Уг
кино аль ч нийгэмд байх үе хоорондын зөрчил хийгээд цаг үеийн асуудал
болох хувь хүний хүсэл сонирхол ойр дотныхонтойгоо, тухайн цаг үетэйгээ
үл нийлэн асуудалд орж буйг үзүүлсэн гайхамшигтай, цаглашгүй кино..
өөрийгөө тодорхой хэмжээнд бүтээж, өөрийн байр сууриа нийгэмд олох буюу
хүн насанд хүрч, боловсорсон хойноо гэр бүл зохиох ёстойг эл бүтээл
харуулдаг ба гэр бүл зохиоход хүн хэзээч оройтдоггүй
харуулахдаа давхар ажил хөдөлмөрийн сайхныг, мэргэжилдээ дурлахын гоёыг
энэ кино мөн харуулах агаад өөрөө насанд хүрч боловсорсон хүн л
хариуцлага хүлээх чадвартайг бэлгэджээ.. хүнтэй суу, хүүхэд гарга, нас
оройтлоо гэсэн шаардлагуудад энэ кино хариу өгөх бөгөөд ээж, аав байна
уу, хэн ч байна уу, ер нь хувь хүний амьдралд оролцох эрхгүй ба хайр
сэтгэл хийгээд ажил мэргэжил бол зөвхөн тухайн хүний өөрийгөө илтгэх
сонголт, үгүй бол тэр хүн ямарч эрх чөлөөгүй.. хайрлаж дурлахад заасан
нас байхгүй, бас гэр бүл зохиоход ч тогтоосон хэмжүүр байхгүй ба энэ
бүтээл бол нийгэмд энэ талаар боловсрол олгох бүтээл ажээ.. киноны дуу
манай улсын алдартай дууны нэг бол киноны төгсгөлийн сцен хүлээлт
үүсгээд, үргэлжлэл нь үзэгчийн ухаанд өрнөдөгөөрөө Монголын кино
урлагийн түүхэндэх хамгийн яруу сайхан төгсгөлийн сцений нэг бөгөөд
Сүрэнгийн Гансүхэд “таныг хүлээж байсан юм” гэж хэлдэг үг хичнээн
романтик, тачаалтай, хайраа дүүрэн илэрхийлснийг ойлгоход бэрх биш, мөн
Сүрэн ийнхүү хэлээд ичингүйрэн доошоо хардаг нь Батцэцэг жүжигчинг
үнэмлэхүй Монголжингоо болгодог буюу тэр бол Монголын кино урлагийн
энхрий нандингуудын нэг юм.. кино зам дээр төгсдөг нь киноны гол
дүрүүдийн ирээдүйг урагштай, дэвшилтэй байхыг зөгнөх бөгөөд энэ бол маш
гоо зүйтэй, нямбай хийгдсэн бүтээл..
Энэхүү
кино нь нас хоорондын зөрчил хийгээд хөдөө, хотын ялгааг зөөлнөөр, бас
илүүтэйгээр орчин үеийн гэр бүл болон тэдний хүүхдүүдийн харилцааг
тусгасан одоо ч үзэхэд хүчин төгөлдөр модерн хийцтэй бүтээл.. Болдын ээж
хүүгээ буруу хайрладаг буюу мөнгө өгөх юмуу эд юмсаар хангахаа хайр гэж
андуурдаг ба энэ кино хүүхдээ одоо ч буруу хүмүүжүүлж буй эцэг эхэд
гарын авлага болно.. Болдын дүр Монголын кино
урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг хүүхдийн дүрийн нэг бөгөөд Ширнэн
өвөө \ Доржийн Найдан – манай хамаатан билээ\ бол харахад л хайр хүрэм
дулаахан хүн буюу үлгэр жишээ өвөөгийн дүр болой.. энэ кино бол түүхэн
санамжинд хандсан, хүүхэд ч гэсэн өөрийн хүсэх хүсэл, бодох бодолтой ба
үүнийг нь томчууд хүндлэх ёстой харуулах агаад уг ухвар санаагаа
уламжлал, соёлоор тун сайн чимэглэсэн кино ажээ.
Энэхүү
кино нь Монголын үндэсний бөхийн талаар өгүүлсэн цөөхөн киноны нэг
бөгөөд маргаангүй хамгийн шилдэг нь, Монголын шедевр бүтээлийн нэг
билээ.. тус кинон үндэсний бөхийн соёл, ахуй амьдрал, ёс суртахуун
хийгээд бөх хүний хувийн дотоод ертөнцийг харуулахаас гадна давхар
тухайн цаг үеийн нийгмийн бурангуй, шударга ёс алдагдаж, лам болон
феодал нарын харанхуй, бүдүүлэг үеийг нэгэн залуу бөхөөр дамжуулан
харуулахдаа мөн хайр сэтгэлийн асуудал ямар их эрх чөлөөгүй, уяатай
байсныг яруу сайхан харуулсан.. феодал ноёд нар ямар дарангуй, харгис
байсныг, лам нар ямар дээрэнгүй, бүдүүлэг байж ард түмнийг зовоож
байсныг үзүүлсэнээрээ энэ бүтээл зөвхөн бөхийн тухай кино биш мөн түүхэн
утгатай кино гэж бодож байна.. киноны төгсгөлд Далайцэрэн, Удвал хоёр
хэдий эрх чөлөөгөө олж зугтаадаг ч тэдний тодорхойгүй ирээдүйг
найруулагч үзэгчдэд үлдээдэг бөгөөд Равсалын эрх мэдэлт урт гар хийгээд
тухайн нийгмийн нөхцөл манай хайрын шувуухайнуудыг амар тайван
байлгахгүйн тодорхой буюу тэдний ирээдүй гэрэл гэгээгүй.. Равсалын дүр
Монголын кино урлагийн хамгийн сайн эсрэг талын дүрүүдийн нэг ба үлэмж
хүчтэй, бараг ялж төгсч буй зэвүүн дүр.. мөн Далайцэрэн, Удвал хоёрын
мөсөн дээр тоглодог сцен Монголын кино урлагийн хамгийн сэтгэлд хоногшим
романтик сцены нэг мөн..
"Алт амилах цаг" нь Монголын анхны аймшгийн кино бөгөөд зураг дээрх сцен нь хэдий өнөө үед болхи ч сүнсийг анхны удаа дүрсэлсэнээрээ онцлууштай, мөн тухайн үедээ айдас хүргэм, хөргөгч харахад л эвгүйцдэг байв.. кинонд сүнс гарах нь бага, бас гэнэт цочоох, заваарсан цус нөж үгүй, одооны Монголын аймшгийн кинонуудтай харьцуулахад хурц үйл явдалгүй, гэнэтийн эргэлтгүй, хийцийн хувьд энгийн, бараг драм шиг боловч жүжигчдийн сайн тоглолт болон орчин, уур амьсгал, сайн зохиолын ачаар аажмаар, зугуухан айдас хийгээд түгшүүрээр нөмрөн аваад эмгэнэлт бодолд хэсэг унагана.. киноны үндсэн сэдэв бол шунал болон солиорол юм..
Амнаас чинь ууя гэдэг энэ сцен Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны аальгүй, задгай, бараг эротик уур амьсгалтай хэсэг ба өдгөө ч эл сценийг давах зэвүүн сцен бид бүтээгээгүй л байна..
Энэхүү бүтээлд гарах Долгор нь залуухан, сэтгэл татам залууд дурлан гэр бүлээ хуурч байгаа нь Эмма Бовари болон Анна Каренина хоёрыг эрхгүй санагдуулж, харьцуулан үзэж болмоор бөгөөд манай кино урлагийн түүхэндэх анхны Анна, Эмма нартай төстэй дүр нь Долгорын дүр байжээ.. Гочоод хэрэв муу юм тохиолдсон юмуу кино эмгэнэлтэйгээр төгссөн бол Долгорын дүр “Гарын таван хуруу” киноны Шагдар шиг мөнхөд үзэн ядагдах байсан болов уу..
Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг инээдмийн энэхүү кино одоо эргээд харахад зарим нэг санааг анхлан үзүүлсэн буюу шууд биш ч, зориудаар биш боловч энэ бүтээлд ижил хүйстэний талаарх зураглал болон далд агууламж тусгагджээ \үгүйдээн тэгж бодож болохоор\, ингэснээрээ Монголын кино урлагт ижил хүйстэний талаарх сэдэв хөндөгдсөн анхны кино болсон гэж үзэж байна?..
Дэлгэрийг
тамхинд явсан хойгуур Баяраа Үрлээг өвөртлөж чаддаг, Үрлээ үүнийг хүсэж
байсан байж магадаггүй ч Дэлгэр хүссэн бол тэднийг зогсоох юмуу саад
болох байсан боловч ингэхийг бодсонгүй, Баяраа болон Үрлээ хоёрын
хаалганы цаадах бүрзгэр үйл явдлыг Дэлгэр хараад бууж өгсөн,
идэвхгүйгээр ханддаг.. Дэлгэрийг хүнгүй, харанхуй ангид хэвтэж байхад
Баяраа, Үрлээ хоёр ангид орж ирээд тэврэлдэн, үнсэлцэн
бараг “нөгөө” ажилд ордог ба Үрлээ болон Баярын салалтыг харах Дэлгэр
гол үйл явдалд чимээгүй байж дараа гарч ирэх хэдий ч анхнаасаа ангид
тэднийг орж ирэхэд оролцсон бол, анх тамхинд явж ирчихээд тэднийг
зогсоосон бол Дэлгэрийн амьдрал өөр байх байв.. Дэлгэр бол дуугай,
дөлгөөн, чимээгүй байдлаараа үзэгч буюу тэр биднийг биелээгүй хайр,
бүтээгүй хайр, ганц бие амьдралын симбол ба тэрээр хайрт охиноо
өрсөлдөгчтэйгөө хамт байхыг хоёр удаа харсан Монголын кино урлагийн
түүхэндэх хамгийн азгүй эр, мөн Монголын кино урлагийн түүхэндэх хамгийн
идэвхгүй, тэнэг эрсийн нэг..
Гарын
таван хуруу киноны энэ хэсэгт Шагдар болон Должин дэлгүүрээс гарч ирэн
машиндаа суух ба тэд дэлгүүр дотор танихгүй хүмүүс шиг, эсхүл дөнгөж сая
хэрэлдсэн хүмүүс шиг хүйтэн, хөндий харьцахад эхнэр Должин нөхрөө
залуухан хүүхэнтэй яваад байгааг мэдсэнээ шууд хэлэхгүй ч бүх үг хийгээд
үйлдлээрээ илэрхийлэхэд Шагдар угаасаа мангуу хүн уг асуудлыг манарсан
мангуу байдлаар өнгөрүүлдэг.. зураг дээрх
тэврэлдсэн хос Шагдар, Должин хоёрын өнгөрсөнийг дүрслэх бөгөөд бүхнийг
мэдчихээд мэдсэнээ нөхөртөө хэлэх Должингийн гомдоллохыг сонсонгоо
машинаа асаах гэж дотроо шаналан, тэвдэх Шагдартай хамт бид машинаа
асаан өнгөрөхөд өнөөх тэврэлдэн суух хос хоёр талд хоёр тийшээ харан
суусан байх агаад энэ үзэгдэл бол Шагдар, Должин хоёрын салалтыг
бэлгэдсэн сцен буюу киноны чухал сцен юмаа..
Мартагдашгүй намар киноны энэ хэсэгт эзгүй, ундуй сундуй болсон барилга болон гуниг шингээсэн хүйтэн бороо нь Сарнайгийн сэтгэлийн хоосролын зовиурыг, итгэл найдварынх нь мөхлийг илтгэх боловч найруулагч дүрээ өрөвдсөн үү, эсхүл үзэгчдэдээ залуу насны дурлалт амьдралын уртыг харуулах гэсэн үү, юутай ч түүнд найдвар үлдээжээ.. "Анхны харц аль алдахыг тэр гэхэв"..
“Хайрыг минь булаасан
Хайртай хонгор Янжмаагаа
Авгайгаа болгоно доо.
Ай даа, уяхан тогос минь…”
Монголын кино урлагийн түүхэндэх гайхамшигтай сцений нэг дээ..
Өөрөө яаж ийм их нийтлэл хийгээд байдаг юм бэ
ReplyDeleteХөдөлмөр
ReplyDeleteчи шүү
DeleteБаярлалаа
ReplyDelete