Гэр бүлийн бизнес



The Godfather (1972). Миний бие жинхэнэ кино урлагтай танилцаад хориод л жил өнгөрчээ. Энэ хугацаанд үзсэн мэдсэнээ бичиж үлдээх болсоор арван жил болсон бөгөөд аль болох л арт кино, жинхэнэ сонгодог бүтээлүүдийг сорчлон бичиж бусадтайгаа санаа оноогоо хувцаалцан, дараагийн кино шимтэгчдэд газарчлахыг хичээж ирсэн билээ. Амбиц болон зорилгодоо, мөн үүргээ гэж ухамсарласаар дэлхийн кино урлагийн охь дээжээс цуврал болгон бичсээр 600 гаруй кино бичвэрийн ард гарсан байдаг боловч өөрийнхөө хамгийн хайртай, дуртай кино бүтээл болох "The Godfather"-ын талаар өдий хүртэл ерөөсөө бичээгүй байдаг юм.

Анх жинхэнэ кино урлагт эл бүтээлээр дамжин орж, бүрэн донтож, хоёргүй сэтгэлээр бишрэн дээдлэх болсон учир кино бичвэрийн хийхээс зүрхшээн эмээж ирсэний олон шалтгааны нэг нь угаас энэ киноны ном Монголоор байдагтай бас холбож болох ч бүхий л үндсэн шалтгаан нь шүтээндээ гар хүрэн хачин муухай юм хийчих бий гэсэн цэвэр хүндлэл, нандигнах сэтгэлээс улбаатай. Гэвч арай өөрөөр буюу шүтээн киногоо олонд сурталчлах, түгээн хүргэхийг эрхэм үүргээ гэж үзэхийн хажуугаар мэдэхгүй нэгэнд нь мэдлэг болгох үүднээс "The Godfather" трилогитой холбоотой баримт сэлт хийгээд сонирхолтой гэж үзсэн мэдээллийг, мөн анализыг чадан ядан хүргэхээр зориглон шийдсэн нь энэ бөлгөө.

1972 онд Mario Puzo-ын гэмт хэрэгт жанрын шилдэг борлуулалтай "The Godfather" романыг Paramount студи дэлгэцийн бүтээл болгохоор худалдаж аваад найруулагчийн суудалд залуухан кино найруулагч Francis Ford Coppola-г суулгаж, Coppola, Puzo хоёр хамтран кино зохиол дээр ажиллаж, улмаар кино урлагийн нэгэн сод, аугаа бүтээл төрөн гарсан байдаг. Кино коммершил амжилт гаргаснаас гадна судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан агаад өнөөдрийн энэ өдрөөс дүгнэхэд "The Godfather: трилоги нь Америкийн төдийгүй кино урлагийг эгнэгт өөрчилсөн хэмээн шүүмжлэгчид үздэг. Нью Иоркийн мафийн гэр бүлийн түүх заавал үзэх ёстой кино гэсэн бүх жагсаалтад багтаж ирэн, мөнхийн классик хэмээгдэх болсон ба энэхүү киног кино хийж сурах хичээл ч хэмээх нь бий. Уг бүтээлийн бүх чиглэмж нь төгс байдаг, юуны өмнө Puzo-ын гайхалтай романыг эхэлж дурдах ёстой бол дараа нь романыг амжилттай кино зохиол болгосон Coppola болон Puzo нарын бүтээлч ажиллагааг заавал хэлэх хэрэгтэй бөгөөд тэд бодит амьдрал дээр хэзээ ч мэдэрч болохгүй хүмүүсийн сэтгэл хөдлөл хийгээд гүн гүнзгий бодол санааг жинхэнэ юм шиг мэдрэх боломжийг харуулсан ба тэдний түүх таны түүх болон хувирч, та тэдний ертөнцөд уусан шингэн, өөрийн мэдэлгүй л тэднийг анхаарч, бодож эхэлдэг. Киноны жүжигчдийн сонголт одоо ингээд харахад бүх оддын чуулга бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн тэр чигээрээ гайхамшигтай бишрэм тоглож, дүрээ яг л тийм хүн байсан болов уу гэмээр бодитой, хүсэл эрмэлзлээр дүүрэн бүтээсэн байдаг.

Coppola тухайн үед мартагдаад байсан Marlon Brando болон хэн ч биш байсан Al Pacino хоёрт итгэн, тэдний чадварт итгэж байсан болохоор гол дүрүүдээ өгсөн нь үнэхээр нүдээ олсон ба тэдний тоглолтыг эдүгээ 1970-д оны хамгийн шилдэг тоглолтод тооцон үздэг. Мөн түүнчлэн "The Godfather" трилогид тоглосон Robert De Niro, Andy Garcia, James Caan, John Cazale, Robert Duvall болон Diane Keaton нар хамгийн тодоороо уг кинонд гялалзаж чадсан байдаг. Төгс чанар ингээд зогсохгүй, киноны зураглаачаар харанхуйн хунтайж гэгддэг Gordon Willis ажилласан бол киноны хөгжмийг домогт Nino Rota бичсэн ба энэ бүхэн нэгдэж нийлсэнээр цаглашгүй классик бүтээл бий болсон буюу жинхэнэ кинонд байх эдгээр бүх чанарыг "The Godfather" хангаад зогсохгүй тус тусдаа энэ элементүүд нь хүртэх ёстой талархлаа хүртсэн байдаг. "The Godfather" бол бидний кино урлагийн боловсролыг, бас хувь хүний хувьд өсөж хөгжүүлэх "багаж" ба кино урлаг яагаад гайхамшигтай, ид шидтэй байдгийг харуулсан сонгодог жишээ билээ. 1971 онд зураг авалт анх эхэлж байхад "The Godfather"-ын хүлээлт маш бага байсан бол 1972 онд кино l хийснээр Холливууд үүрд өөрчлөгдсөн буюу далаад оны шинэ Холливууд хөдөлгөөнийг илүү нээлттэй, чанга бөгөөд шүүмжлэлт бүхий болоход тусалсан гэдэг. "Би Америкт итгэдэг" хэмээн эхэлдэг хэсэг өөдрөг үзэлтэй ёс суртахууны ялзралд орсон залуусын Америк мөрөөдлийн алдар гавъяа, бүтэлгүйтэл болон галзуурлын тусгал агаад тухайн цагт нэгдсэн улсын Watergate-ийн хэрэг болон Вьетнамын дайны ээдрээтэй нөхцөлд "The Godfather" нь америк мөрөөдлийг увайгүйгээр, зоригтойгоор "дайрсан" юм.

"The Godfather" хүчирхийллийг хурцаар дүрсэлж тогтсон хэм хэмжээг өөрчлөв: морины тасдсан толгой, жирэмсэн хүүхэн машинтайгаа дэлбэрэх хийгээд машины арын суудлаас боож алах, мөн маш их хэмжээний буудалцаан, цус нөж нь цоо шинэ туршлага байв. Мөн Италичуудыг дүрсэлсэн байдлаас Италичуудыг ойлгох хүмүүсийн бодол өөрчлөгдсөн, Итали - Америк хүмүүсийн соёлыг ойлгоход тусалсан гэж үздэг. Мөн "The Godfather" кино нь 70-д оны од жүжигчдийн системийг өөрчилсөн хэмээдэг, тухайлбал: Don Vito Corleone-ын дүрээр Оскарын шилдэг гол дүр хүртсэн Marlon Brando энэ кинонд тоглосноороо буцаад Холливудад хүлээн зөвшөөрөгдөж ирсэн байхад тухайн үед хэн ч биш байсан Al Pacino, James Caan, Shire, Keaton, Robert Duvall болон John Cazale нар дараагийн олон арван жил Холливуудын гол жүжигчид болсон билээ. Аливаа кино өндөр амжилт үзүүлсэний дараа хоёрдугаар ангиа хийж амжилтаа үргэлжлүүлэх сонирхолтой байдаг ч амжилт олох нь өдрийн од шиг байдаг бөгөөд ихэнх нь нэгдүгээр ангийнхаа хэмжээнд ч хүрдэггүй тохиолдол олонтаа байдаг бол Coppola тун зоримог шийд гарган, асар их эрсдэл үүрэн байж "The Godfather"-ын хоёрдугаар ангийг 1974 онд гаргаж жннхэнэ сенсаац, тэсрэлт хийв. Хоёрдугаар ангийн онцлог нь нэгэн зэрэг нэгдүгээр ангийн үргэлжлэл хийгээд Corleone гэр бүлийн түүхийг өгүүлдэг, зохиол, найруулгийн эл бүтээлч, шинэлэг санаа нь хоёрдугаар ангийг 6 Оскар авч, зарим судлаачдын үздэгээр нэгдүгээр ангиа давсан бүтээл болсон гэж үзэхэд хүргэдэг.

Хоёрдугаар ангид Vito хэрхэн Америкт ирж суурьшсан болон ааваасаа хойш Michael эзэнт гүрнээ хэрхэн өргөжүүлэн батжуулж байгааг гаргахдаа хуучин алтан хүү байсан Michael мангас болж хувираад түүний ёс суртахууны доройтол нь хэрхэн түүхийг хүчит цуст гараараа бичиж байгааг үзүүлнэ. Аугаа жүжигчин Robert De Niro "The Godfather"-ын хоёрдугаар ангид залуу Vito-ын дүрийг бүтээснээр үнэмлэхүй замналаа эхлүүлсэн буюу энэ дүрээрээ Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. "The Godfather" хоёрдугаар анги Оскарын шилдэг кино төрөлд ялж хамгийн анхны шилдэг кино төрөлд ялсан хоёрдугаар анги болсноос гадна нэг дүрийг хоёр өөр хүн бүтээж Оскар авсан цорын ганц тохиолдол болсон билээ. 1990 онд киноны гуравдахь буюу эцсийн анги гарсанаар "The Godfather" албан ёсоор трилоги болов. Цаг хугацааны хувьд нэг болон хоёрдугаар ангиасаа дэндүү зайтайгаас гадна хүлээлт маш өндөр байсан учир гуравдугаар анги өмнөх хоёрынхоо амжилтын хаана нь ч хүрсэнгүй, үүнд Coppola-ын охин, кинон дээр Michael-ын охин болж тоглосон Sofia Coppola-ын тааруу тоглолт нэлээн жин дарсан гэж үздэг. Гэхдээ уг кинонд Sonny-ын хүүгийн дүр болох Vincent Mancini-д тоглосон Andy Garcia энэ дүрээрээ Оскарт нэр дэвшээд зогсохгүй од болгосон бөгөөд гуравдугаар анги Оскарт 7 төрөлд нэр дэвшсэн ч ганц ч ялалт байгуулаагүй билээ.

"The Godfather" гурав амжилт олоогүй нь бас нэг шалтгаан бол бараг зэрэг нээлтээ хийсэн Martin Scorsese-ын мөн гэмт хэрэгт жанрын "GoodFellas" кинотой холбодог, "GoodFellas"-ын арай өөр хэмнэл, хүүрнэлийн ялгаатай байдал нь тус хоёр киног харьцуулахад хүргэж, арай шинэлэг байсан "GoodFellas"-ын сүүдэрт магад "The Godfather" гурав дарагдсан байж болох ба бүх цаг үеийн хамгийн шилдэг гэмт хэрэгт жанрын киноны титэмийг тус хоёр киноны аль нэгэнд нь л өгөх хандлага судлаачдын дунд байдаг. Гэвч "GoodFellas" хэзээ ч "The Godfather" шиг гоц үзэгдэл байж кино урлагийг өөрчлөөгүйг санах хэрэгтэй бизээ. Гуравдугаар анги тэр чигээрээ хог байсангүй, домогт Pacino-ын дуурийн театрын өмнө аймшигтайгаар хашгардаг сцэнийг шүүмжлэгчид магтаж, Pacino-ын тоглолтыг бишрээд уг киног аварсан мөч гэдэг ба мөн киноны төгсгөлийг алдаагаа зассан маш сайн төгсгөл гэж үнэлдэг билээ. "The Godfather" трилого бол бүх цаг үеийн хамгийн шилдэг трилоги ба уг трилоги нийтдээ 9 Оскартай бөгөөд нэгдүгээр анги нь бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 7-р байрт, хоёрдугаар анги нь 24-р байрт тус тус жагсдаг. Ингээд "The Godfather" трилогитой холбоотой мэдүүштэй баримт мэдээллүүдийг хүргэж байна:



"Энэ бол хувийн асуудал биш, энэ бол бизнес". Энэхүү мэдэгдэл хийгээд үүний хэд хэдэн хувилбар нь трилогид хамгийн олон давтагддаг мөр болов уу. Заримдаа энэ нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн албан ёсны уриа мэт санагддаг. Кино дээрх бүх мафиуд өөрсдийгөө бизнес эрхлэгчид гэж эвфемист байдлаар нэрлэдэг бөгөөд тэд бизнесийг үйлдэж байгаа хүчирхийллийн бодит байдлыг олон нийтээс нуухын тулд хийдэг ч хоорондоо эвфемизм ашиглан ярьдаг. Мафиуд илэн далангүй ярихын оронд :гэр бүлийн бизнес" юмуу "түүнд татгалзахын аргагүй санал тавина" гэх мэтээр ярьдаг агаад хэл ярианы ийм халхавч нь тэдний үйлдэл үнэндээ таагүй болохыг илчилнэ. Мафиуд цагдаа, шүүгч, конгрессын гишүүдэд өөрсдийгөө бизнес эрхлэгчид гэж хэлэхээс гадна ингэж хэлэх нь өөрсдөд нь ч шаардлагатай байдаг. Тэд гэм буруугийн мэдрэмжгүйгээр толинд өөрсдийгөө харахын тулд худал үгийг сонсох хэрэгтэй; сайхь мөрийг байнга хэрэглэж байгаа нь бизнес болон хувийн амьдралаа салангид байлгах гэсэн мафийн хүсэл эрмэлзлийг илтгэнэ.

Мафиуд бүгдээрээ "гэр бүлийн бизнес"-д ажиллаж болох ч гэр, ажлын хүрээ хэзээ ч холилдох ёсгүй ба хүчирхийлэл эхнэр, хүүхдүүдэд хүрэх ёсгүй, хувийн сэтгэл бизнесийн шийдвэрт нөлөөлөх учиргүй. Энэ өүхэн хялбархан мэт харагдаж байгаа ч, гэр бүл болон бизнесийг тусгаарлах нь боломжтой юм шиг сонсогдож байгаа ч, хүүгээ алуулсан мафийн толгойлогч зөвхөн бизнесийн тохиролцооноос болж хүүгийнхээ үхлийг мартаж чадахгүй байгааг бид киноноос харж болно. Michael гэр бүлийн тэргүүн болсны дараа аав нь түүнд дараах зөвлөгөөг өгдөг: "Эмэгтэйчүүд, хүүхдүүд хайхрамжгүй байж болно, харин эр хайхрамжгүй байж болохгүй". Vito хүүдээ, Мафийн ертөнцөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрс ялгаатай ертөнцөд амьдардаг гэж хэлдэг. Эрчүүд эмэгтэйчүүдтэй "бизнесийн" талаар хэзээ ч ярилцаж болохгүй, эмэгтэй хүн эрчүүдийн шийдвэрт огт эргэлзэж болохгүй. Эмэгтэйчүүд хайхрамжгүй байж болно гэж Vito-н хэлснээр бол тэд алдаа гаргаж болно, учир нь эмэгтэй хүн алдаа гаргалаа гээд хэн ч үхэхгүй; өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн зөвхөн хайхрамжгүй байхаас гадна бас санаа зовохгүй байж болно. Эрчүүд үргэлж ар нуруугаа харж явах ёстой бол тэд амар тайван амьдарч болно.

Трилогийн гуравдугаар ангид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хаалтыг Connie эвдэж, гэр бүлийн бизнест оролцдог; гэхдээ гэр бүлийн захирах шатлалд Vito юмуу Michael-тай адилхан статусыг хэзээ ч ямар ч эмэгтэй олж авдаггүй, мөн ямар ч эмэгтэй ийм их хариуцлагыг үүрч байгаагүй. Michael хууль ёсыг чухалчилдаг бол Vito хүндэтгэлийг чухалчилдаг. Corleone гэр бүлийг удирдаж эхэлсэн мөчөөсөө эхлэн Michael гэр бүлээ "хууль ёсны" болгохыг хүсдэг бөгөөд "хууль ёсны" гэдэг нь гэмт хэрэг, ёс суртахуунгүй байхаас ангид байхыг хэлж буй. Michael мөн дасан зохицохыг хүсдэг; тэрээр аллага, хээл хахууль, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, хар тамхины наймаагаар мөнгө олохыг хүсдэггүй. Хууль ёсны гэдэг нь мэдээжээр Америкийн хууль, нийгэмд хүндэтгэлтэй хандах болно. Эсрэгээрээ, Vito-н чухалчилдаг зүйл бол хууль ёсоос илүүтэй хүндэтгэл юм. Доны хувьд тэрээр эргэн тойрныхоо бүх хүмүүсээс хүндэтгэл шаарддаг ба хүмүүс түүний ивээлд байхыг хүсч, хүндлэлийг нь хүлээж чадахгүй байхаас айдаг.

Хүндэтгэл гэдэг мафийн гэр бүлийн захирах шатлалын гол тулгуур ба Дон хүн доодох бүх хүнээсээ хүндэтгэл хүлээдэг. Үл хүндэтгэл, эсхүл хангалттай үл хүндэтгэлийг үхлээр "шагнана". Хүндэтгэл нь эрх мэдлийн харилцааг үүсгэж, мөн солилцооны аргачлал болдог. Vito-н хувьд зохих хүндэтгэл үзүүлж, Доны бөгжийг үнсэж, ивээлээ солилцож, эелдэгээр хүсэх зэрэг үйл хөдлөл нь зүгээр нэг үзэгдэл биш. Эдгээр нь нийгмийн бүтцийг байранд нь байлгадаг дүрмийн нэг хэсэг юм. "The Godfather" трилогид гэр бүлийн цугларалт нь баярын юм шигээ хэрнээ үнэндээ бизнесийн тухай байдаг. Трилогид "гэр бүл" гэдэг нь уламжлалт утгаараа гэр бүлийг хэлэхийн хажуугаар мөн мафийн өвөрмөц утгаараа гэр бүлийг (өөрөөр хэлбэл гэмт хэргийн гэр бүл) хэлдэг. Иймд, баярын үдэшлэг юмуу оршуулгын ёслолын үеийн мафийн гэр бүлийн цугларалт гэдэг үргэлж арын өрөөний хурлыг үүтгэдэг. Арын өрөөнд хэлэлцээрүүд хийгдэж, аллагууд захиалагдаж, хүндэтгэл солилцогдож, хүндэтгэлүүд илчлэгдэж, тулаан эхэлж бас дуусч байдаг.

Трилоги бүгдээрээ томоохон цугларалтаар нээгдэж, анги бүр нь албан ёсны арга хэмжээний цугларалтаар эхэлдэг; нэгдүгээр анги Connie, Carlo хоёрын хуримаар эхэлдэг, хоёрдугаар анги Anthony-н шашны ёслолоор, харин гуравдугаар ангид Michael шашны одонгоор шагнуулсны баярын ёслолоор эхэлдэг билээ. Харин дараагийн үдэшлэгүүдэд бүжиг, дуу, архидалт тун их байдаг ч мафиуд "бизнес" хийхээ хэзээ ч мартдаггүй. Анги болгоны үйл явдлыг үдэшлэгийн дундуур болсон арын өрөөний уулзалтын яриагаар тодорхойлж болно. Хожим гэр бүлийн цугларалтууд нь үйл явдлыг шийдвэрлэх чухал холбоос болдог; хоёрдугаар ангид Michael, Fredo хоёр эхийнхээ оршуулга дээр түр зуур эвлэрдэг, гуравдугаар ангид Anthony-н дуурийн тоглолтын дараа Ромын пап, хамбатан нар алагдаж, Michael-д зориулагдсан сум Mary-г онодог билээ.




Michael Sollozzo, McCluskey хоёрыг хөнөөчихөөд ресторанаас гараад машинд суугаад зугтдаг хэсэг байдаг. Тэгвэл хэсгийг авах үер Pacino машин руу үсэрч суухдаа дутуу үсрэн улмаар шагайгаа далий гишгэн бараг 2 долоо хоног таяг хэрэглэж байжээ.
Coppola зураг авалтын үед олон удаа гэнэтийн өөрчлөлтүүд хийж байсан ба зарим нь үнэхээр нүдээ олсон ухаалаг шийдвэр болж байж. Тухайлбал Luca Brasi-ын дүрийн шалгаруулалтад мэргэжлийн бөх байсан, бодит амьдрал дээрх гэмт хэрэгтэн Joe Colombo гэгчийн бие хамгаалагч явсан Lenny Montana орсон бөгөөд шалгаруулалтын явцад Montana нь Marlon Brando-ын өмнө хөшиж, хэлэх үгээ мартан будилсан нь хангалттай сонгогдохгүй шалтгаан болсон боловч дараа нь Coppola түүнийг Brasi-ын дүрийг түүнд өгөхөөр шийджээ. Кино дээр Luca Brasi Vito-той уулзахын өмнө хэрхэн бэлтгэж байгаагаас нь түүнийг Vito-оос хэр айдаг болохыг мэдэж болдог.
Жүжигчдийн бүрэлдэхүүн өөр хоорондоо тоглож наадах, биесээ шоглон явуулах зэргээр ихээхэн хөгжилдөж байжээ. Гэхдээ зураг авалт эхлэхээс өмнө ихэнх жүжигчид Marlon Brando-гоос айн сүрдэж байсан гэдэг агаад зураг авалт эхлэхэд айдас сандрал нь арилж тайвширчээ, ялангуяа James Caan болон Robert Duvall хоёр Marlon Brando-той хөгжилдөж байсан ч яг зураг авалт эхлэхэд Marlon Brando маазралаа хойш тавин жинхэнэ мэргэжлийн хүн болдог байсан гэдэг.
Киноны олон сцэн дээр жүрж жимс гардаг, жүрж жимс гарах нь үхлийг бэлгэддэг гэж үздэг бол кино бүтээгчид үүнийг тайлбарлахдаа кино тод өнгөтэй болохгүйг мэдсэн учраас зориуд жүржийг ашигласан ба энэ киноны өнгөний эсрэгцлийг тодотгож өгнө гэж үзсэн ажээ.
Жүжигчин Lenny Montana мэргэжлийн бөх байсан гэж түрүүн хэлсэн билээ. Тэрээр боолгуулж алуулдаг хэсэгт царай төрхөө үнэхээр бодитой хувиргадаг нь мэргэжлийн бөхөөр хичээллэж байсантай холбоотой ажээ.
Италийн зарим улс төрчид "The Godfather" киног эсэргүүцэж байжээ. Мөн Нью Иоркийн мафи, Итали ~ Америк иргэдийн эрхийг хамгаалах лигийг үндэслэгч Joseph Colombo гэгчтэй эвтэй байхын тулд кино багийнхан кино зохиолоос мафи болон cosa nostra зэрэг үгнүүдийг хассан байдаг.
Mario Puzo-ын роман дээр Vito болон Michael нарын хооронд өрнөх нарийн яриа дурдагдаагүй байдаг агаад Coppola эцэг хүүгийн хайрын харилцааг илүү тод гаргахыг хүсчээ. Coppola кино зохиолдоо энэ нэмэлтийг хийхийн тулд кино зохиолын эмч гэгддэг алдарт Robert Towne-г дуудсан ба Towne эцэг хүү хоёрын сцэнийг авахаас нэг өдрийн өмнө хүрч ирээд шөнөжин сууж нэмэлт хэсгийг бичсэн байдаг агаад энэ сцэн бол Vito, Michael хоёрын цэцэрлэгт ярилцдаг гайхамшигт хэсэг юм. Coppola Оскараас шилдэг сэдэвчилсэн кино зохиол шагнал авахдаа "тэр бол Towne-ын сцэн байсан, түүнд баярлалаа" гэж байжээ.
Найруулагч Coppola Sonny шиг том, хүчирхэг бөгөөд чухал дүрийг энгийн байдлаар үхүүлэхийг хүсээгүй ба Arthur Penn-ын домогт "Bonnie and Clyde" киноны төгсгөлийн үхлийн хэсгээс санаа авсан байдаг.
Sonny-ын хүргэн дүү Rizzi-г гудамжинд зоддог шүүмжлэгчдийн бодож байснаас жинхэнэ байсан гэдэг. Тус хэсгийн үеэр жүжигчин Gianni Russo буюу хүргэн дүү жинхэнээсээ хоёр хавиргаа хуглуулж, тохойгоо бэртээсэн байдаг ба Caan Russo нар ер нь харилцаа муу байсан гэдэг яриа байдаг ажээ.
"The Godfather" нэгдүгээр ангийн төгсгөл хэрд Rizzi-ын охиныг адисладаг билээ. Гялх охинд 1971 онд төрсөн Coppola-ын  төрсөн охин Sofia Coppola тоглосон ба бусад гол дүрүүдийг эс тооцвоос Sofia трилогийн бүх ангид тоглосон ганц жүжигчин юм. Sofia трилогийн гуравдугаар ангид тоглосныг бүгд мэдэх бол хоёрдугаар анги дээр Vito-г Ellis арал дээр ирэхэд бяцхан цагаач охины дүрээр гардаг.
Michael дүүгийнхээ хүүхдийг загалмайлж байх хооронд цэргүүд нь өстөн дайснуудыг нь нядалж байдаг сцэн тус киноны оргил, мартагдашгүй хэсэг агаад Coppola энэ хэсгийн эвлүүлгийг хийх гэж зовсон гэдэг, ерөөсөө санаанд нь тохирохгүй байсан учраас хоёр ч эвлүүлэгчтэй хамтран ажилласны эцэст бэлэн болгожээ. Энэ хэсэг нь Michael-ын сүнсээрээ мөрий тавин шинэ амьдралыг эхлүүлэх, бурханлаг хамгаалагч болохоо тунхаглаж буй симбол юм.
Michael Америкт буцаж ирээд Fabrizio-г мөшгөж олоод өөрийн гараар алдаг сцэн байсныг киноноос хассан байдаг, гэвч киноны сурталчилгааны үеэр энэ хэсгийг ашигласаар Байсан бөгөөд уг хэсэгт Michael цагаан малгайтай байдаг.
Mario Puzo-ын роман хэвлэгдэхээс өмнө романы дэд өгүүлэмж болох Johnny Fontane нь алдарт Frank Sinatra-ын бодит амьдралаас сэдэвлэсэн хэмээх шуугиан гараад байв. 1970 оны нэгэн үдэшлэг дээр Puzo Sinatra хоёр уулзах хүртэл Puzo түүнээс дөлөөд байж. Ингээд Puzo-ын нэг найз нь тэр хоёрыг танилцуулъя гэсэнд Sinatra татгалзсан бөгөөд Sinatra өөрөөс нь уучилалт гуйна гэж бодтол Puzo эсрэгээрээ миний буруу биш гэж хэлсэнээр хэрүүл болсон ба тэдний харилцаа муу байсан ч Coppola киног найруулахаар болонгуутаа Sinatra-тай "найрамдаж" чадсан байдаг.
"The Godfather" бол гэр бүлийн кино, өөрөөр хэлбэл найруулагч Coppola-ын гэр бүлийн гишүүд уг бүтээлд олноороо оролцсон, тухайлбал: Coppola-ын охин Sofia-г бид хэдийнээ мэдэх болсон бол Connie-д тоглосон Talia Shire нь Coppola-ын дүү бол мөн кинонд Coppola-ын аав Carmine киноны хөгжмийн зарим хэсгийг бичиж, бас кинонд төгөлдөр хуур тоглож байгаа гардаг байхад найруулагчийн хоёр ч хүү жижиг дүр бүтээгээд амжжээ.
Жинхэнэ Итали мэдрэмж өгнө гэсэн үүднээс хөгжмийн зохиолчоор Nino Rota-г сонгосон байдаг, тэрээр тухайн үед Federico Fellini-тэй хамтарч ажиллаад алдартай хөгжмийн зохиолч болчихсон байсан бөгөөд түүний хөгжим тус киноны чухал хэсэг гэж бүгд үзэж, эдүгээ хамгийн гайхамшигтай киноны хөгжмийн тоонд орж хүндлэгдэх болжээ. Хөгжим ч тухайн жилийнхээ Оскарт нэр дэвшсэн ч гэнэт хассан байдаг, шалтгаан нь киноны хөгжмийн "Love theme"-ын зарим хэсэг 1958 оны Италийн нэг кинонд ашиглагдсан байсан ажээ.
"The Godfather" трилогийн бүх эрэгтэй гол дүрүүд Оскарт нэр дэвшиж байсан нь сүрдэм амжилт агаад шүүмжлэгчид Coppola-ын жүжигчдийн сонгон шалгаруулалтыг шагшин магтдаг. Эхний ангиас Marlon Brando шилдэг гол дүрээр Оскар авч, Pacino, Caan, Duvall нар шилдэг туслах дүрд нэр дэвшиж байсан ба хоёрдугаар ангиас Robert De Niro шилдэг туслах дүрээр нэр дэвшсэн бол гуравдугаар ангиас Andy Garcia мөн  Оскарт нэр дэвшиж байсан билээ.
"The Godfather" нээлтээ хийнгүүтээ бокс оффисын аварга болсон гэдэг, уг амжилтаараа "Gone with the Wind" болон "The Sound of Music" гэсэн хоёр кино л тэр цагт эн зэрэгцэж байсан ба "The Godfather"-г блокбастерийн эрин үеийг авчирсан хэмээдэг.


Comments