билээ. Би Liv Tyler-г жүжигчнийх нь хувьд шүтдэггүй, харин гоо үзэсгэлэн, байгаа төрх байдалд нь унаж тусдаг юм. Цэвэр ариун дээр нь асар халуухан түүний гуа сайхан кино урлагийг чимэхээс гадна ерөөсөө зугаа цэнгэлийн ертөнцөд шигтгээ болж үлдсэн юм. Домогт "Lord of the rings" кино трилогийн Arwen Undomiel болон "Stealing Beauty" киноны Lucy-ын дүрээр л жүжигчний хувьд үүрд дурсагдах түүнийг би онцолдог нь зөвхөн гоо сайхан, сэтгэл татам гаднах төрхөөс нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Ингээд Америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч Liv Tyler-тэй товчхон танилцая. Тэрээр 1977 оны 7 сарын 1-нд Нью Иорк хотод Aerosmith хамтлагийн дуучин Steven Tyler. Playboy сэтгүүлийн модел Bebe Buell нарын охин болж мэндэлжээ. Тэрээр Virginia болон Maine мужийн сургуулиудад сурч байсан агаад Нью Иоркт буцаж очоод 1995 онд бэлтгэл ангийг дүүргэжээ. Liv Tyler-ын анхны ажил нь моделийн ажил байв; энэ үед тэрээр 14 настай байсан ба түүний зургууд сэтгүүл дээр гарч эхэлсэнээр түүнд зар сурталчилгаанд тоглох санал үй олноор ирэх болсоноор Liv-ын замнал нэг шат ахисан байдаг. Реклам, зар сурталчилгаанаас уйдсан Liv Tyler 1994 онд Aerosmith хамтлагийн "Grazy" дууны клип-нд тоглосноор алдар нэрээ улам тодотгов.
1994 онд
тэрээр "Silent Fall" нэртэй анхны кинондоо тоглосон агаад дараа жил
нь комеди драм жанрын "Empire Records" кинонд тогложээ. 1995 онд
тэрээр "Heavy" нэртэй кинонд залуухан үйлчлэгчийн дүр бүтээсэн бол дараагийн
жил нь нэрт кино найруулагч Bernardo Bertolucci-ын "Stealing Beauty"
кинонд өсвөр насны гэнэн цайлган охин Италийн хөдөө нутагт очин охин биеэ алдаж
буй дүрийг бүтээж ерөнхийдөө дэлхийн нийтийн од болсон гэж үздэг. Уг бүтээлд
тэрээр үнэхээр сайн ч тоглосон ба ийм нэг цэцэг, ийм нэг жимс байгаа шүү гэдгээ
бүхий л байдлаараа тунхагласан юм. Түүний тоглолтыг судлаачид "төгс"
гээд домогт Ava Gardner-тай харьцуулж байв. Liv тэр жилдээ мөн Tom Hanks-ын
найруулсан "That thing you do!" Кинонд тоглоод амжжээ. 1997 онд
тэрээр "Inventing the Abbotts" кинонд тоглосны дээр түүнийг
"People" сэтгүүл хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний нэгээр нэрлэж байв.
Тэгвэл 1998 онд тэрээр коммершил хит кино "Armageddon" кинонд тоглож
замналаа дэлхий даяар бататгасан бөгөөд уг киноны дууг түүний аавын хамтлаг
Aerosmith тоглосон билээ. 1999 онд Liv Оросын "Onegin" бүтээлд
ажиллаж өөрийгөө чадварлаг жүжигчин болохоо баталсан байдаг. Ингээд тэрээр 2001
онд өөрийнх нь таних тэмдэг болсон, замналынхаа гол үндэс болсон "Lord of
the rings" трилогийн бүх ангид
тоглосон буюу "The Fellowship of The Ring", "The Two Towerss" болон "The
Return of the King" гэсэн ангиудад тогложээ. 2004 онд тэрээр Ben
Affleck-ын хамтаар "Jerseys Girl" кинонд амжилттай ажилласан агаад
2008 онд "The Strangers" аймшгийн кинонд тоглож замналаа бэхжүүлэв.
Тухайн онд мөн "The Incredible Hulk" кинонд Edward Norton-той хамтран
тоглож шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй коммершил амжилт гаргаж
чадав. Liv 2014 он хүртэл "нам жим" байж байгаад
"Leftovers" гэх ТВ-ын цувралд тоглов. Хэсэг хугацаанд кино урлагаас
завсарласны дараа 2019 онд Brad Pitt, Tommy Lee Jones нартай хамтран "Ad
Astra" амжилттай тоглож шүүмжлэгчдээс сайшаалын үгс сонсов. Түүний шинэ
бүтээл "Lone Star" ТВ-ын цуврал 2020 оны 1 сард нээлтээ хийсэн билээ. Тэрээр хөгжимчин
Royston Langdon-той 3 жил үерхэж байгаад сүй тавьсан байдаг агаад тэд 2003 онд
гэрлэж 1 хүүтэй; Тэд 2008 онд салсан ба Liv 2014 онд спортын мененжэр,
дасгалжуулагч David Gardner-тай болзож эхлээд жилийн дараа сүй тавьжээ. Хосууд
хүү, охинтой болсон ч Liv охиноо төрсний дараа Лондон руу нүүжээ. Нэгэн
судалгаагаар Liv-г бүх цаг үеийн хамгийн натурал гоо үзэсгэлэнтэй 100
жүжигчдийн 2-р байрт эрэмбэлсэн байдаг ба 1-р байрт Audrey Hepburn бичигджээ.
Comments
Post a Comment